Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2093

 

М.Х-гийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо             даргалж, шүүгч  Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/02777 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.Х-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.М-, Б.Т-нарт холбогдох

Гэм хорын хохиролд 9 800 254 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Хариуцагч болон хариуцагч Э.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч М.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Н.Цэнгэг нь 11 настай Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн сурагч бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 24 дүгээр сургуулийн баруун талын хөлбөмбөгийн талбайд тоглож байгаад тус сургуулийн 9-р ангийн сурагч М.Мөнхмандал хөл рүү нь өшиглөснөөс болж, баруун шилбэний яс нь хугарч, хагалгаанд орж, чөмгөн дундаар нь төмөр суулгасан. Одоогоор суга таягтай бүрэн эдгээгүй байна. Өнөөдрийн байдлаар хагалгааны төлбөр болон хагалгааны дараах эмчилгээний зардалд 6.749.155,43 төгрөг болж байна. Мөн хагалгаанаас хойш 8-12 сарын дараа дахин хагалгаанд орж, төмрийг авхуулах шаардлагатай. Энэ хагалгааны зардал 3.000.000 төгрөг болно гэсэн. Иймд Н.Цэнгэгийн эмчилгээний зардалд нийт 9.800.254 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.М-, Б.Т-нарт шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн баруун талын хөлбөмбөгийн талбайд хүүхдүүд хөлбөмбөг тоглож байгаад сурагч Н.Цэнгэг хөлөө хугалж, санамсаргүйгээр уг осол гарсан боловч гэмтсэн хүүхдийн ээж М.Х- Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт зааснаар хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Н.Цэнгэг, М.Мөнхмандал нар нь хөлбөмбөг тоглох явцдаа харилцан мөргөлдөж унасны улмаас Н.Цэнгэгийн баруун хөлний шаант яс хугарсан болохыг тогтоож, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019-06-03 өдрийн 675 тоот тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэсэн.

Тухайн үед хөлбөмбөг тоглох явцад бидний хүү М.Мөнхмандал нь бөмбөгний араас гүйж байгаад нөгөө айлын хаалганы 5-ын шугамын тэнд зүлэг нь халцарсан хэсэгт халтирч унах үед нөгөө талын хаалгач хүүхэд болох Н.Цэнгэг өөдөөс нь гүйж ирж мөргөлдөн, Н.Цэнгэг нь М.Мөнхмандалын дээр унасан нь бичлэгт гарсанг үзсэн. Миний хүү М.Мөнхмандал нь санаатай эсхүл болгоомжгүйгээр бусдад гэм хор учруулахаар хүүхэд биш бөгөөд найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, харьцаа сайтай, төлөв түвшин зантай гэдгийг анги удирдсан багшийн тодорхойлолтоос харах боломжтой. Бидний хүү М.Мөнхмандалтай хамт тоглож байсан хүүхэд нь хөлөө гэмтээсэнд маш их харамсаж байгаа боловч Н.Цэнгэгт хууль бусаар, санаатай буюу болгоомжгүйгээр гэм хор учруулаагүй тул Н.Цэнгэгийн хууль ёсны төлөөлөгч М.Х-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 11 настай хүүхдийг хараа хяналтгүй явуулсан, энэ нь хичээлийн бус цагаар болсон асуудал юм билээ гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 506 дугаар зүйлийн 506.1, 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсгүүдийг баримтлан хариуцагч Э.М-, Б.Т-нараас 3.352.751 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Х-д олгохоор тогтоож, нэхэмжлэлээс 6.447.249 төгрөгийг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн   60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 171.754 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 68.593 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч болон хариуцагч Э.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Прокурорын тогтоол болон үзлэгийн тэмдэглэлээс харахад хүүхдүүд хөл бөмбөг тоглох явцдаа харилцан мөргөлдөж унасны улмаас, хөл нь шүргэлцэж Н.Цэнгэгт гэмтэл учирсан байх бөгөөд М. Мөнхмандалын ямар болгоомжгүй үйлдэл нь Н.Цэнгэгт учирсан гэм хортой шалтгаант холбоотой болох нь тодорхойгүй байхад анхан шатны шүүхээс М.Мөнхмандлыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм. М.Мөнхмандал нь хаалгач хийгээд зогсож байсан хүүхдийг очиж өшиглөөгүй, эсхүл ганцаараа ямар нэгэн болгоомжгүй үйлдэл хийж Н.Цэнгэгийг гэмтээгээгүй, харилцан мөргөлдөж, хөл нь шүргэлцсэн болохыг шүүх харгалзаж үзээгүй. Хөл бөмбөг тоглох гэдэг нь тоглогч бөмбөгийг өшиглөн гүйж, эсрэг талын хаалганд оруулах, хаалгач хаалганд оруулахгүйгээр хамгаалах үйл явц юм. М.Мөнхмандал нь бөмбөг өшиглөн гүйж явахдаа зөвхөн эсрэг талын хаалга руу гоол оруулах зорилготой байсан бөгөөд хаалганы урд хэсгийн талбай халцарснаас болж, зорилгодоо хүрч чадалгүй халтирч унахад Н.Цэнгэг өөрөө урдаас нь гүйн гарч ирж, хөлөөрөө шүргэлцэн дээрээс нь давхарлаж унасан байдаг.

Анхан шатны шүүх хуралдаанд манай өмгөөлөгч Н.Цэнгэгт учирсан гэмтэл нь түүний асран хамгаалагч нь асран хамгаалах үүргээ биелүүлээгүйтэй шалтгаант холбоотой болохыг нотлох баримтуудад үндэслэн тайлбар хийсэн боловч уг тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэхэд харгалзан үзээгүй. 2019 оны 4 дүгээр сарын 15 ны өдөр хохирогч Н.Цэнгэг нь 10 настай байсан бөгөөд М.Мөнхмандал болон түүний ангийн хүүхдүүд хичээлээ тараад буюу 12 цаг 15 минутын орчим хөл бөмбөгийн талбай дээр ирэхэд аль хэдийн ирчихсэн, хөл бөмбөг тоглож байсан. Н.Цэнгэгийн гэр Баянгол дүүргийн 5 дугаар хороонд, сургууль нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд тус тус байрлах бөгөөд хохирогчийн асран хамгаалагч Зөрчлийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Сургууль, багш, эцэг эхийн гурвалсан гэрээ болон холбогдох бусад хууль тогтоомжуудыг зөрчин, 10 настай хүүхдээ хичээл эхлэхээс өчнөөн хугацааны өмнө ганцааранг нь сургууль руу нь явуулж, хараа хяналтгүй орхисноор Н.Цэнгэг гэмтсэн байна. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт болох "Эм би жи мед" эмнэлэгт эмчлүүлсэн гэх зардлын 2019 оны 4 дугаар сарын 16 ны өдрийн 2 баримт /750.000, 2.500.000 төгрөгийн/, 2019 оны 4 дугаар сарын 30-ны өдрийн 808.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2.500.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 26.000 төгрөг, нийт 6.584.000 төгрөгийн баримтуудад хэвтэн эмчлүүлэгчийн овог нэр, регистр бичигдээгүй, хэн төлбөр төлсөн нь тодорхойгүй, биед учирсан гэмтлийн улмаас зайлшгүй хийлгэх эмчилгээний зардал мөн эсэх нь тодорхойгүй, "Эмнэлэгийн ерөнхий үйлчилгээ"-гэдэгт ямар ямар үйлчилгээ хамаарагдаж байгаа нь тодорхойгүй, илт үнэлэх боломжгүй баримтыг үнэлж шийдвэрлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 40.1, 40.2, 40.3 дах хэсгүүдийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн цаг хугацааны хувьд хэрэгт хамаарахгүй 2019 оны 4 дүгээр сарын 12 ны өдрийн 10.200 төгрөгийн үнийн дүн бүхий Цахиур төмөр эмийн сангийн баримт, 2019 оны 6 дугаар сарын 01 ний өдрийн эмийн нэр нь гаргагдахгүй 5.000 төгрөгийн Цахиур төмөр эмийн сангийн баримт хэрэгт хамааралгүй. 2019 оны 6 дугаар сарын 26 ны өдрийн 3.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, нийт 18.200 төгрөгийн хэрэгт хамааралгүй нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үнэлсэн. Үүнээс гадна эмчлүүлэгчийн карт дээр болон эмчийн жоронд заагдаагүй, хэн хэрэглэсэн нь тодорхойгүй, нийт 80.095 төгрөгийн эмийн баримтуудыг үнэлсэн нь буруу үзэж байна. Хэрэгт Эм би Жи мед гэмтэл согогийн эмнэлгийн 2019 оны 9 дүгээр сарын 12 ны өдрийн 75 тоот хэвтэн эмчлүүлсэн тухай албан бичигт “...2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал мэс засал хийлгэн эмчлүүлсэн, нийт төлбөр 6.3.000.000 төгрөг төлсөн нь үнэн болно” гэсэн тодорхойлолтыг нотлох баримтаар хавсаргасан байх боловч. цаг хугацаа /эмнэлгийн төлбөрийн баримтууд нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 24-ний хугацааг хамаарч байгаа/ болон үнийн дүнгийн хувьд /баримтаараа 6.584.000 төгрөг төлсөн байдаг/ зөрүүтэй, эргэлзээтэй баримт байгааг харгалзаж үзээгүй, тодруулалгүй, хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд хэргийг бүхэлд нь хянаж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, гэм хор учирсанд хэн алины гэм буруу байгааг харгалзан, гэм хор учруулсанаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй  байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч М.Х- нь насанд хүрээгүй М.Мөнхмандалын хууль ёсны төлөөлөгч  Э.М-, Б.Т-нарт холбогдуулж, 11 настай хүү Н.Цэнгэгийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 9 800 254 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.  

Чингэлтэй дүүргийн 24-р сургуулийн баруун талд байрлах хөлбөмбөгийн талбайд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 12:30 цагаас 12:40 минутын үед  11 настай Н.Цэнгэг, 15 настай М.Мөнхмандал нар хөлбөмбөг тоглож байсан харилцан мөргөлдөж унасны улмаас Н.Цэнгэгийн баруун хөлний шаант яс хугарсан болох нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 03-ны  өдрийн 675 тоот тогтоол, тухайн үеийн дүрс бичлэг бүхий хуурцаг, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэл, амбулоториор эмчлүүлэгсдийн картанд үзлэг хийсэн тэмдэглэл болон зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэлийн шаардлага дахь хагалгааны болон эмчилгээ, онош, шинжилгээ, эм тарианы  зардал нь хохиролд хамаарах зардал мөн.

Н.Цэнгэг гэмтэл авснаас хойш хагалгааны зардал 6 558 500 төгрөг, эмийн эмчилгээний зардал  146 941 төгрөг тус тус зарцуулагдсан болох нь нотлогдсон тул нэхэмжлэлийн зарим хэсгийг шүүх хангасан нь үндэслэлтэй.

Насанд хүрээгүй буюу 15 настай М.Мөнхмандал нь Н.Цэнгэгт учруулсан гэм хорыг Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5 дах хэсэгт заасны дагуу өөрөө хариуцан арилгах үүрэгтэй боловч тэрээр ерөнхий боловсролын сургуулийн сурагч, цалин, хөлс орлоготой нь тогтоогдоогүй тул гэм хорыг арилгах боломжгүй хэмжээгээр эцэг эх нь нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй билээ.

Шүүх М.Мөнхмандал нь 12:15 цагаас хичээл тарсны дараа, Н.Цэнгэг 14.00 цагт эхлэх хичээлээс өмнө, эцэг эхийн хараа хяналтанд байвал зохих сургалтын бус цагаар, сургуулийн ойролцоо байрлах тоглоомын талбай дээр 12:30 цагаас 12:40 минутын хооронд тоглож, бөмбөгтэй хүний өөдөөс гүйж, мөргөлдөж унасан Н.Цэнгэгийн болгоомжгүй үйлдэл, хичээлийн цагаас эрт, сургууль орчмоор эцэг эхийн хараа хяналтгүй байсан нь гэм хор учрахад нөлөөлсөн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл,  хүүхдүүдийн болон тэдгээрийн эцэг эхийн хэн алины гэм бурууг харгалзан учирсан хохирлын хариуцлагыг хуваарилж, хэргийн нөхцөл байдал, хариуцагчийн гэм буруугийн хэр хэмжээ зэргийг үндэслэн хохирлын 50 хувийг нэхэмжлэгчийн эрсдэлд тооцож, үлдэх 50 хувийг хариуцагчаар нөхөн төлүүлсэн нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

Прокуророос М.Мөнхмандалын үйлдэлд “гэмт хэргийн шинжгүй” гэж үзсэн тул шүүх иргэний хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт өгч шийдвэрлэх нь  Иргэний хуулийн 497, 503, 505, 506, 514 дүгээр  зүйлд нийцэх тул  Прокурорын тогтоолыг харгалзаж үзээгүй гэсэн гомдол үндэслэлгүй байхаас гадна гэм хор учрахад нөлөөлсөн Н.Цэнгэгийн эцэг эхийн хүүхдээ хараа хяналтгүй орхисон гэм буруу нөлөөлсөн болохыг шүүх харгалзан үзсэн байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт  тус тус зааснаар “...татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” байхаас гадна мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар гэрч оролцуулах, шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэргээр нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

Нэхэмжлэлд хавсаргасан буюу хариуцагчийн гомдолд дурдсан эмийн сангийн баримтад тусгагдсан эм, тариаг Н.Цэнгэгийн баруун хөлний шаант яс хугарсан эмчилгээнд шаардлагагүй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул “...эмчлүүлэгчийн карт дээр болон эмчийн жоронд заагдаагүй, хэн хэрэглэсэн нь тодорхойгүй, нийт 80.095 төгрөгийн эмийн баримтуудыг үнэлсэн...” гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/02777 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68594 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО         

                                                          ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД

                                                                                                      Н.БАТЗОРИГ