| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2012004240252 |
| Дугаар | 2022/ДШМ/12 |
| Огноо | 2022-03-18 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2022/ДШМ/12
Д.Б, Ж.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Б.Б
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.А, С.П
Шүүгдэгч Д.Б, Ж.Б
Нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Б, Ж.Б нарт холбогдох 2012004240252 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .................. гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д.Б
Монгол улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ......................... гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж.Б
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ны орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан чулуу багийн нутаг дэвсгэр Улаан чулуу гэх газарт хохирогч Ж.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зүүн нүд орчимд нь модоор цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний гэмтэл, нүдний алим авах мэс заслын дараах байдал, зүүн нүдний дээд зовхинд сорви бүхий гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ны орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан чулуу багийн нутаг дэвсгэр Улаан чулуу гэх газарт Д.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны дунд 1/3 хэсгийн цууралт, хамрын таславчийн мурийлт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Д.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ж.Бод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Бод холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, түүний эдлэх ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Ж.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хавсаргасан сиди 1 /нэг/ ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж, шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Бын нэхэмжлэлээс 8.328.932 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 33.908.000 төгрөгийг нотлох баримт ирүүлээгүй, тодорхой тооцоо гаргах боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогчид 7.473.457 төгрөгийг шүүгдэгч Д.Б нөхөн төлснийг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ж.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Бын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгах. Гэм хор учруулсан этгээд өөрийн эд хөрөнгөөр учруулсан материаллаг хохирол, бусад хохирлыг нөхөн төлсөн, хохирлыг арилгах бусад арга хэмжээг өөрийн санаачилгаар хэрэгжүүлсэн нөхцөлд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал үүсэх учиртай. Гэтэл шүүгдэгч Д.Бгийн үйлдсэн гэмт хэргээс учирсан хор уршиг, хохирлоо нөхөн төлөөгүй, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг багасгаагүй байхад шүүх шүүгдэгч Д.Бд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял ногдуулж, 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөлд хамруулж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж байгаа нь хэт хөнгөдсөн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл шүүгч шүүгдэгч Д.Бгийн үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, хохирол арилаагүй, хүний биед учирсан хүнд гэмтэл урьд байсан хэвийн байдалд ороогүй, гэм хорын хохирол төлөгдөөгүй, мөн хор уршиг, хохирлыг тогтоож нотлох баримтаар хавтаст хэрэгт өгсөн байхад нотлох баримтыг үнэлээгүй, мөн үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр гэмт үйлдлээс учирсан хор уршиг, хохирлоо төлөхөө шүүгдэгч илэрхийлсэн гэж дүгнээд шүүгдэгч Д.Бд тохирсон ял шийтгэлийг ногдуулаагүй бөгөөд хөнгөн ял ногдуулсан. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хэрэгт гэмт үйлдлээс учирсан хохирлын баримт, хор уршиг арилгахад холбогдон гарах зардал зэргийг нотлох баримтын шаардлага хангахуйц байдлаар гаргаж өгсөөр байхад шүүгч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд хандах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хэрэгт гаргаж өгсөн баримт нотлох баримтын шаардлага хангаагүй гэж шүүгч үзсэн. Мөн шүүгч шүүгдэгч Д.Бгийн эрх, ашиг сонирхолд тохируулан хууль зөрчин ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тухайн хорих ялыг оногдуулахдаа харгалзан үзэх нөхцөл байдлыг дурдсан. Ингэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал харгалзан үзэж дээрх ялыг оногдуулсан нь үндэслэлтэй байна. Өмгөөлөгчийн яриад байгаа хохирол төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь бодитой учирсан баримт байгаагүй учраас урьдчилан дүгнэлт хийж шийдвэр гаргах боломжгүй. Шүүхийн шийдвэр бодитой үндэслэлтэй байх ёстой. Ийм учраас Архангай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй орхиж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т заасан гэмт хэрэгт Өршөөл үзүүлэх тухай хууль хамаарахгүй гэж зааж өгсөн. Ял эдэлж байгаа хүнд энэ ялаас хасах юм. Өршөөл үзүүлэх тухай хуулийг Сонгино хайрхан дүүргийн шүүх нэг өөр, Архангай аймгийн шүүх нэг өөрөөр хэрэглэж болохгүй. Энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэж нэгдсэн журмаар дагах ёстой гэж үзэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1 дэх зүйл заалт өршөөлд орохгүй гэж маргаж байгаа. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхгүйгээр ял онгогдуулах байр суурьтай байна. Хохирогч ирээдүйд бий болох хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Тэр хүн сэтгэл зүйчид үзүүлж, нүдтэй болмоор байна. Мөнгөгүй хүн Хятад улс руу явж эмчилгээ хийлгэх боломжгүй. Энэ талаарх баримтуудаа хэрэгт хавсаргуулсан учраас шийдвэрлэх ёстой. Дээрх зүйл заалтыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах эсэхийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Учир нь миний үйлчлүүлэгчид оногдуулсан ялыг хуулийн хүрээнд оногдуулсан. Мөн хуульд зааснаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Хохирол төлбөрийн тухайд үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үнийн санал болохоос биш бодитой учирсан хохирол биш юм. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ж.Бын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ны орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан чулуу багийн нутаг дэвсгэр Улаан чулуу гэх газарт хохирогч Ж.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зүүн нүд орчимд нь модоор цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний гэмтэл, нүдний алим авах мэс заслын дараах байдал, зүүн нүдний дээд зовхинд сорви бүхий гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай,
шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ны орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан чулуу багийн нутаг дэвсгэр Улаан чулуу гэх газарт Д.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны дунд 1/3 хэсгийн цууралт, хамрын таславчийн мурийлт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Д.Бгийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл, шүүгдэгч Ж.Бын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл зэрэгт үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Бод холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, түүний эдлэх ялыг 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ж.Бын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Б... шүүгдэгч Д.Бгийн үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, хохирол арилаагүй, хүний биед учирсан хүнд гэмтэл урьд байсан хэвийн байдалд ороогүй, гэм хорын хохирол төлөгдөөгүй, мөн хор уршиг, хохирлыг тогтоож нотлох баримтаар хавтаст хэрэгт өгсөн байхад нотлох баримтыг үнэлээгүй, мөн үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр гэмт үйлдлээс учирсан хор уршиг, хохирлоо төлөхөө шүүгдэгч илэрхийлсэн гэж дүгнээд шүүгдэгч Д.Бд тохирсон ял шийтгэлийг ногдуулаагүй бөгөөд хөнгөн ял ногдуулсан. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Б нь хохирогчид 7.567.389 төгрөгийг төлсөн, хохирогчийн гаргасан хохирлын баримт шаардлага хангаагүй, хохирогчийн ирээдүйд бий болох зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхиж энэ талаар шийтгэх тогтоолд зааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Монгол Улсын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйл нь зарим хугацааг болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох тухай, харин Монгол Улсын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйл нь ялаас өршөөн хасах тухай хуулийн хоёр өөр зохицуулалт юм.
Шүүгдэгч Д.Бг анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтан болох бөгөөд шүүх оногдуулсан ялаас хуульд зааснаар хасаж шийдвэрлэсэн нь зөв байх тул шүүгдэгч Ж.Бын гаргасан гомдол түүний өмгөөлөгчийн гаргасан... Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т заасан гэмт хэрэгт Өршөөл үзүүлэх тухай хууль хамаарахгүй гэж зааж өгсөн. Ял эдэлж байгаа хүнд энэ ялаас хасах юм. Өршөөл үзүүлэх тухай хуулийг Сонгино хайрхан дүүргийн шүүх нэг өөр, Архангай аймгийн шүүх нэг өөрөөр хэрэглэж болохгүй. Энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэж нэгдсэн журмаар дагах ёстой гэж үзэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1 дэх зүйл заалт өршөөлд орохгүй гэж маргаж байгаа. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхгүйгээр ял оногдуулах байр суурьтай байна...гэсэн санал зэргийг хүлээн авах боломжгүй байна.
Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Д.Б нь 63 хоног цагдан хоригдсон байх тул түүний хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн цагдан хоригдсон 63 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Н.ЭНХМАА