Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мэндсайхан

Шүүгдэгч Б.Сүхбаатар нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Суврагчин овогт Бадамжунайн Сүхбаатарт холбогдох эрүүгийн 1721000000061 дугаартай хэргийг 2017 оны 9 сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1981 оны 9 сарын 19-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-ийн 17-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 5 сарын 25-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 1 сар 6 хоногийн баривчлах ялаар, Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 5 сарын 06-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгогдсон, ЖН81091976 регистрийн дугаартай, бие эрүүл, Суврагчин овогт Бадамжунайн Сүхбаатар.

            Шүүгдэгч Б.Сүхбаатар нь 2017 оны 8 сарын 31-ний өдрийн 13 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Шүр” худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэн Б.Адъяацэцэгийн эзэмшлийн “iphone-6” маркийн гар утсыг хулгайлж 580000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Сүхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Б.Адъяацэцэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Шүр худалдааны төвийн гутлын дэлгүүрийн гадна шатан дээр зогсож байгаад дээшээ өгсөөд утсаа харсан чинь миний саарал өнгийн “iphone-6” маркийн гар утас алга болсон байхаар нь би мобигийн дугаараасаа залгасан боловч миний утсыг аваагүй бөгөөд би шууд цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд цагдаагийн ажилтан миний утас руу залгаад тухайн залууг байгаа газраас нь очиж бариад өөрөөс нь өөрийнхөө утсыг авсан. ...Надад одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

-Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 6/

-Шүүгдэгч Б.Сүхбаатарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/

-Хохирогч Б.Адъяацэцэгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 43/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Б.Сүхбаатар нь 2017 оны 8 сарын 31-ний өдрийн 13 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Шүр” худалдааны төвөөр үйлчлүүлж байсан хохирогч Б.Адъяацэцэгийн эзэмшлийн “iphone-6” маркийн гар утсыг хохирогчийн өмсөж явсан цамцны гадна талын халааснаас нь хулгайлж 580000 /таван зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Сүхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “...Би Шүр худалдааны төвийн дундуур баруун зүг рүү явж байсан чинь тухайн захын шатан дээр ноосон цамцтай 35-40 орчим насны эмэгтэй хүн зогсож байсан бөгөөд тухайн эмэгтэй хүний цамцны гадна талын халаасанд /нэрийг нь сайн мэдэхгүй байна гэх/ утас харагдахаар нь би хүмүүс харж байгаад халаасанд нь гараа хийгээд тухайн утсыг нь хулгайлсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч Б.Адъяацэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Шүр худалдааны төвийн гутлын дэлгүүрийн гадна шатан дээр зогсож байгаад дээшээ өгсөөд утсаа харсан чинь миний саарал өнгийн “iphone-6” маркийн гар утас алга болсон байхаар нь би мобигийн дугаараасаа залгасан боловч миний утсыг аваагүй бөгөөд би шууд цагдаагийн байгууллагад хандсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/ зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Сүхбаатарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Б.Сүхбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Адъяацэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Сүхбаатар нь хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар Б.Сүхбаатарт 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Сүхбаатарын ЖН81091976 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Суврагчин овогт Бадамжунайн Сүхбаатарыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бадамжунайн Сүхбаатарыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.      

               

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сүхбаатар нь 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Сүхбаатарын ЖН81091976 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг түүнд буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Сүхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР