Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/17

 

2022 оны 03 сарын 15-ны өдөр              Дугаар 2022/ДШМ/17         

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                                Прокурор С.Баярчимэг

                                                Шүүгдэгч Д.Л-ийн өмгөөлөгч Г.Адъяатогтох

                                                Шүүгдэгч Х.Д-ийн өмгөөлөгч Л.Лхааганжав

                                                Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Ц.Баярмаа

                                                Шүүгдэгч Д.Л

            Шүүгдэгч Х.Д

            Шүүгдэгч Б.Г

                                                Нарийн бичгийн дарга М.Отгонхишиг нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Б.Г-ын өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Л, Х.Д, Б.Г нарт холбогдох эрүүгийн 2126000000252 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 64 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан.

Д.Л, Х.Д, Б.Г нар нь бүлэглэж 2021 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 78-31 ӨВЗ улсын дугаартай “Даюун” маркын мотоцикль ашиглан Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг “Арвайн тал” гэх газраас иргэн П.Г эзэмшлийн 5-н тооны адууг хулгайлж 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Г, Д.Л, Х.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Шарга овгийн Д.Л, Шарнууд овгийн Х.Д, Боржигон овгийн Б.Г нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар Шарга овгийн Д.Л-ийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар,  Шарнууд овгийн Х.Д-ийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар, Боржигон овгийн Б.Г-ыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Лийн өмчлөлийн 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 78-31 ӨВЗ улсын дугаартай “Даюун” маркын тээврийн хэрэгслийг улсын төсөвт шилжүүлэхээр, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгон, Х.Д, Д.Л, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Г нь 5-н тооны адуугаа буцаан авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д, Д.Л, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Д, Д.Л, Б.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Г-ыг бүлэглэж бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасан үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүгдэгч Б.Г-ын хувьд анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцогдоод шүүхийн шийдвэрийг хүндэтгэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх Д.Л-ийн үйлдэлд бүлэглэн гүйцэтгэсэн гэсэн дүгнэлт хийсэн боловч Б.Гын хувьд гэмт хэргийн сэдэлт, зорилго, үйлдэл оролцоо, хамтран оролцсон хэлбэр зэрэгт дүгнэлт хийгээгүй баина. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр гэх мэт хэргийн талаарх нөхцөл байдал, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр зэрэгт дүгнэлт хийж тусгахаар заасныг зөрчжээ. Шүүх бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн боловч Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлэгт заасныг журамлаж шийдвэрлээгүй нь гэмт хэрэгт хэрхэн хамтран оролцсон гэж үзэж ял халдаасан нь ойлгомжгүй байна. Хамтран гэмт хэрэгт оролцох үндсэн шинж нь гэмт үйлдэлд оролцогчид нь нэг зорилгод хүрэх эрмэлзэлтэй, энэ тухайгаа урьдчилан ярилцаж тохиролцсон, оролцогч бүр нэг нэгнийхээ нэгдсэн нэг зорилготой эсэхийг мэдсэн байх ёстой. Хэргийн баримтын хүрээнд, шүүхийн үндэслэл болгосон баримтад шүүгдэгч нарын харилцаа холбооны талаар, гэмт үйлдлийн талаар нэгдсэн нэг санаа зорилготой байсан эсэх талаар баримт огт авагдаагүй байна. Шүүгдэгч Д.Л, Б.Г нарын мэдүүлгийг үнэн зөв гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй тул тэдний мэдүүлгийг дангаар нь нотлох баримт болгон үнэлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн боловч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байгаа баримтад яллагдагч Х.Д-ийн мэдүүлгийг үндэслэл болгож дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй,  ...яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэснийг тус тус зөрчсөн буюу дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай заагаагүй үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл Б.Г-ыг буруутгаж буй үндэслэл нь гагцхүү шүүгдэгч Х.Д-ийн өгч буй мэдүүлэг болж байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Иймд Өвөрхангаи аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолоос Б.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Л-ийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гомдолтой холбогдуулж хэлэх санал байхгүй гэв.

Шүүгдэгч Б.Г, Д.Л, Х.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдолтой холбогдуулж хэлэх тайлбар байхгүй гэцгээв.

Шүүгдэгч Х.Д-ийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцсон буюу үгсэн тохиролцсон үндэслэлээр гэмт хэрэг үйлдсэн нь Х.Д-ийн мэдүүлэгт байдаг. Х.Д нь Б.Г ахаа би буруу гарын мал туугаад очиход та зохицуулах уу гэхэд аваад ир зохицуулна гэж ярилцсан байдаг. Энэ талаар Х.Д нь мөрдөн шалгах ажиллагааны шат болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлэг өгч ирсэн. Хохирогчид төлөх төлбөр байхгүй. Х.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байдаг. Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээний  хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэж заасан. Иймд Х.Д-д оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг 1 жилийн хугацаатай хорих ял болгон өөрчилж өгнө үү гэв.   

Прокурор С.Баярчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Г нь бусадтай бүлэглэж машин механизм ашиглаж бусдын олон тооны буюу 5-н тооны малыг хулгайлж эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахайн сэдэлтээр дээрх гэмт хэргийг үйлдсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон, санаа, сэдэлт, зорилгыг нь тодорхойлж дүгнэлт хийж бичээгүй гэж байна. Энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой бичигдсэн бөгөөд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт биелүүлэхэд ойлгомжтой, тодорхой бичсэн байдаг. Б.Г нь дээрх гэмт хэргийг үйлдсэн нь Х.Д-ийн мэдүүлгээр тогтоогдож байна. Уг мэдүүлэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэдэг зүйл ярьж байна. Хэдийгээр Даваадарь ингэж мэдүүлж байгаа боловч бусад гэрч болох Ганболдын эхнэрийн мэдүүлэгт машинаа аваад ир, малаа хаана өгөх вэ гэж Ганболд руу ярьсан байдаг. Тухайн үед малын бой ажиллахгүй байсан учир гадуур хашаа хороо хайгаад маргааш нь малын гарал үүслийн гэрчилгээ авах гээд явж байгаа идэвхтэй үйлдлүүд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байгаа. Х.Д-ийн мэдүүлгийн эх сурвалжийг бататгасан нөхцөл байдал тогтоогдож байдаг. Шүүгдэгч Б.Г нь анхан шатны шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан шүүхээс 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Ц.Баярмаагийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхээс Д.Л, Х.Д, Б.Г нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тэдэнд 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.

Б.Г-ын өмгөөлөгч Ц.Баярмаагаас гаргасан “...хэргийн баримтын хүрээнд шүүхийн үндэслэл болгосон баримтад шүүгдэгч нарын харилцаа холбоо, гэмт үйлдлийн талаар нэгдсэн нэг санаа зорилготой байсан эсэх талаар баримт огт авагдаагүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Л, Б.Г нарын мэдүүлгийг үнэн зөв гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй тул тэдний мэдүүлгийг дангаар нь нотлох баримт болгон үнэлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн боловч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байгаа баримтад яллагдагч Х.Д-ийн мэдүүлгийг үндэслэл болгож дүгнэлт хийсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй,  ...яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэснийг тус тус зөрчсөн буюу дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай заагаагүй үндэслэл болж байна...” гэх гомдол үндэслэлтэй байна.

Учир нь анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон сэдэлт, санаа, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нарийвчлан тогтоон тодорхойлж чадаагүй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн бодит байдалтай нийцсэн эрх зүйн дүгнэлт хийн нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэхдээ ялыг ялгамжтай байдлаар оногдуулан шийдвэрлэх боломжтой.

Иймд Б.Г-ын өмгөөлөгч Ц.Баярмаагийн гомдлыг хүлээн авч, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/15 дугаартай дугаартай тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Х.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Г, Д.Л нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Л, Х.Д, Б.Г нарт холбогдох эрүүгийн 2126000000252 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

  1. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Х.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Г, Д.Л нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.