Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2116

 

 

 

 

 

 

 

 

 

Э.М-ын нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг              даргалж, шүүгч  Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02936 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч цэцэрлэгт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.М-, түүний өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Э.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд цэцэрлэгт туслах багшаар ажилд орсон. 2018 оны хавар Э.Уранчимэг эрхлэгчээр томилогдон ирж багш ажилтныг ажлаас халах болсон. цэцэрлэгийн хуучин эрхлэгч 2014 оны хавар анх шинээр сэрүүн өрөөг нээж бэлтгэл Г бүлгийг байгуулсан. Би 2018 оны 9 дүгээр сард бүлгийн багш болох хүсэлт тавихад намайг багшлах эрхийн шалгалтад ороогүй гээд аваагүй. Тэр зун ажил явдал гарсан тул би шалгалтад хамрагдаж чадаагүй явсан. Тэгээд орон тоо гарахаар нь хүсэлтээ гаргасан ба цаашдаа бүлгийн багшаар ажиллах хүсэлтэй байсан тул эрхлэгчид хүсэлт гаргасан юм. Эрхлэгч намайг өрөөндөө дуудаж өргөдөл бичүүлээд хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Бэлтгэл Г бүлгийг хаагдана гэдгийг би ойлгож, мэдэж байсан. Гэхдээ хаагдсан өдөр нь өөрийгөө ажлаас чөлөөлөгдөнө гэдгийг мэдээгүй. Миний өмнөх туслах багшийн ажлын байр байнгын орон тооны байсан. Хөдөлмөрийн дотоод журамд байнгын ажлын байранд байсан хүнийг түр ажлын байранд томилсоны дараа ажлаас чөлөөлнө гэж заагаагүй тул намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн. Иймд ажилдаа эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Хариуцагч цэцэрлэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч Э.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.М- 2014 оны 9 дүгээр сараас эхэлж цэцэрлэгт туслах багшаар ажилласан байсан. Э.М-ын өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу харилцан тохиролцож цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1 тушаалаар туслах багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, энэ өдрөөс эхлэн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар бэлтгэл Г бүлгийн багшаар томилсон. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон үндэслэл нь сэрүүн өрөөнд ирэх жилийн 2020 оноос эхэлж дахин бүлгийн элсэлт зохион байгуулахгүй болсонтой холбоотой байсан юм. Тус өрөө нь орчны стандарт шаардлага хангахгүй, зориулалтын биш өрөө бөгөөд 00-ын өрөө ч байхгүй, хүүхдийн хөгжих эрх зөрчигдөж байсан тул нэгэнт авсан элсэлтээ 2019 оны сургалтын жилийг дуустал ажиллуулаад дахин элсэлт авахгүй татан буугдаж байсан юм. Ийнхүү хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр эрхлэгчийн өрөөнд тэмдэглэл үйлдсэн. Түүнчлэн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаартай албан бичгээр Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга н.Жаргалд 2019-2020 оны хичээлийн жилээс эхэлж сургалтын нөхцөл шаардлагын дагуу 12 бүлэгтэй үйл ажиллагаа зохион байгуулах болсноо мэдэгдсэн. Э.М-ын хувьд Г бүлгийг татан буугдана гэдгийг мэдэж байсан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 31-нийг дуустал бүлгийн багшаар ажиллаж туршлага хуримтлуулъя багш нартайгаа хамт ажиллах хүсэлтэй байна гэхээр нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Түүнээс миний зүгээс албан хүчээр ажиллуулсан зүйл байхгүй. Гэрээ байгуулахдаа одоо ажиллаж байгаа туслах багшийн үүрэгт ажлаас бүр чөлөөлөгдөнө гэдгийг урьдчилан тайлбарлаж сануулсан гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн Тухай Хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч цэцэрлэгт холбогдох нэхэмжлэгч Э.М-ын ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Э.М-  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Цэцэрлэгчийн эрхлэгч 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр надтай Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа мөн өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээний нөхцөл юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлицн 8.8-д тус тус заасан. Эндээс дүгнэхэд багшийн ажлын байр байнгын ажлын байр байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3 дахь заалтыг баримталж хугацаатай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн буюу хуульд заасан нөхцлийг дордуулсан гэрээний нөхцөлд тооцогдох үндэслэлтэй байна. Гэтэл анх надтай гэрээ байгуулахдаа хөдөлмөрийн  гэрээний  хугацаа дуусгавар болоход бүлгийн багшийн ажлаас чөлөөлнө гэж тохиролцоогүй, зөвхөн сэрүүн өрөөнд ирэх хичээлийн жилээс бүлэг хичээллэхгүй гэж ойлгуулсан. Үнэн хэрэгтээ надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах ямар ч шалтгаан нөхцөлийг тусгаагүй. Харин цэцэрлэгийн эрхлэгчийн гаргасан ажилд авах тушаалд стандартын шаардлага хангахгүй сэрүүн өрөөнд ирэх жилээс анги хичээллэхгүй болсон гэж дурдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх талууд харилцан тохиролцож хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж дүгнэсэн. Намайг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож буй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, намайг бүлгийн багшийн ажлын байранд ажилд авсан. Хөдөлмөрийн гэрээндээ '"бүлгийн багш" гэж ажлын байрны нэрийг заасан. Тэгэхээс Г бүлгийн багш гэж ажилд аваагүй. Хэрвээ цэцэрлэг 13 багштай байж байгаад 12 багшийн орон тоотой болохоор эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан бол ямар үндэслэлээр зөвхөн намайг ажлаас халж байгаа шалтгаан үндэслэл хэрэгтэй. Хөдөлмөрийн гэрээ, ажилд орох хүсэлт зэргийг эрхлэгч намайг өрөөндөө дуудаж, өөрөө хэлж зааварлаж бичүүлж авсан. Би харилцан тохиролцож хугацаатай гэрээ байгуулаагүй болохыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах тухай өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 37 дугаар зүйлийн 37.1.3 дах  заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан хийгээд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч Э.М- нь хариуцагч Баянгол дүүргийн цэцэрлэгт холбогдуулан бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Баянгол дүүргийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, байгууллагын хөдөлмөрийн гэрээний 1.6, 6.1 дэх заалтыг үндэслэн  тус цэцэрлэгийн бүлгийн багш Э.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

Нэхэмжлэгч Э.М- уг тушаалыг эс зөвшөөрч, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Баянгол дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч Э.Уранчимэг нь “...ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон үндэслэл нь сэрүүн өрөөнд ирэх жилийн 2020 оноос эхэлж дахин бүлгийн элсэлт зохион байгуулахгүй болсонтой холбоотой байсан, ийнхүү хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй  гэж  маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар “хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан” байхаас гадна “цаашид сунгагдахгүй болсон” гэсэн 2 нөхцөл бүрдсэн байхыг шаарджээ.

Нэхэмжлэгч Э.М- нь хариуцагч байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байнгын ажлын байранд туслах багшаар ажиллаж байсан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Хариуцагч нь 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Э.М-ыг  бүлгийн багшаар ажиллуулахдаа 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай гэж заасан боловч ийнхүү хугацаа тогтоож байгаа үндэслэл, шалтгааныг гэрээнд тухайлан харилцан тохиролцоогүй байхад анхан шатны шүүх “...Баянгол дүүргийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар Б/1 Э.М-ыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар туслах багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, харилцан тохиролцсон...” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгчийн өмнө нь эрхэлж байсан туслах багшийн ажил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар байнгын ажлын байранд хамаарч байхад ажил олгогч цэцэрлэг нь түүний өмнөх ажлын байрыг  хадгалах эсэх талаар тохиролцоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтыг зөрчсөн, байнгын ажлын байранд хугацаа тогтоох бол Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан журмыг хэрэгжүүлээгүй, байнгын орон тоон дээр ажиллаж буй ажилтныг тодорхой бус шалтгаанаар, зөвхөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр, “цаашид сунгахгүй болсон” үндэслэлээ заалгүй  хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон хариуцагч байгууллагын эрхлэгчийн дээрх тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч Э.М-ийн 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр цэцэрлэгийн захиргаанд гаргасан өргөдлийн агуулга нь сэрүүн өрөө татан буугдах хүртэл  бүлгийн багшаар ажиллуулах тухай байх бөгөөд тэрээр цаашид мэргэжлээрээ бүлгийн багшаар ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлсэн зэргээс үзэхэд ажил олгогчийн дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасантай нийцээгүй, ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна.

Хариуцагч тал 2019-2020 оны хичээлийн жилээс эхэлж сургалтын нөхцөл шаардлагын дагуу 12 бүлэгтэй үйл ажиллагаа зохион байгуулах болсноо тайлбарлаж байгаа боловч энэ талаар тушаалын үндэслэлд заагдаагүй буюу орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй болно.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Э.М-ыг Баянгол дүүргийн цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа тул түүнд ажилгүй байсан 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд зааснаар 758 113 төгрөгийн сарын цалин хөлс авч байсан тул ажилгүй байсан бүх хугацаа нь 6 сар 11 хоног байх ба ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт /758 113 * 6 + 35 261 * 11/ = 4 936 549 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02936 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Э.М-ыг  Баянгол дүүргийн цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4 936 549  төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Саранцэцэгт олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянгол дүүргийн цэцэрлэгт даалгасугай” гэж, 2 дугаар заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн    60.1-д тус тус зааснаар хариуцагч Баянгол дүүргийн цэцэрлэгээс 88 349  төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.ОТГОНЦЭЦЭГ           

                                                          ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД 

                                                                                                      Н.БАТЗОРИГ