Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2024/00530

 

 

 

 

 

 

 

                    2024           05             27  

                                 130/ШШ2024/00530

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Б аймгийн П газар /итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, РД:*******, утас:*********/,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын *** дүгээр багт оршин суудаг, утас *************, Б овогт З.М,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр авсан эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн үлдэгдэл 380,500 төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ********** дугаарын дансанд төлүүлэх тухай” нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн П газар нь хариуцагч З.Мгаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр авсан эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн үлдэгдэл 380,500 төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ********** дугаарын дансанд төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдсан З.М нь “Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ”-г 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газартай байгуулан “Оёдлын цех өргөтгөх” зорилгоор 2,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 3 жилийн /36 сар/ хугацаатайгаар, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авчээ.

1.2.Гэвч З.М нь уг дэмжлэгийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу буюу 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор нөхөн төлөх үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 380,500 төгрөг төлөгдөөгүй нь судалгаагаар тогтоогдсон байна.

1.3.Иймд З.Мгаас 380,500 төгрөгийг гаргуулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ********** дугаарын дансанд оруулж өгнө үү.

2.Хариуцагч З.М нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч гаргасан тайлбарт:

2.1.Хариуцагч З.М миний бие нэхэмжлэгч Б аймгийн П газрын надад холбогдуулан гаргасан 380,500 төгрөг гаргуулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ********** дугаарын дансанд оруулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаад 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр 2000000 төгрөгийн санхүүжилт авсан маань үнэн ба 1619500 төгрөгийн төлж хийсэн. Одоо 380,500 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба энэхүү мөнгийг төлж өгнө.

2.2.Иймд нэхэмжлэгч Б аймгийн П газрын надад холбогдуулан гаргасан 380,500 төгрөг гаргуулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ********** дугаарын дансанд оруулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч Б аймгийн П газрын нэхэмжлэлтэй, хариуцагч З.Мд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.М нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр авсан эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн үлдэгдэл 380,500 төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ********** дугаарын дансанд төлөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Энэ нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 12,065 төгрөгийн тал нь болох 6032 төгрөгийг хариуцагч З.Мгаас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй

6.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч З.М нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр авсан эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн үлдэгдэл 380,500 /гурван зуун наян мянга таван зуун/ төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ********** дугаарын дансанд төлөхөөр болж, Б аймгийн П газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 12,065 төгрөгийн тал нь болох 6032 /зургаан мянга гучин хоёр/ төгрөгийг хариуцагч З.Мгаас гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч З.Бибигүл сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                       Б.МАНГИЛИК