Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч С.Алтай, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******овогт ******* ******* холбогдох эрүүгийн 1721000000080 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1986 оны 3 сарын 01-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ан агнуурын биологич мэргэжилтэй, Монгол дагуурын дархан цаазат газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар баг Дун гудамжны 4-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:*******/, *******овогт ******* *******,

 

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2017 оны 9 сарын 19-ний өдрийн орой Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар баг Дун гудамжны 4-02 тоотод эхнэр ******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 9 сарын 15-ны өдрийн орой 19-20 цагийн орчимд цахилгаан тасарсан бөгөөд манай нөхөр ******* дэлгүүр орж лаа авна гээд гарсан. Ингэхдээ том охин болох аваад гарсан юм. Тэгээд 23 цагийн орчимд лаа аваад ирэхдээ согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би “түүнд лаа авч ирэх гэж удлаа, ирэхдээ архи уулаа чи” гэж түүний хөл рүү нь өшиглөхөд тэрээр миний өөдөөс уурлаж “нөхөртөө гар хүрлээ чи” гээд миний баруун нүд рүү нэг удаа, зүүн гарын бугалга хэсэг рүү нэг удаа,  шанаа руу тус тус цохьсон. Ингээд хүүхдүүд уйлаад байхаар нь би хүүхдүүдээ унтуулсан. ******* ч унтаад өгсөн. ...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

-Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-29/

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 сарын 20-ны өдрийн 549 тоот дүгнэлт зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2017 оны 9 сарын 19-ний өдрийн орой Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар баг Дун гудамжны 4-02 тоотод эхнэр *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг  зодож, баруун нүд, зүүн бугалга, баруун мөр, ууцанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Эхнэр маань намайг хэл амаар доромжилж, хэрүүл хийж миний хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр нь миний уур хүрээд зөрүүлээд нүүр рүү нь цохиж, гар руу нь мөн цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/, түүнийг давхар нотолсон хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би түүнд лаа авч ирэх гэж удлаа, ирэхдээ архи уулаа чи гэж түүний хөл рүү нь өшиглөхөд тэрээр миний өөдөөс уурлаж “нөхөртөө гар хүрлээ” гээд миний баруун нүд рүү нэг удаа, зүүн гарын бугалга хэсэг рүү нэг удаа, шанаа руу тус тус цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 сарын 20-ны өдрийн 549 тоот дүгнэлтэд: "*******ийн биед баруун нүд, зүүн бугалга, баруун мөр, ууцанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй” /хх-ийн 21/ гэсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлашгдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 сарын 20-ны өдрийн 549 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.      

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1.Шүүгдэгч *******овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг түүнд буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР