Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/18

 

2022 оны 03 сарын 15-ны өдөр              Дугаар 2022/ДШМ/18                                   

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд     

                                            Прокурор Д.Ганцэцэг

                                            Шүүгдэгч Т.Г

                                            Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав

                                            Нарийн бичгийн дарга М.Отгонхишиг нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж, ерөнхий шүүгч Х.Отгонжаргал, шүүгч Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Т.Г-т холбогдох эрүүгийн 2126000000249 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Өвөрхангай аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн.

Т.Г нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.С-тай маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Т.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Шонхор овгийн Т.Г-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Г-ын цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй  болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх хуралдаанд Т.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байсан. Иймд анхан шатны шүүхээс түүнд 5-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Т.Г нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч А.С-тай маргалдаж биед нь хүнд хохирол санаатай учруулсан хэрэгтээ гэмшиж, өөрөө гэм буруугаа хүлээж байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.  

Шүүгдэгч Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулсан хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү гэв. 

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс Т.Г-т оногдуулсан ял шийтгэл нь тохирсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Т.Г нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.С-тай маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч А.С /хх 9-11/, гэрч П.Ганбаатар /5-6/, А.Сарангэрэл /хх 12-14/, Ж.Цэцэгсайхан /хх 15-16, 49-50/, С.Эрдэнэтуяа /хх 17-18/, насанд хүрээгүй гэрч Б.Ариунзаяа /хх 51/, насанд хүрээгүй гэрч Б.Ариунбаяр /хх 53-54/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 441 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, мэс заслын тэмдэглэл, өвчний түүхийн хуулбар /хх 19-35/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Т.Г-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.С-тай маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Г-ыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Т.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны зарчмыг баримтлан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1.3-т заасныг журамлан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжавын давж заалдах гомдлыг хүлээн авч, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Г-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 67 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2, 3 дахь заалтын “... 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар” гэснийг “...3 /гурван/ жил 8 /найман/ сарын хугацаагаар” гэж тус тус өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-ын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 67 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14  хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар оролцогч гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.