Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2096

 

БНХАУ-ын иргэн ГШЧ--ний                                                          нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо             даргалж, шүүгч  Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2019/02431 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ГШЧ--ний нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Х-д холбогдох

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 24.9 тонн адууны махны үнэнд 196 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ГШЧ--ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн ГШЧ- миний бие 2018 оны 5 дугаар сараас эхлэн мөн БНХАУ-ын иргэн Ж Ж тэй хамтран Монгол адууны болон ямааны мах бэлтгэж эхэлсэн. Махаа бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, экспортоор гаргах зэрэг асуудлыг Ж Ж хариуцаж хийхээр тохирсон байсан. Миний бие Ж Ж тэй хамтарч ажиллаж эхэлсэн цагаас хойш буюу 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 12 цаг 36 минутад 10.000.000 төгрөг, 12 цаг 57 минутад 26.000.000 төгрөг, нийт 36.000.000 төгрөгийг өөрийн 5113068160 тоот данснаас Ж Ж ий Хаан банкны 5087195559 тоот данс руу тус тус шилжүүлж байсан. Мөн Ж Ж нь Эрээнд байх хугацаандаа мөнгө зээлэхээр ярьсан учир би найз Ма Шин Яны БНХАУ-ын Аж Үйлдвэрийн болон Арилжааны банкны 6222081106001904946 тоот данснаас 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 10 минутад 50.000 юанийг Ж Ж ий хүү Жан Вэй Шиний Хөдөө Аж Ахуйн банкны 6228485058198673371 тоот данс руу нь шилжүүлүүлсэн болно. Энэ нь монгол төгрөгөөр 18.500.000 төгрөг болж байгаа юм. Ж Ж уг мөнгийг мах бэлтгэх ажиллагаандаа зарцуулахаар хэлж авсан болно. Ингээд Ж Ж махаа бэлтгэж, экспортлож байх хугацаандаа надад ямар нэгэн ашиг өгч байгаагүй, 2018 оны сүүлээр хоёулаа тооцоогоо хийж, ашгаа хуваахаар тохирсон байсан. Ж Ж нь надтай хамтрахаас өмнө Дархан мийт фүүдс ХХК-тай хамтран бэлтгэсэн махаа экспортод гаргадаг байсан байна. Гэтэл Ж Ж нь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны орчимд мах экспортлох явцдаа 25 тонн Адууны дунд 2.67 тонн Үхрийн мах хийж гаргах гэж байгаад БНХАУ-ын гааль дээр илэрч баригдсан. Ж Ж ий хийсэн хууль бус үйлдлийн улмаас БНХАУ руу мах экспортлох тусгай зөвшөөрлөө түр цуцлуулсан “Дархан мийт фүүдс” ХХК-ийн холбогдох хүмүүс Ж Ж тэй уулзахаар ирэхэд Ж Ж нь тэдгээр хүмүүсээс айгаад уулзалгүй нуугдсан. Тэгээд "Дархан мийт фүүдс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээлгэх, учирсан хохирлыг барагдуулах зэрэг шаардлагатай арга хэмжээ авах, тохиролцох зэрэг ажлыг надад хариуцуулж 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр надад итгэмжлэл хийж өгсөн. Энэ тохиролцоог Ж Ж тэй зөвлөлдсөний улмаас түүний нэрийн өмнөөс миний бие түүнийг төлөөлж хийсэн болно. Тухайн үед Ж Ж нь Монгол Улсад байсан, “Дархан мийт фүүдс” ХХК-ийн хүмүүсээс нуугдаад уулзахгүй намайг уулзуулж, энэ тохиролцоог хийлгэсэн. Тэгээд БНХАУ-ын Эрээн хотын Гаалийн Хяналтын Албанаас Ж Ж ийг шалгахаар зарлан дуудах хуудсаар дуудсан учраас Ж Ж нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны орчимд Монгол улсаас гарч явсан болно. Ингэж явахдаа Ж Ж нь “Дархан мийт фүүдс” ХХК-ийн мах экспортлох тусгай зөвшөөрлийг сэргээлгэх ажлыг БНХАУ-д очиж хөөцөлдөхөөр болоод явсан юм. Ж Ж ий дээрх үйл ажиллагааны улмаас хохирол амссан "Дархан мийт фүүдс” ХХК-ийн хүмүүс ГШЧ- миний паспортыг барьцаалан авч, надад паспорт барьцаалсан талаараа бичиг хийж өгсөн. Жан Жүн нь “Дархан мийт фүүдс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээлгэх ажлыг бүтээж өгч чадаагүйн улмаас миний бие 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө БНХАУ-д очиж дээрх зээлийн асуудлаа хөөцөлдөж чадалгүй 1.168.400 юанийн хохирол амсаад байна. Мөн “Дархан мийт фүүдс” ХХК-ийн оффисийн үүдэнд Ж Ж ий нярав н.Энхболд гэдэг хүнтэй тааралдаад “Баянзүрх дүүргийн Улиастайд байрлах зооринд нь мах байгаа эсэхийг асууж лавлахад н.Энхболд нь байгаа байгаа, нэг машин буюу 25 тонн мах байгаа" гэж хэлсэн. Ингээд 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн оройн 22 цаг 30 минутын үед би орчуулагч Ж.Отгон, Баянзүрх дүүргийн Улиастайд байрлах Ж Ж ий махаа хадгалдаг зоорины хашаанд очиход Жан эхнэр Шү Шо Фэн, н.Энхболд, 2 жолооч, 1 хамгаалагч, 8 ачигч, уг зоорины эзэн зэрэг 14 хүн байсан. Миний араас орчуулагч Э.Тамир ирсэн. Тэд уг зооринд байсан махаа нэг том машинд ачаад Эрээн рүү авч явах гэж байгаатай тааралдсан. Цагдаа нар ирж шалгаад  хоорондоо тохиролц, бид нар энэ асуудлыг шийдэхгүй гэж хэлээд яваад өгсөн. Миний хувьд уг махыг бэлтгэх ажилд хөрөнгө оруулж, Ж Ж бэлтгэсэн болон “Дархан мийт фүүдс” ХХК-д паспортоо барьцаалуулсан байсан учраас уг махыг Монгол улсын Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу өөртөө туслах зорилгоор урагш нь гаргаж алдахгүйн тулд саатуулахаас өөр арга байгаагүй ээ. Тухайн үед хуулийн эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй болсоны улмаас уг махыг явуулахгүй байх арга хэмжээ авч том машины урд өөрийн 76-59 УБЗ улсын дугаартай автомашиныг байрлуулсан байсан. Тэр шөнө Ж.Х- гэгч нь ирээд Энэ миний мах, чи яах гээд байгаа юм гэж загнасан. Маргааш нь бас дахин ирээд намайг машинаас татаж буулгаад Чи холд, энэ миний мах, чи яах гээд байгаа юм гээд хүч хэрэглэн машиныг холдуулахыг оролдож дарамтласан. Тэгээд Ж.Х- өөрөө цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд та нар битгий хэрүүл маргаан хий. Гэрээ байвал гэрээгээрээ хэлэлцээд шийд гэж хэлээд явсан. Бидний өргөдлийг Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны хэсгийн байцаагч н.Төртогтох гэдэг хүн шалгаад хаасан байсан. Тэгээд миний бие уг зоорины эзэн болох “Эх хөгжил” ХХК-ийн захирал Хө Бао Линээр зуучлуулан Wechat-аар Ж Ж тэй холбогдож ярилцаад тохиролцоонд хүрч уг зооринд байгаа 120.000 юаньтай тэнцэх хэмжээний махыг надад барьцаанд тавихаар болж 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө паспортыг буцааж авч өгөхгүй бол дээрх махыг ГШЧ- надад ямар нэгэн асуудалгүй өгөхөөр тохирсон. Энэ тохироогоо баталгаажуулж амжаагүй байхад Ж.Х- ирж уулзаад паспортыг чинь авчихсан, одоо энэ итгэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн бичигт гарын үсэг зур. Тэгвэл паспортыг чинь өгнө гэсэн. Тэгэхээр нь бид наад бичигт чинь гарын үсэг зурвал “Дархан мийт фүүдс” ХХК-тай байгуулсан Баталгааны гэрээ-ний хариуцлагаас мултрах юм уу, “Дархан мийт фүүдс” ХХК-ийн хүмүүстэй уулзая гээд “Дархан мийт фүүдс” ХХК-ийн оффис дээр хамтдаа очсон. Тэгэхэд “Дархан мийт фүүдс” ХХК-ийн захирал М.Цэцэгмаа зөвшөөрөөгүй. Энэ хооронд мах ачсан ачааны том машин хөдлөөд Замын-Үүд, Эрээний чиглэлд Налайхын замаар явсан байсан. Тэгэхээр нь бид нар араас нь гүйцэж очоод жолоочид нь учрыг тайлбарласан. Тэгээд махыг явуулаагүйн хариуцлагыг би даана гэсэн бичиг хийж өгөөд буцааж Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22-ын товчооны орчимд байрлах зооринд буулгасан. Энэ махыг буулгаж байх үед Ж.Х-, нөхөр нь, н.Энхболд нар ирсэн. Мөн “Саян уул” ХХК-ийн хүмүүс ирж уг махан дээр наасан өөрийн компаний шошго болон уут савлагааг хуулж авчихаад яваад өгсөн. Энэ үед Ж.Х-, нөхөр нь, н.Энхболд нар ирсэн байсан бөгөөд тэд нараас Сонгинохайрхан дүүргийн Цагдаад дуудлага өгч шалгагдаж, үүний дагуу Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 954 тоот тогтоолоор “...иргэн Ж.Х-, БНХАУ-ын иргэн ГШЧ- нар нь Иргэний хэргийн шүүхээр дээрх маргаанаа шийдвэрлүүлвэл зохино гээд хэрэг бүртгэлтийн хэргийг хааж” шийдвэрлэсэн байдаг. Тэгээд Ж.Х- нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дээрх 25 тонн адууны махыг “Дельта” ХХК-ийн агуулахаас авч явсан байсан. Уг махыг Сонгинохайрхан дүүргийн “Делта” ХХК-ийн агуулахад буулгах үед 24.9 тонн болж байсан бөгөөд нийтдээ 196.500.000 төгрөг болж байгаа. Иймд Ж.Х-гээс уг махны үнэ 196.500.000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хамтарч хөрөнгө оруулалт хийсэн махыг Ж.Х- гэдэг хүн авснаас болж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ген Шо Чин нь 2018 оны 5 дугаар сараас эхлэн Жан Чунтай хамтран адуу болон ямааны мах бэлтгэн нийлүүлэх ажлыг эхлүүлсэн. Талуудын хооронд санхүүгийн тооцоо үүсэж 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Жан Жун гэх хятад иргэний зоорьноос өөрийн хөрөнгө оруулалт хийсэн махыг авч худалдан борлуулахаар хадгалж байсныг нь Ж.Х- нь тухайн өдөр ирж ачиж авч яваад худалдан борлуулсан байдаг. Иймд хариуцагчаас 196.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ харилцаа нь нэхэмжлэгч болон Жан Жун гэх хятад иргэн хоёрын дундах санхүүгийн тооцоог дуусгаж нэхэмжлэгч нь өөрийн мэдлийн махыг авсан байсан. Гэтэл Ж.Х- нь гуравдагч этгээдээр ирж тухайн махыг ачиж авч явсан байдаг. Ген Шо Чин, Жан Жун нарын хооронд үүссэн санхүүгийн харилцаанаас авах ёстой байсан махыг Ж.Х- нь авчихсан юм. Жан Жун нь Улиастайд байрлах агуулахад байгаа махыг аваарай гэсний дагуу авах ёстой байсан махыг Ж.Х- нь авч худалдан борлуулсан. Тухайн мах нь 196.500.000 төгрөгийн өр төлбөртөө тооцөж өгсөн байсан мах юм. Цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн Жан Жун гэх хүний эхнэр нь Ген Шо Чинд өгөхгүй гэж байгаа зэрэг үйлдлүүд нь Ген Шо Чин гэх хүний авах байсан мах юм гэдэг нь харагдаж байна. Тухайн махыг Жан Жун гэх хүний мах биш байсан гэдгийг хариуцагч тал нь няцаалтаараа нотлох ёстой юм. Манай тал тухайн махыг хэрхэн бэлтгэдэг талаар мэдэх шаардлага байхгүй. Энэ нөхцөл байдлыг мэдэхгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлохгүй байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Х- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн Ж.Ганзориг 42-20 ДГА улсын дугаартай автомашинд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулахаас Эрээн хот руу 25 тонн адууны мах ачуулан явуулсан. Энэ мах нь миний мах юмаа. Жолооч Ж.Ганзориг нь тээвэрлэгчийн үүрэг хүлээлгүй БНХАУ-ын иргэн ГШЧ- гэх хүнтэй хуйвалдан замаасаа миний ачуулсан махыг БНХАУ-ын иргэн Гэн Шо Чинд өгөөд явуулсныг 102 руу залгаж цагдаад дуудлага өгч газар дээр нь барьж авсан. БНХАУ-ын иргэн ГШЧ- мөн махыг миний мах гэж булаацалдаад Ж.Х- би Баянзүрх дүүргийн Цагдаад гомдол гаргаж шийдвэрлүүлж махаа авч ачуулсан юм. Гэтэл одоо дахиад л мах нэхээд байгааг ойлгохгүй байна. Би БНХАУ-ын иргэн Гэн Шо Чинийг огт танихгүй, Мөн БНХАУ-ын иргэн Жантай Жүнтэй харилцаагүй байгаа. БНХАУ-ын иргэн ГШЧ- гэх хүн миний махыг булаацалдаж, Баянзүрхийн Цагдаагийн хэлтсээр шалгуулах хооронд мах зооринд байж хатаж багасаж би дунд нь зөндөө хохирсон. Иймд Гэн шо Чиний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Х-гээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн адууны махны үнэнд 196.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ГШЧ- /Geng Xiaoqing/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.140.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргил давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ж Ж д 2018 оны 6 дугаар сарын 29-нд 36.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 27-нд 50.000 юань шилжүүлсэн гэсэн нөхцөл байдлыг дүгнэсэн боловч баримтаар нотлоогүй” гэсэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг шүүхээс үнэлсэн байдаг. Харин хамтран ажиллах гэрээний дагуу энэ мөнгийг Ж Ж хэрхэн ашиг гаргаж өгөх, хариуцагчийн худалдан борлуулсан маханд Ж Ж ий эзэмшлийн мах байсан эсэхийг тогтоогоогүй гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Хэрэгт цугласан бичмэл нотлох баримтын хүрээнд хариуцагч болон Ж Ж нар нь хамтран ажиллаж байсан болох нь тогтоогддог бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс өөрийн авах ёстой авлагаа түүний хамтран ажилладаг этгээдээс нэхэмжилсэн байдаг. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т заасан байдаг ба хариуцагч болон Ж Ж нар нь хамтран ажилладаг тухай баримт авагдсан бөгөөд хариуцагчийн бэлтгэж, худалдан борлуулсан мах нь Ж Ж болон хариуцагчийн дундын хөрөнгө байна. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.12-т зааснаар нэхэмжлэгчээс мах бэлтгэж, худалдан борлуулж ашигтай ажиллана хэмээн авсан 55.000.000 төгрөгийг дээрх хамтран ажиллаж буй этгээдүүдийн хөрөнгөөс гаргуулан авах нь зүйтэй гэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон дүнгээс 141.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрч 55.000.000 төгрөгийг хангах үндэслэлтэй байсан гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ГШЧ- нь хариуцагч  Ж.Х-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 196.500.000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасан.

Гэвч зохигчдын хооронд ямар нэгэн үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэн үндэслэлээр шаардах эрхгүй. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ГШЧ- болон Ж Ж нарын хооронд хамтран ажиллах хэлцэл хийгдсэн эсэх, адууны мах бэлтгэхэд хөрөнгө оруулсан эсэх асуудал тэдгээрийн хоорондын маргаанд ач холбогдолтой болохоос хариуцагч Ж.Х-д хамааралгүй болно. Нэхэмжлэлд дурдсан 25 тонн мах Ж Ж ий эзэмшлийн мах байсан эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байхаас гадна тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байхад түүнтэй холбоотой маргааныг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-т заасантай нийцэхгүй.

Зохигчдын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг  хариуцагч хууль бусаар зөрчсөн гэх үндэслэл мөн тогтоогдсонгүй.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 905 дугаартай прокурорын тогтоолоор  Ж.Х-гийн БНХАУ руу ачуулсан 25 тонн адууны махыг БНХАУ-ын иргэн ГШЧ- нь өөрийн бэлтгэсэн махыг Ж.Х- нь хууль бусаар авч явсан үндэслэлээр замаас нь саатуулан агуулахад аваачиж буулгасан нөхцөл байдал тогтоогдож байна гэж заасан агуулга бүхий бичгийн баримтаар нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хариуцагч  Ж.Х-  зөрчсөн  гэж үзэх шууд  үндэслэл болохгүй юм.

Хариуцагч Ж.Х- өөрөө буруугүй буюу татгалзлын үндэс болж байгаа байдлаа  нотолсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгддөг иргэний эрх зүйн зарчмаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд үүргээ биелүүлсэн байна.

Тэрээр хувиараа мах бэлтгэн экспортлодог бөгөөд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайд байрлах мах шулах агуулахын зориулалттай 380 м.кв талбайтай барилгын агуулах болон 580 м.кв талбайтай хашааны хамт түрээслэхээр 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 3 жилийн хугацаатай түрээсийн гэрээгээр Эх хөгжил ХХК-тай хамтран ажилладаг, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цуглуулсан махны гарал үүслийн гэрчилгээний хуулбарыг гарган өгсөн байна.

Нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэл хэрэгт авагдсан хийгэд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдоогүй тул шүүх хариуцагч Ж.Х-гээс 196.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ГШЧ- /Geng Xiaoqing/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2019/02431 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО         

                                                          ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНХАНД 

                                                                                                     Н.БАТЗОРИГ