Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 0609

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Б.Б

улсын яллагч: Ж.Э

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  : Ө.Б

шүүгдэгчийн  өмгөөлөгч : Ч.Н

шүүгдэгч: А.М  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт Т овогт А М  холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 201724000370 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт А М, 1978  оны 10 дугаар сарын 24-ний өдөр  Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй,  бүрэн дунд   боловсролтой, жолооч   мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 3, эхнэр,  хүүхдийн хамт  Баянзүрх  дүүргийн   дүгээр хороо эмнэлэгийн  дүгээр гудамжны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД:ЦЕ,

Холбогдсон хэргийн талаар:

          А. М нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 12 цаг 45 минутын орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шархадны “Үржихүй ” хүнсний дэлгүүрийн урд замд Тоёото Соrona маркийн 89-47 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг  согтуугаар жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/ “Согтууруулах ундаа  хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчиж явахдаа мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 11 настай Б. Ж мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн дээрхи авто тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч А.М   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 5 сарын 18-ны өдөр 12 цаг 45 минутад БЗД-ийн 9-р хороо “Үржихүй” хүнсний дэлгүүрийн үүдэнд Б.Ж согтуугаар 89-47 УБЦ “Тоёото корона” маркийн машинаар мөргөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан. Хэргийн газрыг орхиж яваад гэртээ очоод байж байтал цагдаа нар ирж барьсан. Хүүхдийг машины зүүн урд талаар мөргөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   2017 оны 5 сарын 18-ны өдөр хүүхэд маань 12 цаг 15 минутад гэр сургууль 2-ын хооронд явдаг сургуулийн автобусандаа суух гээд явсан. Автобус нь “Үржихүй” дэлгүүрийн үүднээс явдаг. Тэгээд автобусаа хүлээгээд зогсож байхад нь хүүг минь мөргөөд зугтаасан байсан. 5-10 минутын дараа нөхөр бид хоёрт хүн ирж хэлээд нь бид хоёр очсон. Тэгээд очиход замын хажуу талын жалга руу унасан байдалтай байж байсан. Дайрсан машиныг “Чонот” дэлгүүрийн урдуур зугтаагаад явчихсан гэж тэр хавьд байсан хүмүүс хэлж байсан. Хүү маань очиход аав, ээжээ авраарай, би үхлээ түргэн тусламж дуудаарай гээд амнаас нь цус гарчихсан, хувцас хунар нь шороо тоос болчихсон, цүнх нь хол шидэгдчихсэн хэвтэж байсан. Түргэн ирээд аваад явахад нуруу өвдөж байна, хүзүү өвдөж байна хөдөлж чадахгүй байна, би тахир дутуу болохгүй биз дээ гэж хэлж байсан. Эмчилгээний зардал болон эм тарианы мөнгийг М нь өгсөн. Хүүхэд маань одоо биеийн тамирын хичээлдээ сууж чадахгүй, хичээлээсээ бүр чөлөөлөгдсөн байгаа. Хүүхэд маань үе, үе толгой өвдөөд байна ээжээ эм аваад өгөөч, нуруу өвдөөд байна үзүүлээд өгөөч гэж хэлдэг. Би бол жоохон гомдолтой байна. Миний хүүхэд ирээдүйд ямар нэгэн өвчинтэй, ажил төрөл хийж чадахгүй байх болов уу гэсэн айдастай байна.  Эмчилгээний зардалд нийт 3.300.000 төгрөг гарсан. М цаашид гарах эмчилгээний зардлыг чинь өгнө гэж хэлж байсан гэв.         

      Шүүгдэгч А.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагийн орчим гэрээсээ гарч Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Давсны булагийн зүүн талд байдаг дугуй засварын газар очиж найз Азаатай уулзаж автомашиныхаа дугуйны хийг нэмүүлсэн. Тэгээд бид хоёр ойр зуурын юм ярьж байгаад дэлгүүр орж Экс гээд 0.75 граммтай нэг шил архи авч хувааж уусан. Би дугуй засвараас 12.00 цаг өнгөрөөгөөд гарч гэрлүүгээ харихаар Баянзүрх дүүргийн нутаг 9 дүгээр хороо Үржихүй дэлгүүрийн урд замаар Т.Корона маркийн 89-47 УБЦ улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодон ганцаараа ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй ойролцоогоор 20-25 орчим км/ц-ийн хурдтай шороон замаар явж байтал замын хажууд хүүхдүүд хоорондоо хөөцөлдөж тоглож байсан. Гэтэл нэг эрэгтэй хүүхэд автомашины урдуур гүйсэн ба би тоормос гишгэтэл урдуур гүйгээд гарсан. Харин араас нь хөөж гүйж байсан хүүхэд автомашины зүүн гар талын урд гэрэл дохио хэсэгт шүргүүлсэн. Тэр үед би автомашинаа зогсоолгүй чигээрээ яваад өгсөн. Гадаа үзэгдэх орчин чөлөөтэй, шороон, шулуун тэгш, хуурай явган хүний гарц гэрэл дохио байхгүй, суурингийн доторх гэрэлтүүлэггүй тогтуун, эерэг хөдөлгөөнтэй 2 эгнээ зам байсан гэжээ. /хх-ийн 99/

         Өсвөр насны хохирогч  Б.Ж  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2017 оны 5 дугаар сарын 18-ны 12.30 цагийн орчим гэрээсээ гараад автобусны буудал руу явах гээд Шар хадны Үржихүй дэлгүүрийн урд замд ганцаараа хойноосоо урагш явж байтал ар талаас цайвар өнгийн автомашин намайг зүүн урд талаараа ирж мөргөсөн. Мөргүүлээд би ухаан алдаж унаад сэрэхэд хүмүүс намайг тойрчихсон байсан удалгүй аав ээж хоёр ирсэн. Тэр хавьд явж байсан унадаг дугуйтай хүн түргэн тусламж руу залгаж дуудлага өгсөн.  Намайг мөргөсөн машин байхгүй болчихсон хүмүүс зугтчихсан гэж байсан. Би түргэн тусламжийн машинтай хамт эмнэлэг явсан. Би хүзүү нуруундаа гэмтэл авсан гэжээ. /хх-н 55-57/

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож байцаасан тэмдэглэл /хх-н 58-61/

          ЦЕГ-н мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны  хуудас /хх-н 65/

         Зам тээврийн хэрэг ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-н 16-21/

        Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа: /хх-н 22/ А М драйгер багаж үлээлгэн шалгахад 1.55% гарч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов гэжээ.

        Хохирогч Б.Ж хувийн байдлын талаарх баримтууд, эмчилгээний зардлын талаарх баримтууд, өвчний түүхийн хуулбар /хх-н23-54/

         Гэрч Д.Б  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 5 дугаар сарын 18-нд Шар хадны гандангийн гадаа машиндаа сууж байтал саарал өнгийн автомашин ертөнцийн зүгээр зүүн хойноос баруун тийш чиглэлтэй маш хурдан гарч ирээд  замын хажууд зогсож байсан хүүхдийг мөргөж унагаасан. Тэр хүүхэд замын хажуугийн жалга руу шидэгдэж амь авраач гэж байсан. Би тэр жолоочийг машинаасаа буугаад зогсооч чи хүүхэд дайрчихлаа гэхэд зогсох гэж байснаа яваад өгсөн. Тэр хүүхэд урдаасаа хойшоо зам гарах гээд замын хажууд зогсож байсан. Тэгээд би тэр хүүхэд дээр очтол өвдөөд байна гэж уйлаад байсан. Би битгий хөдлөөрэй гээд 102, 103 дугаарын утсанд дуудлага өгчихөөд явсан. Хүмүүс ч их ирчихсэн  байсан. Намайг гандангаас гараад ирэхэд түргэн, цагдаа ирчихсэн байсан гэжээ. /хх-ийн 68/

          Гэрч Д.Ч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 11.00 цагийн орчим Шархадны ганданд ном уншуулаад гарч иртэл хүүхдүүд шуугиад явчихаар нь хартал зам дагаад явж байсан хүүхдийг зүүн зүгээс ирж явсан суудлын саарал өнгийн жижиг тэрэг мөргөөд зугтчихсан. Машин бид нарын хажуугаар өнгөрсөн. Жолооч нь ганцаараа явж байсан. Мөргүүлсэн хүүхэд жалган дотор хэвтэж байсан. Манай дүү Батчулуун өөрийнхөө утаснаас дуудлага өгсөн. Удалгүй замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн. Надаас ослыг үзэж харсан уу  гээд миний утсыг бичиж авсан. Машин зүүн зүгээс гарч ирээд баруун тийш явж байгаад  буцаад зүүн тийш эргэсэн байсан. Мөргүүлсэн хүүхэд миний ээж, аавыг дуудаад өгөөч гэж хэлж байсан. Тэнд байсан хүмүүс ээж аав руу нь залгаж дуудсан. Мөргүүлсэн хүүхэд 10 метр хиртэй газар шидэгдэж унасан гэжээ. /хх-ийн 69/

          Гэрч Т.Б  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би А овогтой М эхнэр байгаа юм. Хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Нөхрийнхөө хувийн байдлын талаар мэдүүлхэд М 197 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Улаанбаатар хотын 3 дугаар төрхөд А 8 хүүхдийн 4 дэх хүүхэд нь болж төрсөн. Бага насаа Шар хаданд аав ээжийн гар дээр өнгөрүүлж  дүгээр сургуульд орж бүрэн бус дунд боловсрол эзэмшиж төгссөн. Сургуулиа төгсөөд техникийн зах дээр сэлбэг зардаг ажил хийж байгаад 1996 онд Төв аймгийн Сэргэлэнд байрлах 0 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд хувиараа таксинд явж халтуур хийдэг байсан. 2015 оноос надтай хамт амьдарч байна. Манай нөхөр зан төлөвийн хувьд тусч, найз нөхдийн дунд нэр хүндтэй найрсаг зантай. Согтууруулах ундааны зүйл бараг хэрэглээд байдаггүй юм. Хэрэв хэрэглэсэн үедээ элдэв зан ааш гаргадаггүй гэртээ ирээд шууд унтаад өгдөг юм. Элдэв муу зуршилгүй. Одоо хувиараа хашаандаа машин засдаг юм. Осол болдог өдөр найзтайгаа архи ууж байгаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч мөргөсөн байсан. Үүндээ их гэмшиж байгаа. Миний хувьд 5 сартай жирэмсэн байгаа. Эмчилгээний төлбөрт 2.350.000 төгрөг төлөөд байгаа гэжээ. /хх-н 71/

          Гэрч А.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би А.М төрсөн дүү нь байгаа юм. Хэргийн талаар мэдэх зүйл алга. Ахынхаа хувийн байдлын талаар ярихад манай ах 1978 оны 10 сарын 24-нд Улаанбаатар хотын 3 дугаар төрхөд төрсөн. Бид аав ээжээс 8-уулаа юм. Зан аашийн хувьд бол даруухан найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Одоо хувиараа хашаандаа машин засдаг юм гэжээ.  /хх-н 73/

        Гэрч Г.Э  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Мягмарсүрэн манайд 12.00 цагийн орчимд ирсэн. Машингүй явж байсан нилээн согтуу байсан. Би сэрүүхэн граж дотор байж бай гэж хэлчихээд гражийн үүдэнд машин янзлаад сууж байсан. Би М гарсаныг мэдээгүй эхнэрээс асуутал мэдэхгүй гэж байсан. 12.00 цаг өнгөрч байхад цагдаа хашааны хаалга тогшоод танай хашаанаас гарч явсан автомашин хүүхэд дайраад  зугтаачихлаа гэсэн. Тэгэхэд нь би манайхаас машин гараагүй, Кроун маркийн автомашин орж ирсэн гэж хэлсэн. Удалгүй дахиад 2, 3 машинтай цагдаа нар ирээд танайхаас гарсан машин гараад хүүхэд мөргөчихлөө мэдэж байгаа зүйлээ хэл гэсэн. Тэгэхэд нь би машин гараагүй харин нэг хүн орж ирээд гарсан гэж хэлсэн. Надаас М гэдэг хүнийг таних уу гэрийг нь заагаад өг гэсэн. Тэгээд би цагдаагийн машинтай яваад нэг найзынд нь очтол байгаагүй тэгээд гэрт нь очтол гэрийнхээ ард талын айлын хашаанд машинаа оруулчихсан өөрөө дотор нь унтаж байсан. Тэгэхэд 13.00 цаг болж байсан. Ослын талаар мэдэх юм надад байхгүй. М манайд орж ирээд удаагүй 10-д минут болсон байх тэгээд л гарсан. Уг нь М архи нэг их уугаад байдаггүй юм. Уухаараа зүгээр л унтаад өгдөг юм гэжээ. /хх-ийн 75/

          Гэрч Т.Х  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 12.00 цаг өнгөрч байхад Үржихүй дэлгүүрийн гадаа хог цэвэрлээд байж байтал 100 метрийн цаана байрлах машин засдаг хашааны гадаа саарал өнгийн автомашин зогсож байсан. Тэр хашаанаас согтуу хүн гарч ирээд машиндаа суугаад зүүнээс баруун тийш явж далангийн хажуугаар явахдаа юм мөргөх чимээ гарахаар нь чулуу мөргөлөө гэж бодоод хартал далангийн доор зогсож байсан хүүхдийг мөргөөд зугтаасан. Хүүхэд жалган дотор хэвтэж байсан. Машин дэлгүүрээс 25 метрийн зайтай явж байсан. Тухайн үед шороо манарсан байсан учир дотор нь хэдэн хүн байсныг хараагүй. Машин хүүхдийг мөргөөд баруун тийш Чонот дэлгүүрээс зүүн гар тийшээ эргээд урагшаа явсан. Манай эхнэр өөрийнхөө 80003634 дугаарын утаснаас дуудлага өгсөн. Тэр хавьд байсан хүмүүс бас түргэн тусламж дуудсан. Манай эхнэр мөргүүлсэн хүүхдийн ар гэрийг таньдаг учир гүйж очоод аав ээж хоёрыг нь дуудсан байсан. Түргэн тусламж ирээд мөргүүлсэн хүүхдийг гэмтлийн эмнэлэг авч яваад байж байтал удалгүй замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн гэжээ.  /хх-н 78/

    Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох огтоол /хх-н 81/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 6791  Дүгнэлтэд:

1.Б.Ж биед өвчүү яс, сээрний 3, 4-р нугалмын шахагдсан хугарал, хүзүүний 8-р нугалмын зүүн доод сэртэнгийн зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх тухайн үед үүссэн шинэ гэмтлүүд байна.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 82/

Автомашинд шинжилгээ хийлгэх тогтоол / хх-н 84/

  Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-н Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 17/33409  дүгнэлтэд:

1.Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хилчний гудамж өөрийн байранд байрлах Нийслэлийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвд 8947УБЦ улсын дугаартай Тоёота Коррона маркийн автомашинд шинжээчийн дүгнэлт хийв. А овогтой М эзэмшлийн Тоёота Коррона маркийн саарал өнгөтэй, Япон улсад үйлдвэрлэсэн 89-47 УБЦ улсын, SТ2100021586 арлын дугаартай суудлын автомашиныг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 11.00 цагаас 11.35 цаг хүртэл МNS4598:2011 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон МNS5011:2003 “Автотээврийн хэрэгсэлийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгасан зүүн урд их гэрэл, хойд тэнхлэг дэх тоормос, утаа өнгө үзэмж зэрэг үзүүлэлтүүд нь МNS4598:2011 стандартын шаардлага хангахгүй байна. Автомашины их гэрлийн тусгалын чадлын хэмжээ хүрэхгүй байгаа нь тухайн осол гэрэлтүүлэг шаардлагагүй нөхцөлд үйлдэгдсэн, харин хойд дугуйн тоормосны хүчний зөрүү их байгаа нь тухайн осол хэрэгт хэрхэн ямар байдлаар нөлөөлөхийг тогтоох боломжгүй болно гэжээ. /хх-ийн 88/

   Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох огтоол /хх-н 89/

Замын цагдаагийн алба шинжээчийн 326 тоот дүгнэлтэд:

1.Тоёота Корона маркийн 89-47УБЦ улсын дугаартай автомашин жолоодон явсан А.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно” а”согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” /жолоочийн согтуурал шалгасан магадлагаа 15 цаг 10 минут/ мөн дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/”зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгсэлээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгсэлээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгсэлийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/”зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. /Хэргийн газрын үзлэг болон фото зураг дээр тээврийн хэрэгсэлийн байхгүй, гэрчээс авсан тайлбартаа 89-47 УБЦ дугаартай тээврийн хэрэгсэл хойд зүгт шууд яваад өгсөн гэх/

Тоёота Корона маркийн 89-47 УБЦ улсын дугаартай автомашины жолооч А.М нь осол гарах үед автомашиныг зогсоох арга хэмжээ авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /Хэргийн газрын үзлэг болон фото зураг дээр тээврийн хэрэгсэл тоормозны мөргүй/

3.Тоёота Корона маркийн 89-47 УБЦ улсын дугаартай автомашин нь осол гарах үед хэдэн км/цагийн хурдтай явсан болохыг тогтоох боломжгүй болно.

4.Явган зорчигч Б.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ.  /хх-н 90-91/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н  92-94/

           А.М батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 95-98/ Т.Б,А.М нарын батлан даалтад өгсөн байна.

          А.М асууж авсан тайлбар /хх-н 99/

    А.М сэжигтнээр тооцох тогтоол, байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол байцаасан тэмдэглэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 101-105/,

   А.М  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 106 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 112/ , оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 108/ , жолоочийн лавлагаа /хх-н 109/, эрүүлжүүлсэн баримт /хх-н 115-116/ , 2.347.000 төгрөг эмчилгээний зардалд төлсөн баримт /хх-н 119-125/ зэрэг болно.  

    А. М нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 12 цаг 45 минутын орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шархадны “Үржихүй ” хүнсний дэлгүүрийн урд замд Тоёото Соrona маркийн 89-47 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг  согтуугаар жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/ “Согтууруулах ундаа.... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчиж явахдаа мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 11 настай Б. Ж мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн дээрхи авто тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

        Өсвөр насны хохирогч Б.Ж мөрдөн байцаалтад өгсөн …Шар хадны Үржихүй дэлгүүрийн урд замд ганцаараа хойноосоо урагш явж байтал ар талаас цайвар өнгийн автомашин намайг зүүн урд талаараа ирж мөргөсөн. Мөргүүлээд би ухаан алдаж унаад сэрэхэд хүмүүс намайг тойрчихсон байсан удалгүй аав ээж хоёр ирсэн. Тэр хавьд явж байсан унадаг дугуйтай хүн түргэн тусламж руу залгаж дуудлага өгсөн.  Намайг мөргөсөн машин байхгүй болчихсон хүмүүс зугтчихсан гэж байсан. Би хүзүү нуруундаа гэмтэл авсан гэсэн мэдүүлэг  /хх-н 55-57/

          Б.Ж биед өвчүү яс, сээрний 3, 4-р нугалмын шахагдсан хугарал, хүзүүний 8-р нугалмын зүүн доод сэртэнгийн зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх ба тухайн үед үүссэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар           сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн . /хх-ийн 82/ хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 6791 тоот дүгнэлт:

1.Тоёота Корона маркийн 89-47УБЦ улсын дугаартай автомашин жолоодон явсан А.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно” а”согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” /жолоочийн согтуурал шалгасан магадлагаа 15 цаг 10 минут/ мөн дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/”зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгсэлээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгсэлээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгсэлийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/”зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн, Тоёота Корона маркийн 89-47 УБЦ улсын дугаартай автомашины жолооч А.Мягмарсүрэн нь осол гарах үед автомашиныг зогсоох арга хэмжээ авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн  /Хэргийн газрын үзлэг болон фото зураг дээр тээврийн хэрэгсэл тоормозны мөргүй/ замын цагдаагийн алба шинжээчийн 326 тоот дүгнэлт

          Гэрч Д.Б  мөрдөн байцаалтад өгсөн … Шар хадны гандангийн гадаа машиндаа сууж байтал саарал өнгийн автомашин ертөнцийн зүгээр зүүн хойноос баруун тийш чиглэлтэй маш хурдан гарч ирээд  замын хажууд зогсож байсан хүүхдийг мөргөж унагаасан. Тэр хүүхэд замын хажуугийн жалга руу шидэгдэж амь авраач гэж байсан. Би тэр жолоочийг машинаасаа буугаад зогсооч чи хүүхэд дайрчихлаа гэхэд зогсох гэж байснаа яваад өгсөн. Тэр хүүхэд урдаасаа хойшоо зам гарах гээд замын хажууд зогсож байсан. Тэгээд би тэр хүүхэд дээр очтол өвдөөд байна гэж уйлаад байсан. Гэсэн мэдүүлэг /хх-ийн 68/

          Гэрч Д.Ч мөрдөн байцаалтад өгсөн … Шархадны ганданд ном уншуулаад гарч иртэл хүүхдүүд шуугиад явчихаар нь хартал зам дагаад явж байсан хүүхдийг зүүн зүгээс ирж явсан суудлын саарал өнгийн жижиг тэрэг мөргөөд зугтчихсан. Машин бид нарын хажуугаар өнгөрсөн. Жолооч нь ганцаараа явж байсан. Мөргүүлсэн хүүхэд жалган дотор хэвтэж байсан. …Машин зүүн зүгээс гарч ирээд баруун тийш явж байгаад  буцаад зүүн тийш эргэсэн байсан. Мөргүүлсэн хүүхэд 10 метр хиртэй газар шидэгдэж унасан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 69/

          Шүүгдэгч А.М мөрдөн байцаалтад өгсөн …Т.Корона маркийн 89-47 УБЦ улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодон ганцаараа ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй ойролцоогоор 20-25 орчим км/ц-ийн хурдтай шороон замаар явж байтал замын хажууд хүүхдүүд хоорондоо хөөцөлдөж тоглож байсан. Гэтэл нэг эрэгтэй хүүхэд автомашины урдуур гүйсэн ба би тоормос гишгэтэл урдуур гүйгээд гарсан. Харин араас нь хөөж гүйж байсан хүүхэд автомашины зүүн гар талын урд гэрэл дохио хэсэгт шүргүүлсэн. Тэр үед би автомашинаа зогсоолгүй чигээрээ яваад өгсөн. Гадаа үзэгдэх орчин чөлөөтэй, шороон, шулуун тэгш, хуурай явган хүний гарц гэрэл дохио байхгүй, суурингийн доторх гэрэлтүүлэггүй тогтуун, эерэг хөдөлгөөнтэй 2 эгнээ зам байсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд  заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

        А.М нь архи ууж согтуурсан /үүнийг согтуурал шалгасан магадлагаанд : 1.55% гарч согтууруулах хэрэглэсэн болох нь тогтоогдсон./ үедээ өөрийн эзэмшилийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам дээр явж байсан хүүхдийг мөргөж хүндэвтэр хохирол учруулсан, мөн ямар нэгэн тусламж үзүүлэлгүйгээр шууд орхиж явсан  нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

          Иймд А.М холбогдох үйлдлүүдийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

 А.М автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулсан  гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугатаах гэмт хэрэг  тус тус үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаас өмнө хохирогчид эмчилгээний зардалд 3.347.000 төгрөг төлсөн, одоогоор нэмж нэхэмжлэх зүйлгүй гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлсэн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Одоо хохирогчийн биеийн байдал бүрэн эдгээгүй цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, эмчилгээ хийлгэсэн тухай бүрд эмчилгээний зардлыг шүүгдэгч бүрэн төлөхөө илэрхийлсэн байна. Шүүх гэм хор бүрэн арилаагүй байна гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

  Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй болно.

          Шүүхэд А.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх ирээгүй болно.

А.М тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах  ялыг хорих ял дээр нэмж  оногдуулсан тул  Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг эдэлж дууссаны дараа  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан 2 жилийн  хугацааг  тоолох зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар А.М 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ялыг мөн  хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногт тооцож 40 хоног буюу 1сар 10 хоногийн  хорих ял гэж үзэж  хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж шийдвэрлэв.

            Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2, 36.5,36.6,36.7,36.8,36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тамир овогт А М автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулсан  гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугатаах гэмт хэрэг  тус тус үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар А.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2  жилийн хугацаагаар хасаж 7 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар А.М 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус   шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг журамлан А.М хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн 8 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  А.М оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.М тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах  ялыг хорих ял дээр нэмж  оногдуулсан тул уг хорих ялыг эдэлж дууссаны дараа  2 жилийн  хугацааг тоолсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.А.М нь бусдад төлөх төлбөргүй, Ө.Бямбадулам нь цаашид гарах эмчилгээний зардлыг ИХШХШТХ-д заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.М нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдсугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг  тус тус дурьдсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН