Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/16

 

 

М.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Л.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Э /зайнаас цахимаар/,

Хохирогч: Д.Б /зайнаас цахимаар/,

Хохирогч: П.Э /зайнаас цахимаар/,

Хохирогч: Ц.Ж /зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогч П.Э-ын давж заалдсан гомдлоор шүүгдэгч М.Н-д холбогдох 201526030052 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ш овгийн М-ын Н, Монгол Улсын иргэн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эхнэр хүүхдүүдийн хамт, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч М.Н нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Д.Б-ыг “Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт орших “Б” нүүрсний уурхайн төсөлд хамтран ажиллаж ашиг олно, мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас самосвал авто машин импортоор оруулж ирнэ” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2013 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-ын өмчлөлийн Лексус-470 загварын тээврийн хэрэгсэл өмчлөх эрхийг шилжүүлэн авч 23 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Г.У-ыг “Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт орших “Б” нүүрсний уурхайн төсөлд хамтран ажиллаж ашиг олно, мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас самосвал авто машин импортоор оруулж ирнэ” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 2014 оны 02 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Г.У-ын өмчлөлийн Тоёота Ланд Крузер-80 загварын 15 000 000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг, мөн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хаан банкнаас өөрийн Хаан банкны ** тоот данс руу 9 000 000 төгрөгийг шилжүүлэн тус тус залилан авч, нийт 24 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч П.Эщыг “Өмнөговь аймгийн Ноён суманд уурхайн ажил руу орох гэж байгаа, зам тавих ажлын гэрээ эхлүүлэхийн тулд заавал зам тавих шаардлагатай гэнээ. Зам тавих ажлын гэрээ ажлын гэрээ хийх гэсэн чинь дансандаа заавал мөнгө байршуулж хийнэ гэж байна” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40 000 000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт өөрийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тариалан банкны **** тоот данс руу 329 950 юань буюу Монгол мөнгөөр 94 755 041 төгрөгийг шилжүүлүүлж, 2014 оны 04 дүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт 6 000 000 төгрөгийг бэлнээр тус тус залилан авч, нийт 140 755 041 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Ц.Ж-г “Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт орших “Б” нүүрсний уурхайн төсөлд хамтран ажиллаж ашиг олно, мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас самосвал авто машин импортоор оруулж ирнэ” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Д.А гэгчийн Хаан банкны *** тоот данс руу 11 000 000 төгрөгийг, 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны ** тоот данс руу 1 900 000 төгрөгийг, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Д.Баярт-Одоор дамжуулж түүний Хаан банкны *** тоот данс руу 2 000 000 төгрөгийг,

2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Д.Б-оор дамжуулж түүний хүү Б.Х-ын Хаан банкны *** тоот данс руу 6 100 000 төгрөгийг Дорноговь аймгийн Сайншанд сумын төв Хаан банкнаас шилжүүлүүлж тус тус залилан авч, нийт 21 000 000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 235,255,041 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.С-с Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт М-ын Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “залилах” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Шүүгдэгч М.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь 24 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-аас хохирогч Д.Б-д 49 500 000 төгрөг, Г.У-т 24 000 000 төгрөг, П.Э-т 34 755 041 төгрөг, Иргэний нэхэмжлэгч Ц.Ж-д 17 500 000 төгрөг, О.З-д 100 000 000 төгрөг, Д.А-т 6 000 000 төгрөг тус тус гаргуулан олгож,

 

Хохирогч Г.У нь Замын-Үүд нь суманд оршин суух Б-д шүүгдэгч М.Н-ийн зөвшөөрлөөр өгсөн гэх 2 000 000 төгрөг, хохирогч П.Э нь 5  244 959 төгрөгийг шүүгдэгч  М.Н-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Г.У-ын нэхэмжлэлээс 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих, мөн хуулийн ерөнхий хуулийн 8.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 

            Хохирогч П.Э давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 зүйлийг удирдлага болгон эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөнд,

            2. Шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 2 дахь заалтад “...яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай” хэмээн шийдвэрлэж, гэм буруутай этгээдийг хохирол төлөхөөс зайлсхийлгэж буйд,

            Хохирогчийн хувьд хэргийг шүүхээр шийдвэрлэх шатанд хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэх хугацаанаас өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу прокуророос шүүгдэгч М.Н-г яллагдагчаар татаж, хариуцлагагүй албан тушаалтнууд дамжуулан шалгаж байж байж нэг шүүхээр гэм бурууг нь шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн уг асуудалд шүүх хурал хийлээ гэж олгосон. Өөрөөр хэлбэл шүүх яллагдагчаар татах прокурорын тогтоолыг бус, яллах дүгнэлтийг хэлэлцэх шатанд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасныг зөрчиж шийдвэрлэлээ гэж үзэн тогтоолыг бүхэлд нь хүчинтэй болгуулахаар,

            3. Шүүгдэгч нь залилах гэмт хэргийг үйлдэн хуулийн байгууллагад шалгагдах хүртэл хугацаанд бол энэхүү гэмт хэргийг байнга үйлдэж гэр бүлийнхээ амьдралын эх үүсвэр болгосон асуудлыг шалгахгүйгээр орхигдуулж байгаа зэрэг хууль бус үйлдлийг тогтоон, хууль буруу хэрэглэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.17-ны өдрийн 2022/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хариуцлагыг гэм бурууд нь тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-р эцэслэн шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцаалган шийдвэрлүүлэх гомдолтой болно. Энэ шатанд шүүгдэгчийн сэтгэцийг шалган тогтоох боломжтой болно6

... Н нь уг хэргийг үйлдэж байх хугацаандаа 3 удаа оргон зайлсан. Оргон зайлсан хугацаандаа энэ хэргийг давтан үйлдэж амьдралынхаа хэвшил болгосон байдаг. Н-ийн эхнэр М нь уг мөнгийг нь авч бараа татуулсан байдаг. Уг барааг татсан жолооч нь Замын-Үүд суманд байгаа. ...Монгол Улсын шүүх, цагдаа, прокурор хууль хяналтын байгууллага нь Н-д ээлтэйгээр шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Н нь өдий олон жилийн хугацаа өнгөрч байхад нэг төгрөг ч төлөөгүй....Энэ хүн нь оргон зайлсан хугацаандаа үйлдсэн өчнөөн хэргийг хэрэгсэхгүй болгочихсон байдаг. Мөн өөрийн найз Ө гэдэг хүнээс 70 000 000 төгрөг авчихсан байсан. Тэгээд шалгуулах гэсэн чинь та нар энэ хэргээ өгөөгүй байсан байна гээд бас л хэрэгсэхгүй болгочихсон. Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ дээрх үйлдлүүдийг хэвшил болгосныг үл тоон 3 жилийн тэнсэн харгалзах ял оногдуулсанд гомдолтой байна.” гэв.

 

Хохирогч Ц.Жн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э-ын давж заалдсан гомдол болон сая хэлсэн зүйлсийг нь  дэмжиж байгаа. Энэ хэрэг 2013 оноос хойш 8,9 жил болж байна. Энэ хугацаанд ямар ч бодитой асуудлыг шийдээгүй л байна. Авсан хүн нь хэргээ хүлээн зөвшөөрөөд зориуд хоног хугацаа алдаж явсан. Шүүхээс мөн энэ асуудлыг бодитой шийдвэрлээгүй. Энэ хохирлыг барагдуулах талаар огт тогтоосонгүй. Хохирлыг барагдуулна гэж хэлж байгаа ч гэсэн яг яаж, хэзээ барагдуулах нь тодорхойгүй байгаа. Тэгээд л энэ асуудал нь өнгөрдөг шүү дээ. Тийм учраас энэ хохирлыг барагдуулах тал дээр бодитой шийдвэр гаргах хэрэгтэй. Э-ын саналыг дэмжиж байна.” гэв.

 

Хохирогч Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хуулийн байгууллагаар шалгагдаж явах хугацаандаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн. Хөөн хэлэлцэх хугацаа яаж тооцдог юм мэдэхгүй л байна. Хуулийн байгууллагаар шалгагдаад явж байх хугацаандаа энэ хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэдэг дээр жаахан эргэлзээтэй байна. Давж заалдсан гомдлыг дэмжиж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Яагаад гэхээр энэ Э-ын яриад байгааг сайн ойлгохгүй байна. Давж заалдах гомдолдоо гурван зүйл дурдсан байна. Нэгдүгээрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-г дурдсан байсан. Хаанаас юу олж ирээд энэ 19 гэдэг зүйлийг гаргаж ирээд байгаа юм. 19.1 дүгээр зүйл л гэж байгаа. Бас тэнсэн харгалзсан гэж байна. Энэ шийдвэрт ер ийм үг өгүүлбэр байхгүй.  Хаанаас ийм юм гаргаж ирээд байгаа юм. Надад үүнийгээ олоод өгөөч ээ. Дээрээс нь хохирол төлбөрөөс зайлсхийсэн гэж байна. Энэ хохирол төлбөрөөс зайлсхийсэн зүйлгүй ээ. Шийтгэх тогтоол дээр хохирол төлбөрийг гаргуул гээд 4 дэх заалтаараа олгоод өгчихсөн байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар зайлсхийснийг  шийтгэх тогтоол дээр дурдаагүй. Мөн амьдралын эх үүсвэрээ болгосон гэж байна. Энэ талаар өмнө нь анхан шатны шүүх хурал дээр яригдаагүй, гомдол ч гаргаагүй байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдааны явцад яригдаагүй. Тийм байж давж заалдах шатны шүүх хуралдаан дээр яриад байгаа нь эргэлзээтэй байгаа. Дээрээс нь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг бичээд байх шиг байгаа юм. Энэ нэгэнт хуульдаа заагаад өгчихсөн. Гэмт хэрэг үйлдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа нь 5 жил байна гээд тусгачихсан. Үүнийх нь дагуу шүүхээс шийдвэр гаргасан. Яллагдагчаар татагдаж байх хугацаанд Үндсэн хуулийн цэцээс 2021 оны 6 дугаар сарын 11-нд тухайн хуулийн заалт хүчингүй болчихсон. Тийм учраас энэ заалт нь хүчингүй болчихсон. Тэгэхээр өмнөх хуулийн зохицуулалтаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй үндэслэлтэй гэж үзэж байгаа. Тийм учраас энэ хэрэг хянан шийдвэрлэх болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зөрчөөгүй, дээрээс нь хуулийг зөв хэрэглээд хэргийг зөв шийдсэн. Тийм учраас давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлтэй байна.” гэв.

 

Прокурор Л.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаалгах саналтай байна. Үндэслэл нь гэвэл тухайн хэргийг шалгаж байх явцад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т заасан заалтаар 10-15 жил хүртэлх хорих санкцтайгаар яллагдагчаар татан мөрдөн байцаах ажиллагаа явуулж байсан. Шинэчлэн батлагдсан хуулиар залилангийн гэмт хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай агнийн 17.2 дугаар зүйлийг үндэслэн бусдад их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх прокуророос яллагдагчаар татсан хавтаст хэргийн хүрээнд өнөөдөр хэрэгжиж байгаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгочихсон. Яллах дүгнэлт дээр Н-ийн бусдаас авч байгаа 11 удаагийн үйлдлийг шалгасан. 2015 оны шинэчлэгдсэн Эрүүгийн хуульд байнга буюу амьдралын эх үүсвэр болгосон гэдэг утга орж ирсэн. Байнга гэж хэдий хэмжээний үйлдлийг хэлэх вэ? гэхээр 3 буюу түүнээс дээш удаагийн үйлдсэн үйлдлийг байнга гэж үзнэ гэсэн байдаг. Гэтэл энэ хүний 3 бүү хэл 11 удаагийн үйлдлээр бусдыг үргэлжлүүлэн залилан мэхэлсэн. Тухайн залилан авсан мөнгөөрөө өөрийн ахуйн хэрэглээний асуудлуудаа шийдээд явсан үйлдэл харагддаг. Байнгын шинжтэй үйлдлээр амьдралын эх үүсвэрээ болгосон бол 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих санкцтай хэрэг байгаа. Өмнөх хуулиа бодвол эрх зүйн байдлаа дээрдүүлсэн хууль л даа. Эрх зүйн байдал хэдийгээр дээрдэж байгаа боловч хөөн хэлэлцэх хугацаа болоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.3-т заасан энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш, хорих ялын дээд хэмжээг арван таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш арван хоёр жил өнгөрсөн байна гэж заасан. Тэгэхээр энэ гэмт хэргийг анхнаасаа прокуророос яллах дүгнэлт үйлдэж яллагдагчаар татаж зүйлчлэхдээ буруу зүйлчилсэн байсан. Буруу зүйлчилсэн хэргийг шүүхээс хавтаст хэргийн хүрээнд гэм буруутайд тооцож хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон шийтгэх тогтоол өөрөө үндэслэлгүй хууль зөрчсөн байна. Анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхгүй хэргийг прокурорт буцаалгаж, Н-ийн үйлдлийг холбогдох зүйл ангиар нь зүйлчилж дараа нь гэм буруугийн асуудлыг шалгуулах нь зүйтэй гэсэн саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх хохирогч П.Э-оос гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хохирогчийн  давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 

                Шүүгдэгч М.Н үргэлжилсэн үйлдлээр Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг “Б” гэх газарт уул уурхайн хөрс хуулалтын ажлыг хятадуудтай хамтран ажиллахаар гэрээ байгуулагдсан, энэ гэрээний дагуу 10 өөрөө буулгагч автомашин оруулж ирнэ, машин 90 сая төгрөгийн үнэтэй, автомашины 30% болох 27 сая төгрөгөө одоо өгвөл машиныг Бугатын үйлдвэрт захиаллаа, үлдэгдэл 70%-ийг ашиглаж байх явцдаа төлж болно гэж 2013 оны 12 дугаар сард хохирогч Д.Б-ын “Лексус-470” маркийн автомашиныг авч 23 сая төгрөгийг,  2014 оны 01 дүгээр сарын 30-нд 26500000 төгрөгийг бүгд 49500.000 төгрөгийг,

 

                -хохирогч  Г.У-аас мөн үндэслэлээр 2014 оны 02 дугаар сард тоёото Ланд  крузейр 80 маркийн автомашиныг 15000000 төгрөгт авч, бэлнээр 11 сая төгрөгийг, 2014 оны 12 дугаар сард 9000000 төгрөгийг дансаар авч нийт 24.000000 төгрөгийг, 

 

                -хохирогч Ц.Ж-ээс мөн үндэслэлээр  2014 оны 03 дугаар сараас 05 дугаар сарын 01-ны хугацаанд хохирогч Д.Б-оор дамжуулан 21.000000 төгрөгийг,

 

                -хохирогч П.Э-ыг 2014 оны 03 дугаар сарын 29-30-нд Өмнөговь аймгийн Ноён суманд уул уурхайн ажил руу орох гэж байгаа, ажлаа эхлүүлэхийн тулд зам тавих ёстой, зам тавих ажлаа эхлүүлэхийн тулд дансандаа 500 мянган юань байршуулсан байх шаардлагатай, энэ мөнгийг гаргаж байршуулж өгвөл 1 сарын дараа мөнгийг чинь буцааж өгөхдөө 100 сая төгрөг нэмж өгнө гэж хэлж 146.000000 төгрөгийг авч тус тус бусдыг залилж, нийт 235.255.041 төгрөгийн хохирол учруулсан “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.

 

                Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээллүүд байх ба мөрдөн байцаалт, прокурорын шатанд хэргийн оролцогчдын эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдлууд тогтоогдсонгүй.

 

                Харин анхан шатны шүүх “…2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйл 2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэсэн нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилсөн нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т тус тус заасан “Хуулийг буцаан хэрэглэх” тухай журмын заалтуудыг зөрчсөн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан тул 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт орохоос өмнөх зохицуулалт болох “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэсэнд үндэслэн шүүгдэгч М.Н-д холбогдох 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж үзсэн нь анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг  буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн  гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.        

 

                Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр шүүгдэгч Б.Н-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон буюу анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

                Учир нь: Шүүгдэгч Б.Н-д Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокуророос хохирогч П.Э-оос гаргасан гомдлын дагуу 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж /1 хх 1/,  2015 оны 05 дугаар сарын 20-нд мөн хуулийн, мөн зүйлд зааснаар яллагдагчаар татсан /1 хх 25/ ба 2020 оны 1 дүгээр сарын 27-нд /5 хх 84-89/ Нийслэлийн прокурорын газрын прокуророос шүүгдэгчид холбогдох хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэжээ.

 

                2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дүгээр зүйл буюу “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр байсан бол,

 

                2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дугаар зүйл буюу “Залилах гэмт хэргийг бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр тус тус зааснаас үзэхэд 2002 оны Эрүүгийн хуулиас  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар ял оногдуулах нь шүүгдэгчид ашигтай буюу хорих ялын хэмжээ нь багассан, түүнд торгох, хорих ялуудаас сонгож хэрэглэж болох зэргээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илүү дээрдүүлсэн гэж үзэхээр байна.

 

                2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.5-д яллагдагчаар татаж болохгүй хугацааг заасан ба  шүүгдэгч Б.Н-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д заасан “Залилах” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь мөн зүйлийн  1.2-т заасан  “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээ найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн ” гэсэн хугацаанд хамаарч байна.

 

                Шүүгдэгчийг 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокуророос яллагдагчаар анх татсан нь түүнийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жилийн хугацаа”-ны дотор яллагдагчаар татсан гэж үзэх тул түүнд холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогссон гэж үзнэ.           

 

                Энэ нь: Шүүгдэгч Б.Н-ийн 2013 оны 12 дугаар сард хохирогч Д.Б-ын улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг авч залилсан үйлдлээс эхэлж 2014 оны 05 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хохирогч Д.Б, П.Э, Г.У, Ц.Ж, иргэний нэхэмжлэгч У.Э, О.З, Д.А нарт нийт 235.255.041 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг түүнийг яллагдагчаар анх татсан  2015 оны 05 дугаар сарын 20-ноос хойш хугацаа тоологдохгүй гэж ойлгоно.

 

              2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно. Яллагдагчаар татсанаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно” гэсэн заалтад 2017 оны 05 дугаар сарын 18-ны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хэлэлцэх хугацааг тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож, уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж өөрчлөгдсөн боловч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөлт орж, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

 

              2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулж шүүгдэгч Б.Н-д холбогдох хэрэгт 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын прокуророос мөн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /5 хх 84-89/-ыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шинээр яллагдагчаар татсан гэж үзэхгүйн гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2017 оны 05 сарын 18-ны болон 2020 оны 01 дүгээр сарын 10-нд тус тус орсон өөрчлөлтүүдээс сүүлийн өөрчлөлт нь хэрэг маргааныг одоо шийдвэрлэх цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөх зохицуулалт болох тул 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өөрчлөлт орсон “ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох” зохицуулалтыг хэрэглэнэ гэж үзнэ.

                        

Эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн хохирогч П.Э-оос гаргасан “ ...анхан шатны шүүх Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж шүүгдэгчид холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Мөнхбаяраас шүүгдэгч Б.Н-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн шинж нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй буюу түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн З дахь хэсгийн 3.1-д зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэх шинжид нийцэж байх тул хэргийг прокурорт буцаалгахаар санал, дүгнэлт гаргасныг давж заалдах шатны шүүхээс хангаагүй болно.

 

Учир нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул прокурор энэхүү санал дүгнэлтээ анхан шатны шүүхэд дахин гаргаж хэлэлцүүлж шийдвэрлүүлэх боломжтой гэж үзлээ.

 

                Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн  1,  1.2, 1.3,

 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, хохирогч П.Э-ын давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                  А.САЙНТӨГС