Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 242

 

“Тм” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар,

Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:    Шүүгч Л.Атарцэцэг

Шүүгчид:                  Б.Мөнхтуяа

                                 Д.Мөнхтуяа

                                 П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох    

Нэхэмжлэлийн шаардлага: “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил” ӨМ2017/141 дугаар бүхий тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэрийг, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын “Х ш” ХХК-тай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил”-ын гэрээ болон 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих нэмэлт ажил”-ын гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 120/ШШ2018/00003 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0223 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 120/ШШ2018/00003 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийн 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Тм” ХХК-ийн “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил” ӨМ2017/141 дугаар бүхий тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэрийг, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын “Х ш” ХХК-тай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил”-ын гэрээ болон 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих нэмэлт ажил”-ын гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0223 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 120/ШШ2018/00003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол   

3. Нэхэмжлэгч “Тм” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж миний бие Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 120/ШШ2018/00003 дугаартай шийдвэр, Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 221/MA2018/0223 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдлыг гаргаж байна. Үүнд:

4. Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан бөгөөд шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн хэмээн үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар гомдол гаргаж байна.

5. Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зарласан ӨМ2017/141 дугаар бүхий “Номгон сумын Дэрсэнэ ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зарлаж, уг тендерт “Т х” ХХК, “Г о о” ХХК, “М ц” ХХК, “Тм” ХХК, “Э б” ХХК, “Х ш” ХХК гэсэн 6 компаниас материал ирүүлсэн байдаг.

6. Тус үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн хэмээн 6 тендерт тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээ хийх байсан боловч 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаараа зөвхөн “Х ш” ХХК нь 134.677.935 төгрөгийн үнийн саналаас 3 хувийн хөнгөлөлт үзүүлж, 130.637.597 төгрөгийн үнийн санал ирүүлж, дээрх хуулийн 28.7.3, 28.7.4-т заасны дагуу хамгийн бага үнэтэй, “хамгийн сайн” тендерээр үнэлсэн нь хэлбэрийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар үнэлсэн мэт харагдаж байгаа болно.

7. Гэвч тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.16-д “Тендер үнэлэх аргачлал, зааврыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” заасан бөгөөд Сангийн сайдын 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар”-т “Үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтийг энэ зааварт тусгасан маягтуудыг бөглөж нэгтгэсэн үнэлгээний тайланд хавсаргах бөгөөд нэгдсэн дүгнэлтийг бичгээр, тайлбарлан үйлдэж, зөвлөмжийг захиалагчид хүргүүлнэ” гэж заасан ба зааврын 6.5-д зааснаар “Тм” ХХК-ийн тендерийг огт үнэлээгүй, үнэлгээг ерөөсөө хийгээгүй, тус хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар “шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэснийг зөрчсөн болох нь тус хорооны хурлын тэмдэглэлээр нотлогдож байхад шүүх үүнд огт дүгнэлт хийгээгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

8. Мөн үнэлгээний хороо нь “Х ш” ХХК-ийн тендерийн хийсэн барилгын ажлын төсөвт үнэлгээ хийгээгүй, уг төсөв нь бодит байдалд нийцэхгүйгээр төсөвлөгдөж хамгийн бага үнэтэй “сайн тендер” гэж шалгарсан байгаад огт үнэлгээ хийж дүгнэлт хийхгүйгээр үнэлгээ хийсэн нь хууль бус бөгөөд хуульд захиалагчийн тогтоосон доод шаардлагыг давуулан хангаж байгаа нь түүний тендерийг шалгаруулах үндэслэл болохгүй байхаар заасан байдаг.

9. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/147 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны шийдвэрээр шалгарсан “Х ш” ХХК нь “...тендерийн баримт бичгийн бүрдлийг хангаагүй /“Б ч Х ш” ХХК гэсэн өөр нэртэй баримт өгсөн, нийгмийн даатгалд өртэй, барилгын ажлын төсөв нь бодит байдалд нийцээгүй, Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй 10-аас дээш хүнийг түр ажлын байраар хангахаа нотолсон холбогдох байгууллагын тодорхойлолт, гэрээгүй, гүйцэтгэлийн баталгаа банкны тодорхойлолт ирүүлээгүй, Тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан зэрэг/ хуульд заасан шаардлагыг хангаагүй баримт өгсөн байхад тодруулж шалгаагүй, давуу эрх тооцоогүй, үнэлгээ хийх хуулийн заалт, зааврыг хэрэгжүүлээгүй, хуульд заасан нөхцөл үүсээгүй байхад хууль зөрчиж “Х ш” ХХК-тай гэрээ, нэмэлт гэрээ байгуулсан нь хууль бус үйлдэл гэж үзэж байна.

10. Энэхүү хууль бус тендер шалгаруулалтаас манай компани Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх, шударгаар өрсөлдөх эрх зөрчигдөж, цаашид дээрх үйл ажиллагаанд оролцох боломжоо алдаж хохирч байгаа болно. Мөн үйл ажиллагаагаа явуулдаг өөрийн оршин байрладаг орон нутагтаа цаашид Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх эрх олж авах тендерт шударгаар өрсөлдөх боломжгүй нөхцөл байдалд хүргэж, тендерийг хэлбэрийн хувьд хууль ёсны мэт байдалтайгаар, шударга бусаар шалгаруулж, улс төржүүлж явуулдаг орон нутгийн төрийн алба хаагчдын бусармаг байдлыг таслан зогсоохоор нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандсан билээ.

11. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т зааснаар Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 120/ШШ2018/00003 дугаартай шийдвэр, Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 221/MA2018/0223 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, давж заалдах шатны шүүх уг алдааг зөвтгөөгүй нь буруу байна.  

13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Тм” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил ӨМ2017/141 дугаар бүхий тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын “Х ш” ХХК-тай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил”-ын гэрээ болон 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих нэмэлт ажил”-ын гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилж, ихэсгэжээ.

14. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Б, “Х ш” ХХК-ийн захирал Т.Г нар “Номгон сумын Дэрсэнэ-ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих” нэмэлт ажлын гэрээг байгуулсан байх бөгөөд ийнхүү нэмэлт гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан Худалдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт хийхийг хориглох нөхцөл болзлыг зөрчсөн эсэх асуудалд анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэнтэй нийцээгүй байна.

15. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчилтэй байхад Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 120/ШШ2018/00003 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0223 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                  Х.БАТСҮРЭН