Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/MA2017/0479

 

 

 

 

2017 оны 06 сарын 30 өдөр             Дугаар 221/МА2017/0479            Улаанбаатар хот

 

Ө.Гүлжазирагийн нэхэмжлэлтэй                                                                                          захиргааны хэргийн тухай                                                                                    

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат нарыг оролцуулан хийж, Ө.Гүлжазирагийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нарт холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 110/ШШ2017/0025 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч Ө.Гүлжазирагийн давж заалдах гомдлоор, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 110/ШШ2017/0025 дугаар шийдвэрээр: “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.2.3, 10 дугаар зүйлийн 10.9.11, 10.12.2, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18-01/47 дугаар актын Ө.Гүлжазирагаар төлүүлэхээр тогтоосон 151910 төгрөгийн төлбөрийн 2014 оны 07, 08 дугаар сард авсан үр дүнгийн урамшлын 86370 төгрөгийг төлүүлэх тухай хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох 18-01/47 дугаар актын И.Хайрым, М.Кандидат нараар 212217 төгрөгийг төлүүлэх тухай хэсэг, Ө.Гүлжазирагаар илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 65540 төгрөгийг төлүүлэх тухай хэсэг, улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18-01/46, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/49 дүгээр актууд, аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/511 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ө.Гүлжазира давж заалдах гомдолдоо: “Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 110ТШШ2017/0025 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийсэн ингэснээр шүүхийн шийдвэр хуульд заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүд:  Нэг. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/511 дүгээр "Ажлын хэсэг томилох тухай" захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд Маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/511 дүгээр захирамжаар Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн үйл ажиллагаа ерөнхий төлөв байдал болон сургуулийн удирдлагын талаар иргэдээс ирсэн санал гомдлыг судлах. шалгахаар ажлын хэсэг байгуулсан гэх боловч. Иргэдээс тус сургуулийн талаар гомдол гаргасан болох тогтоогдоогүй юм өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдлын бүртгэлд бүртгэгдээгүй тул хяналт шалгалт хийх талаар иргэдээс өргөдөл. гомдол ирсэн эсэх нь эргэлзээ үүссэн юм. Мөн хувийн ашиг сонирхолтой этгээдийг ажлын хэсгийн ахлагчаар томилж, шалгалт хийлгүүлсэн юм. Аймгийн Засаг дарга нь харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт. хамгаалалт бүртгэл санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх бүрэн эрхтэй боловч хуульд заасан үндэслэлээр л хяналт шалгалт явуулах ёстой боловч хууль бус хяналт шалгалт явуулсан юм Анхан шатны шүүх нь ".. Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн багш. ажилчдаас сургуулийн удирдлагын үйл ажиллагааны талаар аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан болох нь гэрч Ч.Алтынтас, М.Маратхан, К.Катия, Б.Бейбитхан, Б.Хонай, К Еркегүл. Е.Еркегүл нарын мэдүүлэг болон хэргийн 43-44-р хуудсанд өргөдлөөр тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52 1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна .." гэж дүгнэсэн нс хуульд нийцээгүй юм Дээр дурдсан гэрч нарын дийлэнх нь шүүхэд мэдүүлэхдээ "бид ийм гомдол гаргаагүй. биднийг хуурч мэхлэн гарын үсэг зуруулсан байна" гэх мэтийн хариулт өгсөн юм Хэргийн 43-44-р хуудсанд байгаа өргөдлийн хувьд: Он сар өдөр нь 2015 онд бичигдсэн, компьютерээр шивсэн байсан юм. Өргөдлийн хугацаа нь 2015 оных байсан тул энэхүү хяналт шалгалтанд огт хамааралгүй нотлох баримт байсан боловч шүүгч үүнд дүгнэлт хийлгүйгээр шийдвэрийнхээ гол үндэслэл болгосон юм. Нэхэмжлэгчийн хувьд аймгийн Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдлын бүртгэлд хийсэн үзлэгээр Засаг даргад хяналт шалгалт хийх тухай өргөдөл 2015, 2016 онуудад гаргаж байгаагүй болох нь нотлогдсон юм. Харин хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримтууд /өргөдөл, хяналтын карт зэрэг/ нь шүүхээс үзлэг хийсний дараа бүрдүүлсэн нотлох баримтууд учраас нотлох чадвараа алдах ёстой байсан атлаа шүүх үүнийг анзаараагүй юм Өөрөөр хэлбэл дээрх Засаг даргын тамгын газрын өргөдөл гомдлын хяналтын карт зэрэг нотлох баримтууд байхгүй байсан мөртлөө хэд хоногийн дараа нөхөж бүрдүүлж өгч. шүүхийг төөрөгдүүлсэн юм

1 Мөн шалгалтын ажлын хэсгийн ахлагчаар Р.Серикболыг томилсныг урьдчилж мэдэгдээгүйгээс болж хувийн ашиг сонирхолтой этгээдээр шалгуулахаас татгалзах эрхээ алдсан. Р.Серикболын эгч Р Ризангүлийг 3 дугаар сургуулийн цагийн багшийн ажлаас чөлөөлсөнд тэрээр өс хонзон санаж явдаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон юм. Тухайлбал. Р Ризангүлийг 3 дугаар сургуулийн цагийн багшийн ажлаас чөлөөлсөн тушаал Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр ашиг сонирхол, өс хонзон санаж Р Серикбол намайг шалгасан гэдгийг би хэлэхэд Р Серикбол "актыг би актыг тавиагүй. Улсын байцаагч нар тавьсан гэж хэлснийг гэрч нар нотолж өгсөн байна Р Серикбол өөрийгөө надад хийсэн хяналт шалгалтад огт хамааралгүй хэмээн зайлж. зугтах гэсэн тайлбар хэлсэн боловч шалгалтын ажлын хэсгийн ахлагчаар ажилласан болох нь тодорхой байна. Гэтэл анхан шатны шүүхээс "Р.Серикбол нь хувийн ашиг сонирхлын улмаас хяналт шалгалтыг хууль бусаар явуулсныг шалгаж тогтоосон баримт байхгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нөгөөтээгүүр Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын протоколыг хуурамчаар үйлдэж, миний хэлээгүй зүйлийг хэлсэн мэтээр гуйвуулан бичсэн байна Тухайлбал, үдийн цайны мөнгийг байгууллагын засварт зарцуулсан гэж хэлсэн гэж худал хэлж намайг гүтгэсэн ба би огт тэгж хэлээгүй Мөн намайг алдаа гаргасан, ухамсарлаж байна гэх мэтээр бодит байдалд үл нийцэх зүйлүүдийг бичсэн байна, Миний асуудлыг хэлэлцсэн Засаг даргын зөвлөлийн хурлын хуралдааныг видео бичлэгээр тухайн үед давхар бэхжүүлж байсан ба миний өмгөөлөгчид уг видео бичлэгийг гаргуулахыг удаа дараа хүсэж байсан боловч хариуцагч байгууллагын зүгээс албаар шүүхэд гаргаж өгөөгүй нь, хурлын протоколыг санаатайгаар засварласан болох нь нотлогдож байна,

Хоёр. Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн актуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18-01/46 дугаар "Илүү олгосон үр дүнгийн урамшууллыг төлүүлэх тухай" актаар 2014 оны 4 улиралд үр дүнгийн урамшилд 983411 төгрөгийн" илүү авсан гэсэн үндэслэлээр уг мөнгөн урамшлыг Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал Ө Гүлжазира надаар төлүүлэхээр тогтоосон байна. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31 2-т "Төрийн албан хаагчид энэ хуулийн 31.1.1 -д зааснаас гадна улирлын ажлын үр дүнгээр болон ... мөнгөн урамшил олгож болно" хэмээн урамшил авах эрхийг маань зааж өгсөн юм. Анхан шатны шүүхээс "Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 393 дугаар тогтоолоор баталсан Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын  үр дүнгийн урамшил олгох журам- ын 12 2.2. 2.5-д тус тус зааснаар сургалтын байгууллагын эрхлэгч захиралд улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох эсэх асуудлыг тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтан холбогдох үнэлгээг буюу ажлын үр дүнг харгалзан шийдвэрлэхээр зохицуулсан тул сургуулийн захирал Ө Гүлжазирад 2014 онд улирлын ажлын  үр дүнгийн урамшил олгох тухай шийдвэрийг томилсон тушаал гаргаагүй байхад 2014 оны 1.2,3,4 дүгээр улиралд үр дүнгийн урамшил гэж өөрөө шийдвэрлэж гаргуулан авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар (ингэснээр захирал Ө.Гүлжазира нь дээрх хууль, журмыг зөрчсөн" гэжээ. Би хуульд заасны дагуу урамшил авах эрхтэй, харин журам зөрчсөн гэдгээр авсан урамшлыг буцаан авах нь хуульд нийцэхгүй журам зөрчлөө хэмээн урамшил авах эрхэд халдаж болохгүй юм. Би урамшил авах ёсгүй байснаас урамшил авсан зүйл байхгүй, харин урамшил авахдаа журмыг мэдээгүйн улмаас 4 сарын хугацаанд зөрчсөн асуудал байгаа гэдгийг зөвшөөрч байна. Гэхдээ би сайдын тушаалаар аваагүй болохоос биш миний ажлын үр дүн үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээ өндөр үнэлгээтэй байж л байгаа. Тэгээд ч би хийсэн хөдөлмөртэй. үр дүнтэй хүн. Бүх хүмүүс авч байгаа урамшуулалт намайг авч байхгүй гэж байгаа нь улстөржиж байгаа хэрэг. Хүн бүр, ажилтан бүр урамшуулал авч байхад би яагаад урамшил авч байхгүй гэж. Та нар сайдаас аваагүй гэж мушгиж байгаа биз Анх захирал хийж байгаа учраас санамсаргүй алдаа гаргасан юм. Би авах ёстой урамшууллаа авсан тул шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2. Улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18-01/47 дугаар "Илүү авсан мөнгийг төлүүлэх тухай" актаар И.Хайрым М.Кандидат, бидэн 3-аас 364127 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба үүний өөрт хамаарах хэсэг болох 2014 оны 12 дугаар сард илүү 10 цагаар ажилласны нэмэгдэл хөлс 65540 төгрөгийг засвартай баримтаар авсан, 2014 оны 7,8 дугаар сард ээлжийн амралттай байсан үед урамшлын 86370 төгрөгийг илүү тооцуулан авсан гэсэн үндэслэлээр нийтдээ 151910 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосон актыг үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Улсын байцаагч нь уг актыг тус сургуулийн 2014 оны санхүүгийн баримтыг 2016 онд шалгасны үндсэн дээр үйлдсэн байх ба 2014 онд дагаж мөрдөж байсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг /2001 онд батлагдсан/ баримтлан тавьсан нь хууль бус болжээ Энэхүү хүчингүй болсон хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байхгүй байхад шалгуулагчийн эрх зүйн байдлыг доордуулж байгаа хүчингүй болсон хуулийг буцаан хэрэглэсэн юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-г зааснаар ажилтан илүү цагаар ажилласан бол нэмэгдэл хөлс авах эрхтэй хэмээн заасан тул хуульд зааснаар илүү цагийн хөлсөө тооцож авсан. Энэ бол хуульд заасан миний эрх учраас эрхээ эдэлж цалингаа авсан хэрэг болохоос хууль зөрчсөн асуудал байхгүй гэж үзэж байна. 2014 оны 7, 8 дугаар сард ээлжийн амралттай байхдаа урамшлын 86370 төгрөгийг илүү тооцуулан авсан гэх зөрчлийн хувьд улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18-01/46 дугаар актаар нөхөн төлүүлэхээр тогтоосон улирлын ажлын үр дүнгийн урамшлын 983411 төгрөг уг 86370 төгрөг багтаж байгаа, өөрөөр хэлбэл 46 дугаар актаар 2014 онд авсан улирлын ажлын үр дүнгийн бүх урамшлыг нөхөн төлүүлэхээр тогтоосон мөртлөө 2014 оны 7 8 дугаар сард авсан ажлын  үр дүнгийн урамшлын 86370 төгрөгийг 47 дугаар актаар дахин төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэг зөрчилд давхардуулан акт тогтоосон юм Анхан шатны шүүхээс энэ хэсэгт зөв дүгнэлт хийж уг актыг хэсэгчлэн хүчингүй болгосон ба үлдэгдэл хэсгийг хүчингүй болгоогүй нь хууль бус болжээ.

3 Улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/48 дугаар "Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай" актаар   үдийн цайны мөнгөнөөс 2001600 төгрөгийг "Кукамакти" ХХК-д хүүхдийн баярт зориулсан гэж үндсэн баримтгүй шилжүүлж, зориулалтын бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр 2001600 төгрөгийг 3 дугаар сургуулийн төсвөөс гаргуулахаар тогтоож, уг төлбөрийг аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны төрийн сан дахь дансанд оруулан барагдуулахыг сургуулийн захирал, нягтлан бодогчид хариуцуулсныг эс зөвшөөрч байна Аймгийн удирдлагууд хүүхдийн баярын үйл ажиллагааг тэмдэглэх чиг үүрэг өгч манай сургуулийн сурагчид хүүхдийн баярын концерт тоглосон болохоос хүүхдийн баярт зориулан үдийн цайны мөнгийг би санхүүжүүлж зарцуулаагүй. Зөвхөн хүүхдийн баярын нэг өдөрт нь л сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад  махтай хоол өгүүлээд үдийн цайны мөнгөнөөс 2 сая төгрөг өгсөн компани болох  Кукамаки ХХК-д шилжүүлсэн юм шүү дээ. Түүнээс биш нэг хүүхдийн өдрийн хоолны мөнгө болох 600 төгрөгт тааруулж цагаан идээ сүүтэй будаа каш, аарц өгдөг байсан. Тэр бүр хэмнэсэн ч мөнгө биш дансанд байсан дараа сард шилжүүлж зарцуулахаар мөнгө байсан ба төсвийн хэмнэлт жилийн эцэст гардаг. Шүүгч тайлбарыг ор үндсээр нь эргүүлж буруу тайлбарлаж хэлснээр тэмдэглэсэн байна

4. Улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн "Хууль бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай" 18-05/49 дүгээр актыг хүчингүй болгуулах тухай шаардлагын тухайд Уг 49 дүгээр актаар илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс гэж 2015 оны 4 дүгээр сард 131081 төгрөг 7 дугаар сард 196621 төгрөгийг тус тус цагийн бүртгэлд хариуцсан албан тушаалтны гарын үсэггүй авсан, 2015 оны 1 дүгээр улиралд үр дүнгийн урамшлыг сайдын тушаалаар 30 хувиар тогтоосон боловч 45 хувиар тооцож 110107 төгрөг илүү авсан, сайдын тушаалаар ур чадварын нэмэгдлийг авч байсан боловч Өлгий сумын Засаг даргаар давхар захирамж гаргуулан 8 сарын турш 1468104 төгрөг илүү авсан гэсэн үндэслэлээр нийт 1905913 төгрөг нөхөн төлүүлэх акт тогтоосон нь үндэслэлгүй байна. Ажилчдын цагийн бүртгэлийн асуудлыг хариуцсан ажилтан С.Манат "..миний бие ажлын  8 цагт суугаад бүртгэлээ хийдэг, хэн нь хэдэн цагаар илүү ажиллаж байгааг мэдэхгүй, сарын эцсээр цагийн бүртгэлийн тодорхойлолтыг гаргаж захиралд аваачихад захирал хэнд хэдэн цагийн илүү цаг бичихийг хэлж бичүүлдэг тэгж хэлсний дагуу би бичсэн" гэж мэдүүлгийг анхан шатны шүүх гол нотлох баримт болгож намайг буруутгасан байна Гэрчийн мэдүүлэг эх сурвалжаа зааж чадаагүй бол нотлох чадвараа алдах учиртай. Цаг бүртгэгчийн ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдсан юм. Үүнд хэдэн цаг ажиллах. цагийг хэрхэн яаж бүртгэх асуудал байгаа би цаг бүртгэгчид худал бүртгэл хийлгүүлж, засвар оруулахыг албадсан зүйл байхгүй бөгөөд хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Би засвартай баримтыг баталгаажуулсан маань үнэн. Гэхдээ цагийн бүртгэлийг засварласан бол баталгаажуулахгүй гэсэн зүйл байхгүй бөгөөд засварласан албан тушаалтан засвар оруулсан үндэслэлээ надад тайлбарлаж өгч би баталгаажуулсан. Мөн бусад гэрч нарын мэдүүлгүүдийг цаг бүртгэгчийн гэрчийн мэдүүлэгтэй харьцуулан дүгнэлт хийгээгүй тул нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн судлах үүргээ анхан шатны шүүх биелүүлээгүй.

Мөн хяналт шалгалтын явцад шалгалтын тэмдэглэлийг үйлдээгүй, шалгуулагч этгээдэд нэг хувийг өгөөгүй, шалгалтын удирдамжид заасан шалгалт хийх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан. Улсын ахлах байцаагч Х.Хайратханы шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрч X.Сьезд, Р.Авижат, Н.Айнамкөз нарын мэдүүлгээр шалгалт 10-15 хоног үргэлжилсэн болох нь тогтоогдож байгаа. Энэ нь шалгалт хийх удирдамжийг ноцтойгоор зөрчснөөс гадна төрийн хяналт шалгалтын тухай хуулийг ч гэсэн зөрчсөн юм. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 110/ШШ2017/0025 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ө.Гүлжазирагийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18-01/47 дугаар актын Ө.Гүлжазирагаар төлүүлэхээр тогтоосон 151910 төгрөгийн төлбөрийн 2014 оны 07, 08 дугаар сард авсан үр дүнгийн урамшлын 86370 төгрөгийг төлүүлэх тухай хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч Ө.Гүлжазира болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарыг дор дурдсан үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй байна.

Нэг. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/511 дүгээр “Ажлын хэсэг томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх “... Засаг дарга нь иргэдийн өргөдөл, гомдлын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийх бүрэн эрхтэй ... Р.Серикбол нь эрх бүхий этгээд болох аймгийн Засаг даргын захирамжийн дагуу уг хяналт шалгалтын ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажилласан гэж дүгнэх үндэслэлгүй, мөн Р.Серикбол нь хувийн ашиг сонирхлын улмаас хяналт шалгалтыг хууль бусаар явуулсныг шалгаж тогтоосон баримт байхгүй  ...” гэж зөв дүгнэсэн байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А/511 дүгээр захирамж[1]-аар Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн үйл ажиллагаа, ерөнхий төлөв байдал болон сургуулийн удирдлагын талаар иргэдээс ирсэн санал гомдлыг судлах, шалгах” зорилго бүхий ажлын хэсгийг байгуулж, удирдамжийг хавсралтаар баталсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.г-д “хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн боловсрол, соёлын ... байгууллагууд эрх бүхий байгууллагаас тогтоосон стандарт, норм, нормативыг сахин мөрдөж байгаа эсэхэд тэдгээрийн харъяалал, өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр хяналт тавих” гэж, мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8.1.1-д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ оршдог нийт байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах”, 8.2.З-д “сум, дүүрэг, харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бүртгэл санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх арга хэмжээ авна”, “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид “хяналт шалгалтын байгууллага” гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна”,  52 дугаар зүйлийн 52.1-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол ... үндэслэлээр хийнэ” гэж заажээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь Харьяа нутаг дэвсгэртээ өмчийн төрөл хэлбэр харгалзахгүйгээр хууль тогтоомж, Засгийн газар, түүний харьяа байгууллага болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр тогтоосон стандарт, норм дүрэм мөрдөгдөж байгаа эсэхийг хянаж шалгах, тэр дундаа Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.17-д заасны дагуу “төсвийн ерөнхийлөн захирагч”-ийн хувьд харьяа төрийн байгууллага болох ерөнхий боловсролын сургуулийн төсвийн хөрөнгийн зарцуулалт, төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, бүртгэл санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэхээр дээрх хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А/511 дүгээр захирамжаар Өлгий сумын Ерөнхий боловсролын 3 дугаар Бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаа, ерөнхий төлөв байдал, сургуулийн удирдлагын талаар иргэдээс ирсэн санал гомдлыг судалж, шалгах ажлын хэсгийг байгуулж, хяналт шалгалтын ажлын удирдамж баталсныг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь нэр бүхий 10 багш нараас ирүүлсэн сургуулийн үйл ажиллагааны талаарх хүсэлт, өргөдөлд тухайн багш нар өөрсдөө гарын үсэг зурсан эсэхийг урьдчилан шалгаж тогтоосны үндсэн дээр хяналт шалгалт хийх эрх хэмжээг хэрэгжүүлэх үүрэггүй, тус хүсэлт, өргөдлийг тухайн иргэд өөрсдөө гаргаагүйг бусад этгээд нотлон тогтоосон байхад мэдсээр байж шалгалтыг зохион байгуулсан гэх үндэслэлгүй, дээр дурдсан хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулж явуулсан байх тул шүүх хариуцагчийг “гомдол гаргагч нар гарын үсэг зураагүй өргөдлөөр шалгалт хийсэн” гэж буруутгах үндэслэлгүйн дээр тус шалгалтаар төсвийн хөрөнгийн захиран зарцуулалттай холбоотой зөрчил дутагдал илэрсэн болох нь тогтоогдсон байх тул иргэдээс гаргасан санал гомдлыг судалж, шалгах ажлын хэсэг томилж, удирдамж баталсан хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “... тус сургуулийг шалгуулахаар иргэд өргөдөл гаргаагүй ... аймгийн Засаг дарга нь удирдамжийг баталсан нь хууль бус ... өргөдөл, гомдлын хяналтын карт зэрэг нотлох баримтууд байхгүй байсан мөртлөө нөхөж бүрдүүлж өгч, шүүхийн төөрөгдүүлсэн...” гэх гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн “...Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн үйл ажиллагаа болон сургуулийн удирдлагын талаар иргэдээс санал, гомдол ирээгүй гэж үзэх үндэслэлгүй...” гэх дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “...Р.Серикбол нь хувийн ашиг сонирхлын улмаас хяналт шалгалт хийсэн ... Р.Серикболыг томилсныг урьдчилж мэдэгдээгүйгээс болж хувийн сонирхолтой этгээдээр шалгуулахаас татгалзах эрхээ алдсан ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны А/511 дүгээр захирамжаар томилогдсон ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон Р.Серикболын хариуцсан албаны чиг үүрэг нь “Боловсрол, соёл, урлагийн газрын дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн” байх бөгөөд шалгалт хийх ажлын хэсгийн ахлагчаар томилогдсоныг хувийн ашиг сонирхлын улмаас хяналт, шалгалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй, хувийн ашиг сонирхлын үүднээс шалгалтын ахлагчаар томилсон, эсхүл өөрөө томилуулсан гэх нөхцөл байдал эрх бүхий этгээдийн дүгнэлт шийдвэрээр тогтоогдоогүй, түүнчлэн шалгалтын бүрэлдэхүүнийг шалгуулагч этгээдэд урьдчилан танилцуулах, шалгуулагчийн зөвшөөрсөн бүрэлдэхүүнээр хяналт шалгалт явуулах талаар хуульд тусгайлан хариуцагчид үүрэг болгоогүй байх тул шүүх тус хэсэгт холбогдох нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарыг хүлээн аваагүйг буруутгах үндэслэлгүй. 

Хоёр. Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18-01/46 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх “... сургуулийн захирал Ө.Гүлжазирад 2014 онд улирлын ажлын үр дүнгийн урамшуулал олгох тухай шийдвэрийг томилсон эрх бүхий этгээдээс гаргаагүй байхад 2014 оны 1,2,3,4 дүгээр улиралд үр дүнгийн урамшуулал гэж нийтдээ 983411 төгрөгийг өөрөө шийдвэрлэж гаргуулан авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ... захирал Ө.Гүлжазира нь хууль, журмыг зөрчсөн байна ...” гэж зөв дүгнэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Төрийн албан хаагчид ... мөнгөн урамшил олгож болно”, Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 393 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.5-д “Сургалтын байгууллагын эрхлэгч, захиралд үр дүнгийн урамшил олгох эсэх асуудлыг тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтан холбогдох үнэлгээг харгалзан шийдвэрлэнэ” гэж заажээ.

Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18-01/46 дугаар актаар 3 дугаар сургуулийн захирал Ө.Гүлжазира нь 2014 оны 4 улиралд үр дүнгийн урамшуулалд 983.411 төгрөгийг илүү авсан гэх үндэслэлээр “илүү олгосон үр дүнгийн урамшууллыг төлүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч Ө.Гүлжазирад 2014 оны 1,2,3,4 дүгээр улиралд үр дүнгийн урамшуулал олгох тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гараагүй болох нь тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгч нь “... Би урамшил авахдаа журмыг мэдээгүй ... сайдын тушаалаар аваагүй болохоос биш миний ажлын үр дүн үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээ өндөр ... Анх захирал хийж байгаа учраас санамсаргүй алдаа гаргасан ...” гэж давж заалдах гомдол[2]-доо томилсон этгээдээс түүнд үр дүнгийн урамшил олгох талаар шийдвэр гараагүй байхад ажлын үр дүнгийн урамшууллын мөнгийг авсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн “журмыг мэдээгүй, анх захирал хийж байгаа, санамсаргүй алдаа гаргасан” тайлбар нь журам зөрчиж үр дүнгийн урамшуулал авсныг зөвтгөх, Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18-01/46 дугаар актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

            Гурав. Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18-01/47 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийг ажил олгогчийн санаачилгаар илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэлгүй ... Ө.Гүлжазира нь нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтыг хэрэгжүүлэн хуульд заасан зарчмуудыг баримталж ажиллах үүрэгтэй байтал уг үүргээ зөрчиж, ажил олгогчийн санаачилгаар илүү цаг ажиллаагүй мөртлөө илүү хэдэн цаг ажилласан, ямар ажил хийсэн нь тусгагдаагүй, засвартай буюу үнэн зөв баримт материал, бодит тоо мэдээнд үндэслээгүй санхүүгийн баримтыг баталгаажуулж илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс гаргуулж авсан нь хууль бус ...” гэж зөв дүгнэсэн байна.

            Ө.Гүлжазира, И.Хайрым, М.Кандидат нар нь санхүүгийн засвартай баримтаар 364127 төгрөг илүү авсан гэх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нар нь  2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Илүү авсан мөнгө төлүүлэх тухай” ийн 18-01/47 дугаар актаар үйлджээ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хэрэгжүүлнэ” гэж тус тус заасны дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны Б/376 дугаар тушаал[3]-аар томилогдсон нэхэмжлэгч Ө.Гүлжазира нь 3 дугаар сургуулийн санхүү, төсвийн нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулж, дотоодын хяналтыг хэрэгжүүлэн, тус нягтлан бодох бүртгэлийн алдаа, дутагдлаас үүдэн гарах хариуцлагыг тус тус хүлээх учиртай.  

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-д “Ажилтан ... илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно”, 74 дүгээр зүйлийн 74.1-д “Энэ хуульд заасан үндэслэлийн дагуу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ” гэж тус тус хуульчилснаас үзвэл тус сургуулийн багш И.Хайрым, М.Кандидатад цагийн бүртгэл хийлгүйгээр тус тус илүү 10 цагийн нэмэгдэл олгосон нь буруу байна.

Түүнчлэн, хэрэгт авагдсан Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ажилчдын 2014 оны 12 сарын ажлын цагийн тодорхойлолтоос үзвэл И.Хайрым, М.Кандидат нар нь ажил олгогчийн санаачлагаар илүү цагаар ажилласан эсэх, мөн ямар шалтгааны улмаас нэр бүхий 3 хүн илүү цагаар ажилласан гэдэг нь тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх актын нэхэмжлэгч Ө.Гүлжазирад холбогдох хэсгийг “хариуцагч улсын байцаагч Х.Хайратхан нь нэг зөрчилд давхардуулан акт тогтоосноо хүлээн зөвшөөрсөн, 2014 оны 7,8 дугаар сард ээлжийн амралттай байхдаа урамшлын 86370 төгрөгийг илүү тооцуулан авсан гэх зөрчлийн хувьд улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18-01/46 дугаар актаар Ө.Гүлжазирагаар төлүүлэхээр тогтоосон улирлын ажлын үр дүнгийн урамшлын 983411 төгрөгт уг 86370 төгрөг багтаж байгаа” гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгчийн “... анхан шатны шүүх нэг зөрчилд давхардуулан акт тогтоосон гэж зөв дүгнэсэн атлаа уг актыг хэсэгчлэн хүчингүй болгосон, үлдэгдэл хэсгийг хүчингүй болгоогүй нь хууль бус ... улсын байцаагчийн уг актыг  2014 оны санхүүгийн баримтыг 2016 онд шалгасны үндсэн дээр үйлдсэн ... 2014 оны Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг баримтлан тавьсан нь буруу...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Улсын байцаагчийн 18-01/47 дугаар акт нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гарсан байх хэдий ч тус актын үндэслэл болсон санхүүгийн баримтууд нь 2014 онд үйлдэгдсэн өөрөөр хэлбэл, төсвийн байгууллага нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан нягтлан бодох бүртгэл, түүнийг хөтлөхтэй холбоотой хууль тогтоомжуудад нийцүүлэн санхүүгийн баримтыг үйлдэх ёстой байх тул хариуцагчийн 2014 оны Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг баримтлан шийдвэр гаргаж, акт үйлдсэнийг буруутгах боломжгүй байна.  Энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Дөрөв: Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/48 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3 дугаар сургуулийн захиргаа нь үдийн цайны мөнгөнөөс 2001600 төгрөгийг “Кукамакти” ХХК-д хүүхдийн баярт зориулсан гэж үндсэн баримтгүй шилжүүлж, зориулалтын бусаар төсөв зарцуулсан гэх үндэслэлээр 2001600 төгрөгийг 3 дугаар сургуулийн төсвөөс гаргуулахаар Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын байцаагч нар нь маргааны бүхий 18-05/48 дугаар актыг үйлджээ.

Анхан шатны шүүх “... үдийн цайнаас зардлын хэмнэлт гарсан тохиолдолд уг хэмнэлтийг шууд зарцуулах эрхгүй байхад захирал Ө.Гүлжазира нь хүүхдийн баяр тэмдэглэх буюу өөр зүйлд зарцуулсан ... “Кукамакти” ХХК-д шилжүүлснийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэж үзэх үндэслэлтэй ... захирал Ө.Гүлжазира уг төлбөрийг төлөхийг зөвшөөрч төлбөрийн хүсэлтэд гарын үсэг зурсан ... сургуулийн төсвөөс төлбөрийг гаргуулан шилжүүлсэн ...” гэж хэргийн үйл баримтыг зөв дүгнэн тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд мөн нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн тус хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ асуудлаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Тав: Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18-05/49 дүгээр актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх “... Ө.Гүлжазира нь нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтыг хэрэгжүүлэн хуульд заасан зарчмуудыг баримталж ажиллах үүрэгтэй байтал уг үүргээ зөрчиж ажил олгогчийн санаачилгаар илүү цаг ажиллаагүй мөртлөө үнэн зөв баримт материал, бодит тоо мэдээнд үндэслээгүй, мөн хариуцсан албан тушаалтны гарын үсэггүй буюу баримтын бүрдэл хангаагүй санхүүгийн баримтыг баталгаажуулж илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс гаргуулж авсан нь хууль бус ... томилсон эрх бүхий этгээдээс 30 хувийн үр дүнгийн урамшлыг олгохоор шийдвэрлэсэн байхад ... 45 хувийн урамшил авсан нь дээрх журмыг зөрчсөн, хууль бус ...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

Хариуцагч Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын байцаагч нар нь “илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс гэж 2015 оны 4 дүгээр сард 131081 төгрөг, 7 дугаар сард 196621 төгрөгийг тус тус цагийн бүртгэлд хариуцсан албан тушаалтны гарын үсэггүй авсан, 2015 оны 1 дүгээр улиралд үр дүнгийн урамшлыг сайдын тушаалаар 30 хувиар тогтоосон боловч 45 хувиар тооцож 110107 төгрөг илүү авсан, сайдын тушаалаар ур чадварын нэмэгдлийг авч байсан боловч Өлгий сумын Засаг даргаар давхар захирамж гаргуулан 8 сарын турш 1468104 төгрөг илүү авсан” гэх үндэслэлээр маргаан бүхий тус 18-05/49 дүгээр[4] актыг үйлдсэн байна. .

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай” 96 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журмын 8 дугаар зүйлд “Ур  чадварын нэмэгдэл олгох салбар, мэргэжлийн онцлогийг харгалзсан шалгуур үзүүлэлтийг Сангийн яам, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамтай хамтран төрийн захиргааны тухайн төв  байгууллага баталж мөрдүүлнэ”,  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 362/112/183 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийн 4-т “Ур чадварын нэмэгдлийн хэмжээг ур чадварын шалгуур үзүүлэлтийн хангалтын хувь, түвшнээс хамааруулан тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 10-30 хувь байхаар тогтооно”, 10-т “Ерөнхий боловсролын сургуулийн захиралд ур чадварын нэмэгдэл олгох, ... асуудлыг аймгийн Боловсрол, соёлын газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн захирлыг томилсон этгээдийн шийдвэрээр шийдвэрлэнэ” гэж тус тус зааж, журамлажээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/102 дугаар тушаал[5]-ын хоёрдугаар хавсралтаар Баян-Өлгий аймгийн 3 дугаар сургуулийн захирал Ө.Гүлжазирад 2015 оны 1 дүгээр улирлын ажлын үр дүнгийн урамшлыг 30 хувиар, мөн сайдын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/103 дугаар тушаалаар нэхэмжлэгчид 20 хувиар ур чадварын нэмэгдэл олгохоор тус тус баталсан байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ө.Гүлжазира нь түүнийг томилсон эрх бүхий этгээд болох Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаас түүнд 45%-иар урамшил олгох талаар ямар нэгэн тушаал гараагүй байхад 45 хувиар ажлын үр дүнгийн урамшил авч байсан болох нь шалгалтаар тогтоогджээ.

Мөн 2015 оны 4, 7 дугаар саруудад олгосон Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ажилчдын ажлын цагийн тодорхойлолтод цагийн бүртгэл хариуцсан ажилтны гарын үсэг байхгүй, 2015 оны 7 дугаар сарын ажилчдын ажлын цагийн тодорхойлолтод цагийн бүртгэл хариуцсан ажилтнаар 2016 оны 09 дүгээр сард нөхөж гарын үсэг зуруулсан, ийнхүү илүү цагийн нэмэгдлийг ямар шалтгааны улмаас олгож байгаа талаарх тайлбар хийгээгүй зэрэг байдал нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараахь дарааллаар гүйцэтгэнэ”, 8.3.1-д “анхан шатны баримт бүрдүүлэх”, 8.3.2-д “журналд бичих”, 8.3.3-д “дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх”, 8.3.4-д “ажил гүйлгээний мэдээ гаргах”, 8.3.5-д “тайлан гаргах” гэж заасныг зөрчсөн байхад төсвийн хөрөнгийг зүй ёсоор зарцуулж байгаад хяналт тавих үүрэг бүхий этгээд атлаа нэхэмжлэгч Ө.Гүлжазира нь гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулах эрх бүхий удирдлагын хувьд сургуулийн санхүү, төсвийн нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулж, дотоодын хяналтыг хэрэгжүүлэх удирдлагын үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь хууль бус байна.

Хэдийгээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/511 дүгээр захирамжаар батлагдсан ажлын хэсэг нь төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхдээ явцын тэмдэглэл үйлдээгүй, шалгуулагч этгээдэд нэг хувийг өгөөгүй, шалгалтын удирдамжид заасан шалгалт хийх хугацааг хэтрүүлсэн зэрэг зөрчлийг гаргасан байх боловч энэ нь нэхэмжлэгч Ө.Гүлжазирагийн гаргасан 2014 онд улирлын ажлын үр дүнгийн урамшуулал олгох талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад үр дүнгийн урамшуулал авсан, ажил олгогчийн санаачилгаар илүү цаг ажиллаагүй мөртлөө илүү цагаар ажилласны мөнгө авсан, засвартай буюу үнэн зөв баримт материал, бодит тоо мэдээнд үндэслээгүй санхүүгийн баримтыг баталгаажуулсан зэрэг зөрчлүүдийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Дээр дурдсанчлан хариуцагч нь хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд ажлын хэсэг томилж, өөрийн харьяа нутаг дэвсгэр дэх төсөвт байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн гомдлын дагуу холбогдох хууль, норм стандарт хангагдаж байгаа эсэх, төрийн өмчийн хадгалалт хамгаалалт, төсөв санхүүгийн зарцуулалт холбогдох хууль журамд нийцэж байгаа эсэхийг шалган тогтоож, үнэлэлт дүгнэлт гаргуулахаар ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалтын ажлын удирдамжийг баталсан, улмаар томилогдсон ажлын хэсэг Өлгий сумын 3-р сургуулийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн дагуу хяналт, шалгалт хийж маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлтүүдийг гаргасан нь хууль зөрчөөгүй, шалгалтаар Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчигдсөн болох нь тус тус тогтоогдсон, тийнхүү тогтоогдсон зөрчлүүдэд нэхэмжлэгч Ө.Гүлжазира ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилт 2-ын хүрээнд хяналт тавих үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн болох нь тус тус тогтоогдсон байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарт дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг оруулах боломжгүй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан Баян-Өлгийн аймгийн Аудитын газрын 2014-2016 оны гэрчилгээнүүдэд “санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлт, төсвийн гүйцэтгэл, тайлан, илчлэл тодруулгад тайлагнасан үлдэгдэл, ажил гүйлгээнүүд холбогдох хууль, нягтлан бодох бүртгэлийн стандарт, түүнд нийцүүлж Сангийн сайдын баталсан журам зааврын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв илэрхийлэгдсэн” талаар ерөнхий байдлаар дүгнэгдсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Аудитын байгууллага шалгасан байхад хариуцагч ажлын хэсэг томилж шалгасан, шалгалтаар акт тогтоосон нь үндэслэлгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ө.Гүлжазирагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 110/ШШ2017/0025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ө.Гүлжазирагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                             

 

                            ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

               ШҮҮГЧ                                                 Э.ЛХАГВАСҮРЭН

    ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ