Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/271

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг

Улсын яллагч П.Итгэл

Шүүгдэгч Г.Э-ыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-од холбогдох эрүүгийн 1738000000081 тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.Э-,

Шүүгдэгч Г.Э- нь согтуугаар 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт Б.С-тэй маргалдан улмаар түүний амыг цаасны хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Г.Э- нь согтуугаар 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт Б.С-тэй маргалдан улмаар түүний амыг цаасны хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Хохирогч Б.С-ийн:“...Би 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаан-Од компаний ажилтан Г.Г-, Очир бид 3  Эрдэнэбулган сумаас өвч ачих гэж очсон юм. Намайг очиход Рашаант сумын захиргааныхан өвс хурааж байсан. Тэгээд нэг нутгийн хүмүүс болохоор цуг байрлая гэж бодоод очсон юм. Бид нарыг очиход орой болж байсан болохоор бид нар өнөөдөртөө амраад маргааш ажилдаа оръё гэж бодоод хүмүүстэй яриад байж  байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа 4 дүгээр багийн засаг дарга Г.Э- Эрдэнэбулган сумын харъяат 2 хүнтэй ирсэн. Тэгснээ Г.Э- хэсэг сууж байснаа буцаад нөгөө 2 хүнтэйгээ яваад өгсөн. Тэгээд оройн 21 цагийн үед бид нар архи задалж ууцгаасан. Бид нар задалсан архиа тойруулаад сууж байхад Г.Э- нэг танихгүй залуутай ирсэн. Г.Э- орж ирэнгүүтээ хүмүүсрүү агсарч хэл амаар өдөж эхэлсэн. Тэгэхээр нь би Энхбодоо ингэж болохгүй настай хүмүүс байна эд нарыгаа хүндлэх хэрэгтэй гэж би хэлсэн чинь Г.Э- чи намайг ахаа гэж хэлсэнгүй чи хэн юм гэж над руу дайрахаар нь би барилцаж аваад гадаа гарсан. Гадаа гараад бид 2 муудалцаж маргалдаагүй хэн хэнээсээ уучлалт гуйгаад байшин руу орсон. Г.Э- буцаж орж ирээд надтай хамт ирсэн Г.Г-тай бас Зэсээтэй муудалцаад байсан. Тэгсэн Г.Г- Г.Э- 2 хоорондоо барилцаад байшингаас гарсан. Би тэгэхэд байшин дотор хүмүүстэй архи уугаад сууж байсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Г.Э- намайг гаднаас Сээгий ахын дүү гараад ир гэхээр нь би гараад очсон. Намайг гараад очиход Г.Э- надаас уучлалт гуйснаа гэнэт намайг мушгиад газар унагааж доороо дарж байгаад нэг юмаар миний амыг зүссэн. Би тэгэхээр нь нүүрээд дараад хэвтээд өгсөн. Тэгтэл хүмүүс ирээд салгасан. Миний амнаас цус гоожиж байсан болохоор Эрдэнэбулган сумын төв орж эмнэлэгт үзүүлж оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р тал/,                                                                                                                                                   Гэрч Г.Г-ын: “...2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр манай сумын ЗДТГ-ын хэсэг хүмүүс өвс ачихаар Эрдэнэбулган суманд очоод нэг чиргүүл ачих гээд байж байтал орой болохоор нь бид нар өнөөдөртөө болъё гээд хоорондоо юм яриад хоол ундаа хийж байтал Тогтох ах нэг шил Талын хар гэдэг хятад архи гаргаж ирээд тойруулаад сууж байсан. Тэгсэн 4 дүгээр багийн засаг дарга Г.Э- нэг танихгүй хүнтэй хамт ирсэн. Тэгээд бид нар нэг хэсэг юм ярьж сууж байсан. Г.Э- нөгөө хүнтэйгээ яваад өгсөн. Орой харанхуй болсон байхад Г.Э- буцаад нэг хүнтэй ирсэн. Ирэхдээ 1 шил архитай ирсэн. Г.Э- орж ирэнгүүтээ хүмүүс рүү агсраад байсан. Тэгсэн Б.С- Г.Э-оо чи ингэж болохгүй настай хүмүүсээ хүндэл гэсэн чинь Г.Э- Б.С-ээ чи намайг ах гэдэггүй хэн юм гээд маргалдаад байсан. Тухайн үед Г.Э- хүн болгонтой маргалдаад Зэсээ, Г.Г- 2-той барилцаж аваад зодолдоод байх шиг байсан. Тэгсэн Г.Э- миний машин руу ороод жолоон дээр нь сууж байхаар нь би очоод та одоо наанаа хэвтээд унтчих гээд дээлийг нь дөхүүлж өгсөн. Тэгээд буцаад байшин ороод сууж байтал Г.Э- гадаа 30 гаруй минут орилоод байсан. Тэгсэн Б.С- би гарчихаад ирье гээд гарсан. Б.С- буцаж гарч ирэхгүй удаад байхаар нь би араас нь гараад очтол Б.С- газар хэвтчихсэн нүүр нь нилэнхүйдээ цус болсон байсан. Тэгэхэд Г.Э- хажууд нь зогсож байхаар нь би Г.Э-ыг тэвэрч аваад та яаж байгаа юм бэ гэсэн чинь Г.Э- энэ муу намайг цохидог хэн бэ гээд дайраад байхаар нь би Б.С-ийг аваад байшин руу орсон. Байшинд ороод гэрэлд хартал ам нь зүсэгдсэн байсан. Тэгээд Мөнхбаяр бид 2 аваад эмнэлэг орж оёо тавиулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

            Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 599 дугаартай:

  1. Б.С-ийн биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Б.С-ийн биед баруун хацар, баруун, зүүн сарвуунд бүхий гэмтэл учирсан байна.
  3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Дээрх зах ирмэг нь тэгш шархнууд бүхий гэмтлүүд нь тус бүрдээ ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба бусад ирмэг тэгш биш шархнууд бүхий гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.
  5. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  7. Архаг хууч, өвчин тогтоогдсонгүй.

 гэх дүгнэлт /хх-ийн 14-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Г.Э- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 28-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч шүүгдэгч нар нь эвлэрсэн болох нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Эрүүгийн 1738000000081 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Э- нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор улсын орлогод оруулахыг үүрэг болгосугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.АРИУНЖАРГАЛ