| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2019/0768/З |
| Дугаар | 128/ШШ2020/0491 |
| Огноо | 2020-08-04 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2020/0491
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: П.Б***** /РД: ХА********/
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/6** дугаар захирамжийн П.Б*****д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Орхон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар дөчин мянгатын ** дүгээр байрны **тоот хаягт орших орон сууцыг 2010 онд худалдан авсан бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/**1 дүгээр Орон сууцны зориулалт өөрчлөх тухай тушаалаар нийтийн зориулалттай орон сууцны барилгыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах эрхтэй болсон.
Үүнээс хойш ресторан кафе чиглэлээр тусгай зөвшөөрөл авч иргэд жуулчид ихээр үйлчлүүлдэг газар болж, холбогдох норм стандартыг сахин үйл ажиллагаа явуулж байна.
Ингэхдээ өргөтгөлийн газрын хэмжээгээр газрын төлбөрийг тухай бүрт нь хугацаанд нь төлж, хороо, СӨХ болон оршин суугчидтай байнга хамтран ажиллаж ойлголцсоор байна. Мөн рестораны ойролцоох хаяг рекламын самбарыг буулгаж, иргэдийн зорчих хэсгийг чөлөөлсөн, орчны замын хавтанг шинэчилж, үүдний шатыг буулган зорчих хэсэгтэй нэг түвшинд болгож аюулгүй байдлыг хангасан, өөрсдийн санаачлага хөрөнгөөр замын тэмдэг тэмдэглэгээг эвдэрсэн байсныг засаж сэлбэсэн зэргээр ойр орчмынхоо талбайд анхаарч ирсэн.
Гэтэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 03-06/3*** дугаартай албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/**2 дугаартай захирамжаар нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй объект барьсан гэж газар чөлөөлөхийг мэдэгдэж байна гэж надад мэдэгдсэн.
Харин шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/6** дугаар захирамж гарсан болохыг мэдсэн.
Мөн энэхүү захирамжийн талаар танилцуулж байгаагүй.
Энэ захирамжийн улмаас П.Б*****гийн тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн тул хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр 17-ны өдрийн А/3** дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор газрын зөрчил арилгах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахаар ажлын хэсгийг баталж байгуулсан.
Мөн дээрх захирамжийн хүрээнд Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/6** дугаар захирамж батлагдаж тус захирамжийн хавсралтаар нийслэлийн нутаг дэвсгэрт газрын зөрчлийг арилгаж, газар чөлөөлөх арга хэмжээ, орчны аюулгүй байдлыг хангах байршлын жагсаалтыг баталж, жагсаалтын 179 дэх хэсэгт 50 м.кв газарт зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийн зөрчлийг арилгах талаар дурдсан байна.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 03-06/3**5 тоот албан бичгээр зөрчил арилгах мэдэгдлийг иргэн П.Б*****д хүргүүлсэн.
Иргэн П.Б***** нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийн доорх Газрын эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй болно.
Иймд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалт, 57 дугаар зүйлийн 57.3 дах заалтыг тус тус зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Аль 2011 оноос эхлэн анх өргөтгөл барьж эхэлсэн цагаас хойш өөрийн нутаг дэвсгэрийн захиргаа болох 3-р хороо, СӨХ зэргээр ямар учраас энэхүү өргөтгөл барьж байгаа талаар асуулт, хүсэлт явуулсан ч тодорхой хариу аваагүй. Эсэргүүцсэн шаардлага нь 1. олон нийтийн газрыг үгүйсгэсэн одоо 2011 оны зургаар тэрхүү өргөтгөл (тухайн үед 1 давхар байсан) явган хүний замыг бүрэн эзлэж барьсан. Тиймээс орцноосоо урагшаа гарах замгүй болсон. 2. Орцноосоо гарахад харагдах орчингүй. Тэр өргөтгөлийн эцэс хүрч байж машин ирж буйг олж харна. 3. Тэр өргөтгөл нь орчны бохирдлыг улам нэмэгдүүлсэн. Тамхичингуудын цуглардаг газар болж, шүлс нус цэр болон задгай жорлон болсон. 3. Аюултай орчин болсон- орой үдэш орцруугаа ороход янз бүрийн хүмүүс цуглардаг газар болсон. 2015 оны наадмаар оршин суугчдыг зуслан, хөдөө явсан үеэр ганц 2 хоногийн дотор 2 давхар хүртэл өргөтгөлөө барьчихсан. Харамсалтай нь төрийн аль ч шатны байгууллага ямар ч арга хэмжээ аваагүй. Энэхүү хууль бус өргөтгөлийн уршгаар манайх гэдэг айлын орчноо харах харагдацгүй болж (урд, зүүн талаасаа) агаарын чанарыг улам доройтуулж 6-8м хэмжээтэй өргөтгөлийн төмөр дээвэр зуны халуунд улам халж, хэрэв гадаа 20 градус халуун байвал 25-27 градус болох жишээтэй. Тэр төмөр дээвэр хамаг агаарыг бүүр түлж улам их хуурайшилт бий болгодог. Түүнээс гадна их замын хөдөлгөөний бүх тоос шороо тэр дээвэр дээр бууна. Дээвэр яг цонхны доогуур тулгаад барьсан тул цонхоо мөнхийн хаалттай байлгаж тэр шороо тоосноос хамгаалсан ч өдөртөө хэд хэдэн удаа цонх тавцан шалаа арчиж байхгүй бол хөлний уланд шороо тоос мэдрэгдэж бохир болдог. Үүний үр дүнд одоо би амьсгалын замын эрхтэн хамар хоолойны мөнхийн өвчтэй болсон. Сардаа AQUA MARIS болон SNUP дуслын эмүүдийг өдөр бүр хэрэглэж хамраа онгойлгож явдаг болсон. Зун борооны үеэр шөнө орсон тохиолдолд унтуулахгүй. Тэдний ажилчид шөнө ч, өдрийн цагаар ч тэр дээвэр дээрээ гарч засварын ажил хийнэ. Их эвгүй. Яг цонхоороо үл мэдэх хүмүүс явж ажлаа дуусгасны дараа хамаг хог, бээлий, тамхины иш, утасны хэсэг гэх мэтээ хаяаад явна. Хувийн орох зайгүй, аймшиг төрүүлсэн хар яр гэсэн хүмүүс. Батхүү иргэний нэхэмжилснээр бол оршин суугч иргэд болон СӨХ-тэй хамтарч ажилладаг гэсэн байсан. Үнэндээ тийм юм байхгүй. 2018 оны 3 дугаар сараас эхлэн хорооны даргад Бруклин ресторан-баарны шөнөжин өргөтгөсөн балкон дээрх үйлчлүүлэгчдийн архидах, тамхины утаа, дуу дуулах, чанга орилоон хашигчах нь шөнөжин болж 102-т дуудлага өгсөн ч тухайн үедээ намдаад жаахан азнаад буцаад л бөөн дуу шуугиан, тамхины утаа. Заримдаа бүр зодоон, нүдээн болдог. Бөөн гомдол хотын захиргаагаар мэргэжлийн хяналтаар тусгай зөвшөөрлийг нь 2019 онд болиулсан. Хэдийгээр тийм ч одоо ч гэсэн үе үе кофе шоп гэх газар нь шөнө дөл хүртэл хүмүүс балконд цугларч дуу шуугиан гаргадаг. Тэр уртасгасан балконоо төмрөөр дээвэрлэсэн нь байнгын салхитай хотын хамаг тоос шороог манай гэрлүү сэвчихнэ. Гэртээ цонх балконоо онгойлгож агааржуулна гэдэг бол манайд боломжгүй болсон. 2015 оны 8 дугаар сараас эхлэн явган хүний замтай болох тэмцэл оршин суугчдын зүгээс явуулсны эцэст машины замаас хумсалсан дүүргээс явган хүний замыг ** дүгээр байрны зүүн талыг барьсан өргөтгөлүүдээс нь 50-60 см өргөнтэй бий болгосон юм. Тэртээ тэргүй газрын зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөлийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн захирамжаар нураах шийдвэр гаргасанд оршин суугчид бид эрүүл орчин айдас хүйдэсгүй тайван амьдрах эрхээ эдлэх нь гэсэн чинь П.Б***** өөрийн бизнесийг хамгаалж оршин суугчдын эрүүл орчинд тайван амьдрах эрхийг ноцтой зөрчсөөр байгаа тул дээрх нэр бүхий хүний нэхэмжлэлийг хүчингүйд тооцож хууль бус баригдсан өргөтгөлийг татан буулгах шийдвэрийг хэрэгжүүлэхийг хүсье. Тухайн цайны газрын дэргэд байсан үсчин тэр газраасаа нүүж явсан.(2019 оны 9 дүгээр сард) Учир нь: Хоолны тос, шингэн хаягдал нь байнга бохирыг нь бөглөж тухай ажлын байранд нь бөглөрлөөс болж бөөн бохирын халилт болдог учир. Оршин суугч бид Бруклин ресторан баар гэх газрын 3-4 том хийн баллон тэрхүү өргөтгөлийн 1 давхар болох яг орцны дэргэд гал тогооны байршлыг их эсэргүүцэн гомдол гаргасны эцэст согтууруулах ундаа зарах тусгай зөвшөөрлийг цуцалсан ч хоол хийхдээ хийн газ ашигладаг нь орон сууцны иргэд бидэнд аймшиг ихээр төрүүлдэг. Хэрэв хий алдаж дэлбэрвэл яах вэ? Яг орцны дэргэдэх ил гал тогооноос гал гарсан тохиолдолд бид хаашаагаа зугтаж амь гарах вэ? Үндсэн хуулинд хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй юм бол 2019 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөлүүдийг нураах захирамжийг хэрэгжүүлэхийг хүсье.
2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гаргасан тайлбартаа...Манай гэрийн цонхны доогуур барьсан 8х6 талбай бүхий өргөтгөлийн дээврийн талбайг орчин үеийн цаг нөхцөлд тохируулж цэцэрлэгжүүлэх засвар, тохижилтын ажил хийж ногоожуулан, цонхны дагуу мод бутхан цэцэг тарьж үлгэр жишээ тохижилтын ажил хийж хотын үзэмжинд нэмэр болгох ба оршин суугчдын эрүүл орчинг бүрдүүлэх болсон тул миний хариуг тухайн иргэнтэй зөвшилцсөн тул хүчингүй болгохыг хүсье... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч П.Б*****гээс анх тус шүүхэд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/3** дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/6** дугаар захирамжийн П.Б*****д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар нэмэгдүүлсэн.
Эцэст нь хэрэг хэлэлцэх ажиллагаа эхлээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/3** дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.3-д Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана гэж заасны дагуу татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасны дагуу иргэн П.Б*****гээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/6** дугаар захирамжийн П.Б*****д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/6** дугаар захирамжийн П.Б*****д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Маргааны үйл баримт болон хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн орон сууны зориулалт өөрчлөх тухай А/**1 дүгээр тушаалаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо ** дүгээр байрны **тоот, 17 м.кв иргэн П.Б*****гийн эзэмшлийн нийтийн зориулалттай орон сууцны барилгыг[1] үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглахаар өөрчилсөн[2].
Нэхэмжлэгчээс уг орон сууцыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 04/0430 дугаар Тусгай зөвшөөрөл[3], Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн үйлчилгээ эрхлэх гэрээ[4] зэргээр ресторан, кофе шопын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан болно.
Хожим тэрээр эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэргүйгээр өөрийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо ** дүгээр байрны **тоот, 17 м.кв үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан орон сууцанд өргөтгөл хийсэн байна[5].
Уг өргөтгөл болон түүний үйл ажиллагаатай холбогдуулан 2015 онд Чингэлтэй дүүргийн И****-3 СӨХ-ноос Чингэлтэй дүүргийн Газрын алба, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дэд бүтэц хот тохижилтын хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандан гомдол мэдээлэл гаргаж байсан бол тус хэргийн гуравдагч этгээд болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо ** дүгээр байрны 09 тоотын оршин суугч Ш.О********-ийн гаргасан гомдолд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаар Үүрэг болгох тухай албан бичиг[6]-ээр хариу өгч байжээ.
Харин дээрх гомдол мэдээллийн дагуу маргаан бүхий уг өргөтгөлтэй холбогдуулан ажиллагаа хийхэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн хэмжээнд газар ашиглалттай холбогдон үүссэн зөрчлийг арилгахад баримтлах журам-ын 2.1.1-д заасан зөрчил[7] илэрсэн.
Уг илэрсэн зөрчлийг Нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно-г зөрчин нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй өргөтгөл /обьект/ барьсан, иргэдийн эрүүл, аюулгүй орчин амьдрах эрхэд халдсан үйлдэл гэж үзэн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/6** дугаар захирамжаараа[8] түүний нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр эзэмшсэн 50 м.кв талбайг чөлөөлүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Энэхүү шийдвэрийг нь нэхэмжлэгч П.Б***** эс зөвшөөрч ...сонсох ажиллагаа хийгдээгүй, захирамж дээр хаяг, нэр буруу бичигдсэн, оршин суугчдад нөлөөлж байсан нөөлөл арилсан, иргэдэд аюултай орчин бүрдүүлсэн зүйлгүй, 50м.кв хэрхэн хэмжсэн талаар баримт байхгүй... гэх үндэслэлээр шүүхэд хандан маргасан.
Гэвч нэхэмжлэгч П.Б***** Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-д заасан эрхийн гэрчилгээгүй атлаа нийтийн эзэмшил газрыг ашиглан өргөтгөл барьсан болох нь хэрэгт цугларсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Г.А******-ийн ...үл хөдлөх хөрөнгийн гадна талд нийтийн эзэмшлийн талбайд барьсан өргөтгөлийн хэмжээ нь сууриараа 50 м.кв болж байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд 88.65 м.кв гэж бичигдсэн байсан. Уг гэрчилгээнд заасан хэмжээнд өргөтгөлийн хэсэг орсон эсэх нь үл хөдлөх хөрөнгийн план зургаас харагдана... гэх мэдүүлэг[9], мэдээллийн сангаас гаргасан зураг[10], шүүхээс маргаан бүхий газар хийсэн үзлэгийн фото зураг[11], Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 7/5**6 дугаар албан бичгээр ирүүлсэн иргэн П.Б*****гийн орон сууцны план зургийн хуулбар[12] болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт ...хуучин орон сууцны ашигтай талбай 17 м.кв байсан ба өргөтгөл нэмэгдээд 88.65 м.кв болсон... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдлоо.
3.Хэдийгээр маргаан бүхий актад ...хорооны хаяг зөрүүтэй болон нэхэмжлэгчийн нэрийг өөрийнхөн аж ахуйн нэгжийн нэрээр бичсэн... талаар шүүх Захиргааны харэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан ажиллагаа явуулахад Б********* ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй баримтаар[13] маргааны үйл баримттай холбогдох цаг хугацаанд уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь иргэн П.Б***** байсан бол хорооны дугаар зөрүүтэй бичигдсэнийг техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байна.
Түүнчлэн нэхэмжлэгч маргаан бүхий акт гаргахаас өмнө гаргасан зөрчилтэйгээ холбогдуулан эерэг арга хэмжээ авахаар ажиллаж байсан[14] зэргээс үзвэл нэхэмжлэгч маргаан бүхий акт гарах талаар мэдсэнд тооцож болохоор байх тул хариуцагчийг сонсох ажиллагаа явуулаагүй гэж буруутгах нь үндэслэлгүй.
Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтэн дүгнэвэл хариуцагч Нийслэлийн Засаг даргыг маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан ...шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх... үүргээ хэрэгжүүлсэн.
Хариуцагч Нийслэл Засаг дарга 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/6** дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 газар төрийн хяналт, хамгаалалтад байх; зарчмыг баримтлан, 57 дугаар зүйлийн 57.3-д Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 Хот байгуулалтын үйл ажиллагаа болон газар ашиглалт, хамгаалалтад хяналт тавих; Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3-д Оршин суугчдын эрүүл мэндийг хамгаалах,...тэдгээрийн амьдрах орчин, үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах... заасан үүргээ хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 л, 29.2-т заасан эрх хэмжээний хүрээнд бусад хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан байна.
Уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгуулах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Эцэст нь MNS49102019 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавигдах шаардлага үндэсний стандартын 4.2-т Хоолны газрыг улсын чанартай автозамаас 50 м-ээс доошгүй зайп байрлаж байхаар төлөвлөнө гэснийг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б*****гээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/3** дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/6** дугаар захирамжийн П.Б*****д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] Хавтас хэргийн 51 хуудас
[2] Хавтас хэргийн 50 хуудас
[3] Хавтас хэргийн 53 хуудас
[4] Хавтас хэргийн 54 хуудас
[5] Хавтас хэргийн 9 хуудас
[6] Хавтас хэргийн 58 хуудас
[7] Хавтас хэргийн 191-198 хуудас
[8] Хавтас хэргийн 70-71, 82 хуудас
[9] 2 Хавтас хэргийн 22 хуудас
[10] 2 Хавтас хэргийн 23 хуудас
[11] Хавтас хэргийн 219-226 хуудас
[12] 2 Хавтас хэргийн 14-17 хуудас
[13] Хавтас хэргийн 93-162 хуудас
[14] Хавтас хэргийн 13-19, 55-64 хуудас