Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/17

 

Д.Х, Б.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Д.Хын өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Х давж заалдах журмаар гомдол гаргасныг үндэслэн Д.Х, Б.Т нарт холбогдох, 2135000000176 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, .. Увс аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багт оршин суух, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар, тус шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Т овогт Б-гийн Т.

Монгол Улсын иргэн, .. Увс аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн .. сумын .. оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Д-гийн Х.

Шүүгдэгч Д.Х нь Увс аймгийн .. сумын .. нутаг “Хоёр хар толгой” гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын сүүлчээр сарын эхээр Зүүнговь сумын Суварга багийн иргэн Г.Ц-ийн эзэмшлийн хоёр тооны үхэр буюу олон тооны бод малыг хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Т, Д.Х нар бүлэглэн Увс аймгийн Хяргас сумын 2 дугаар багийн нутаг Ичээтийн гол гэх нэртэй газраас 2020 оны 11 дүгээр сарын эхээр иргэн Р.Ц-гийн 6 тооны, иргэн Ц.С-ын 12 тооны адуу буюу олон тооны бод малыг машин механизм буюу мотоцикл ашиглан хулгайлж, нийт 13.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Т овогт Д-гийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, шүүгдэгч Т овогт Б-гийн Т, Т овогт Д-гийн Хосбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Т овогт Б-гийн Т, Т овогт Д-гийн Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Х-т дөрвөн жил хорих ял,

- шүүгдэгч Б.Т-т гурван жил зургаан сар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Б.Т, Д.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 150.000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 мотоцикл, шүүгдэгч гэмт хэрэг үлдэж олсон орлого болох 1.150.000 төгрөгийг Д.Хаас, 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Т-оос тус тус хурааж улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэрэг эмээл, суран хазаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Х-т буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Хын морь битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг баримтлан ялтан Б.Т, Д.Х-т нарт оногдуулсан хорих ялыг өршөөн, мөн хугацаагаар нь зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Б.Т, Д.Х нарт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Малчин сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч нарт Б.Т, Д.Х нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Д.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, надад оногдуулсан ял хүндэдсэн үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн. Улмаар энэ хэрэгтээ дөрвөн жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн.

Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улмаар гэмт хэргийн улмаас хохирогч Г.Цид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Б.Т-той бүлэглэн хохирогч Р.Ц, Ц.С нарын 16 тооны адуу хулгайлсан ба тухайн адууг Б.Тт өгөөд явсан, өөрт авч ашигласан зүйл байхгүй боловч өөрийн буруутай үйлдлээ ухамсарлаж хохирогч Р.Цэдэн, Ц.С нарт учирсан хохиролд 6.100.000 төгрөг төлсөн. Манайх ам бүл-4 эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Ар гэрийн нөхцөл байдлын хувьд эхнэр маань 2 хүүхдээ хараад гэртээ байдаг бөгөөд 3-7 насны 2 хүүхэдтэй.

Би хөдөө мал маллаж амьдардаг ба ар гэрийн амьдрал ахуйгаа би авч явдаг юм. Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн хүн нь Юнителийн сүлжээтэй. интернэттэй газар байх шаардлагатай. Гэтэл манай гэрийн өвөлжөө, хаваржаа зуслангийн буйрт юнителийн сүлжээ барьдаггүй бөгөөд би зайлшгүй сумын төвд байх шаардлагатай болж байна. Манайд надаас өөр мал маллах хүн байхгүй бөгөөд өндөр настай ээж маань манайхтай цуг байдаг. Миний энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн зүйл хэсгээр надад оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “ Шүүгдэгч Д.Х, Б.Т нарт яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн зөв дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зохицуулалттай байсан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Хын үйлдэлд 4 жилийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон. Анхан шатны шүүхээс Д.Хт 4 жил хорих ял оногдуулахдаа бусадтай бүлэглэн бусдын 18 тооны адууг машин механизм ашиглан хулгайлсан, Д.Хыг ганцаараа бусдын 2 тооны буюу олон тооны бог малыг хулгайлсан гэх 2 үйлдэлд дүгнэлт хийж, 4 жил хорих ял оногдуулж, тухайн 4 жил хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байдаг. Уг зорчих эрх хязгаарлах ял нь шүүгдэгч Д.Хын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тохирсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч Д.Х-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Х-ын өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа : “ Миний үйлчлүүлэгч Д.Хын хувьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан.

Миний үйлчлүүлэгч Д.Х-ын хувьд 2 удаагийн үйлдлээр бусдын мал хулгайлсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж байгааг илтгэж буй хэлбэр юм. Д.Хын хувийн байдлын хувьд 3-7 насны 2 хүүхэдтэй, өндөр насны ээжийн хамт амьдардаг. Зорчих эрх хязгаарлах ял нь Юнителийн сүлжээтэй бөгөөд интернэттэй байхыг шаарддаг. Гэтэл Д.Хын мал маллаж амьдардаг өвөлжөө, хаваржаа зуслангийн газарт нь сүлжээ барьдаггүйн улмаас хүндрэл үүссэн байна. Д.Хын үйлдсэн гэмт хэрэгт 2-8 жил хорих ял оногдуулах хуулийн хүрээнд анхан шатны шүүх дүгнэлт хийж, 4 жил хорих ял оногдуулсан боловч түүний ар гэрийн нөхцөл байдал болон хохирол төлбөр төлсөн байдлыг харгалзан үзээд ялыг багасгаж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолтой, 2135000000176 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Шүүгдэгч Д.Х нь 2020 оны 11 дүгээр сарын сүүлчээр Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багийн нутаг “Хоёр хар толгой” гэх газраас Зүүнговь сумын Суварга багийн иргэн Г.Цийн өмчлөлийн хоёр тооны үхэр буюу олон тооны бод мал хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- хохирогч Г.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2020 оны 11 дүгээр сард хүү Ц.Ж-ын малд манай 5 үхэр байсан юм. Тэгтэл нэг өдөр улаан зүсмийн эм үхэр, улаан зүсмийн охин бяруу 2 алга боллоо гэхээр нь би Зүүнговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээр хайгаад олоогүй. Тэгтэл арваад хоногийн дараа манай хүү Ц.Ж над руу залгаад “ танай үхрийг Малчин сумын төв дээр нядлаад зарсан байна, хүнтэй нь уулзсан” гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Д.Х гэх залуу над руу утсаар ярьж “ уучлаарай, би танай үхрийг алаад  хүнд өгсөн, хохирлыг нь барагдуулж өгнө” гэж хэлсэн. Тэр залуу энэ байдлаар олон удаа нао уруу утсаар яриад байхаар нь би “за тэгвэл миний хохирлыг барагдуулж өгөөрэй” гэж хэлсэн. 2021 оны 05 сард Д.Х над руу залгаад ах та дансны дугаараа өгчих гэхээр нь эхнэр Г овогтой Ц-гийн данс өгсөн, уг данс уруу 1,500,000 төгрөг хийсэн байсан. Өөр зүйл болоогүй. Би Д.Х гэх залуутай уулзаагүй, утсаар л ярьсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

-гэрч Ц.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манайх Малчин сумын 4 дүгээр баг "Хоёр хар толгой" гэх газарт байсан юм, 2020 оны 11 сарын 20-ны үед өдрийн 12 цагийн орчимд бүх үхрээ хураагаад тугалыг нь барьж уяад үхрээ бэлчээрт нь гаргасан, орой үхэр бэлчээрээс ирээд гэрийн гадна хоносон. Өглөө нь босоод үхрээ бүртгэж үзэхэд хүрэн улаан зүсмийн 5 настай эм үхэр, улаан хоо зүсмийн охин бяруу 2 байхгүй байхаар нь ойр орчмын мал шүүгээд олоогүй. Мөн Зүүнговь, Хяргас сумын чиглэлд хайхад олоогүй. Сүүлд нь буюу 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчимд Малчин сумын төвд миний хулгайд алдсан хүрэн улаан зүсмийн үхэр алагдсан байна гэхээр нь очиж үзэхэд Малчин сумын Хосоо гэх залуу алаад нядалсан байсан. Тэр залуутай уулзахад “ цагдаад битгий хэлээч, би хохирлыг барагдуулж өгнө” гэж хэлсэн. Уг хоёр тооны үхэр нь манай аавын үхэр байгаа юм. Хохиролд хэдэн төгрөг авсан талаар аав ээж 2 мэдэж байгаа. Уг үхэр нь зөв чих нь он, буруу чих нь шуулбар имтэй юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас/,

-гэрч Л.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны намар хүнсний мал нядлах үеэр би сумын төв рүү өөрийн малаас 3 үхэр, 1 тэмээ тууж явтал замд Д.Х ах  5 үхэр туучихсан явж таарсан. Бид 2 хамтдаа сумын төв рүү малаа тууж оруулаад Д.Х ах 5 үхрээ салгаад аваад явсан, би өөрийн 3 үхэр, 1 тэмээгээ туугаад хашаа руугаа явсан. Миний тууж явсан мал бол өөрийн хүнсэндээ хэрэглэх гэж байсан мал юм. Харин Д.Х нь тухайн үед надад “хүнсний мал тууж явна” гэж хэлж байсан. Тухайн үед Д.Х нь 2 тооны хар зүсмийн бага насны үхэр, хүрэн, улаан, хоо зүсмийн нийт 5 тооны үхэр тууж явсан  ба би тухайн үед Д.Х ахын тууж явсан үхрийн им, насыг анзаарч хараагүй. Би тухайн үед Д.Х ахыг өөрийнхөө үхэр тууж яваа юм байна гэж бодсон. Д.Х нь сумын төв рүү ороод хэн гэх айлд үхрээ хүргэж өгснийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх 24-р хуудас/,

-гэрч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Д.Х нь надад үхэр өгнө гэж хэлээд 2020 оны 08 дугаар сард 800,000 төгрөг бэлнээр авсан байсан. Мөн дахин үхэр өгнө гээд 2020 оны 10 дугаар сард 350,000 төгрөг авсан, нийтдээ 1.150.000 төгрөг зээлээр авсан. Би тухайн үед мөнгө өгөхдөө  “үхрээ хүнсний цагаар авна, өөрсдөө авч ирж өгөөрэй” гэж хэлсэн байсан.  2020 оны 12 дугаар сард,  өдрийг сайн санахгүй байна. Наран бие гэх газар луу нядалгааны мал руугаа явсан хойгуур Д.Х нь хүрэн улаан зүсмийн 5 настай эм үхэр 1, хоо зүсмийн охин бяруу 1, нийт 2 тооны үхэр авчирж манай хашаанд оруулаад явсан байсан. Би хөдөөнөөс ирээд уг үхрийг нядалгааны малтай цуг нядалсан. Би тухайн үед уг малыг өөрийнхөө малаас өгч байна гэж бодсон. Тухайн өдөр Д.Х үхэр оруулж ирж байна гэж утсаар ярихаар нь би хашаа руу оруулаад хаалга үүдийг нь сайн хаачихаарай гэж хэлсэн ба эхнэр тухайн үед дэлгүүртээ зогсож байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26 дугаар хуудас/,

-гэрч М.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай өөрийн үхэр Малчин сумын 4-р багийн иргэн Энхбат гэх айлд байдаг бөгөөд  2020 оны 11 дүгээр сард хүнсний үеэр өөрийн үхрээс мухар хар зүсмийн эм үхэр сумын төв рүү авахаар болсон. Энхбатын гэрийн ойролцоо байдаг Хосбаяр нь тухайн үед сумын төв рүү айлын үхэр тууж орж байсан болохоор манай үхрийг хамт өгч явуулсан байсан. Тууж ирэхэд нь би эхнэрийн хамт хөдөө явсан байсан бөгөөд орой ирэхэд манай үхрийг хашаанд оруулчихсан байсан. Тухайн үед Энхбат нь манай хүнсний үхэр, мөн өөрийн үхрээс Оюундэлгэр, Одонтуяа нарт хоёр тооны үхэр зарсан учраас нийт 3 үхрийг Хосбаярт сумын төв рүү үхэр тууж байгаа болохоор өгч явуулж байна гэж хэлсэн ” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

-гэрч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 онд тухайн жилийн хүнсний үхэр хайж байгаад манай ойролцоо хашааны эгч Ж.О-тэй хамт Төгсжаргал гэх хүнээс манайх гунжин үхэр худалдаж авсан. Үхэр худалдаж авахаар тохирсны дараа Т нь дахин утсаар ярьж, манай багийн Хосбаяр   сумын төв рүү үхэр туух гэж байна, танай үхрийг туулгаад явуулах уу гэж хэлэхэд нь би зөвшөөрсөн. Тухайн өдөр би хөдөө айлын хүнс гаргахаар яваад орой ирэхэд үхэр ирээгүй байсан болохоор Оюундэлгэр эгчтэй уулзаж асуухад Хосбаяр нь үхрүүдийг тууж ирээд манай сумын ченж А гэх залуугийн хашаанд үлдээсэн байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хүн гуйж, А гэх хүний хашаан дотор байсан үхэрнүүд дундаас өөрийн идэшний үхрээ очиж авсан. Манай худалдаж авсан үхэр хар хүрэн зүсмийн гунжин үхэр байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34дугаар хуудас/,

-гэрч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би 2020 онд Төгсжаргал гэх хүнээс хүнсний үхэр авахаар тохирсон байсан. Төгсөө над руу утсаар ярьж “манай багийн Хосбаяр нь сумын төв рүү үхэр туух гэж байна, танай үхрийг туулгаад явуулах уу” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Хосбаяр нь үхээрүүдийг тууж ирээд манай сумын ченж Анхаа гэх залуугийн хашаанд үлдээсэн гэж хүмүүс хэлсэн болохоор тухайн үед бас хүн гуйж Анхаа гэх хүний хашаан дотор байсан үхрүүд дундаас өөрийн идэшний үхрээ очиж авсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 36дугаар хуудас/,

-шүүгдэгч Д.Х-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын дундуур, миний санаж байгаагаар 18-ны өдөр байх, Малчин сумын 4 дүгээр багийн нутагт өөрийн эзэмшлийн 7 настай, хээр зүсмийн морьтой явж байгаад “Хоёр хар толгой” гэх нэртэй газраас 2 тооны үхэр тууж яваад гэрийн ойролцоо байлгаж байсан юм. Надад мөнгөний хэрэг гараад байсан юм. Би манай сумын  ченж Анхаа гэх хүнээс урьд нь 800.000 төгрөг авчихсан байсан бөгөөд тухайн хулгайлсан 2 үхрийг түүнд өгөхөөр авсан. Тэгээд Малчин сумын төв рүү мал туухаар болоход Энхбат ах надад “ миний 3 тооны үхрийг хамт туугаад Малчин сумын төв рүү оруулаад хүмүүст нь өгчихөөч,  би зарсан юмаа” гэж хэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр байх, би өөрийн хулгайлсан 2 тооны үхэр, Энхбатын 3 тооны үхэр, нийт 5 тооны үхэр тууж яваад замдаа Мандал гэх залуутай таарсан. Мандал нь сум руу хүнсний үхэр тууж байсан бөгөөд бид хоёр малаа нийлүүлээд 24-25 км хамт туугаад сумын төв рүү ороод малаа салгаад туугаад явсан. Би хулгайлсан 2 тооны үхрээ А гэгчийн хашаанд оруулчихаад, түүнтэй гар утсаар ярьж хэлчхээд явчихсан. Би А-гаас 2021 оны 01 дүгээр сард үхрийн үнийн зөрүүд  600.000 төгрөг авсан,  Би нийт 1.400.000 төгрөгөөр 2 тооны үхэр өгсөн юм. Ж гэх хохирогчийн төрсөн хүүхэд нь намайг Малчин сумын нутаг өвөлжөөндөө гэртээ байхад үхрээ хайж ирсэн бөгөөд Малчин сумын төвд А гэх айлд өгсөн талаар мэдэж байхаар нь би хулгайлж авсан гэдгээ хэлээд оронд нь үхэр авах уу гэхэд мөнгө авна, мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. Би хохирогчид 1.500.000 төгрөг өгсөн юм. Одоо хохирогчийн зүгээс ямар нэг гомдол, санал байхгүй гэсэн. Би хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 65-66, 68 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

 3. Шүүгдэгч Б.Т, Д.Х нар бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын эхээр Увс аймгийн Хяргас сумын 2 дугаар багийн нутаг “Ичээтийн гол” гэх нэртэй газраас тус сумын иргэн Р.Ц-гийн 6 тооны адуу, иргэн Ц.С-ын 12 тооны адуу, нийт 18 тооны адууг мотоцикл ашиглан хулгайлж, нийт 13.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь:  

-хохирогч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Манай адуу Хяргас сумын нутаг Цахирын зааг, Ичээтийн гол гэх газруудаар бэлчээрлэдэг ба эдгээр нь хоорондоо ойрхон,  уулархаг газар юм.

Манайх хамгийн сүүлд 2020 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр адуугаа Цахирын зааг гэх газар байхад нь харсан. Тэгээд 11 дүгээр сарын 13-ны өдөр хайхад олдоогүй юм.  Манай алдсан азаргатай адуунд 18 тооны адуу байсан ба үүнээс 12 адуу нь манайх, 6 адуу нь манай аав Ц-гийнх юм. Бид адуугаа Увс аймгийн урд талын Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай сумдын нутгаар, Завхан аймгийн Ургамал, Сант сумуудаар явж хайсан. Би адуугаа хайхад 2 сар орчим хугацаа зарцуулсан. Тэгээд дараа нь Малчин суманд малын хулгай хийсэн хүмүүс баригдсан гэж сонсоод цагдаад өргөдөл гаргасан. Хулгайд алдсан 18 адууны 4-өөс бусад нь зөв гуяндаа мухар олом тамгатай. Манай адуу  бэлчээрээсээ огт холддоггүй, хүн хөөж туухаас өөрөөр бэлчээрээс явж үзээгүй. Эрж хайсны зардалд 3 сая гаруй төгрөг  зарцуулснаа нэхэмжилж байна. Мөн 12 адууны хохирлоо бүрэн төлүүлж авмаар байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 140-142, 151-152, 155дугаар хуудас/,

-хохирогч Р.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2020 оны 11 дүгээр сарын эхээр Увс аймгийн Хяргас сумын 2 дугаар багийн нутаг "Ичээтийн гол" гэх газар байсан манай 18 тооны ижилтэй адуу ор сураггүй алга болсон.

2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр даага тамгалах гээд адуугаа авч ирэхээр манай хүү Сүхбаатар яваад олоогүй. Манайх 3 азарга адуутай, түүнээс 1 азарга буюу хүрэн азаргатай адуу алга болсон юм. Манай адууг хулгай авсан байх гэж үзээд Увс аймгийн Цагаанхайрхан, Өндөрхангай , Баруунтуруун, Зүүнхангай  гээд урд чиглэлд хайгаад олоогүй, бас Завхан аймгийн чиглэлд хайсан боловч ямар нэгэн сураг гараагүй.  Манай адуунд 18 тооны адуу байсан, үүнээс манай хүү Сүхбаатарын 12, миний 6 адуу байсан. Тухайн үед манай адууг хулгай авсан гэх мөр ул гараагүй байсан, цас бараг ороогүй байсан юм. Би Увс аймгийн Хяргас суманд 20 гаруй жил мал маллаж байна, манай адуу хүн хөөхөөс нааш бэлчээрээс явдаггүй юм. Би 6 адууныхаа хохирлыг шинжээчийн дүгнэлтэд заасан үнийн дүнгээр нэхэмжилнэ. Уг нь тухайн адуу байсан бол энэ жил 6 унага төрөх байсан. Мөн эрж хайсны зардалд 3 сая төгрөг зарцуулсан. Хохирлоо төлүүлж авахыг хүсч байна ” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 146-147, 149 дугаар хуудас/,

-гэрч Ю.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны намар Муухөх /Тойрог/ ах манайд ирээд орой 18 цагийн үед манай нөхрийг дагуулаад явсан. Тэр 2 адуунд явж байна гэж хэлсэн. Тэр өдрийн шөнө дунд манай нөхөр ганцаараа ирсэн. Муухөх түүнээс хойш дахиж манайд ирээгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 157-158 дугаар хуудас/,

-гэрч А.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 онь 11 дүгээр сард байх Даваасүрэн нэг утаснаас миний дугаар луу залгаад Зүүнговь сумын гурмасны гол орчмоор хулгайн адуу орсон байна, чи мэдсэн үү, хаана байгаа талаар мэдээдэх гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь би 2020 оны 11 сарын дундуур чоно хөөх ажилтай мотоцикльтой гурмасны голын ойролцоо явж байтал зөв гуяндаа байсан байх, олом тамгатай 16 тооны адуу байсан, уг адуу тэр хавийн адуу биш, уул газрын адуу байсан юм. Уг адуу байсан газар манай Малчин сумын Муу хөх /Тойрог/ гэх хочтой залуугийн адуу байдаг, тэр залуу авч ирсэн байна гэж бодсон юм. Уг адууны байсан газарт Муухөхийн гэр хамгийн ойрхон байсан, өөр бараг айл байхгүй байсан. Тэгээд би тэр адууг Муухөх авч ирсэн адуу байна гэж Даваасүрэнд хэлэх гэж байгаад хэлээгүй, би үнэндээ ямар нэгэн асуудалд орж магадгүй гэж бодоод хэлээгүй, айсан юм. Хүрэн азаргатай 16 тооны,  бараан голдуу адуу байсан, содноос хул гунжин гүү, төөлтэй хээр үрээ,  2 унага харагдсан юм. Зөв гуяндаа мухар олом тамгатай байсан байх. Хэд хоногийн дараа уг адуу тухайн газартаа байсан, би дахиж хараагүй юм. Тэс сумын Адъяа, Жаграа гэх 2 хүнд Муухөх 3 адуу өгсөн гэж сураг сонссон, тэр 2-т тэр адуунаас өгсөн байж магадгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 160-162 дугаар хуудас/,

-гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Малчин сумын Хоо толгойн суваг гэх газарт хөөгдөж туугдсан шинжтэй адууны мөр ул гарсан байсан юм. Тэр адууны мөр ул гурмасны гол уруу чиглэсэн байсан. Тухайн үед тэнд байсан айлуудын адуу бүгд уул руу гарсан байсан, тэр зүг рүү адуу туугдах ёсгүй, нэг бол хулгайн адуу мал, нэг бол Зүүнговь сумын адуу мал байж магадгүй гэж бодоод би өөрийнхөө адууг байгаа эсэхийг мэдэхийн тулд би Хосбаяраас “чи Гурмасны гол чиглэлд ямар адуу орсон талаар мэдсэн үү” гэж асуусан, тухайн үед Хосбаяр мэдэхгүй гэж хэлсэн юм. Өөр би ганц нэг хүнээс асуусан лав нэг нь Тэс сумын П-ын О гэх залуугаас асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Х-ын гэр тухайн үед Ташхаа гэх газар байсан, түүнээс зүүн хойд зүгт адууны мөр гарсан байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 170-171 дугаар хуудас/,

-гэрч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2020 оны 11 дүгээр сарын эхээр байх, яг өдрийн сайн санахгүй байна, би манай нутгийн Ж гэх залуутай хамт Зүүнговь сумын бөөрөг гэх газар руу миний мустанг-5 маркийн мотоциклтой явсан юм. Ж надад : “ миний 2 морийг Б.Т бариад уячихсан байгаа, хамт яваад аваад ирье” гэж хэлсэн. Зүүнговь сумын Бөөрөг гэх газар  Б.Тойргийн гэрт ирэхэд Б.Т, ах Данзан гэх залуу хоёулаа байсан. Би Б.Тийн гэрт очоод түүнээс “ зарах адуу байна уу, хүнсэндээ нэг адуу хэрэглэмээр байна” гэж асуухад Б.Т “надад нэг даагатай гүү байна, та авах уу гэж хэлэхэд би “чи хэдээр өгөх юм, үнэ тохирвол авъя” гэж хэлсэн. Даагатай гүүг 1,000,000/нэг сая/ төгрөгөөр ав гэж хэлсэн тул би бэлэн байсан 500,000/ таван зуун мянган/ төгрөгөө Б.Т-т өгсөн юм. Тэгээд тэр би яваад аваад ирье гэж хэлээд мориор мордоод явсан, нэлээн орой болсон байхад нэг даагатай гүү авчирсан. Бид тэнд Б.Тийн гэрт хоносон, тэгээд өглөө явах гэтэл Б.Т надад халтар зүстэй гүү, бас халтар зүстэй даага, хоёулаа зөв гуяндаа мухар олом тамгатай адууг надад өгсөн, тэгээд би тэр унагатай гүүг гэр лүүгээ  авч яваад 2020 оны 12 дугаар сарын эхээр хүнсэндээ хэрэглэсэн юм. Харин даага нь манай адуунд байж байгаад 2021 оны 03 дугаар сард сахуу өвчин тусаад үхчихсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 176-177 дугаар хуудас/,

-шүүгдэгч Д.Хын мөрдөн байцаалтад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “2020 оны 11 дүгээр сарын эхээр, цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна, намайг гэртээ байхад Тойрог буюу Муу хөх гэгч нь манай гэрт ирээд намайг завтай байвал адуунд яваад ирье гэж хэлсэн. Тухайн үед манай гэрт эхнэр Наранцэцэг, хүүхдүүдийн хамтаар байсан. Тэр үед би завтай байсан учраас гэрээс эмээл, хазаар аваад Б.Тийн шар өнгийн мотоцикльд суугаад хамт явсан. Тэгээд Малчин сумын нутаг Баруун шил гэх газраар даваад баруун тийшээ эргээд баруун бэлээр ороод урагшаа яваад байсан, миний нэрийг нь мэдэхгүй газар очсон, Хавчиг гэж хэлэх шиг болсон. Тэнд бараан зүсмийн адуунууд байсан бөгөөд эндээс морь бариад тууна гэж хэлсэн, бид хоёр тухайн адуунаас халтар зүсмийн морь бариад би эмээл тохож унаж, тэр азарга адууг уулын бэл дагуулаад туусан. Тойрог надтай хамт тухайн адууг туугаад нэлээн явж байгаад түрүүлээд мотоцикльтой явчихсан, хаашаа явсан талаар мэдэхгүй, би тухайн адуунуудыг туугаад гэрийнхээ ойролцоо "Ёлын хэр" гэх нэртэй газарт авчраад унаж явсан морио буцаагаад ижил рүү нь тавиад туугаад явуулчихсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа Тойрог нь надтай гар утсаар холбогдоод нөгөө адуу яасан юм бэ? гэхээр нь би туугаад ирчихсэн, Ёлын хэр орчимд байна гэж хэлсэн. Тг нь хээр морьтой ирсэн бөгөөд би тосож уулзаад адуу байгаа газрыг зааж өгчхөөд гэр лүүгээ явчихсан. Харин Тойрог тухайн адуунуудыг туугаад явчихсан. Миний тоолсноор 14-15 орчим адуу байсан санагдаж байна. Тойрог адуугаа тууж явсны дараа гэртээ очлоо гэж маргааш нь надтай гар утсаар холбогдсон юм. Хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Адууны хохирогч нарт би 6 сая төгрөг төлсөн ” гэх мэдүүлэг /1-р хх 245-246х, 2-р хх-ийн  67-78х/,

-шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн:" Адуу туухаас өмнө  Хосбаяр яриад морь хайлцаад өгөөч гэж хэлэхээр нь би яваад очсон. Гэрээс гараад адуу хайна гэж хэлээд миний мотоциклиор Хосбаяр бид хоёр явж байхдаа замдаа Хосбаяр бид хоёр мал хулгайлах талаар ярьж тохиролцсон юм. Би цөөхөн тооны 2-3 тооны адуу авч ирээрэй гэж хэлээд 10 гаруй тооны адуу байгаа газарт буулгачхаад явчихсан. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа байх, цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна, Хосбаяр намайг гэрийнхээ ойролцоох Ташгаа гэх нэртэй газарт дуудсан. Би орой очсон бөгөөд Хосбаяр цөөхөн тооны биш нэлээн олон тооны адуу туугаад ирчихсэн байсан. Үүнийг аваад яв гэж хэлсэн. Би тухайн адуунуудыг туугаад уулын бэлд шахаж байгаад халтар даагатай гүүг барьж аваад бусад адууг нь тэнд үлдээчхээд явсан  юм. Би олон тооны адуу авах юм бол баригдаж хэрэгт орно гэж бодоод тэр газарт нь үлдээгээд орхичихсон юм. Түүний дараагаар би энэ талаар Хосбаярт хэлэх гэхэд гар утас нь холбогдоогүй юм. Тэгээд сүүлд би Малчин сумын нутагт байрлах Гурмасны гол гэх нэртэй газарт Хосбаяртай уулзаад би нөгөө адуунаас чинь 2 тооны адуу аваад бусдыг нь үлдээсэн шүү, хүнд зарсан, мөнгийг нь өгөөгүй байна гэж хэлсэн. Би харанхуй байсан болохоор Хосбаярын унаж явсан морины зүсийг хараагүй. Тухайн адууг туухдаа би Мустанг-5 загварын улсын дугааргүй, шар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийг ашигласан. Уг мотоцикль миний өөрийн эзэмшлийн мотоцикль юм ” гэх мэдүүлэг/1 дэх хавтаст хэргийн 228-229 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Хыг бусдын 2 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлсан, шүүгдэгч Д.Х, Б.Т нарыг бусдын 18 тооны адуу буюу олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн  үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Увс аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2135000000176 дугаар прокурорын тогтоолоор шүүгдэгч Д.Хын хохирогч Г.Цийн 2 тооны үхэр хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан /олон тооны мал хулгайлсан/-аар,

мөн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2135001440188 дугаар прокурорын тогтоолоор шүүгдэгч Д.Х, Г.Тойрог нарын бүлэглэн, мотоцикль ашиглан хохирогч Р.Цэдэн, Ц.С нарын нийт 18 тооны адуу хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан.

Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч Д.Хын бусдын мал хулгайлсан 2 удаагийн үйлдэл тус бүрд нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байх ба шүүхээс түүний үйлдлийг нэгтгэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь зөв боловч ийнхүү шүүгдэгчийн хэд хэдэн үйлдлийг хүнд гэмт хэрэгт нь нэгтгэн /багтаан/ зүйлчлэх болсон хуульзүйн үндэслэлээ дүгнээгүй, Эрүүгийн хуулийн нэг зүйлийн өөр өөр хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчлөхгүй орхигдуулсан байна.

Шүүгдэгч Д.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан Мал хулгайлах гэмт хэргийг 2 удаагийн үйлдлээр, өөр өөр цаг хугацаа, орон зайд үйлдсэн нь тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа боловч гэмт үйлдлүүд нь нэг төрлийн гэмт хэргийн шинжид хамаарч байх тул үйлдэл тус бүрийг тус тусад нь зүйлчлэхгүйгээр тухайн нэг төрлийн гэмт хэргийн аль хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр нь зүйлчилж, шүүгдэгчид тухайн зүйл хэсэгт   зааснаар нэг удаа ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй болно.

Иймд прокуророос шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэг болгон өөрчилж, шийтгэх тогтоолд нэмэлт оруулж шийдвэрлэв.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “ давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах”-аар заасан хэмжээ, хязгаарын хүрээнд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Х хохирогч Г.Цийн 2 тооны үхэр хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн, 7 настай хээр морийг уналга болгон  ашигласан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалт нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналгыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөгдөөгүй тохиолдолд түүнийг нөхөн төлөхөд зарцуулахаар заасан нарийвчилсан зохицуулалт байх тул шүүгдэгч Д.Хын уналга болгон ашигласан морийг хурааж улсын төсөвт шилжүүлэх үндэслэлгүй гэж дүгнэн, морь битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосон буюу морийг хурааж улсын орлогод оруулахгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.   

 Эрүүгийн хуулийн ерөнхий 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ“ гэж  заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:   гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт : гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж,

мөн зүйлийн 4-т: ..гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ....зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байгаа тохиолдолд түүнийг хураан авч, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж,

мөн зүйлийн 3-т: Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар бол гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод хамаарах тул гэм буруутай этгээдээс албадан гаргуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын орлогод оруулахаар хуульчилсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтыг буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шүүгдэгч Д.Хын хохирогч Г.Цийн 2 тооны үхэр хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 7 настай, хээр морийг хурааж улсын орлогод оруулахаар, шийтгэх тогтоолын 7 дугаар заалтыг хүчингүй болгохоор тус тус шийтгэх тогтоолд  өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.

6. Шүүгдэгч Д.Х давж заалдах шатны шүүхэд: “..Би хөдөө мал маллаж амьдардаг ба ар гэрийн амьдрал ахуйгаа авч явдаг юм. Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн хүн нь Юнителийн сүлжээтэй, интернэттэй газар байх шаардлагатай. Гэтэл манай гэрийн өвөлжөө, хаваржаа зуслангийн буйрт юнителийн сүлжээ барьдаггүй бөгөөд би зайлшгүй сумын төвд байх шаардлагатай болж байна. Манайд надаас өөр мал маллах хүн байхгүй ба өндөр настай ээж маань манайхтай цуг байдаг. Миний энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл, хэсгээр надад оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Х, Б.Т нарт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар ял шийтгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэдгээрийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг ялгамжтай оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруу, тухайлбал шүүгдэгч Д.Х 2 удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байдал зэрэгт тохирсон байна.

Шүүгдэгч нар мал хулгайлах гэмт хэргийг 2020 оны 11 дүгээр сард тус тус үйлдсэн нь тогтоогдсон, тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус өршөөлд хамааруулж,  зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон нь Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасантай нийцсэн байна.   

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Х-т оногдуулсан  ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний ял хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Х, Б.Т нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон 58 / тавин найм/ хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт:  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Тайж овогт Даваасамбуугийн Хосбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэг болгон өөрчилсүгэй гэсэн нэмэлт,

-шийтгэх тогтоолын 5 дугаар заалтад: Шүүгдэгч Д.Хын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан хээр зүсмийн 7 настай, 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий морийг хурааж гэсэн нэмэлт тус тус оруулж, шийтгэх тогтоолын 7 дугаар заалтыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Хын ял хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Х, Б.Т нарын  2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон 58 / тавин найм/ хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

                                                                        Л.АЛТАН