Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0313

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Си ******* ******* *******” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

            Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн “Си ******* ******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийн эзэмшлийн МҮ-017341 дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү*******, Б.У*******, иргэдийн төлөөлөгч Ү.Н******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батболд, Б.Н*******, Д.Ч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “ Тустай зөвшөөрлийг цуцалж. газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” 609 тоот захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж,. түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, мөн хуулийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн байдаг. Нийслэлийн Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргах ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоно”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан “энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан заалтууд, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-27.7-д заасан “сонсох ажиллагаа явуулах” талаарх заалтууд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан “Аймаг, Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд үүнд тусгай зөвшөөрөл цуцлах болсон үндэслэлийг заана" гэсэн заалтуудыг огт хэрэгжүүлээгүй, хууль ёсны эрх, ашиг нь хөндөгдсөн этгээдүүдийн санал, дүгнэлтийг аваагүй, сонсгох ажиллагааг явуулалгүй дээрх А/609 тоот захирамжийг шууд гаргаж, нэхэмжлэгч нэр бүхий 26 компанийн “ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл”-ийг хүчингүй болгож, үйл ажиллагааг нь шууд зогсоосныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1-д заасан захиргааны акт гэж үзэж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37.1.3-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын А/609 тоот захирамжийн заалтад, чухам ямар нэртэй компани нь хэзээнээс хэзээ хүртэлх хугацаанд байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй болох тухай нутгийн захиргааны ямар байгууллагаас гаргасан саналыг харгалзан байгаль орчны ямар байгууллага дүгнэлт гаргасныг үндэслэсэн  талаараа огт дурдаагүй, ямар ч нотлох баримтад үндэслэлгүй захирамжилсныг хууль бус гэж үзэж байна.

Түүнчлэн, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1.5-д хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон бол газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгохоор хуульчилсан байх бөгөөд энэхүү нөхцөл байдал бий болсон нь ямар байгууллагын хэзээний дүгнэлтээр тогтоогдсон нь тодорхойгүй, мөн л ямар ч нотлох баримтад үндэслэлгүй захирамжилсныг хууль бус гэж үзэж байна. Уг хуулийн 21 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” бол газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгохоор хуульчилсан хэдий ч ... Си ******* ******* ******* ХХК-иудын хувьд газрын хэвлийг ашиглаж эхлээгүйг шалгаж нотолсон талаар аливаа нэгэн байгууллагын дүгнэлт, нотлох баримт байхгүй, А/609 тоот захирамжид энэ талаар огт тусгаагүй тул мөн уг захирамжийг хууль бус захиргааны акт гэж үзнэ.

Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны тогтоолыг үндэслэж А/609 тоот захирамжийг гаргасан байх бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ийм тогтоол гарсныг нэхэмжлэгч нэр бүхий бидний 26 компанид огт мэдэгдээгүй, манай компаниудын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ийм тогтоол гарах гэж байгаа талаар ч огт мэдэгдээгүй, хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, бид Нийслэлийн Засаг даргын А/609 тоот захирамж гарч, тусгай зөвшөөрлийг маань хүчингүй болгосныг дам сургаар сонсож мэдэхдээ л энэхүү 50 дугаар тогтоол гэгчийг олж мэдсэн.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний акт болохын нь хувьд Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т зааснаар Хууль зүйн яаманд хүргүүлж улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж. “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д бүртгэснээр хуулийн хүчин төгөлдөр болох ёстой бөгөөд бидний саяхан олж мэдсэнээр 50 тоот тогтоолыг Хууль зүйн яамны улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т зааснаар тухайн захиргааны хэм хэмжээний акт буюу 50 дугаар тогтоол нь эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй, хүчин төгөлдөр болоогүй байх тул түүнд үндэслэ гаргасан. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 тоот захирамжийг хууль бус гэж үзэж байна” гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны Нийслэлийн Засаг даргын А609 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтад заасан “Си ******* ******* *******” ХХК-нд холбогдуулан гаргасныг хэд хэдэн үндэслэлээр зөвшөөрөхгүй байна гэж шүүхэд хандаж байгаа. Си ******* ******* *******” ХХК-ийн зүгээс 2013 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг авсан. Тусгай зөвшөөрлийн авснаас хойш техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад 2015 онд холбогдох газраар батлуулж дууссан. *******э үед эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас болоод үйл ажиллагаа явуулаагүй. Техник эдийн засгийн үндэслэл боловсруулж холбогдох газраар батлуулсан үйл ажиллагаа нь газрын эрхийг ашиглаж эхлээгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэдэг үндэслэлд 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А609 дугаартай захирамж гарсныг 2017 оны 10 дугаар сард мэдсэн. Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас огт хийгээгүй байна гэж үздэг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд оролцогчийн эрхэд сонсох ажиллагаа хийх гэж тусгай зарчим үйлчилж байгаа. “Си ******* ******* *******” ХХК-д оролцогч компанид тайлбар тусгай саналыг огт дурдаагүй тул захирамжийн холбогдох хэсэг хүчингүй болох ёстой. Газрын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд өөрт нь эдэлбэр олгогдсон тухай актыг үндэслэн ашигт малтмалыг олборлоход зориулагдан газрын эрхийг олгоно гэж заасан байгаа.

Манай компанийн зүгээс техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад холбогдох газраас зөвшөөрөл авсан. Иймд уурхайн эдэлбэр олгосон актыг ашигт малтмалын газраас тухайн үед өгдөг байсан. Тухайн үед тусгай зөвшөөрлийг өгөөгүй. Хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрлийг олгосноороо уурхайн эдэлбэр газрыг олгосон актыг олгосон гэж тайлбарладаг. Гэтэл энэ нь хууль дээр өөрөөр ойлгогдож байгаа. Уурхайн эдэлбэр олгосон актыг үндэслээд ашигт малтмалыг олгоход зориулан газрын эрхийг олгоно гэж заасан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг авснаас хойш газрын хэвлийг өнөөдрийг хүртэл аваагүй байгаа гэж маргаж байгаа. Ашигт малтмал, газрын тосны газрын болон Нийслэлийн байгал орчны газраас тухайн актаар газрыг хүлээлгэж өгсөн эсэх талаар баримтыг гаргаж өгөөч ээ гэхэд Ашигт малтмалын газраас актаар хүлээлгэж өгсөн баримт байхгүй гэж хэлдэг. Нийслэлийн байгал орчны газраас бид нар ийм акт гаргаж өгөхгүй гэсэн хариу өгсөн. Өнөөдрийг хүртэл уурхайн эдэлбэр болсон актаар бол газраа хүлээж аваагүй гэж үзэж байгаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 онд хийсэн шалгалтаар үйл ажиллагаа үйл ажиллагаа явуулаагүй талаар тогтоосон гэж хэлээд байгаа. Гэтэл энэ шалгалтаар “Си ******* ******* *******” ХХК-ийн үйл ажиллагаанд баримтаар тухайн газарт ямар нэгэн шалгалт хийсэн зүйл огт байхгүй. *******э нь баримтаар тогтоогддог. “Си ******* ******* *******” ХХК-ийн маргаан тусгаарлагдахаас өмнө 44 компани асуудал явж байхад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 4 сард хийсэн шалгалтын материал, газар дээр хийсэн тэмдэглэлийг гаргуулахаар хүсэлт гаргасан. “Си ******* ******* *******” ХХК-ийн тусгай зөвшөөрөл, үйл ажиллагаатай танилцсан тэмдэглэл байхгүй байсан. Шалгалт гэдэг зүйлээр “Си ******* ******* *******” ХХК үйл ажиллагаа явуулаагүй, газар дээр ямар нэгэн олборлолт явуулаагүй гэдэг талаар нотлох баримт байхгүй. *******э үндэслэлээр газрыг ашиглаж эхлээгүй гэж дүгнэж байгаа нь буруу, өрөөсгөл байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг зааснаар дүгнэлт тэмдэглэлээ заавал үйлдэнэ гэж байгаа. Тухайн актыг шалгах болсон шалтгаан нөхцөл байдал гэдэг нь үгүйсгэгдэж байгаа. Иймд А609 дугаартай захирамжийн “Си ******* ******* *******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг дарга Газрын хэвлийн тухай хуулийн 7.2.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тус компани газар хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон байгаа. 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй гэдэг үндэслэлээр газрын гэрчилгээг цуцалсан. Уурхайн эдэлбэр гэдгийг Ашигт малтмалын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт зааснаар зохицуулсан байдаг. Үүнээс харахад газрын хэвлийг ашиглах эрх үүсэж байгаа. Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслэж уг захирамжийг гаргасан байгаа.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мэдэгдэх сонсон ажиллагаа хийгдээгүй гэж байна. Мэдэгдэх сонсох ажиллагааг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас тухайн захирамж гарсан өдөр Улаанбаатар.мн цахим сайтад байршуулж, хэвлэлийн бага хурал хийж мэдэгдсэн. Нийслэлийн байгал орчныг газраас холбогдох байгууллагууд руу албан тоот явуулсан. Си ******* ******* ******* ХХК уг албан тоотыг хүлээж аваагүй гэдэг талаар сайн мэдэхгүй байна. Уурхайн эдэлбэрийг актаар хүлээж аваагүй гэж хэлээд байна. Үнэхээр актыг хүлээж авах юм бол нэхэмжлэгч өөрсдөө актаар хүлээж авах талаар хүсэлт гаргасан бол манай байгууллагаас актаар гаргаж өгдөг. Үнэхээр уг байгууллага актаар авах байсан бол манай байгууллагад акт авахаар хүсэлт гаргаж өгөх байсан. Мэргэжлийн хяналтын газар хяналт хийгээд тэмдэглэл үйлдээгүй гэж хэлээд байна. Шалгалтаар тухайн газар 3 жил ашиглаагүй байсан. Тусгайлан мэргэжлийн байгууллагаас тусгайлан акт гаргах боломжгүй байсан. Акт гаргах албан шаардлага тэмдэглэлийг нөхөн сэргээлт хийгээгүй гэх үед гаргаж байгаа. Эдний компани илэрхий байдлаар газрын хэвлийг 3 жилийн хугацаанд хөндөгдөөгүй байсан учраас тусгайлан тэмдэглэл гаргаагүй гэж үзэж байгаа. Тиймээс холбогдох хяналт шалгалт хийсэн мэргэжлийн хяналт Нийслэлийн байгал орчны газраас ирүүлсэн аж ахуй нэгж байгууллагуудын холбогдох тус бүрд хийсэн дүгнэлтийн дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна.” гэв.

Иргэдийн төлөөлөгч Ү.Н******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хоёр талаас актын талаар санал нийлэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.” гэв.

                                    ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “Си ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараахь хууль зүйн үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Си ******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батболд, Б.Н*******, Д.Ч нар тус шүүхэд хандаж “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн “Си ******* ******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийн эзэмшлийн МҮ-017341 дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах”  нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ “...сонсох ажиллагааг явуулаагүй,...эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй..., уурхайн эдэлбэр газрыг хүлээлгэн өгсөн акт гараагүй тул газрыг хүлээж авсан гэж үзэхгүй,...газрыг ашиглаж эхлээгүй гэж дүгнэх үндэслэлгүй...” гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Газрын хэвлийн тухай хуулийн 7.2.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн,...3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон...” гэж тайлбарлан маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Си ******* ******* *******” ХХК-д Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн “Шандан толгой” нэртэй газарт орших 55.49 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч МV-017341 дугаар бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2043 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон, тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрөө 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төлснөөр тусгай зөвшөөрлийн хугацааг мөн оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл сунгасан,

Түүнчлэн нэхэмжлэгч 2012 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх “Н ” ХХК-иар Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутагт орших “Шандан толгойн уулын дайрга олборлох төсөл”-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг гаргуулсан,

2015 онд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт орших “Шавдан толгой” барилгын чулууны ордыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий “Жи Эм ******* Юу” ХХК-иар хийлгэж, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Эрдэс баялаг, мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд танилцуулсан,

Мөн 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гарч, Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Техник эдийн засгийн үндэслэл хүлээн авах тухай” т/58 дугаар тушаалаар “Си ******* ******* *******” ХХК-ийн “Барилгын чулууны ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл”-ийг хүлээн авсан нь тогтоогдсон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.

Түүнчлэн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх тухай" 2017/16 дугаар удирдамжийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн байгаль орчны газар хамтарч Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын хэвлийн тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиуд, “Байгаль орны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам” болон бусад норм, стандартын хэрэгжилтийг шалгаж, хууль журам зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах зорилгоор хамтарсан хяналт, шалгалтыг хийж гүйцэтгэсэн, 

Уг хамтарсан ажлын хэсгийн, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2017/16 дугаар бүхий “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын тухай” танилцуулгад ...Газрын хэвлийн тухай хуулийн 21.2.1 дэх хэсэгт газрын хэвлийг ашиглах эрх олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй 34 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг мөн хуулийн 21.5-д...хүчингүй болгох замаар дуусгавар болгохоор заасны дагуу шийдвэрлүүлэх...санал хүргүүлснийг дурдаад, “Арван нэг” дэх хэсгийн Цаашид авах арга хэмжээний саналд “Нийслэл...-ийн засаг даргад Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д зааснаар ...хяналт тавих ажлыг зохион байгуулж гарсан зөрчлийг таслан зогсоох...бүрэн эрхийг хэрэгжүүлэх...”-ийг чиглэл болгосон байна.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01/176 дугаар албан бичгээр Нийслэлийн Байгаль орчны газарт...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу зөрчилтэй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлсэн байх ба Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дүгээр “Тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтээр Нийслэлийн Засаг даргад хандаж “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” 33 тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлсний дотор нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл багтжээ. 

Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаагүй” гэх үндэслэлээр нийт 33 аж ахуй нэгжид олгосон тусгай зөвшөөрлийг цуцалсан, уг захирамжийн хавсралтад зааснаар Си ******* ******* ******* ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын М\/-017341 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл доор дурдсан тохиолдолд дуусгавар болно” гэж, 35.1.3-т “аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан бол” гэж,  мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална”, 37.1.3-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан” гэж, мөн Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ” гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “газрын хэвлий ашиглах эрхийг дор дурдсан тохиолдолд бүрэн буюу хэсэгчлэн дуусгавар болгоно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хэрэв газрын хэвлийг ашиглагч нь дор дурдсан зөрчил гаргавал газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болно” гэж, уг 2 дахь хэсгийн 1-д “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй үндэслэлээ “төрийн захиргааны байгууллагуудаас холбогдох баримт бичгүүдээ авч дүгнэлт гаргуулж байсан, газрын хэвлийг акт үйлдэн хүлээлгэн өгөөгүй, газрын хэвлийг хүлээж аваагүй байгаа тул 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй гэж үзэхгүй” гэж тайлбарлан маргасан ба шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч компани нь уг тусгай зөвшөөрөл бүхий уурхайн талбайд ямар нэгэн үйл ажиллагаа эхлүүлээгүй байгаа болох нь тогтоогдсон болно.

Дээр дурдсан хуулийн заалтууд болон үйл баримтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Нийслэлийн Засаг даргад хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд нийцүүлэн сонгох боломжийг зөв хэрэглэсэн байх ба нэхэмжлэгч  “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” нь эрх бүхий байгууллагуудаас явуулсан хяналт шалгалтын явцад тогтоогдсон, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн эзэмшлийн МҮ-017341 дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2013 онд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг авснаас хойш 3 жилийн дотор газрын хэвлийг зориулалтын дагуу ашиглаж эхлэх үүрэгтэй байсан, энэ үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тул тусгай зөвшөөрлийг цуцалж газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон нь зөв бөгөөд нэхэмжлэгчээс явуулж байсан үйл ажиллагаанууд, тухайлбал төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулах болон тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх зэрэг үйлдлүүдийг газрын хэвлийг ашиглаж буй хэлбэр гэж үзэхгүй.

Нөгөө талаар Газрын хэвлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Уурхайн эдэлбэр олгосон тухай актыг үндэслэн ашигт малтмалыг олборлоход зориулан газрын хэвлийг олгоно” гэж заасан, нэхэмжлэгч “...акт гаргаж олгоогүй тул газрын хэвлийг олгосон гэж үзэхгүй” гэж маргаж байх боловч нэхэмжлэгчид 2013 онд Ашигт малтмалын газраас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч тодорхой солбицол тогтоож өгсөн, энэ дагуу нэхэмжлэгч нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн, газрын хэвлийг ашиглахаас бусад эрх үүргээ хэрэгжүүлж ирсэн зэргээс үзвэл  газрын хэвлийг хүлээж аваагүй гэх үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар хуульд нийцэхгүй байна.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар албан шаардлага, тэмдэглэл заавал үйлдэх ёстой, шалгалт явуулах шалтгаан үүсээгүй байсан...” гэж тайлбарласан хэдий ч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн байгаль орчны газрын хамтарсан хяналт шалгалтын үйл ажиллагаа, эдгээр захиргааны байгууллагуудаас гаргасан дүгнэлт, шийдвэрийн талаар нэхэмжлэгч тусгайлан маргаагүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар дээр дурдсан захиргааны байгууллагуудын хяналт шалгалт явуулсан үйл ажиллагаа, шийдвэр нь бие даасан захиргааны акт бөгөөд нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй болно.

Харин хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 27, 43 дугаар зүйлд заасан “сонсох”, “мэдэгдэх” ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй нь тогтоогдсон, хариуцагчаас “...маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдээллийг хүргэсэн”  талаар баримт ирүүлээгүй боловч энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “...нэхэмжлэлийн  шаардлагыг дэмжиж байна” гэсэн дүгнэлт гаргасан боловч шүүх дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр уг дүгнэлтийг хүлээж аваагүй болно.

Иймд “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн “Си ******* ******* *******” ХХК-д холбогдох хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй, бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн үндэслэл бүхий захиргааны акт байх бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүх нэгэнт “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн “Си ******* ******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн тул тус компанийн ашигт малтмал ашиглалтын М\/-017341 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 1, 106.3. 106.3.14-д заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.  Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан “Си ******* ******* *******“ ХХК-ийн гаргасан, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн “Си ******* ******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийн эзэмшлийн МҮ-017341 дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах”  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ДУЛАМСҮРЭН

               ШҮҮГЧ                      Н.ДАМДИНСҮРЭН

                     ШҮҮГЧ                       О.ОЮУНГЭРЭЛ