Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2024/00427

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 17

101/ШШ2024/00427

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ***,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *** нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* нь *******, ******* нартай 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд 10 хоногийн хугацаатай зээл чөлөөлөх зорилгоор өдрийн 1 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс эхлэн ******* нь 3,000,000 төгрөгийг дангаараа авсан гэж байгаа тул ийнхүү нэхэмжлэлээ зөвхөн *******т холбогдуулан өөрчилж байна. ******* нь дээрх 3,000,000 төгрөгийн зээлээс үндсэн төлбөрийг огт төлөөгүй, харилцан тохиролцож гэрээг сунгаж явсаар байгаад 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж дээрх зээл, зээлийн хүүгийн төлбөрт 12,000,000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр харилцан тохиролцсон. ******* миний бие *******, ******* нартай нийтдээ 5 удаа зээлийн гэрээ байгуулж, зээл өгч байсан Үүнд: 2019 оны 9 дүгээр сарын 09-нд 3,000,000 төгрөг зээлдүүлж 6,740,000 төгрөг болгож авсан, 2019 оны 10 дугаар сарын 01-нд 500,000 төгрөг зээлдүүлж 550,000 төгрөг болгож авсан, 2019 оны 10 дугаар сарын 04-нд 2,000,000 төгрөг зээлж 4,800,000 төгрөг болгож авсан, /4,150,000+10 дугаар сарын 08-ны 60,000+2021 оны 3 дугаар сарын 10-ны нүүрний ком 590,000/, 2019 оны 10 дугаар сарын 08-нд 3,000,000 төгрөг зээлж одоо шүүхэд өгсөн байгаа. 2019 оны 10 дугаар сарын 25-нд 300,000 төгрөг зээлж 500,000 төгрөг болгож авсан.

Одоогийн маргаж байгаа 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3,000,000 төгрөгийн зээлийг дараах байдлаар тооцсон. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 10 хоног өдрийн 1 % хүүтэй /хүү 300,000 төгрөг/, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 10 хоног өдрийн 1 % хүүтэй /хүү 300,000 төгрөг/, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дугаар сарын 28 /30 хоног/ өдрийн 1% хүүтэй /хүү 900,000 төгрөг/, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 28 /30 хоног/ өдрийн 1 % хүүтэй /хүү 900,000 төгрөг/, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр /2 сар/ сарын 20% хүүтэй /хүү 1,200,000 төгрөг/, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл /5 сар/ сарын 20% хүүтэй / хүү 3,000,000 төгрөг/, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 28-ны хүртэл /5 сар/ сарын 20 % хүүтэй /хүү 3,000,000 төг/ гэж сунгаж байсан. Нийт хүү 9,600,000 төгрөг болсоноос 2019 оны 10 дугаар сарын 18-нд хүүнд 650,000 төгрөг төлсөн, үлдэгдэл хүү 9,000,000 төгрөг болсон. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж дээрх зээл, зээлийн хүүгийн төлбөрт 12,000,000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр талөхөөр харилцан тохиролцсон. Гэвч ийнхүү нэмэлт хугацаа тогтоосон ч ******* нь одоог хүртэл нэг ч төгрөг эргэн төлөөгүй тул зээл, зээлийн хүүгийн төлбөр 12,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг гаргуулж авах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Учир нь өнгөрсөн хугацаанд хаа сайгүй л эдийн засгийн байдал хүнд, өвчин цар тахал, хөл хориотой байсан тул ийнхүү багасгаж байна. Энэхүү 8,000,000 төгрөгийн 3,000,000 төгрөг нь үндсэн төлбөр, зээлийн хүүг нийтдээ 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 14 сар 20 хоног хугацаанд сарын 7 хувийн хүү тооцож 14 сард 2,940,000 төгрөг 20 хоногт 140,000 төгрөг, нийт хүүг 3,080,000 төгрөгөөр тооцож үүнээс төлсөн 650,000 төгрөгийг хасч 2,430,000 төгрөгийг хүү тооцож, мөн төлбөр барагдуулах гэрээнд заасан зээлийн хүүгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээнд заасан алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 5,430,000 төгрөгөөс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул 2,715,000 төгрөгийн алданги, нийтдээ үндсэн эээл 3,000,000+ хүү 2,430,000 + алданги 2,715,000 төгрөг, нийт 8,145,000 төгрөг болж байна. Үүнээс би өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дүн 8,000,000 төгрөгт тааруулан үндсэн зээл 3,000,000 төгрөг дээр хүү алдангид 5,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна.

Иймд хариуцагч *******ээс төлбөр барагдуулах гэрээний үүрэг 8,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд зээлийн хүүгийн хэмжээг 7 хувиар тооцсоныг 5 хувиар тооцон, үндсэн зээлийн 3,000,000 төгрөг, хүү 1,550,000 төгрөг, алдангийг 50 хувиар тооцон 2,275,000 төгрөг, нийт 6,825,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, *******т холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

2. Хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* *******аас 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, нийт 8,800,000 төгрөгийг зээлсэн, нийт 45 хоног. Үүнээс буцааж 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 6,740,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 550,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 4,800,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 650,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, нийт 13,240,000 төгрөгийг төлсөн. Иймээс Төлбөр барагдуулах гэрээ-ний үүрэг 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг үндэслэлгүй бөгөөд төлөх боломжгүй байна. Өнөөдөр Монгол Улсад хүү, алданги банк болон банк бус санхүүгийн байгууллагын гэрээний дагуу хүү, алданги бодох байх, бас тусгай татвар төлдөг байгууллагууд тооцон төлөх ёстой байх гэж бодож байна. ******* би 2019 оны 11 дүгээр сараас хүндээр өвдөж, ходоодны хорт хавдар гэсэн оношоор 2022 оны 12 дугаар сард хагалгаанд орж, ходоодны 60 хувь авахуулсан, хорт хавдар минь цааш нэмэгдэж, одоо дахин хагалгаанд орох болоод байгаа, хөдөлмөрийн чадварыг бүрэн алдсан. Иймээс одоо дахин мөнгө төлөх боломжгүй. Би иргэн *******аас 2019 оны 9 дүгээр сарын 09-нөөс 10 дугаар сарын 28-ны хооронд авсан 8,800,000 төгрөгийг 45 хоногийн дотор 13,240,000 төгрөг болгон 85 хувь өсгөн өгсөн, тиймээс одоо нэхэмжилж байгаа 8,000,000 төгрөг төлөх боломжгүй байна. Ер нь хүний санхүүгийн хэрэгцээ гарсан үед өндөр хувийн хүүтэй мөнгө зээлж, буцаан маш богино хугацаанд авч, санхүүгийн дарамтанд оруулж, өрөнд оруулж байна. Үүнээс болж маш их өрөнд орж өвчин хүртэл туссан, өмнө анхан шатны шүүх шийдэхдээ 1,760,000 төгрөгийг хангасан, тэрийг төлж болно гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэл, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээ, *******ын ******* тоот дансны хуулга, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2022/03620 дугаартай шийдвэр, 2019 оны 10 дугаар сарын 07, 08-ны өдрийн хүсэлт, мөн өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлт, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Тооцоо нийлсэн гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хүсэлт, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлт, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Тооцоо нийлсэн гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 01, 10 дугаар сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээ, Зээлийн гэрээний сунгалт, өөрчлөлт, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт сунгалт, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хүсэлт, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Тооцоо нийлсэн гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Бараа гэх баримт, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

Хариуцагч *******ийн хариу тайлбар, хариуцагч *******ийн хариу тайлбар, түүний итгэмжлэлийг тус тус шүүхэд ирүүлж, өөр бичгийн баримт ирүүлээгүй байна.

 

4. Зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн баримт: Хаан банкны 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 26/5656 дугаартай албан бичиг, *******ийн ******* тоот дансны хуулгыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч *******т холбогдох шаардлагаасаа татгалзсан тул татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

1б. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилж, зээлийн хүүгийн хэмжээг сарын 7 хувь болгож, үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү 2,430,000 төгрөг, алданги 2,715,000 төгрөг, нийт 8,145,000 төгрөг болгосныг өмнө гаргасан нэхэмжлэлийн дагуу тэгшитгэн 8,000,000 төгрөгийг гаргуулахаар тодруулсан, харин шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн хүүгийн хэмжээг сарын 5 хувь болгож, үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү 1,550,000 төгрөг, алданги 2,275,000 төгрөг, нийт 6,825,000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулахаар багасгасан.

 

2. Хариуцагч ******* нь зээл авсаны хувьд маргаагүй, тэрээр 2019 онд нэхэмжлэгчээс 5 удаагийн зээлээр 8,800,000 төгрөг авч, 13,240,000 төгрөг болгон буцаан төлсөн, одоо миний хувьд биеийн эрүүл мэнд тааруу байгаа, зээлийг төлөх боломжгүй, мөн үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй гэж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнө нь шүүх шийдсэн 1,760,000 төгрөгийг төлж, бусад шаардлагын хувьд хариуцагчийн гаргасан тайлбарыг дэмжиж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт маргаж байна.

 

3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* болон ******* нартай 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 08-ний 3,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-ний өдөр 300,000 төгрөг, нийт 8,800,000 төгрөгийг зээлж, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээнээс бусад 4 зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон болох нь зохигчийн тайлбар, Тооцоо нийлсэн гэрээ-нүүд зэргээр тогтоогдож байна.

 

4б. Нэхэмжлэгч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр *******, ******* нартай ЗГ201914 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаатай, хоногийн 1 хувийн хүүтэй, зээлийг *******ийн охин *******ийн ******* тоот дансаар шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Дээрх гэрээнд заасны дагуу ******* нь өөрийн Хаан банкны ******* тоот данснаас *******ийн охин *******ийн Хаан банкны ******* тоот дансанд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөг болон 500,000 төгрөгийн 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудаар тогтоогдож байна.

 

Охин *******ийн ******* тоот данснаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр урнаа хүү гэсэн утгаар хүүд 650,000 төгрөг төлсөн талаар зохигч маргадаггүй.

 

4в. Зээлийн гэрээний хугацааг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 10 хоногоор, 10 дугаар сарын 28-ны өдөр 1 сараар, 11 дүгээр сарын 28-ны өдөр 30 хоногоор, 12 дугаар сарын 28-ны өдөр 2 сараар, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 5 сараар, 7 дугаар сарын 28-ны өдөр 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 5 сараар тус тус сунгасан болох нь зохигчийн тайлбар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ2019/14 дугаартай Зээлийн гэрээ-ний арын нүүрэнд байх гэрээний сунгалтаар тогтоогдож байна.

 

Зохигч 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тооцоо нийлж, улмаар мөн өдрөө Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр Төлбөр төлөгч нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ201914 тоот гэрээний зээл, хүүгийн төлбөрт нийт 12,000,000 төгрөгийг хариуцан төлөхийг зөвшөөрч, энэхүү гэрээг байгуулав, ... 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчилэн болон бүхлээр төлнө гэж тохиролцжээ.

 

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул хүү тооцох эрхтэй юм.

 

Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 1 өдрийн хүүг 1 хувиар тооцон гэрээ байгуулсаныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүгийн хэмжээгээ сарын 7 хувь болгосон ба шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэн тэрээр зээлийн хүүгийн хэмжээг сарын 5 хувь болгон бууруулсан нь энэхүү хуулийн зохицуулалтад нийцжээ.

 

5а. Ийнхүү нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хүүгийн хэмжээг сарын 5 хувиар тооцохоор багасгасан тул зээлийн гэрээ байгуулагдсан хугацаанаас хүүгийн хэмжээг сарын 5 хувиар тооцон эхний 10 хоногийн хүүд 50,000 төгрөг төлөх ёстой /1 өдрийн хүү 5000 төгрөг/ ба хүүд төлсөн гэх 650,000 төгрөгөөс 50,000 төгрөгийн хүүг хасвал талуудын эхний тохирсон хугацаанд үндсэн зээлд 600,000 төгрөгийг ******* нь төлсөн гэж үзэх үндэслэлтэй, үүнээс хойш төлөлт хийгдээгүй байна.

 

Үндсэн зээл 3,000,000-600,000=2,400,000 төгрөг ба үүнээс дараагийн гэрээ сунгагдсан хугацааны хүүг тооцвол нэг сарын хүү нь 120,000 төгрөг, хоногийн хүү нь 4,000 төгрөг байх ба зээлийн гэрээний сунгагдсан хугацаа болох 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 14 сар 10 хоногоор тооцвол 10 хоногийн хүү нь 40,000 төгрөг, 14 сарын хүү нь 1,680,000 төгрөг, нийт 1,720,000 төгрөгийг хүүд төлөх үндэслэлтэй байна.

 

5б. Зохигчийн хооронд байгуулсан ЗГ201914 дугаартай Зээлийн гэрээ-ний 2.6-д алдангийн хэмжээг 1 хувь гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэсэн зохицуулалтад нийцэхгүй, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ний агуулгаас үзвэл зээлийн хүүгийн төлбөрийг хэрхэн 12,000,000 төгрөг гэж тооцсон нь ойлгомжгүй, хүүгийн хэмжээ хэт өндөр зэргээр хуульд нийцэхгүй байх тул уг гэрээний дагуу алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

6. Хариуцагч ******* нь өөрийн охин *******ийн дансаар 3,000,000 төгрөгийг авч, өөрөө хэрэглэсний хувьд маргаагүй, энэ үндэслэлээр хамтран үүрэг гүйцэтгэгч *******ээс нэхэмжлэгч нь түүнд холбогдох шаардлагаас татгалзсан тул зээлийн гэрээний үүргийг *******т бүрэн хариуцуулах нь зүйтэй ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэсэн зохицуулалтад нийцнэ.

 

6а. Хариуцагч *******ийн нэхэмжлэгчээс 5 удаагийн зээлээр 8,800,000 төгрөг авч, 13,240,000 төгрөг болгон буцаан төлсөн гэх тайлбарын хувьд талууд бусад 4 зээлийн гэрээг тооцоо нийлэн дуусгавар болгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул нэхэмжлэгч энэхүү гэрээний үүргээ шаардаж буй нь үндэслэлтэй, мөн миний хувьд биеийн эрүүл мэнд тааруу байгаа, зээлийг төлөх боломжгүй, мөн үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, өөрийн тайлбар татгалзлыг Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Нөгөөтэйгүүр хариуцагчийн энэхүү тайлбартаа тусгасан шалтгаан нь хэн нэгэнтэй байгуулсан аливаа гэрээний үүргээс бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр үндсэн зээл 2,400,000 төгрөг, хүү 1,720,000 төгрөг, нийт 4,120,000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 80,871 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 4,120,000 /дөрвөн сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2,705,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч *******т холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 80,871 /наян мянга найман зуун далан нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ