| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2235000010031 |
| Дугаар | 2022/ДШМ/19 |
| Огноо | 2022-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2022/ДШМ/19
Ц.Г-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.Анхбаяр, шүүх хуралдааны бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.Г-д холбогдох, 2235000010031 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, .. Увс аймгийн .. суманд төрсөн, эрэгтэй.. настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн .. сумын .. баг, .. тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т заасан гэмт хэрэгт 1 /нэг жил хорих ял, мөн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 265.000 төгрөгөөр торгох ял, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 111 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т заасан гэмт хэрэгт 2 жил хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, Б овогт Ц-гийн Г.
1. Яллагдагч Ц.Г нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 03-01 тоот хашаанд 2021 оны 11 дүгээр сарын 28-нд хохирогч Э.А-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас яллагдагч Б ургийн овогт Ц-гийн Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлжээ.
3.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаартай, “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар:
-Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б овогт Ц-гийн Г-ад холбогдох, 2235000010031 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Увс аймгийн Прокурорын газарт буцааж,
-яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэсэн байна.
4.Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Ц.Г-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 09-нд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийлгэсэн толгойн тодосгогчгүй компьютер томограф шинжилгээ /хавтаст хэргийн 29 дэх тал/-д “Э.А-д гавал ясны зүүн талын хацар ясны нум дунд хэсгээр хугаралтай. Зүүн нүдний ухархайн дотор хана 2.1 см өргөн сууриар этмойд хөндий рүү 0.6 см гүн цөмөрсөн хуучин хугаралтай. Хамар яс хугаралтай. Хамрын таславч урд хэсгээр баруун тал руу мурийлттай” гэсэн онош тавигдсан байна.
Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 21-23 дахь тал/-ийн үзлэг ба шинжилгээ хэсэгт дээрх оношийг бичсэн боловч гавал ясны зүүн талын хацар ясны нум дунд хэсгээр хугарсан хугарал гэмтлийн талаар дүгнэлт хийгээгүй тул уг шинжээчийн дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш хийгдсэн гэж үзлээ.
Учир нь хохирогч Э.А-д толгойн тодосгогчгүй компьютер томограф шинжилгээ хийхэд гавал ясны зүүн талын хацар ясны нум дунд хэсгээр хугаралтай. Зүүн нүдний ухархайн дотор хана 2.1 см өргөн сууриар этмойд хөндий рүү 0.6 см гүн цөмөрсөн хуучин хугаралтай. Хамар яс хугаралтай. Хамрын таславч урд хэсгээр баруун тал руу мурийлттай" гэсэн онош тавигдсан байх бөгөөд уг онош зүүн нүдний ухархайн дотор хана 2.1 см өргөн, сууриар этмойд хөндий руу 0.6 см гүн цөмөрсөн хугарал нь хуучин гэмтэл болохыг тодорхой дурджээ. Гавал ясны зүүн талын хацар ясны нум дунд хэсгээр хугарал, хамар яс хугарал, хамрын таславч урд хэсгээр баруун тал руу мурийлт гэмтлүүдээс Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтэд хамар яс хугарал, хамрын таславч урд хэсгээр баруун тал руу мурийлт гэмтлүүдийг хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болохыг тогтоосон боловч гавал ясны зүүн талын хацар ясны нум дунд хэсгээр хугарал гэмтлийн талаар дүгнэлт хийхгүй орхигдуулсан нь шинжээчийн дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш хийгдсэн гэж үзэх үндэслэл болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана" гэж нэмэлт шинжилгээ хийлгэх журмыг тогтоосон бөгөөд шүүхэд нэмэлт шинжилгээ хийлгэх бүрэн эрхийг олгоогүй байна.
Хохирогчийн гавал ясны зүүн талын хацар ясны нум дунд хэсгээр хугарал гэмтэл хэзээ учирсан, гэмтлийн зэрэгт хамаарах, хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэхийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш болсон тохиолдолд шүүхэд нэмэлт шинжилгээ хийлгэхээр эрхийг олгоогүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж дүгнэв гэж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Одбаяр нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтийн: “Үзлэг ба шинжилгээ” хэсэгт “...Баруун зүүн хацрын нум орчимд тэмтрэхэд эмзэглэлгүй, хавангүй, зүүн талд үл ялиг хонхордуу тэмтрэгдэнэ. Биеийн бусад хэсэгт ил харагдах гэмтэлгүй байна гэж үзлэгийн үеийн явцыг бичсэн байна.
Мөн шинжээч эмч дүгнэлтдээ Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн толгойн тодосгогчгүй компьютер томограф шинжилгээний хариуг тусгаж дүгнэлт хэсгийн 7 дахь заалтад “...Э.А-гийн зүүн нүдний ухархайн дотор хана болон зүүн хацрын нум хуучин хугарч байсан байна” гэсэн дүгнэлтийг хийсэн байхад шүүгчийн захирамжид гавал ясны зүүн талын хацар ясны нум дунд хэсгээр хугарсан гэмтлийн талаар шинжээч эмч дүгнэлт хийгээгүй гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл шинжээч эмч нь компьютер томограф шинжилгээний хариу болон өөрийн биечлэн хийсэн үзлэгийн дүнд Э.А-д гавал ясны зүүн талын хацар ясны нум дунд хэсгээр хугаралтай. Зүүн нүдний ухархайн дотор хана 2.1 см өргөн сууриар этмойд хөндий рүү 0.6 см гүн цөмөрсөн хуучин хугарал гэмтлүүд илэрсэн талаар дүгнэлт хийсэн байхад нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийн 7 дахь заалтад “..зүүн хацрын нум хуучин хугарч байсан байна” гэж дүгнэлт хийсэн байна. Иймд хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна.
Иймд Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
5. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ : “Эсэргүүцлээ дэмжиж байна. Хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар шинжээчийн дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсэгт : “баруун зүүн хацрын нум орчимд тэмтэхэд эмзэглэлгүй, хавангүй, зүүн талд үл ялиг хонхордуу тэмтрэгдэнэ. Биеийн бусад хэсэгт ил харагдах гэмтэлгүй гэж дүгнэсэн байсан.
Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн томографик шинжилгээний хариуг үндэслэн шинжээчийн дүгнэлтийн 7 дугаар заалтад : “Э.А-гийн зүүн хацрын дотор хана болон зүүн хацрын нум хэсэг хуучин хугарч байсан байна” гэж бичсэн. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс хохирогчийн зүүн талын хацар ясны нум дунд хэсгийн хугарал гэмтлийн талаар дүгнэлт хийгээгүй гэдэг үндэслэлээр буцааж байгаа нь үндэслэлгүй юм.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн учир гэм буруугийн талаар мэтгэлцээн явагдаагүй. Анхан шатны шүүхэд прокурорын зүгээс гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх саналаа гаргасан. Хохирогчийн зүүн хацар дахь нум өмнө нь хугарсан хугарал болохыг шинжээч эмч үзлэгээрээ тогтоож, дүгнэлт гаргасан. Томографикийн хариугаар ясны хугарлыг хуучин шинэ гэдэг нь мэдэгддэггүй. Зөвхөн мэргэжлийн эмчийн үзлэгээр хуучин хугарал болох нь тогтоогдсон. Шинжээч эмчийн зүгээс энэ талаар дүгнэлт хийсэн учир хэргийг хүлээн аваад прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж эсэргүүцэл бичсэн” гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар шүүгчийн захирамжтай, 2135000010031 дугаартай, Ц.Г-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас яллагдагч Ц.Г-ыг 2021 оны 11 дүгээр сарын 28-нд Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэр 03-01тоот хашаанд хохирогч Э.А-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай саналтай шүүхэд ирүүлсэн байна.
3. Анхан шатны шүүх яллагдагч Ц.Г-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар, “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар Увс аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байх бөгөөд тус захирамжид : “ ...хохирогч Э.Агийн биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш хийгдсэн байна. Шинжээч хохирогчийн биед үүссэн гавал ясны зүүн талын хацар ясны нум дунд хэсгээр хугарал гэмтлийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь дүгнэлтийг бүрэн биш хийгдсэн гэж үзэх үндэслэл болно. Хуулиар шүүхэд нэмэлт шинжилгээ хийх эрхийг олгоогүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэж, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэл муутай болжээ.
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Г-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэх боломжтой гэж дүгнэлээ.
4.1.Хохирогч Э.А-гийн биед хохирол/ гэмтэл/ учирсан эсэх, гэмтлийн зэргийг тогтоолгох зорилгоор хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийх шинжээчийг томилсны дагуу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-23х/ гарсан байх ба шинжээч дүгнэлт гаргахдаа хохирогчийн биед хийсэн шинжээч эмчийн үзлэг, хохирогчийн амбулаториор эмчлүүлэгчийн карт, компьютер томографын шинжилгээ зэргийг үндэслэжээ.
Хохирогчийн биед хийсэн шинжээч эмчийн үзлэгээр : 2 нүдний эргэн тойронд болон хамар орчимд шар ногоон туяатай, 2 нүдний доод хэсэгт баруун, зүүн хацарт 1.5x1.2см бүдэг хүрэн өнгийн цус хуралттай, хамрын нуруугаар тэмтрэхэд бага зэрэг эмзэглэлтэй, хавангүй, хамрын нуруунд 1x0.2см, цохонд 1x0.2см цайвар боровтор өнгийн сорвитой. Хамрын 2 нүхээр харахад таславч баруун тал уруу мурийлттай харагдана. Баруун хөмсөгний дотно хэсэгт арьсан доор 0,6*0,7 см орчим хэмжээний хатуувтар тогтоцтой зүйл тэмтрэгдэнэ, хөдөлгөх үед бага зэрэг эмзэглэлтэй. Баруун, зүүн хацрын нум орчимд тэмтрэхэд эмзэглэлгүй, хавангүй, зүүн талд үл ялиг хонхордуу тэмтрэгдэнэ. Биеийн бусад хэсэгт ил харагдах гэмтэлгүй байна” гэж,
-2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гавал тархины тодосгогч бодисгүй компьютер томографын шинжилгээнд : .... гавал ясны зүүн талын хацар ясны нум дунд хэсгээр хугаралтай, зүүн нүдний ухархайн дотор хана 2.1 см өргөн сууриар этмойд хөндий рүү 0.6 см гүн цөмөрсөн хуучин хугаралтай. Хамар яс хугаралтай, хамрын таславч урд хэсгээр баруун тал уруу мурийлттай ..гэж,
-чих, хамар, хоолойн эмчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн үзлэг/ эмчлүүлэгчийн картаас/-ээр : Хамрын таславчийн мурийлт. Хамар ясны шинэ хугарал гэмтэл гэж тус тус оношилжээ.
Шинжээч эмч 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтдээ : Э.Агийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, 2 нүдний эргэн тойронд, баруун, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь үүсээд 7-10 орчим хоногийн хугацаа өнгөрсөн байх боломжтой. Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, 2 нүдний эргэн тойронд, баруун, зүүн хацарт цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Э.Агийн зүүн нүдний ухархайн дотор хана болон зүүн хацрын нум хуучин хугарч байсан байна “ гэж дүгнэсэн.
Шинжээч эмч дүгнэлтдээ хохирогчийн биед үүссэн гэмтлүүдийг тодорхой нэрлэн зааж, уг гэмтлүүд хэзээ, хэрхэн үүссэн байх боломжтойг, өөрөөр хэлбэл, хохирогчийн биед илэрсэн тухайн гэмтлүүд шинэ, хуучин аль нь болох, ямар хүчин зүйлийн үйлчлэл /ир үзүүртэй болон мохоо зүйл, зэвсгийн үйлчлэл гэх мэт .../ -ээр үүсгэгдэх боломжтой талаар тодорхой тусгасан байна.
4.2. Шинжээч дүгнэлт гаргахдаа хохирогчийн биед үүссэн гавал ясны зүүн талын хацар ясны нум дунд хэсгээр хугарал гэмтлийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 7дугаарт : Э.Агийн зүүн нүдний ухархайн дотор хана болон зүүн хацрын нум хуучин хугарч байсан байна” гэж бичсэн байх ба хохирогчийн биед хийсэн үзлэг, КТГ-ын шинжилгээгээр илэрсэн дээрх гэмтлүүдийг шинжээч эмч хуучин гэмтэл гэж дүгнэсэн байх тул уг гэмтлийн талаар дүгнэхгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлгүй.
Нөгөө талаар шинжээч гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан буюу хоног, өдөр, цаг минутаар тодорхойлох боломжгүй болох нь хэрэгт авагдсан, шинжээч эмч Н.О-ын : “ ....тухайн гэмтэл нь 14 хоногийн өмнө үүссэн байхыг үгүйсгэхгүй, учир нь шинжээч миний бие Э.А-гийн биед учирсан гэмтлийн шинж чанар буюу цус хуралтын эдгэрэлтийн процессыг үндэслэж хугацааг баримжаалан тогтоосон. Тухайн гэмтлийг 2021 оны 11 дүгээр сарын 28-нд учирсан гэж нарийн тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 47х/-ээр нотлогдож байна.
Эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх тогтоолдоо шинжилгээ хийлгэх болсон үндэслэл, шалтгааныг дурдахдаа хохирогчийн бусдад зодуулсан буюу гэмт хэрэг гарсан цаг хугацааг тодорхой дурдсан байх ба шинжээч нь Э.Агийн биед илэрсэн хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, 2 нүдний эргэн тойронд, баруун, зүүн хацарт цус хуралт гэмтлүүд нь үүсээд 7-10 орчим хоногийн хугацаа өнгөрсөн байх боломжтой гэж, харин Э.А-гийн зүүн нүдний ухархайн дотор хана болон зүүн хацрын нум хуучин хугарч байсан байна гэж тухайн гэмтлүүдийн үүссэн байх боломжтой хугацааны талаар тус тусад нь тодорхойлж дүгнэсэн нь хэрэгт ач холбогдол бүхий байна.
Иймд хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн, шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш, эсхүл эргэлзээтэй гэж үзэх үндэслэл хэрэгт тогтоогдохгүй байх тул нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.
Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, тэдгээр нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэж, шүүгдэгчийн гэм бурууд эрх зүйн дүгнэлт хийх учиртайг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаартай, “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Г-д холбогдох, 2235000010031 дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Ц.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Н.МӨНХЖАРГАЛ
Л.АЛТАН