Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2015/1006/З |
Дугаар | 128/ШШ2016/0102 |
Огноо | 2016-02-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2016/0102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч М.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган, иргэдийн төлөөлөгч Ж.Алтанцэцэг, нэхэмжлэгч Лоттери де ла Монголи ХХК-ийн захирал Д.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянга нарыг оролцуулан Лоттери де ла Монголи ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хууль зүйн сайдад холбогдуулан гаргасан Лоттери де ла Монголи ХХК-д төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн хуралдааны С танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Лоттери де ла Монголи ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: ...Лоттери де ла монголи ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 04-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд төлбөрт таавар тоглоомын үйл ажиллагааг урт хугацаанд, тогтвортой эрхлэх хүсэлт зорилготой байгаа билээ.
Манай компани 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 4 дугаар албан бичгээр төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө холбогдох материалын хамт гаргасан.
Гэтэл Хууль зүйн яамнаас 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 3/3407 дугаар албан бичгээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.3 дахь заалтын Казиногийн үйл ажиллагаа эрхлэх-ийг хориглох гэдгийн Улсын дээд шүүхийн 2009 оны 09 дүгээр тогтоолоор ... тоног төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан тоглоом тоглуулах зэрэг үйл ажиллагааг явуулахыг хориглоно гэж ойлгоно гэж тайлбарласан. Иймд төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг тус яамнаас олгохгүй байгаа болно гэсэн хариуг өгсөн.
Бид Хууль зүйн сайдаас хүсч, түүнд хандсан боловч түүний нэрийн өмнөөс Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбат татгалзсан хариу өгсөн юм. Б.Үнэнбат даргын өгсөн энэхүү хариу Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасныг зөрчсөн тул уг албан бичгийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9-д зааснаар илт хууль бус захиргааны актад тооцож, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохийг Хууль зүйн сайдад даалгаж өгнө үү.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд хориглох аж ахуйн үйл ажиллагааг зааж өгсөн бөгөөд 8.1.3-д казиногийн үйл ажиллагаа эрхлэх гэж заасан. Мөн Улсын дээд шүүхийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2009 оны 9 дүгээр тогтоолын 3-д Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасан Казиногийн үйл ажиллагаа эрхлэх-ийг хориглох гэдэгт мөнгө буюу түүнийг орлогч металл /токенс/ хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаанд мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос /чип/ буюу шоо, хөзөр, тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтаар өрөө, тасалгаа, тоног төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан тоглоом тоглуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж ойлгоно гэж заасан.
Бид уг хууль болоод Улсын дээд шүүхийн тогтоолд дурьдсан казиногийн зориулалтаар үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсээгүй. Харин хуулийн 15 дугаар зүйлд заасан Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаа буюу 15.5.8-д заасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэж хүсэлт гаргасан. Гэтэл Хууль зүйн яамнаас хоёр тусдаа ойлголттой үйл ажиллагааг хольж хутган татгалзсан хариу өгсөн нь хууль бус байна.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл гэж тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг, 7 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох, 7.1-д энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно, 15 дугаар зүйл Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл, 15.5-д Хууль зүйн чиглэлээр олгох тусгай зөвшөөрөл, 15.5.8-д төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэж заасан. Мөн Улсын дээд шүүхийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2009 оны 9 дүгээр тогтоолын 2-д Хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан төрийн захиргааны холбогдох төв байгууллага гэдэгт Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан байгууллагууд хамаарна гэж заасан.
Хууль болоод Улсын дээд шүүхийн тогтоолын дээрх зохицуулалтаас үзвэл хууль зүйн чиглэлээр төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллгаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Хууль зүйн яамнаас олгохоор байна.
Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д Тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмыг тус тусын хуулиар зохицуулна гэж заасан. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг зохицуулах нарийвчилсан хууль болоод журам өнөөдрийн байдлаар манай улсад байхгүй.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд тусгай зөвшөөрөл олгох журам, тусгай зөвшөөрөл олгоход баримтлах зарчим, шаардлага, тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрлийг уг хуулийн 7, 9, 10, 11, 12, 15 дугаар зүйлээр зохицуулж өгсөн.
Мөн Компаний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд компани нь үйл ажиллагаагаа эрхлэхэд шаардагдах эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан. Манай компани Аж ахуйн үйл ажиллагааны 8 дугаар зүйлд заасан хориглох үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл хүсээгүй. Уг хуулийн 15 дугаар зүйлд заасан зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүсэж байхад хууль бус шаардлага тавьж, татгалзаж бидний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.
Иймд Лоттери де ла монголи ХХК-д төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Б.Үнэнбат даргын өгсөн хариу Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасныг зөрчсөн тул уг албан бичгийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9-д зааснаар илт хууль бус захиргааны актад тооцож, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохийг Хууль зүйн сайдад даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлдээ: ...Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 1.1-д "Энэ хуулийн зорилт нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино", 7.3-д "Тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмыг тус тусын хуулиар зохицуулна", 8.1.3-т "Монгол Улсын нутаг дэвсгэрт казиногийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно" гэж тус тус заасан.
"Төлбөрт таавар", "бооцоот тоглоом" гэдэгт ямар төрлийн тоглоом хамаарах, бусад адил төсөөтэй тоглоомноос тухайлбал, эд мөнгөний хонжворт сугалаанаас ялгагдах онцлог, энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тавигдах шаардлага, тусгай зөвшөөрөл авахыг хүссэн этгээдийн бүрдүүлэх материал зэргийг зохицуулсан хууль одоогоор байхгүй.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7.1-д зааснаар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Хууль зүйн яам олгоно. Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам"-ын 1.3-т "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг эрх бүхий этгээд нь зөвхөн хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд гаргана.", мөн журмын 1.4-т "Хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг бүртгэхгүй бөгөөд ийм шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөхгүй." гэж заасан.
Иймд төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах журмыг Хууль зүйн сайд батлах эрхгүй болно.
Түүнчлэн Улсын Дээд шүүхийн 2009 оны 9 дүгээр тогтоолоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.3-т заасан "Казиногийн үйл ажиллагаа эрхлэх"-ийг хориглох гэдэгт мөнгө буюу түүнийг орлогч металл /токенс/ хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаанд мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгам хуванцар зоос /чип/ буюу шоо, хөзөр
тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтаар өрөө, тасалгаа, тоног төхөөрөмжийг ашиглан ур дунг нь урьдчилан төсөөлөх боломжгуй, аз туршсан тоглоом тоглуулах зэрэг уйл ажиллагаа явуулахыг хооиглоно гэж ойлгоно." гэж тайлбарласан.
Дээр дурдсан үндэслэлээр тус яамнаас төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа болно.
"Лоттери де ла монголи" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "Бид Хууль зүйн сайдаас хүсч, түүнд хандсан боловч түүний нэрийн өмнөөс Хууль зүйн,яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбат татгалзсан хариу өгсен юм. Б.Үнэнбат даргын өгсөн энэхүү хариу Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасныг зөрчсөн тул уг албан бичгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9-д зааснаар илт хууль бус захиргааны актад тооцож, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг Хууль зүйн сайдад даалгаж өгнө үү" гэжээ.
"Лоттери де ла монголи" ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 26-ны адрийн 4 дүгээр албан бичгээр төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүсэж тус яаманд хандсан бөгөөд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны А/74 дүгээр тушаалаар баталсан "Хууль зүйн яамны бичиг баримтын эргэлт, түүнд тавих дотоодын хяналтыг зохион байгуулах журам"-ын дагуу энэ хүсэлттэй Хууль зүйн сайд, яамны удирдлагууд танилцаж, цохолт хийсэн. Үүний дагуу тус компанийн хүсэлтийн хариуг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Зоригтын гарын үсэгтэйгээр 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 3/3407 дугаар албан бичгээр өгсөн.
Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3.5-д "Яамыг гадаад, дотоодод Монгол Улсын сайд, хуульд өөрөөр заагаагүй бол түүний даалгаснаар болон өөрийн эрх хэмжээний асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга төлөөлнө.", 9.6.6-д "Төрийн нарийн бичгийн дарга бүрэн эрхийнхээ асуудлаар холбогдох байгууллагатай шууд харилцана, 22.6-д "яам нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон нийтлэг асуудлаар тэдгээрийн улсын чанартай холбоо, нийгэмлэг зэрэг нэгдлээр нь дамжуулан тодорхой асуудлаар шууд харилцана." гэж тус тус заасан.
Түүнчлэн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилиах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ." гэж заажээ.
Иймээс "Лоттери де ла монголи" ХХК-ийн тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай хариуг заавал сайдаар дамжуулан өгөх шаардлагагүй болно.
"Лоттери де ла монголи" ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 6 дугаар албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдад хандан "Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 07/3069 дугаар албан бичиг болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 203 дугаар тогтоолыг хүчингүй болгох, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 155 дугаар тушаалаар баталсан "Төлбөрт таавар, бооцоот тоглоом явуулах журам"-д казиногийн тоглоом, лоттерейн тоглоомын ойлголтыг холисон байх тул зааглан тогтоож, бусдыг хэвээр үлдээж, шинээр батлахыг даалгах" тухай гомдол гаргаж, уг албан бичгийг хувийг Хууль зүйн сайдад ирүүлсэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргасан тайлбар зэргийг харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Лоттери де ла Монголи ХХК-ийн Лоттери де ла Монголи ХХК-д төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Лоттери де ла Монголи ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тусгай зөвшөөрөл хүсэх тухай 4 тоот бүхий албан бичгээр Хууль зүйн сайдад хандан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг хүссэн бөгөөд Хууль зүйн яамны 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 3/3407 дугаар албан бичгээр ...төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг тус яамнаас олгохгүй гэсэн хариугаар Лоттери де ла Монголи ХХК-д төлбөрт таавар бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзжээ.
Нэхэмжлэгчээс Хууль зүйн сайд төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа үйлдлийг хууль бус гэж үзэж буй үндэслэлээ ...Аж ахуйн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хориглох үйл ажиллагааны буюу казиногийн зориулалтаар үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бус харин төлбөрт таавар бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн...тусгай зөвшөөрөл олгоход баримтлах зарчим, шаардлага, тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрлийг хуулиар зохицуулсан...тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үйлдэл нь хууль бус гэж тодорхойлон маргаж байна.
Харин хариуцагчаас ...тавигдах шаардлага, тусгай зөвшөөрөл авахыг хүссэн этгээдийн бүрдүүлэх материал зэргийг зохицуулсан хууль байхгүй...Улсын Дээд Шүүхийн 2009 оны 9 дүгээр тогтоолыг үндэслэн тус яамнаас төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа гэж тодорхойлон маргаж байх боловч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар Тусгай зөвшөөрлийг олгох журам, баримтлах зарчим, шаардлага, тусгай зөвшөөрөл олгох байгууллагын эрх, бүрдүүлэх баримт бичиг зэргийн талаар зохицуулсан байгаагаас үзвэл хариуцагчийн дээрх тайлбар нь үндэслэлгүй байна.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 9 дүгээр тогтоолын 3-т Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасан Казиногийн үйл ажиллагаа эрхлэх-ийг хориглох гэдэгт мөнгө буюу түүнийг орлогч металл /токенс/ хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаанд мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос /чип/ буюу шоо, хөзөр, тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтаар өрөө, тасалгаа, тоног төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан тоглоом тоглуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж ойлгоно гэж тайлбарласан нь Төлбөрт таавар, бооцоот тоглоомын тусгай зөвшөөрөлтэй хамааралгүй юм.
Түүнчлэн тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлээр нарийвчлан ангилан ялгасан бөгөөд хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.8-д төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэж заасан нь хориглох үйл ажиллагааны төрөлд хамааралгүй, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно гэж зааснаар тусгай зөвшөөрөл олгох эрх нь хариуцагчид нээлттэй байхад Лоттери де ла Монголи ХХК-д тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болох нь тогтоогдож байна.
Иймд төлбөрт таавар бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоор хуульд заасан эрхээ хэрэгжүүлэлгүй үндэслэлгүйгээр тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа Хууль зүйн сайдын үйлдэл хууль бус болох нь тогтоогдож байх тул Лоттери де ла Монголи ХХК-д төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Хууль зүйн сайдын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус компанид тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дүгээр зүйлийн 70.1, 70.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 ддугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.5.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Лоттери де ла Монголи ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хууль зүйн сайдын төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Лоттери де ла Монголи ХХК-д төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг Хууль зүйн сайдад даалгасугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
М.БАТЗОРИГ