Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 00277

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Б. нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б холбогдох эрүүгийн 1738001210084 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б. нь согтуугаар 2017 оны 7 дугаар сарын 06-ны орой Хөвсгөл аймгийн Их-Уул сумын төвд иргэн Ч.Доржсүрэнтэй маргалдаж түүний биед зүүн нүдний ухархай доод, дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Б. нь согтуугаар 2017 оны 7 дугаар сарын 06-ны орой Хөвсгөл аймгийн Их-Уул сумын төвд иргэн Ч.Доржсүрэнтэй маргалдаж түүний биед зүүн нүдний ухархай доод, дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б. мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “ Доржсүрэн, Одмөнх нар над руу залгаад ангийнхан уулзаж байна Сэлэнгэ зоогийн газар хүрээд ир гэхээр нь би очсон. Тэнд очоод ганц нэг шил архи уусан. Доржсүрэн намайг татаад суулгах гэхээр нь би эргэж хараад баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохьчихоод гарсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өөрийн найз Одмөнхийн хамт Их-Уул суманд ирж ангийнхантайгаа уулзаад хоол идээд архи, дарс ууцгаасан. Тэгтэл манай ангийн Б надаас хэрүүл өдөөд, Одмөнх рүү салаавч гаргаад архи ууж байсан хундага шидэж Одмөнхийг цохихоор нь би босож ирээд чи хөгшөөн боль гэж хэлэхэд тойрч ирээд намайг 2 удаа нүүрэн тус газар цохиод авсан. Тэгээд Бгараад явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-13 дугаар хуудас/,

Гэрч Б.Батзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Баарнаас тараад явах гэж байхад Дбаарны гардаа машин дотроо нүдээ дарсан сууж байсан.  Доржсүрэн Б намайг цохичихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Д.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...баарны үүдэн дээр Доржсүрэнтэй таарсан. Тэгтэл Доржсүрэн гараараа нүдээ дарсан Б нүүр лүү цохичихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 16 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8825 тоот

1. Доржсүрэнгийн биед зүүн нүдний ухархай доод, дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүү хацар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмынх 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Доржсүрэн нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 38 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1738001210084 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б. нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 36-37 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б. нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б. нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Ч.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1738001210084 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Б. нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1738001210084 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б. урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР