Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
Хэргийн индекс | 101/2022/05063/И |
Дугаар | 101/ШШ2024/01709 |
Огноо | 2024-03-28 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2024/01709
2024 03 28 | 101/ШШ2024/01709 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, Бат овогт Дуламсүрэнгийн ******* /рд:*******/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 170,005,654 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Барилгын эскиз зураг өөрчлөн батлуулах, эскиз зургийн дагуу иж бүрэн ажлын зураг хийлгэх, уг зургийг магадлалаар оруулж дүгнэлт гаргуулах, суурь, зоорийн давхарт хийсэн ажлын материалуудын сертификат, бетоны маркийн тодорхойлолт, дээж, болон далд ажлын актуудыг тус бүр гаргуулах, өмнө хийлгэсэн иж бүрэн зургийн үнэ 54,885,020 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У., нэхэмжлэгчийн өмгөөлөгч У., хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч., гэрч Г. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Д.******* нь өөрийн өмчлөлийн ,, тоотод байрлах газар дээр 36 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгүүлэх санал гаргаж, хариуд нь хөрөнгө оруулалтын хэмжээгээр м.кв-ийн үнэтэй харьцуулж өгөхөөр тохиролцсон. ******* ХХК-иар суурийн ажил, зоорийн давхарын угсралтын ажил болон 1 давхарын ажлыг гүйцэтгүүлж, иргэн Д.******* нь бусад давхарын ажлыг өөр хүн, хуулийн этгээдээс хөрөнгө оруулалт авч барилгын ажлын дуусгавар болгоно гэж тохиролцсон. ******* ХХК нь иргэн Д.*******тай удаа дараа холбогдож гэрээг байгуулж баталгаажуулж авах хүсэлт илэрхийлэхэд бусад давхарыг дуусгавар болгоход болно гэрээг дараа нь байгуулж болно гэж хойшлуулсаар байсан. Манай компани 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 170,005,654.07 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнд: геологийн дүгнэлт 50,000 төгрөг, хашаа түрээс 1,000,000 төгрөг, суурь ухах ажлын тооцоо 12,000,000 төгрөг, түлш 215,000 төгрөг, хомут 80х1800 ширхэг 144,000 төгрөг, эрвээхэй хавчаар 500 ширхэг 933,000 төгрөг, тоолуурын баталгаа 36,000 төгрөг, хөөсөнцөр гадна дулаалга /зоорийн/ 1,174,824 төгрөг, сапуд түрээс 646,000 төгрөг, цагаан хоолой 30 ширхэг 39,000 төгрөг, 100 айлаас авсан барилгын үнэ 19,848,113.42 төгрөг, хангамжийн материал тас их өнхрүүш 125,836.65 төгрөг, цонх 153,000 төгрөг, угсралтын ажлын хөлс 24,000,000 төгрөг, зуурмаг 57,676,100 төгрөг, арматур 46,282,780 төгрөг, арматурын тээвэр 1,350,000 төгрөг, труба /хашаа/ 4,332,000 төгрөг, нийт 170,005,654 төгрөг болсон.
Барилгын ажил ,, тоот газарт 36 айлын сууцны ажил нь бусад давхарыг гүйцэтгүүлэхэд хөрөнгө оруулагч байхгүй гэх үндэслэлээр зогссон. Ингээд 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Д.*******тай тооцоо нийлж, 170,005,654 төгрөгийн хөрөнгө оруулалт, барилгын ажил гүйцэтгэлийг буцаан төлөх талаар баталгаа гаргасан. Д.******* нь өнөөдрийг хүртэл 170,005,654 төгрөгийн хөрөнгө оруулалтын мөнгөн хэлбэрээр буцаан төлдөггүй эсвэл барилгаа дуусгаж холбогдох талбайг өгөхгүй манай байгууллагыг хохироож байна. ******* ХХК-ийн зүгээс удаа дараа Д.*******тай уулзаж, асуудлыг шийдвэрлэхийг зорьсон боловч үр дүнд хүрээгүй. Иймд Д.*******аас 170,005,654 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн, Олзвой гудамж 39 тоот хаягт байршилтай 18644310751269 нэгж талбарын дугаартай 320 м.кв талбайтай газар дээр орон сууцны барилга барихаар болж ХХК-иар орон сууцны барилгын зураг төслийг зуруулсан бөгөөд уг компани нь 0,0274 га талбайд орон сууцны барилгыг төлөвлөж, архитектур төлөвлөлтийн даалгавар, хотын батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу зураг төслийг боловсруулсан. Энэхүү орон сууцны барилга нь тэнхлэгээрээ 12.0м х 18.0м хэмжээтэй, зоорь сүхий 9 давхар бөгөөд зоорийн давхар давхарт гараж, цахилгаан, дулааны техникийн өрөөг, 1-9 дүгээр давхарт давхартаа 4 айлтай нийт 36 айл, тус бүрт гал тогоо, зочны өрөө, унтлагын өрөө, ариун цэврийн өрөөг төлөвсөн болно. Ингээд барилгын үйл ажиллагаа эхлүүлэхэд шаардагдах баримт бичгүүдийг төрийн эрх бүхий байгууллагаас гаргуулсны дараагаар ******* ХХК-ийн удирдлагуудтай уулзан хамтран ажиллахаар болж барилга угсралтын ажлаа эхлүүлсэн юм. Гэтэл гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч компани нь орон сууцны барилгыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгээгүйгээс болж барилгын ажил бүрэн зогссон. Өөрөөр хэлбэл, барилгын суурийн болон зоорийн давхарын цутгалт хийгдэх явцад гүйцэтгэгч нь хэмжээ алдан улаан шугам хэтрүүлснээс барилга угсралтын ажил үргэлжлэх боломжгүй болсон. Дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай ярилцаж, ойлголцохыг хичээсэн ч огт санаачилга гаргадаггүй, холбогдохгүй явсаар өнөөдрийг хүрч байна. ******* ХХК нь нийт 170,005,654 төгрөгийн зардал гаргаж зоорийн болон суурийн ажлыг гүйцэтгэсэнд маргахгүй. Хэмжээ алдаж гүйцэтгэсэн энэ ажилдаа тохирсон барилгын зургийг гаргуулж цаашид барилгыг үргэлжлүүлэн барих боломжтой болгож өгвөл уг мөнгийг төлөхөд татгалзахгүй гэв.
3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Миний бие 12.0м х 18.0м хэмжээтэй, зоорьтой, 9 давхар барилгын зураг төслийг Хот-Айл ХХК-иар хийлгүүлж, уг иж бүрэн зурагт магадлал хийлгэж, дүгнэлт гаргуулсан. Мөн холбогдох байгууллагаас холбоо, ус, дулаан, цахилгааны техникийн нөхцлүүдийн зөвшөөрөл болон барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус авсан. ******* ХХК нь суурийн ажил, зоорийн давхрын угсралтын ажлыг хийхдээ батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгээгүйгээс барилгын анхны төслийн дагуу барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Хот-Айл ХХК-иар барилгын зургийн ажлыг гүйцэтгүүлэхэд 54,885,020 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэтэл ******* ХХК нь зураг төслийн дагуу барилгын ажлыг гүйцэтгээгүйгээс болж ХХК-д зургийн ажлын хөлсөнд 54,885,020 төгрөгийг төлж, хохирч байна. Мөн барилгын ажлыг дахин үргэлжлүүлэхийн тулд барилгын иж бүрэн зургийг шинээр гаргуулж, эрх бүхий байгууллагаар магадлал дүгнэлт гаргуулах шаардлагатай болсон. Иймд, ******* ХХК-иар одоо баригдсан байгаа зоорийн болон суурийн ажлын гүйцэтгэлд тааруулж барилгын эскиз зураг өөрчлөн батлуулах, эскиз зургийн дагуу иж бүрэн ажлын зураг хийлгэх, уг зургийг магадлалаар оруулж, дүгнэлт гаргуулах, суурь, зоорин давхарт хийсэн ажлын материалуудын сертификат, бетоны маркийн тодорхойлолт, дээж, болон далд ажлын актуудыг тус бүр гаргуулах, өмнө хийлгэсэн иж бүрэн зургийн үнэ 54,885,020 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Д.******* нь 2014 онд ,, Олзвой 39 тоотод байрлах газар нь өөрийнх нь нэр дээрх газар ба тус газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр гэрчилгээг хүчингүй болгох гэж байгаа тухай мэдэгдсэн. Д.******* нь ,, Олзвой 39 тоот газар дээрх 36 айлын орон сууцны зураг төсөл болон холбогдох бусад баримтын бүрдүүлбэр хангасан гэх хэлсэн. Ингээд манай компанид ...газарт хөрөнгө оруулалт хийгээч, тусламж хэрэгтэй байна, газраа алдах дээрээ тулаад байна гэх тайлбарыг гаргаж удаа дараа ирж уулзсан. Манай компани хөрөнгө оруулалт хийх саналыг хүлээн зөвшөөрч, суурийн хэсэгт хөрөнгө оруулалт хийж, үлдэгдэл барилгын давхарыг Д.******* нь бусад хөрөнгө оруулагч нар олж дуусгах, барилгын ажлыг дуусгавар болгож, хөрөнгө оруулалт хийсэн хэмжээгээр ашгаа тэнцүү хувааж авахаар харилцан тохиролцсон. Тухайн үед шинээр байгуулагдаад удаагүй байсан ХХК-иар барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. ******* ХХК нь ХХК-д угсралтын ажлын хөлсөнд нийт 24,000,000 төгрөгийг төлсөн. Мөн 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 170,005,654.07 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Гэтэл ,, Олзвой 39 тоот газар дээрх барилгын бусад давхарт хөрөнгө оруулалт хийх этгээдүүд байхгүй болсон гэх үндэслэлээр барилга босголтын ажил нь үргэлжлүүлээгүй. Манай компани уг барилгын зоорийн болон суурийн ажлыг хийж гүйцэтгээгүй, зөвхөн хөрөнгө оруулалт хийсэн. Иймд хариуцагчаас гаргаж буй сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
5.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.*******аас гаргасан баталгаа, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, зардлын задаргаа, зарлагын баримтууд, кассын зарлагын ордер, мөнгө олгохыг хүссэн өргөдөл, төлбөрийн баримт, ШУТИС-ийн Барилгын инженер, архитектурын сургуулиас гаргасан техникийн дүгнэлт,
5.2 хариуцагчаас гаргасан магадлалын ерөнхий дүгнэлт, архитектур төлөвлөлтийн даалгавар, газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 09/2402 тоот албан бичиг, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09/2595 тоот албан бичиг, ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
5.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн 36 айлын орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөл холбогдох баримтууд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 180 дугаар шийдвэр, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлт, Хотын стандарт, хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б., З. нарын дүгнэлт, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07/331 тоот албан бичиг, гэрчийн мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан 170,005,654 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас барилгын эскиз зураг өөрчлөн батлуулах, эскиз зургийн дагуу иж бүрэн ажлын зураг хийлгэх, уг зургийг магадлалаар оруулж дүгнэлт гаргуулах, суурь, зоорийн давхарт хийсэн ажлын материалуудын сертификат, бетоны маркийн тодорхойлолт, дээж болон далд ажлын актуудыг гаргуулах, өмнө хийлгэсэн иж бүрэн зургийн үнэ 56,885,020 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдаанд хариуцагч нь өмнө хийлгэсэн иж бүрэн зургийн үнэ 56,885,020 төгрөгийн шаардлагаа 54,885,020 төгрөг болгон бууруулсан.
1.1 Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Хариуцагч Д.******* нь ,, Олзвой 39 тоотод байрлах 274 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр бүртгэлтэй байна. /хх-165/
Уг өмчлөлийн газар дээр Д.******* нь 9 давхар, 36 айлын орон сууц барих зорилгоор Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг гаргуулсан байна. Үүний дараа хариуцагч Д.******* нь 2013 онд ХХК-иар иргэн Д.*******ын 36 айлын орон сууцны барилгын эскиз зургийг боловсруулан гаргуулсныг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар баталж, дээрх зургийн дагуу барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр олгожээ. /1-р хх-60-83, 156-215, 2-р хх-18-73/
3. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосноор ,, Олзвой 39 тоотод байрлах 274 м.кв талбай бүхий газар дээр 9 давхар, 36 айлын орон сууцны барилгын ажлыг 2014 онд эхлүүлж, зоорийн болон суурийн ажлыг гүйцэтгэсэн үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарлаж, маргаагүй.
Харин уг ажлыг хэн гүйцэтгэсэн эсэх, ХХК-ийн боловсруулсан зургийн дагуу орон сууцны барилгын суурийн болон зоорийн давхрыг гүйцэтгэсэн эсэх үйл баримтад талууд маргасан. Тодруулбал,
Нэхэмжлэгч нь ...Д.*******ын 36 айлын орон сууцны зоорийн болон суурийн давхар хүртэл барихад нь зориулж манай компани хөрөнгө оруулалт оруулсан. Уг барилгын ажлын гүйцэтгэгчээр нь манай компани ажиллаагүй. Д.******* нь суурийн давхраас дээш барих хөрөнгө оруулагчийг өөрөө олж, барилгыг барьж дууссаны дараа манай компанийн оруулсан хөрөнгө оруулалтын ашиг буюу м.кв-аар тооцон орон сууц өгөх тохиролцоотой байсан. Уг барилгын зоорийн болон суурийн давхар хүртэл барихад нь манай компани 170,005,654 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан гэж,
Хариуцагч нь ...******* ХХК нь 36 айлын орон сууцны зоорийн болон суурийн давхар хүртэл ажлыг гүйцэтгэсэн. Уг ажлыг гүйцэтгэхдээ 170,005,654 төгрөгийн зардал гаргаж гүйцэтгэсэн талаар маргахгүй, би энэ талаар баталгаа гаргаж өгсөн. Харин барилгын ажлыг гүйцэтгэхдээ ХХК-ийн боловсруулсан зургийн дагуу гүйцэтгээгүйгээс барилгыг цаашаа үргэжлүүлж барих боломжгүй болгож, намайг хохироосон гэж тус тус тайлбарласан.
3.1 Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч Д.******* нар нь бичгээр гэрээ байгуулаагүйгээс тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зохигчид өөр, өөрөөр тайлбарлаж маргаж байна.
Нэхэмжлэгч ******* ХХК-иас 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ ...Д.******* нь өөрийн нэр дээрх газарт 36 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгүүлэх санал гаргаж, хариуд нь хөрөнгө оруулалтын хэмжээгээр м.кв-ын үнэтэй харьцуулж өгөхөөр тохиролцсон. ******* ХХК-иар суурийн ажил, зоорийн давхрын угсралтын ажил болон 1 дүгээр давхрын ажил гүйцэтгүүлсэн... гэжээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ уг ажлыг гүйцэтгэсэн болохоо илэрхийлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гүйцэтгээгүй гэж зөрүүтэй тайлбар гаргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр олгосон барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлд захиалагчаар Д.*******, гүйцэтгэгчээр ******* ХХК гэж бүртгэсэн байна. /1-р хх-9/
Түүнчлэн нэхэмжлэгч ******* ХХК нь 170,005,654 төгрөгийн хөрөнгө оруулалтыг Д.*******т буюу түүний барилгад оруулсан гэж тайлбарлах атлаа хэрэгт нэхэмжлэгчээс цуглуулж гаргасан кассын орлогын ордерын баримт, мөнгө олгохыг хүссэн баримт, төлбөрийн баримтуудад ажилчдын цалин, ажлын хөлсний урьдчилгаа, гэрээний урьдчилгаа, материалын зардал зэргийг хөрөнгө оруулалтын хэлбэрээр хариуцагчид олгосон гэж байгаа тохиолдолд Д.*******д бус өөр этгээдүүдэд яагаад хүлээлгэн өгсөн болохоо үндэслэл бүхий тайлбарлаагүй. /1-р хх 10-14, 39-42/
Нэхэмжлэгч нь 36 айлын орон сууцны суурийн болон зоорийн давхар хүртэл ажлыг ХХК гүйцэтгэсэн, уг гүйцэтгэгч компани руу хөрөнгө оруулалтын мөнгийг шилжүүлж байсан гэж тайлбарласан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүссэнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд үргэлжлэхэд нэхэмжлэгч ******* ХХК нь барилгын ажлыг гүйцэтгэсэн гэх ХХК-ийн эрх бүхий этгээд, ажилчдаас тайлбар, мэдүүлэг авахуулах эрхээ хэрэгжүүлээгүй.
Хариуцагч Д.*******аас ...би ХХК гэж мэдэхгүй, ******* ХХК-ийн туслан гүйцэтгэгч нь гэж сонссон гэж тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй.
Хариуцагч Д.*******аас 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ******* ХХК-д гараар бичсэн баталгаанд ...миний БЗД-ийн 25-р хороо, тоот хаягтай газарт 36 айлын орон сууцны барилгын ажилд танай компаниас 170,005,654 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж барилгын суурийн ажил зоорийн давхрын угсралтын ажил хийснийг хүлээн зөвшөөрч баталгаа гаргаж байна гэжээ. Уг баталгааны баримтаас үзэхэд тухайн үед ******* ХХК-ийг барилгын суурийн ажил зоорийн давхрын угсралтын ажил хийснийг талууд бичгийн баримтаар тодорхой баталгаажуулсан байна. /1-р хх-7/
Шүүх хуралдаанд гэрч Г.ээс ...би ******* ХХК-д 2014 оны 06 сараас 2015 оны 08 сар хүртэл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд манай компани Баянзүрх дүүргийн 25-р хороо, Натурт буюу одоо ярьж байгаа 36 айлын орон сууцны барилгын зоорийн болон суурийн ажлыг хийж гүйцэтгэж байсан. Намайг уг ажлын талбайд ХАБЭА ажилтнаар ажиллуулж байсан гэж мэдүүлсэн.
3.2 Эдгээр баримтууд, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, ******* ХХК нь 36 айлын орон сууцны зоорийн болон суурийн ажлыг өөрийн материалаар хийж гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдож байна.
4. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Захиалагч Д.******* нь гүйцэтгэгч ******* ХХК-ийн материалаар 36 айлын орон сууцны суурийн болон зоорийн давхрыг гүйцэтгүүлсэн, уг ажлын хөлс нийт 170,005,654 төгрөгийн хэмжээтэй болохыг хүлээн зөвшөөрч тэрээр 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр бичгээр баталгаа гаргасан байна.
Шүүх хуралдаанд хариуцагч Д.*******аас 170,005,654 төгрөгийн үүргийг төлөхөд татгалзахгүй болохоо тайлбарласан. Иймд хариуцагч Д.*******аас 170,005,654 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Захиалагч Д.******* нь ХХК-иар 36 айлын орон сууцны барилгын эскиз зургийг боловсруулах ажлыг 54,885,020 төгрөгийн үнээр гүйцэтгүүлсэн болох нь ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 14/22 тоот тодорхойлолтоор тогтоогдсон. /1-р хх-100/
Нэхэмжлэгч ******* ХХК-иас орон сууцны барилгын эскиз зургийг боловсруулахад 54,885,020 төгрөгийг ХХК-д төлсөн баримтгүй тул дээрх мөнгөн хөрөнгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
Гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч ******* ХХК нь ХХК-иар иргэн Д.*******ын 36 айлын орон сууцны барилгын эскиз зургийг боловсруулах ажлын хөлс нь 54,885,020 төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний талаар маргаагүй, уг үнийг үгүйсгэж няцаасан баримтыг хэрэгт гаргаагүй.
5.1 Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Д.*******ын 36 айлын орон сууцны барилгыг ХХК-ийн боловсруулсан эскиз зургийн дагуу барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т гүйцэтгэгч нь барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих үүрэгтэй гэж зааснаар гүйцэтгэгч ******* ХХК нь орон сууцны суурийн болон зоорийн давхрын ажлыг гүйцэтгэхдээ эрх бүхий байгууллагын баталсан ХХК-ийн боловсруулсан эскиз зургийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй байна.
Гэтэл гүйцэтгэгч ******* ХХК нь ХХК-ийн боловсруулсан эскиз зургийн дагуу барилгын ажлыг гүйцэтгээгүй, хэмжээ алдсаны улмаас орон сууцны барилгын давхрыг 2 давхраас дээшээ үргэлжлүүлэн 9 давхар хүртэл барих боломжгүй болсон болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдсон. Үүнд:
5.1а Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтэд ...Баянзүрх дүүргийн, 36 айлын орон сууцны зориулалттай барилгын зоорийн давхрыг ХХК-ийн боловсруулсан зураг төслийн дагуу гүйцэтгээгүй байна. Зоорийн давхрын тэнхлэгийн хэмжээ 18м х 12м байх ёстой байсныг 17м х 12м хэмжээтэй барьжээ гэж, /1-р хх-220-232/
5.1б Шинжээч Хотын стандарт, хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б., З. нарын дүгнэлтэд ...Хэмжилтээр зоорийн түвшин газрын +- түвшинөөс доош 1.73 метрт суусан, лифтний хөндий 2.6*2.16 метр, лифтний хөндийгөөс хойд хана хүртэл 1.37 метр, дам нуруунаас баганын өндөр 2.6 метр, таазны өндөр 2.86 метр байв. Хэмжилт хийсэн объект нь 76 дугаар барилгатай баруун урд хэсгээр 1.3 метр, зүүн урд хэсгээр 0.98 метр байгаа нь батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгээгүй байна. Суурийн ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгээгүй мөн орон сууцны 76 дугаар барилгатай хэт ойр төлөвлөсөнөөс болж барилга хоорондын зай хэмжээ хангагдахгүй болсоноор одоо байгаа 2 давхар дээр давхар нэмэх боломжгүй. Зоорийн давхрыг гүйцэтгэснээс хойш Химон ХХК 1 болон 2 давхрын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ олон нийтийн барилга болгон дотор өрөөний хуваарилалтыг өөрчилсөн. Мөн зоорийн давхрыг анхны зураг төслийн гаражийн зориулалтаар ашиглах боломжгүй буюу гараж руу орох пандус хийх газаргүй. Зураг төсөлд өөрчлөлт оруулах замаар барилгыг үргэлжлүүлэн нэмж 9 давхар болгон орон сууц болгох боломжгүй. Тус барилгын зургийг дахин шинээр гаргуулах шаардлагагүй бөгөөд шинэчлэн зураг төслийг гаргуулснаар Хот байгуулалтын тухай хууль болон холбогдох норм, дүрмийг зөрчинө гэж тус тус дүгнэсэн. /2-р хх-94-137/
5.2 Захиалагч Д.******* нь ХХК-ийн боловсруулсан эскиз зургийн дагуу барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэн явуулах боломжгүйгээс үүдэн уг зургийг боловсруулахад төлөх ажлын хөлсөөр хохирч, ХХК-д төлөх 54,885,020 төгрөгийн ажлын хөлсөөс 10,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн, үлдэх төлбөрийг барилгыг барьж дуусгасны дараа орон сууц өгөхөөр тохирсон байсан, одоо барилга баригдах боломжгүй болсон тул хөлсийг нь мөнгөн хөрөнгөөр өгөх үүргийг хүлээж байна гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан. Хариуцагч Д.******* нь ХХК-д 54,885,020 төгрөгийн хөлс төлөх үүргийг хүлээсэн, уг үүргийн гүйцэтгэлд тэрээр барилгын эскиз зургийг гүйцэтгүүлсэн боловч уг зургийг ******* ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас ашиглах боломжгүй болсон нь түүнд эд хөрөнгийн алдагдал учирсан байна.
Тодруулбал, гүйцэтгэгч нь ХХК-ийн боловсруулсан зургийн дагуу хэмжээ алдахгүйгээр барилгын суурийн болон зоорийн давхрын ажлыг гүйцэтгэсэн байсан бол уг зургийн дагуу барилга 9 давхар хүртэл баригдах боломжтой буюу ирээдүйд бий болох эд хөрөнгөөс захиалагч нь ХХК-д төлбөрөө төлөх боломжийг нь ******* ХХК-ийн буруутай үйлдлээс алдагдуулсан байна.
Иймд нэхэмжлэгч ******* ХХК-иас 54,885,020 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.*******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.3 Хариуцагч Д.******* нь 2014 онд ******* ХХК-иар 36 айлын орон сууцны зоорийн болон суурийн давхар хүртэл гүйцэтгүүлснээс хойш Химон констракшн ХХК-иар уг барилгын 1, 2 дугаар давхрыг нэмж бариулсан байна.
Барилгад 1, 2 давхар нэмж барьсантай холбоотойгоор Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас Д.Жамранжавт 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 09/2402 тоот мэдэгдлээр ...батлагдсан зураг төслийн дагуу барилгын үйл ажиллагаа явуулаагүй тул сонсон ажиллагаа явуулахыг, мөн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09/2595 тоот санал хүргүүлэх тухай албан бичгээр ...сонсох ажиллагаанд зураг төслийн зохиогч ХХК, гүйцэтгэгч Химон констракшн ХХК-ийг оролцуулан шийдэл гаргаж, тодорхой санал ирүүлэхийг тохирсон боловч ирүүлээгүй тул барилгын эх загвар зургийг өөрчлөн батлуулах талаар тодорхой санал, хүсэлтээ ирүүлнэ үү гэжээ. /1-р хх-84-85/
Мөн Д.*******аас 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газарт ...80 айлын /76-р байр/ нь миний өмчлөлийн газар руу 10.1 м.кв нэвтэрч хууль зөрчин баригдсаны улмаас манай улаан шугамын эргэлтийн цэг архитектур төлөвлөлтийн даалгавраас зөрж хойшоо тавигдсан. Иймд одоо баригдсан байгаа барилгын улаан шугамын цэгээр эргэлтийн цэгийг өөрчилж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байна. /1-р хх-189/
Нэхэмжлэгч ******* ХХК нь дээрх баримтуудыг үндэслэн Химон констракшн ХХК-ийн гүйцэтгэсэн ажилтай холбоотой гэж тайлбарлаж, сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэж маргасан боловч 2014 онд ХХК-ийн боловсруулсан барилгын зургийн дагуу зоорийн болон суурийн ажлыг гүйцэтгээгүй буруутай үйлдлийн үр дагавартай холбоотой асуудлыг хожим 2019 онд одоо баригдсан байгаа зоорийн болон суурийн давхарт тохируулан эргэлтийн цэгийг гаргуулахаар хариуцагч Д.******* эрх бүхий байгууллагад хандаж байсан байна.
Энэ нь гүйцэтгэгч ******* ХХК-ийн ХХК-ийн боловсруулсан барилгын зургийн дагуу зоорийн болон суурийн ажлыг гүйцэтгээгүй буруутай үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Мөн эрх бүхий байгууллагаас ******* ХХК-ийн гүйцэтгэсэн суурийн болон зоорийн давхарт тохируулан эргэлтийн цэгийг өөрчлөх замаар барилгыг үргэлжлүүлэн барих зөвшөөрлийг олгоогүй байна.
6. Хариуцагч Д.*******аас гаргасан барилгын эскиз зураг өөрчлөн батлуулах, эскиз зургийн дагуу иж бүрэн ажлын зураг хийлгэх, уг зургийг магадлалаар оруулж дүгнэлт гаргуулах, суурь, зоорийн давхарт хийсэн ажлын материалуудын сертификат, бетоны маркийн тодорхойлолт, дээж, болон далд ажлын актуудыг тус бүр гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэгэнт хэрэгт авагдсан баримтуудаар маргааны зүйл болох барилгын зургийг өөрчлөн гаргуулах замаар барилгыг үргэлжлүүлэн барих боломжгүй болох нь тогтоогдсон тул хариуцагчаас барилгын эскиз зураг өөрчлөн батлуулах, эскиз зургийн дагуу иж бүрэн ажлын зураг хийлгэх, уг зургийг магадлалаар оруулж, дүгнэлт гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
Нөгөө талаар, шүүх нэхэмжлэгч ******* ХХК-иас өмнө хийлгэсэн иж бүрэн зургийн үнэ 54,885,020 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.*******т олгож шийдвэрлэсэн тул ******* ХХК нь шинээр барилгын зургийг гаргаж өгөх үүргийг хүлээхгүй.
6.1 Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.19-т барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, фото зургаар баримтжуулан, ил, далд ажлын актыг баталгаажуулах, 37.1.5-д барилгын ажлын үе шат бүрд зохиогчийн хяналт хийлгэж, хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр материал, хийц, бүтээц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлуулж, холбогдох зардлыг хариуцах үүргийг тус тус захиалагч хүлээнэ гэж заасан.
Захиалагч Д.******* нь дээрх хуульд зааснаар барилгын ажлын гүйцэтгэлд хяналтаа тавьж, ил далд ажлын актыг өөрөө баталгаажуулах замаар барилгын материал, хийц бүтээцтэй холбоотой хяналтыг хийлгэх нь түүний үүрэг байна. Гэтэл тэрээр гүйцэтгэгч ******* ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын суурь болон зоорийн давхарт хийсэн ажлын материалуудын сертификат, бетоны маркийн тодорхойлолт, дээж, болон далд ажлын актуудыг гаргуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,007,979 төгрөг, хариуцагчаас төлсөн 442,376 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 1,007,979 төгрөг, нэхэмжлэгчээс 432,375 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгоно.
7.1 Хариуцагчийн хүсэлтээр шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг, нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээчээр Хотын стандарт, хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б., З. нарыг тус тус томилсон.
Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д ажлын хөлс 500,000 төгрөгийг хариуцагч Д.*******, шинжээч Хотын стандарт, хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.д 2,178,000 төгрөг, З.ад 2,395,800 төгрөгийг тус тус төлсөн болох нь төлбөрийн баримтаар тогтоогдсон. /1-р хх-233, 250
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбар, татгалзлыг нотлох үүрэгтэй. Уг үүргийн хүрээнд шүүхийн журмаар шинжээч томилуулах эрхээ хэрэгжүүлсэн.
Хариуцагч ХХК-ийн боловсруулсан зургийн дагуу барилгын зоорийн болон суурийн ажлыг гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр 54,885,020 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг нэхэмжлэгч үгүйсгэж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй дахин шинжээчээр Хотын стандарт, хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б., З. нарыг томилуулж дүгнэлт гаргуулсан.
Шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүх хариуцагчаас гаргасан 54,885,020 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хэргийн оролцогч нараас шинжээчийн ажлыг хөлсөнд төлсөн мөнгөн хөрөнгийг тэдгээрт хуваан хариуцуулах шаардлагагүй байна.
8. Хэргийн 52-59, 87-90 дүгээр талд авагдсан хариуцагчаас гаргасан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.*******аас 170,005,654 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д, нэхэмжлэгч ******* ХХК-иас 54,885,020 төгрөг гаргуулж хариуцагч Д.*******д тус тус олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх барилгын эскиз зураг өөрчлөн батлуулах, эскиз зургийн дагуу иж бүрэн ажлын зураг хийлгэх, уг зургийг магадлалаар оруулж дүгнэлт гаргуулах, суурь, зоорийн давхарт хийсэн ажлын материалуудын сертификат, бетоны маркийн тодорхойлолт, дээж, далд ажлын актуудыг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,007,979 төгрөг, хариуцагчаас төлсөн 442,376 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 1,007,979 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 432,375 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ