| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/01784/И |
| Дугаар | 101/ШШ2024/02040 |
| Огноо | 2024-04-16 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2024/02040
| 2024 04 16 | 101/ШШ2024/02040 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн *******, 13 дугаар хороолол,*******,******* оршин байрлах, ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******од оршин байрлах, ХХК /рд:/-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 31,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., хариуцагчийн төлөөлөгч Д. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай ******* ХХК нь нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлж ажилладаг бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ХХК-тай байгуулсан Үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний дагуу ажлын орчинд коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, ажилтнуудынх нь аюулгүй байдлыг хангах, бизнесийн үйл ажиллагааг нь тасалдуулахгүй байх зорилгоор тусгаарлалтын үйл ажиллагааг зочид буудлын зориулалт бүхий ХХК-ийн өмчлөлийн барилгыг 6 сарын хугацаагаар түрээслэхээр 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 21/69 тоот Түрээсийн гэрээ байгуулсан. Тус түрээсийн гэрээгээр нэг сарын төлбөр 63,000,000 төгрөг байхаар анх тохирсон байсан. Уг гэрээнд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 21/69 тоот нэмэлт өөрчлөлт оруулж, түрээсийн төлбөрийг нэг сарын төлбөр 31,500,000 төгрөг байхаар үнийн дүнд өөрчлөлт оруулсан.
Эхний сарын түрээсийн төлбөрт манайх 63,000,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хасбанкны 5000216699 тоот харилцах дансаар бүрэн шилжүүлсэн. Мөн дараа нь гэрээний үнийн дүн өөрчлөгдсөн болохоо сайн тодруулалгүй 31,500,000 төгрөгийг дахин шилжүүлсэн байсан. Манай байгууллага түрээсийн байрыг 2 сарын хугацаанд ашигласан буюу 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс тусгаарлалтын үйл ажиллагааг зогсоож, гарсан. Уг ашигласан 2 сарын хугацааны 63,000,000 төгрөгийг төлсөн. Илүү 31,500,000 төгрөгийг төлсөн байх тул уг мөнгөн хөрөнгийг ХХК-иас буцаан гаргуулж өгнө үү гэв
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компаний ******* ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 21/69 тоот Түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн зочид буудлын зориулалттай байраа 6 сарын хугацаатай, нэг сарын 63,000,000 төгрөгөөр түрээслүүлсэн. Дараа нь түрээсийн үнийг сарын 31,500,000 төгрөг болгон өөрчилсөн. ******* ХХК нь манай байранд 2022 оны 02 дугаар сарыг дуустал эд зүйл байлгаж байгаад суллаж өгсөн. Гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан ба хугацаанаас өмнө гэрээг цуцлах тухай мэдэгдлээ манайд өгөөгүй. Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалаар дамжуулан ******* ХХК-тай түрээсийн гэрээг байгуулсан. Гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан учраас зуучлалын хөлсөнд 40,650,000 төгрөгийг төлсөн. ******* ХХК нь манай байранд 2022 оны 02 дугаар сарыг дуустал эд зүйлээ байлгасан атлаа 2 илүү 31,500,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түрээсийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт, дансны хуулга, үйлчилгээ үзүүлэх гэрээ,
3.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхэд зуучлах гэрээ, дансны хуулга зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 31,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
3. Талууд 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ХХК нь өөрийн өмчлөлийн 30 өрөө, гал тогооны хэсэг болон дагалдах бусад иж бүрэн эд хэрэгсэл, тавилгын хамт 6 сарын хугацаагаар түрээслүүлэх, ******* ХХК нь нэг сарын 63,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Дээрх гэрээнд талууд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, нэг сарын түрээсийн төлбөрийг 31,500,000 төгрөг болгон өөрчилжээ.
Мөн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрээнд дахин нэмэлт өөрчлөлт оруулж, хүндэтгэн үзэх шалтгаанаар түрээслэгч түрээсийн байрыг ашиглах боломжгүй болсон бол энэ хугацаанд түрээсийн төлбөр тооцохыг зогсоож, урьдчилан төлсөн түрээсийн төлбөрийг түрээслүүлэгч тал буцаан төлнө. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас зочид буудлаар үйлчлүүлэгчид захиалсан хоногоос өмнө гарсан нь энэхүү заалтын үйлчлэлд хамаарна, нэг сарын төлбөр болох 31,500,000 төгрөгийн төлбөрийг цаашид гүйцэтгэлээр тооцож төлнө гэж тохирсон байна.
Талуудын хэн аль нь гэрээний зүйл болох 30 өрөө, гал тогооны хэсэг болон дагалдах бусад иж бүрэн эд хэрэгсэл, тавилга нь ХХК-ийн өмчлөлийн зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, уг үл хөдлөх эд хөрөнгийг Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор ******* ХХК нь Си ар найнтээн бюро монголиа ХХК-ийн Ковидын халдвар авсан ажилтнуудыг тусгаарлалтад байрлуулах зорилгоор түрээсэлсэн болохыг тайлбарласан.
Уг зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд иргэдийг тусгаарлалтад байрлуулахдаа ХХК-ийн ажилчид нь хоол, цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлж, ******* ХХК нь эмчилгээний үйлчилгээ үзүүлж байсан болохыг мөн талууд тайлбарласан.
Үүнээс дүгнэхэд хэдийгээр талууд гэрээг түрээсийн гэрээ нэртэй байгуулсан байх боловч тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүсчээ.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...зочид буудалд 2021 оны 10 сарын 16-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Си ар найнтээн бюро монголиа ХХК-ийн ажилтнуудыг тусгаарласан. Нийт 2 сарын хугацаанд зочид буудлыг ашигласан. Манайхаас 3 сарын түрээсийн төлбөр болох 94,500,000 төгрөг шилжүүлсэн. Иймд 2 сарын хугацаанд байрласан тул илүү төлсөн 1 сарын түрээсийн төлбөр 31,500,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж,
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан. Манайд хугацаанаас өмнө гэрээг цуцалж байгаагаа мэдэгдээгүй. Зочид буудалд 2022 оны 2 сарыг дуустал эм, эмнэлгийн хэрэгслүүдээ байлгасан. Үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын төлбөрт түрээсийн төлбөрт орж ирсэн мөнгийг шилжүүлсэн, манай компани хохирч байна гэж тус тус тайлбарлаж маргасан.
5. Хариуцагч ХХК нь нийт 94,500,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй, уг үйл баримт нь нэхэмжлэгчээс гаргасан дансны хуулгын баримтаар тогтоогдсон. Уг мөнгөн хөрөнгөөс үл хөдлөх зуучлалын хөлсөнд ХХК нь 40,650,000 төгрөгийг төлсөн болох нь мөн дансны хуулгаар тогтоогдсон.
6. Иргэний хуулийн 293 дугаар зүйлийн 293.1 дэх хэсэгт зааснаар талууд эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацааг тодорхой буюу 6 сарын хугацаагаар байгуулсан байна.
6.1 Талууд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ...хүндэтгэн үзэх шалтгаанаар түрээслэгч түрээсийн байрыг ашиглах боломжгүй болсон бол энэ хугацаанд түрээсийн төлбөр тооцохыг зогсоож, урьдчилан төлсөн түрээсийн төлбөрийг түрээслүүлэгч тал буцаан төлнө. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас зочид буудлаар үйлчлүүлэгчид захиалсан хоногоос өмнө гарсан нь энэхүү заалтын үйлчлэлд хамаарна гэж тохиролцсон.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан.
6.2 Нэхэмжлэгч ******* ХХК нь ...хугацаанаас өмнө гэрээг цуцлах тухайгаа хөлслүүлэгч ХХК-д 2 удаа албан бичиг хүргүүлж мэдэгдсэн гэж тайлбарласан боловч хариуцагч уг тайлбарыг үгүйсгэж ...манайд гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаа талаар ямар ч мэдэгдэл ирээгүй гэж маргасан.
Талуудын байгуулсан гэрээнд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар байрыг ашиглах боломжгүй болсон бол ******* ХХК нь түрээсийн төлбөрийг буцаан шаардах эрхтэй боловч энэ талаар нөгөө талдаа мэдэгдсэн болохоо нотлох үүргийн хуваарилалтын дагуу нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгч нь уг тайлбараа баримтаар нотлоогүй.
Хариуцагч ХХК-иас ...зочид буудалд 2022 оны 02 дугаар сарыг дуустал ******* ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгслүүд байсан ба энэ хугацаанд зочид буудлыг чөлөөлж өгөөгүй гэж тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй. Тодруулбал, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зочид буудлын байрыг бүрэн чөлөөлж, эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийг гаргасан гэж нэхэмжлэгч тайлбарласан боловч энэ талаар баримтгүй байна.
6.3 Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзах журмыг хуульд зааснаар хэрэгжүүлээгүй байх тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт илүү төлсөн 31,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ХХК-д холбогдох 31,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ