Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 00274

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Хохирогч Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э холбогдох эрүүгийн 1738000000049 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э нь согтуугаар 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Арвин булаг дэлгүүрийн урд талын засмал дээр 93-91 УНВ улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам дээр мотоцикльтой зогсож байсан Б.Бямбабаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э нь согтуугаар 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Арвин булаг дэлгүүрийн урд талын засмал дээр 93-91 УНВ улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам дээр мотоцикльтой зогсож байсан Б.Бямбабаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…Хишиг дэлгүүрийн ард талын гудамжаар ороод доош уруудаад буюу хойноосоо урагшаа чиглэлтэй явж байхад гэнэт л машины маань гэрэлд мотоцикль ороод ирсэн тэгэхээр нь зогсох арга хэмжээ авах гээд тооромзоо гишгэсэн боловч зогсохгүй явсаар мотоциклийг очоод мөргөсөн. Тэгээд буугаад тэр залуугаас гайгүй юу гэсэн хөл эвгүй болчихлоо гэсэн...Би хохирлыг нөхөн төлнө. Зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-6, 8-9 дүгээр хуудас/,

Осол гарсан газар дээр хэмжилт хийсэн бүдүүвч зураг /ХХ-ийн 7 дугаар хуудас/,

Мотоцикльд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 11-12 дугаар хуудас/,

      Хохирогч Б.Бямбабаярын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ”...6-р хорооны засмал замруу уруудаад явж байтал мотоциклийн гинж мултарчихаар нь тэрийгээ янзлах гээд зогсож байтал гэнэт хурдтай машин гарч ирээд миний баруун тал руу мотоциклийн зүүн хойд тал руу мөргөсөн. Мөргүүлээд газарт унасан байхад миний хөл хугараад эргэчихсэн байсан. Намайг манай ангийн охин Дэлгэрмөрөн эмнэлэг дээр аваачсан...Эмчилгээнд 1 сая төгрөг зарцуулаад байгаа цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...Одоо нийт дүнгээр 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. 600.000 төгрөг хасагдаж тооцогдоно... " гэх мэдүүлэг,

        Гэрч А.Дэлгэрмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Бямбабаяртай таараад гэртээ хүргүүлэх гээд Бямбабаяртай явж байтал 6-р хорооны засмал зам дээр мотоциклийнх нь гинж мултарчихлаа гээд гинжээ хийх гэж байтал нэг хурдтай машин гарч ирээд Бямбабаярыг мотоцикльтой нь хамаад явчихсан. Тэр машинаас 3 эрэгтэй, 1 эмэгтэй бууж ирсэн. Тэгээд Бямбабаярыг аваад такси бариад эмнэлэг орсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/,

        Гэрч П.Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...6 дугаар хорооны засмал замаар уруудаад явж байтал гэнэт зам дээр хөндлөн байрлалтай мотоцикль зогсож байгаа харагдсан Э тооромз гишгиж зогсох арга хэмжээ авсан боловч зогсохгүй байсаар очоод мөргөчихсөн. Тэгээд бид нар машинаас буугаад ирэхэд нэг залуу хөл хугарчихлаа гэж байсан. Тэнд байсан эмэгтэй такси бариад эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/,

  Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч  Р.Ням-Осорын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 543 дугаартай дүгнэлтэд:

         1. Б.Бямбабаярын биед гэмтэл тогтоогдлоо.

         2. Б.Бямбабаярын биед баруун шилбэ ясны ил хугарал, баруун шилбэнд шарх, баруун зулай, дагз, баруун мөр, тохой, сарвуу, зүүн ташаа, гуянд зулгаралт бүхий гэмтлүүд учирсан байна.

        3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

        4. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

       6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна  гэх дүгнэлт /ХХ-ийн 31 дүгээр хуудас/,

       Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахмад А.Мөнх-Эрдэний 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт /ХХ-ийн 34-35 дугаар хуудас/,

       Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /ХХ-ийн 36 дугаар хуудас/,

       Эд зүйл үнэлсэн тайлан /ХХ-ийн 38 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1738000000049 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Э нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 54 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Б.Бямбабаяр нь шүүгдэгч Э нийт 2.000.000  төгрөгний хохирол гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хохирогчийн нэхэмжилсэн нийт 2.000.000 төгрөгийн хохирлоос эмчилгээний зардал нийт 1.464.655 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон ба шүүгдэгчийн хохирогч Б.Бямбабаярт төлсөн 600.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нийт үнийн дүнгээс хасч үлдэх 864.655 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Бямбабаярт олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч нь үлдэх 535.345 төгрөгийн хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Э нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

   Шүүгдэгч Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 3, 6-10 насны хүүхдүүдийн хамт амьдардаг, өрх толгойлсон ганц бие эцэг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1738000000049 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/  жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Э хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Э  864.655 /найман зуун жаран дөрвөн мянга зургаан зуун тавин тав/ төгрөг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 31-5 тоотод оршин суух Халиугчин Баасанжавын Бямбабаяр /РП94021215/-т олгосугай.

6. Эрүүгийн 1738000000049 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Бямбабаяр нь эмчилгээний зардал 535.345 /таван зуун гучин таван мянга гурван зуун дөчин тав/ төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.      

     7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР