Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/17

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 30-ны өдөр                            2022/ДШМ/17                        Хэрлэн сум

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0017/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч, шүүгч Г.Болормаа, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч Д.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,  

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2139001440313 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Д-н Д.Б-, 1985 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,

- урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

- Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 310 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

- Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

- Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан  

 

Шүүгдэгч Д.Б- нь  Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутаг “Алтан булгийн эх” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Д.Д-гийн эзэмшлийн үхэр сүргээс ухаа халзан зүсмийн шүдлэн насны 1 тооны үхрийг машин механизм буюу хул шар өнгийн мотоцикл ашиглан хулгайлж Д.Д-д 1.105.000 /нэг сая нэг зуун таван мянган/ төгрөгийн  хохирол учруулсан,

Мөн Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр багийн нутаг “Баян бүрд” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 01-02-ны хооронд А.А-ийн эзэмшлийн үхэр сүргээс улаан халзан зүсмийн соёолон насны 1 тооны эр үхрийг машин механизм буюу хул шар өнгийн мотоцикл ашиглан хулгайлж А.А-т 1.320.000 /нэг сая гурван зуун хорин мянга/-н төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Д.Б-г машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-г 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д  оногдуулсан 3 жилийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 700.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгч Д.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд болон тайлбартаа: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Д.Д-, А.А- нарт хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Өөрийн гэм буруутай үйлдэлдээ дүгнэлт хийсэн бөгөөд дахин ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадна. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан ял нь миний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байх тул хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү” гэв.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д-, А.А- нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Д.Б- нь багаасаа өнчин өссөн учир өмнө нь хулгайн гэмт хэрэгт нийт 5 удаа шийтгүүлж байсан бөгөөд энэ нь ял хүндрүүлэх нөхцөл байдал биш юм. Д.Б- нь саяхан гэр бүлтэй болж амьдрал зохиосон бөгөөд өөрийнхөө гэм буруутай үйлдэлд дүгнэлт хийж цаашид гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй хөдөлмөрөөрөө амьдарч чадна гэдгээ илэрхийлсэн. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-д оногдуулсан оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах  шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-г машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Д.Б- нь өмнө нь хулгайн гэмт хэрэгт нийт 5 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд энэ удаагийн үйлдэл нь 6 дахь удаагийнх юм. Шүүгдэгч нь Эрүүгийн 2139001440313 дугаартай хэрэгт 2 удаагийн үйлдлээр ял шийтгүүлсэн. Иймд шүүгдэгч Д.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.   

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалтын явцад нотолсон байх учиртай.

 

 Д.Б-гийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн хулгайн үйлдэлд С.С- хамтран оролцсон эсэх, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх улсын дугааргүй хул шар өнгийн мотоцикл нь С.С-ы эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн эсэхийг тогтоох шаардлагатай байх бөгөөд уг ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Д.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хэнтий аймгийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Д.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн прокурорын газарт буцаасугай. 

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Я.АЛТАННАВЧ

 

                           ШҮҮГЧИД                                                  Г.БОЛОРМАА

                                                               

                                                                                              Б.ДЭНСМАА