Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2020/0483

 

                    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                      баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Б** к****** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст холбогдох Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 24******0 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б** к****** ХХК нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Манай компали нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 24******0 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай хүсэлт өгсөн. Манай компанийн удирдлагын зүгээс дээрх шийтгэлийг хүлээн зөвшөөрч Баянзүрх дүүргийн татварын хэлтэстэй тохиролцон дээрх шийтгэлийн хуудсанд ногдуулсан төлбөр болох 21,549,054.10 төгрөгийн төлбөрийн хуваарь гарган барагдуулахаар тохиролцсон тул дээрх нэхэмжлэлээс татгалзаж байна.. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгч иргэн Б** к****** ХХК нь Баянзүрх дүүргийн татварын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б** к****** ХХК ньБаянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 24******0 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Л.БАТБААТАР