| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2017/0026/э |
| Дугаар | 104 |
| Огноо | 2017-08-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 24.5.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням
Шүүгдэгч Л.Э Ж.Т
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр өмгөөлөгч Б.Баттөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э Ж.Т нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 07 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Л.Э
Ж.Т
Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Л.Э Ж.Т нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дэвсгэрт Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад багтах хулан адуу 1, хар сүүлт 1-ийг тус тус зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн,
Шүүгдэгч Л.Э нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах Мандах Наран эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хохирогч Ж.Бийн үзгэн тариур 2 ширхэг, зүү 4 ширхэг, амдолин 10 мг 10 ширхэг, утас цэнэглэгч 2 ширхэг, хумсны хутга 1 ширхэг тальк 1 ширхэг, акторпод 1 ширхэг, инсүлин 5м 2 ширхэг, диклодинк 100 мг 1 ширхэг, хөлс дарагч 1 ширхэг, кошлок 1 ширхэг, мертинем 1 хайрцаг, аспирин 1 хайрцаг, нокиа гар утас 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж түүнд 348200 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хулгайн ан хийсэн. Мандах наран эмнэлэгт хэвтэж байсан өвчтөний өрөөнд орж кошляк авсан нь үнэн. Гэм буруугаа ойлгож байна гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Ж.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ....Сайншандаас Э хэдэн хүмүүстэй ирж хоносон. Э хоёулаа айлд очиж буу авья гээд айлд очоод буу аваад хүрээд иртэл чоно байхгүй, нэг хулан давхиж байсан тэр хуланг алсан. Айлын бууг хүргэж өгчихөөд буцаад давхиж байсан чинь хар сүүлт таарсан. Хар сүүлтийг мотоциклтой тууж богшоож алаад махыг нь хоёр хэсэг хувааж 2 удаа мотоциклоор тээвэрлээд гэрийн гадаа машинд хийсэн“ гэсэн мэдүүлэг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ховор ан амьтны ангилалд дээрх хоёр амьтан хоёулаа ордог бөгөөд агнахыг хуулиар хориглодог. Хулан, хар сүүлт зэрэг амьтдыг Засгийн газраас тогтоосон үнэлгээгээр үнэлдэг бөгөөд Хулан 9.700.000 төгрөгөөр, хар сүүлт 1.700.000 төгрөгөөр тус тус үнэлэгддэг. Амьтны тухай хуульд заасны дагуу хууль бусаар агнасан тохиолдолд үнийг нь тус бүр хоёр дахин нугалж төрүүлдэг. Тэгэхээр нийтдээ 22.800.000 төгрөгийн хохирол болж байна...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ч.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 20-ны үед шиг санаж байна яг өдрийг нь сайн санахгүй байна. Манайхыг Хөөвөр гэх газар нутаглаж байхад Л.Э Ж.Т хоёр мотоцикльтой ирээд Хөх эргийн тэнд чонын мөр байна буугаа өгчих гэхээр нь би өөрийнхөө Дробинк бууг өгөөд явуулсан. Ингээд тэр өдрийнхөө орой Л.Э Ж.Т хоёр миний бууг авч ирж өгөөд явсан. Эргэж манайхаар ирээгүй...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ж.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 13 цагийн үед “Мандах наран” эмнэлэгт хэвтсэн юм. Би Мандах наран эмнэлгийн 6 тоот өрөөнд хэвтсэн бөгөөд үдээс хойш физик эмчилгээ хийлгээд өрөөндөө буцаад иртэл орны толгойд дэрний хажууд байсан ягаан өнгийн кошлоктой эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Тэр хавиар хайгаад олоогүй, тэгээд оройхон эмнэлгийн ажилчдад мэдэгдээд цагдаа дуудсан юм. Эмнэлгийн коридор нь хяналтын камертай байсан учир камерыг нь шүүгээд үзтэл нэг танихгүй залуу өрөө болгоноор шагайгаад явж байгаад миний хэвтэж байсан өрөө рүү ороод энгэртээ миний кошлокийг хийгээд аваад гарч яваа нь харагдсан. ...кошлок дотор байсан эд зүйлүүдээс 2 ширхэг үзгэн тариур, 1 ширхэг талк, иргэний үнэмлэхээ буцааж олж авсан, бусад нь олдоогүй...” гэсэн мэдүүлэг
Гэрч П.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр...орой намайг ажлаа тарах гэж байтал манай ээж Ж.Бь утсаар яриад ээж нь физик эмчилгээнд явчихаад иртэл орон дээр дэрний дэргэд байсан ягаан кошлоктой эм, тариа ойр зуурын юмнуудаа хулгайд алдчихлаа гэсэн. Тэгэхээр нь би ээжийн хэвтэж байсан эмнэлэг дээр очоод цагдаад дуудлага өгөхөд цагдаа нар ирээд эмнэлгийн камерыг шүүж үзэхэд нэг эрэгтэй хүн ээжийн хэвтэж байсан өрөө рүү ороод ягаан өнгийн кошлокийг нь энгэртээ хийгээд авч гарч байгаа нь камерын бичлэгт орсон байсан...” гэсэн мэдүүлэг,
Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03-10/
Эд мөрийн баримтыг шилжүүлэх тухай тогтоол /хх-ийн 11/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12-13/
Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14-16/
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 17/
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 18/
Хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл /хх-ийн 19/
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 55,58,64/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56,59,62,65-66/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124-126, 133,/
Шинжилгээний бус байгууллагаар шинжилгээ хийлгэх тогтоол /2-р хх-ийн 08/
Ашид билгүүн ХХК-ний дүгнэлт /2-р хавтас хх-ийн 11/
зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Л.Э Ж.Т нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дэвсгэрт Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад багтах хулан адуу 1, хар сүүлт 1-ийг тус тус зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ховор ан амьтны ангилалд дээрх хоёр амьтан хоёулаа ордог бөгөөд агнахыг хуулиар хориглодог. Хулан, хар сүүлт зэрэг амьтдыг Засгийн газраас тогтоосон үнэлгээгээр үнэлдэг бөгөөд Хулан 9.700.000 төгрөгөөр, хар сүүлт 1.700.000 төгрөгөөр тус тус үнэлэгддэг. Амьтны тухай хуульд заасны дагуу хууль бусаар агнасан тохиолдолд үнийг нь тус бүр хоёр дахин нугалж төрүүлдэг. Тэгэхээр нийтдээ 22.800.000 төгрөгийн хохирол болж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 20-ны үед шиг санаж байна яг өдрийг нь сайн санахгүй байна. Манайхыг Хөөвөр гэх газар нутаглаж байхад Л.Э Ж.Т хоёр мотоцикльтой ирээд Хөх эргийн тэнд чонын мөр байна буугаа өгчих гэхээр нь би өөрийнхөө дробинк бууг өгөөд явуулсан. Ингээд тэр өдрийнхөө орой Л.Э Ж.Т хоёр миний бууг авчирч өгөөд явсан. Эргэж манайхаар ирээгүй...” гэсэн мэдүүлэг, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээч Ө.Н, Б.З нарын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “...хулангийн мах мөн болохыг тогтоов...” гэсэн 1 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Дын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “...шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн ... дугаартай Дробинка маркийн галт зэвсгээр буудлага үйлдэгдсэн байна...” гэсэн 1229 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Л.Э нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах Мандах Наран эмнэлэгт хохирогч Ж.Бийн өрөөндөө орхисон кошлоконд байсан 348.200 төгрөгийн эд зүйл хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Хохирогч Ж.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Эмнэлгийн коридор нь хяналтын камертай байсан учир камерыг нь шүүгээд үзтэл нэг танихгүй залуу өрөө болгоноор шагайгаад явж байгаад миний хэвтэж байсан өрөө рүү ороод энгэртээ миний кошлокийг хийгээд аваад гарч яваа нь харагдсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч П.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр...орой намайг ажлаа тарах гэж байтал манай ээж Ж.Бь утсаар яриад ээж нь физик эмчилгээнд явчихаад иртэл орон дээр дэрний дэргэд байсан ягаан кошлоктой эм, тариа ойр зуурын юмнуудаа хулгайд алдчихлаа гэсэн. Тэгэхээр нь би ээжийн хэвтэж байсан эмнэлэг дээр очоод цагдаад дуудлага өгөхөд цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн дээрх үйлдэлтэй холбоотой хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
тус тус үйлджээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Л.Э Ж.Т нарыг бүлэглэн ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн гэмт хэргийг, шүүгдэгч Л.Эыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Л.Э Ж.Т нарыг бүлэглэн ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжтэй, шүүгдэгч Л.Эыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй нийцэхээс гадна шүүгдэгч нарын эрх зүйн байдал нь 2015 оны Эрүүгийн хуулиар оногдуулах ял шийтгэл нь хөнгөрсөн байдлаар дээрдүүлсэн байна гэж шүүх үзлээ.
Иймд 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Э Ж.Т нарын үйлдсэн хууль бусаар ан агнасан гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт , шүүгдэгч Л.Эын үйлдсэн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нь шүүх хуралдаанд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргах зүйлгүй, хуулинд заасан хохиролоо төлөхөөр илэрхийлсэн байдлаар нь нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлүүлэх саналыг шүүх хүлээж авч шүүгдэгч нар гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, ял шийтгэлгүй зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Ж.Бьт хулгайлагдсан эд зүйлсийн үнэ 294000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхэд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Л.Эоос хохирогч Ж.Бьт гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч Л.Э Ж.Т нар нь ховор ан амьтан болох хулан адуу 1, хар сүүлт 1-ийг агнахдаа Л.Эын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Бени маркийн цагаан өнгийн мотоцикль болон Ч.Эгийн ... дугаартай дробинк маркийн бууг ашигласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар мотоциклийг хураан авч улсын орлого болгож, Ч.Эгийн дробинк маркийн буу нь бүртгэлд бүртгэгдээгүй, бууны татвар төлөгдөөгүй тул хураан авч аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Э Ж.Т нар нь хулан адуу болон хар сүүлтийн махаа Сайхандулаан сумаас Сайншандад .... улсын дугаартай Huindai маркийн саарал өнгийн микро тээврийн хэрэгслийг ашиглан авчирсан болохыг уг тээврийн хэрэгслийн жолооч Ч.Э нь мэдээгүй тул хууль ёсны эзэмшигчид нь тээврийн хэрэгслийг буцаан олгох нь зүйтэй.
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар 1 хулангийн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 9700000 төгрөгийг, 1 хар сүүлтийн экологи эдийн засгийн үнэлгээ болох 1700000 төгрөгийг 2 дахин үржүүлж 22800000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Э Ж.Т нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдэээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Шүүгдэгч Л.Э нь 4 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20 кг 565 гр хар сүүлт, 98 кг 125 гр хулан адууны махыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлж, 1 ширхэг сиди-г энэ хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Э, Ж.Т нарыг ялласан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Эыг ялласан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасныг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй.
2.Шүүгдэгч Л.Э, Ж.Т нарыг хууль бусаар ан агнасан гэмт хэргийг, шүүгдэгч Л.Эыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1-д зааснаар шүүгдэгч Л.Эыг 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Э, Ж.Т нарыг тус бүр 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 төгрөгөөр төргөх ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Эод оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 6000 нэгжээр торгох ялуудыг тус бүрт нь эдлүүлсүгэй.
5.Шүүгдэгч Л.Э, Ж.Т нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасны дагуу 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоогугай.
6.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Эын цагдан хоригдсон 4 хоногийг Нийтэд тустай ажил хийлгэх ялын 32 цагийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
7.Шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г энэ хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
8.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Эын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, цагаан өнгийн “Бени” мотоциклийг хураан авч /аймгийн Цагдаагийн газрын журмын хашаанд байгаа/ улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ч.Эгийн ... дугаартай дробинк маркийн бууг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-ийн 1.1-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Ч.Эын эзэмшлийн ... улсын дугаартай, саарал өнгийн микро маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Ч.Эод буцаан олгосугай.
10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар шүүгдэгч Ж.Т, Л.Э нараас тус бүр 11400000 төгрөг гаргуулан улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасны дагуу 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоогугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-ийн 1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20 кг 565 гр хар сүүлт, 98 кг 125 гр хулан адууны махыг Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн болохыг дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан онсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Л.Эод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлан хувийн батлгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД