Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/18

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 30-ны өдөр                            2022/ДШМ/18                        Хэрлэн сум

 

Т.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0018

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч, шүүгч Г.Болормаа, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч Т.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,  

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2139001410248 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т.Б-, 1972 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2,

урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар,

Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 121 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар,

Хэнтий аймаг дахь сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан

 

Шүүгдэгч Т.Б- нь 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сарын 26-ны хооронд Ш.М-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох 1 давхар тоосгон байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч эмээлийн мод 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, ган зүсэгч 1 ширхэг, цахилгаан тень 1 ширхэг, боодолтой мяндсан утас 1 ширхэг, малын тэжээл овьёос 16 шуудай зэргийг хулгайлж Ш.М-т нийт 1.294.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 07 дугаар сарын 05-10-ны өдрийн хооронд О.П-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд нэвтэрч 4 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 11 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “О” хүнсний дэлгүүрийн гадна хашаанд байрлах агуулахад хууль бусаар нэвтэрч пиво, ундаа, тахианы лаазалсан мах зэрэг эд зүйлсийг хулгайлж С.Б-ид 180.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Түмэннастын Т.Б-г бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Б-г 4 /дөрөв/ жилийн хугацаагаар ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Миний бие бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Ш.М-, О.П-, С.Б- нарын хохирол, төлбөрийг төлж барагдуулсан. Би өөрийн гэм буруутай үйлдэлдээ дүгнэлт хийсэн дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байж чадна. Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын Тамгын газраас санаачилсан архины хамааралтай иргэдийг архины эмчилгээнд явуулах ажилд өөрийн хүсэлтээр хамрагдаж 2021 оны 10 дугаар сард архины эмчилгээнд хамрагдсан. Түүнээс хойш нэг ч удаа архиа уугаагүй, өндөр настай эхийгээ асран хамгаалж, хувиараа модон эдлэл хийж амьдрал ахуйгаа залгуулж байна. Сумын Засаг даргын Тамгын газраас модоор бүтээгдэхүүн хийж байгаа ажлыг минь дэмжиж багаж хэрэгсэл авч өгнө гэсэн. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан 4 жилийн хорих ял нь миний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй хүнддэж байх тул хөнгөрүүлж өгнө үү” гэв.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Т.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг улмаас хохирогч Ш.М-, О.П-, С.Б- нарт учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Т.Б- нь урьд нь тухайн төрлийн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Т.Б- нь архины хамааралтай байсан бөгөөд уг муу зуршлаа хаях зорилгоор Норовлин сумын Засаг даргын Тамгын газарт хандаж өөрийн хүсэлтээр архины эмчилгээнд хамрагдсан. Эмчилгээнд хамрагдсанаасаа хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээ больсон учир дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх боломжтой. Т.Б- нь 50 настай, ээжийнхээ хамт амьдардаг, гараар модон бүтээгдэхүүн хийж амьдрал ахуйгаа залгуулдаг. Архины эмчилгээнд хамрагдаж архи уухаа больсон учир сумынх нь Засаг даргын Тамгын газраас дэмжиж багаж хэрэгсэл өгч, хамтарч ажиллах саналыг гаргасан. Иймд Т.Б-гийн хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 4 жилийн хорих ялыг хөнгөрүүлж 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс Т.Б-г бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 4  жилийн хугацаагаар ял оногдуулсан. Шүүгдэгч Т.Б- нь өмнө нь хулгайн гэмт хэрэгт нийт 6 удаа ял шийтгүүлж байсан. Анхан шатны шүүх Т.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж түүнд 4 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.  

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж, дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Б- нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн орчимд согтуугаар Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг “О” хүнсний дэлгүүрийн агуулахад хууль бусаар нэвтэрч пиво, ундаа, тахианы лаазалсан мах зэрэг эд зүйлсийг хулгайлж С.Б-ид 180.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэрч Б.М-н: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны орой 20 цагт дэлгүүрээ хаагаад худалдагч Т-гийн хамт тайлан хийж байхад дэлгүүрийн гадаа буюу хашаан дотор юм шижигнэх чимээ гарсан. ...Т- гараад Т.Б-  манай дэлгүүрийн складад орсон байна гэж хэлсэн. Т.Б-гөөс “юу хийж байгаа юм бэ” гэж асуухад “зүгээр явж байна” гэж хэлсэн. ... дэлгүүрийн баруун урд талын хашааны буланд 2.5 литрийн пиво нэг кроп, 1.5 литрийн ундаа 1 кроп, лаазалсан тахианы мөч нэг кроп аваачаад орхисон байсан. ...Би складаас алдсан бараагаа бүгдийг нь олж авсан тул ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 191-192 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ШД-440 дугаартай: “...пиво 6 ширхэг, ундаа 12 ширхэг, лаазалсан тахиа 12 12 ширхэг зэргийн зах зээлийн үнэлгээг нийт 180.600 төгрөг байх боломжтой...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 204-206 хуудас/,

Яллагдагч Т.Б-гийн: “...би Б-н дэлгүүрийн склад буюу дэлгүүрийн бараа хадгалдаг агуулах руу нь ороод нэг кроп 2.5 литрийн нийслэл пиво, нэг кроп ундаа, нэг кроп лаазалсан мах авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 200 хуудас/,

Шүүгдэгч Т.Б- нь 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сарын 26-ны хооронд Ш.М-ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч эмээлийн мод, гагнуурын аппарат, цахилгаан дрилл, ган зүсэгч, цахилгаан тень, боодолтой мяндсан утас, 16 шуудай овьёос зэргийг хулгайлж 1.294.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ш.М-ийн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот орсон. ...2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэртээ ирж хулгайд алдсан гэх эд зүйлээ бүртгэхэд 15 ширхэг шуудай овьёос, цахилгаан дрилл 1 ширхэг, цахилгаан зүсэгч 1 ширхэг, эмээлийн мод 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, нэг боодол цагаан мяндсан утас,  цахилгаанаар халдаг тень зэрэг нийт 1.495.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл алга болсон байсан. ...Т-н Б- гэх хүнийг сэжиглэж байна. ...Би хулгайд алдсан эд зүйлээ зах зээлийн ханшаар үнэлнэ...”  гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 23-24 хуудас/, 

Гэрч Х.Б-н: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн орчим усанд явж байхад Т.Б- цагаан өнгийн боодолтой мяндсан утас болон улаан өнгийн халдаг тень бариад Ш.М-ийн эгнээнд явж байхаар нь сумын цагдаа Батмөнхөд утсаар мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 46 хуудас/,

Гэрч З.Б-н: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн орчим ...Т.Б- нь цагаан өнгийн ороосон мяндсан утас болон улаан өнгийн халдаг тень барьсан явж байхаар нь Т.Б-гөөс “хаанаас юу аваад явж байгаа юм бэ” гэж асуухад Т.Б- “миний өөрийн зүйл” гээд хаанаас авсан талаараа хэлэхгүй байсан. Тэгээд авч явсан тень болон мяндсан утсыг нь хурааж аваад цагдаагийн байран дээр авчирсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50 хуудас/,

Гэрч Г.Б-н: “...2021 оны 01 дүгээр сард Б гэх хочтой Т-н Б- манай гэрт ирээд “улаан өнгийн дрилл авах уу” гэж надаас асуусан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 67 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ШД-192 дугаартай: “...эмээлийн мод, гагнуурын аппарат, дрилл, зүсэгч, тень, мяндсан утас, овьёос зэргийг зах зээлийн үнэлгээ нийт 1.294.000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 76-77 хуудас/,

Яллагдагч Т.Б-гийн: “...би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 93 хуудас/,

 

Т.Б- нь 2021 оны 07 дугаар сарын 05-10-ны өдрийн хооронд О.П-ын байшинд нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга хулгайлж 520.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч О.П-ын: “...Би 2021 оны 07 дугаар сард Улаанбаатар хот явж ирсэн. Ингээд өөрийн тахилдаа хэрэглэдэг 4 ширхэг мөнгөн аягаа гэртээ хайсан боловч олдоогүй. ...У надад Т.Б- 4 ширхэг мөнгөн аяга зарна авах уу гээд манай гэрээр ороод гарсан гэж надад хэлсэн. ...Т.Б-тэй таараад чи манай гэрээс 4 мөнгөн авсан байна ш дээ гэж хэлсэн чинь хэсэг чимээгүй байж байснаа “тийм ээ би авсан, харин танай гэрээс авсан 4 мөнгөн аягаа хаана нууснаа олохгүй байна” гэж хэлсэн. ...хоёр том мөнгөн аяга нийлээд 450.000 төгрөгөөр, хоёр жижиг аягаа 1 ширхгийг нь 100.000 төгрөгөөр нийт 650.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн зах зээлийн ханш хэдэн төгрөг байна тэр мөнгөн дүнгээр үнэлнэ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 110 хуудас/,

Гэрч Х.У-н: “...2021 оны 07 дугаар сарын 7-8-ны үед Т.Б- манай гэрт орж ирээд мөнгөн аяга худалдаж авах уу гэж надаас асуусан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 159 хуудас/,

Гэрч Б.Н-н: “...Т.Б-гөөс нөгөө аягыг нь асуухад Т.Б- “би хулгай хийж авсан, харин тэр аягаа айлын хашаанд нуугаад буцаагаад авах гэсэн чинь олохгүй байсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1  дүгээр хавтаст хэргийн 158 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ШД-407 дугаартай: “...дунд гарын орчин цагийн мөнгөн аяга 2 ширхэг, жижиг тагш 2 ширхэг зэргийн зах зээлийн үнэлгээ нийт 520.000 төгрөг байх боломжтой...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 165-166 хуудас/,

Яллагдагч Т.Б-гийн: “...2021 оны 07 дугаар сарын эхээр ...О.П-ын гэрээс 4 ширхэг мөнгөн аягыг авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 176 хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах бодит боломж бий болсноор төгссөнд тооцдог материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Т.Б-гийн бусдын эд хөрөнгийг нь хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь уг гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байран нэвтэрч үйлдсэн нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг давхар хангаж байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-гийн дээрх хулгайн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд тухайн зүйл, хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй шүүхээс оногдуулсан хорих ял мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Б-гийн хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг  хөнгөрүүлж өгөх талаар гаргасан давж заалдах гомдлын тухайд:  

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байх тул шүүгдэгчийн гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-гийн гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-гийн цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Я.АЛТАННАВЧ

 

                           ШҮҮГЧИД                                                  Г.БОЛОРМАА

                                                               

                                                                                             Б.ДЭНСМАА