Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2016/0104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б*******, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б*******, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.Б******* нарыг оролцуулан Б******* а******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Үнэгээний хорооны даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн өмчийн харилцааны газраас Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын 2014-2015 оны хичээлийн жилийн түрээсийн гэрээ дүгнэсэн тухай 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн жагсаалтын 82 дугаарт түрээслэгч-Ө******* х******* ХХК-ийн Гэрээг цуцлах тухай мэдэгдэл-ийг захиргааны хууль бус акт болохыг тогтоолгох, Захиалагч Нийслэлийн өмчийн харилцааны газар нь 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах НӨХГ-ЕБС/ЦГ-201502 тоот сонгон шалгаруулалтын Баянгол дүүргийн 78 дугаар сургуульд шалгарсан П ХХК-ийн тендерийг хууль бус болохыг тогтоож сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б******* а******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: ...Нийслэлийн өмчийн харилцааны газраас зарласан 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн сонгон шалгаруулалтанд оролцож Баянгол дүүргийн "Э******* У ц 78-р сургууль дээр сонгогдон хуучин нэрээр "Ө******* Х*******" ХХК-иар гэрээ хийж гэрээний зүйл заалтуудыг зөрчилгүй хэвийн үйл ажиллагаа явагдаж гэрээний үүргээ хангалтай биелүүлэн ажиллаж байтал гэрээ цуцлах тухай Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын 2014-2015 оны хичээлийн жилийн түрээсийн гэрээг дүгнэсэн тухай 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр сайтдаа байрлуулсан байсныг мөн оны 06 дугаар сарын 08-ны өдөр мэдэж тэр дор нь хүлээн зөвшөөрөх боломжгүй талаараа албан тоот, холбогдох материалуудыг бүрдүүлэн өгч гомдол гаргасан юм. Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын байранд цайны газарт "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэгчийн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 02тоот гэрээг Э******* у ц сургууль Б******* А******* ХХК /Ө******* Х******* ХХК хуучин нэрээр/ хоёр байгуулж Нийслэлийн өмчийн харилцааны газраар баталгаажуулсан гурвалсан гэрээ юм. Дээрх гэрээг түрээслүүлэгч, түрээслэгч хоер Нийслэлийн өмч хөрөнгийг түрээслэх журмын дагуу дүгнэх ёстой байтал гэрээг дүгнэх боломж олголгүй, мөн түрээслэгч түрээслүулэгч талуудад мэдэгдэлгүй гэрээ цуцлах тухай мэдэгдэх хуудсыг нэг сарын өмнө өгнө гэсэн хуулийн заалтыг зөрчиж Нийслэлийн өмчёийн харилцааны газар дангаараа цуцалсан нь манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчлөө. Мөн цайны газрын засварт 3.179.750 төгрөг, тоног төхөөрөмжид 13.179.850 төгрөг тус тус зарцуулсан.

3ахиалагч Нийслэлийн өмчийн харилцааны газар нь 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын "ҮдиЙн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах НӨХГ-ЕБС-/ЦГ 201502 тоот урилгыг вэб хуудсанд тавьсан байсан учир Баянгол дүүргийн Э******* у ц сургуулийн хичээлийн 3-р байр буюу 78-р сургуулийн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тухайн сонгон шалгаруулалтанд манай компани тендер бүрдүүлэн оролцсон юм. Дээрх сонгон шалгаруулалт нь Монгол улсын Засгийн Газрын "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж байгаа тул "Төрийн болон орон нуггийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагдах ёстой гэж үзэж байна. Манай компани урилганд заасан бүх нөхцлийг хангасан тендер хүргүүлсээр байтал тухайн 78-р сургуульд сонгон шалгаруулалтанд оролцоогүй "П" ХХК-ийг шалгаруулж хууль зөрчлөө. П ХХК нь сонгон шалгаруулалтанд Амгалан ц сургуульд тендерийн бичиг баримт хүргүүлэн оролцож шалгарч чадаагүй бөгөөд тендер нь сонгон шалгаруулалтын шаардлага хангахгүй байна. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 заасныг зөрчиж өнөөдрийг хүртэл манай тендерээс татгалзсан талаар хариу өгөөгүй байна.

Тухайн тендер сонгон шалгаруулалтыг хянан шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд гомдол гаргасан боловч Нийслэлийн өмчийн харилцааны газрын тодорхой албан тушаалтан тендерт оролцогчдын тендер, шалгаруулалтын бичиг баримтыг хүргүүлэлгүй тендерт оролцоогүй мэтээр ойлгуулснаар 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 6/4865 дугаар албан бичигт зөвхөн тендерт оролцсон компаний материалийг хянан үзэх ёстой иймд танай компаний гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн.

Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын 2014-2015 оны хичээлийн жилийн түрээсийн гэрээ дүгнэсэн тухай 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн жагсаалтын 82 дугаарт түрээслэгч-Ө******* х******* ХХК-ийн Гэрээг цуцлах тухай мэдэгдэл-ийг захиргааны хууль бус акт болохыг тогтоолгох, Захиалагч Нийслэлийн өмчийн харилцааны газар нь 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах НӨХГ-ЕБС/ЦГ-201502 тоот сонгон шалгаруулалтын Баянгол дүүргийн 78 дугаар сургуульд шалгарсан П ХХК-ийн тендерийг хууль бус болохыг тогтоож сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Үнэлгээний хорооны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлдээ: ...Нийслэлийн Өмчийн харилцааны газраас зарласан 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр НӨХГ-ЕБС/ЦГ 201502 тоот тендерийн урилгын дагуу "П" ХХК, "Машид мандах үйлс" ХХК, "Хатан сүү" ХХК, "Б*******-А*******" ХХК, "Реце" ХХК, "Бенедакт" ХХК, "Барагдашгүй нөөц" ХХК зэрэг компаниуд 78 дугаар сургуулийн цайны газрын түрээслэгчийн сонгон шалгаруулалтанд оролцохоор материалаа ирүүлсэн бөгөөд эдгээрээс хамгийн сайн материал ирүүлсэн буюу шаардлага хангасан "П" ХХК-ийг шалгаруулж шийдвэрлэсэн бөгөөд гэрээ байгуулан ажиллаж байгаа болно.

Уралдаант шалгаруулалтын дүнг өөрийн сайт дээр тухайн шалгаруулалт явуулсан өдрөө олон нийтэд мэдээлэн тавьдаг учраас заавал бичгээр мэдэгдэх шаардлагагүй гэж үзэхийн зэрэгцээ тухайн тендерийг хуулийн дагуу явуулсан гэж үзэж байна.

Иймд Б******* а******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд П ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлдээ: ...

Манай компани нь Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зарласан сонгон шалгаруулалтанд Э******* у цын 78-р сургуулийн үдийн цайг нийлүүлэхээр материалаа сонгон шалгаруулалтанд заасан журмын дагуу бүрдүүлж тогтоосон хугацаанд ирүүлсэн болно. Нийслэлийн өмчийн харилцааны газар нь сонгон шалгаруулалтын хариуг "цахим хэлбэрээр олон нийтэд өөрийн хуудаснаа байршуулах болно, үүнд тухайн сургуулийн ард сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуй нэгжийн нэрс гарна. Хэрэв танай компанийн нэр гараагүй бол тэнцээгүй байна гэж үзэх" гэж мэдэгдсэний үндсэн дээр 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нийтэд хариуг зарласанаар манай компани сонгон шалгаруулалтад тэнцсэн болохоо мэдсэн. Манай компани нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Э******* у цогцолборын 78-р сургуулийн үдийн цайг нийлүүлж байгаа бөгөөд үйл ажиллагаа маш сайн явагдаж байна. Манай компани нь Үдийн цай" нийлүүлэх санхүүгийн болон боловсон хүчний өндөр чадамжтай.

"Б*******-А*******" ХХК-ийн хувьд Ерөнхий боловсролын сургуулиудын Үдийн цай нийлүүлэх" сонгон шалгаруулалтын журамд "үйл ажиллагааны доголдол буруугаас үдийн цай нийлүүлэх гэрээ нь цуцлагдсан аж ахуй нэгж дахин баримт бүрдүүлэн орохыг хориглоно" гэж заасан байхад тухайн компани нь зөвхөн оноосон нэрээ өөрчлөн дахин сонгон шалгаруулалтад материал ирүүлсэн нь сонгон шалгаруулалтын журмыг зөрчсөн байна.

Тус компанийн менежер албан тушаалтай гэх н.Энхтүвшин нь удаа дараа манай үйл ажиллагаанд саад учруулж, нийтийн хоол үйлдвэрлэл явагдаж байхад гадуур хувцастайгаа дайран орж, ажилчид албан хаагчдыг гутаан доромжилж, хэсэг бүлэг хүмүүсийг авчирч манай компанийн ажилчдыг зодохыг завдан айлган сүрдүүлсэн.

Мөн хоол үйлдвэрлэлийн материал хадгалах зориулалттай 16м2 талбай бүхий өрөөг цоожлоод өнөөдрийг хүртэл онгойлгож өгөөгүй. Бид тухайн өрөөний түрээсийн төлбөрийг 09, 10, 11-р саруудад төлсөн байгаа болно /1м2 талбайн үнэлгээ 9ООО төгрөг/. Манай компанид нийт 432,000 төгрөгийн хохирол учруулаад байна. Дээрх өрөөг суллаж өгөхийг тус компанид олон удаа хүсэлт тавьсан боловч одоог хүртэл суллаж өгөөгүй.

Б******* а******* ХХК-ийн манай компанийн үдийн цай нийлүүлэх гэрээг цуцлуулахаар гаргасан нэхэмжлэл нь 78 дугаар сургуулийн үдийн цай хөтөлбөрт хамрагдах сурагчид, дунд бүлгийн сурагчид болон багш ажилчидын эрх ашгийг хөндөж байгаа тул тус компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Б******* а******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж Нийслэлийн өмчийн харилцааны газраас Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын 2014-2015 оны хичээлийн жилийн түрээсийн гэрээ дүгнэсэн тухай 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн жагсаалтын 82 дугаарт түрээслүүлэгч Баянгол дүүргийн 78 дугаар сургууль-Э******* у ц сургууль, түрээслэгч-Ө******* х******* ХХК-ийн Гэрээг цуцлах тухай мэдэгдэл-ийг захиргааны хууль бус акт болохыг тогтоолгох, Захиалагч Нийслэлийн өмчийн харилцааны газар нь 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах НӨХГ-ЕБС/ЦГ-201502 тоот сонгон шалгаруулалтын БГД-ийн 78 дугаар сургуульд шалгарсан П ХХК-ийн тендерийг хууль бус болохыг тогтоож сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох шаардлага гаргажээ.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...гэрээг дүгнэх боломж олгоогүй, цуцлах үндэслэл бүрдээгүй үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад гэрээний талуудад мэдэгдэлгүйгээр Нийслэлийн Өмчийн харилцааны газар дангаараа гэрээ цуцалсан нь хууль бус...бид зохих журмын дагуу тендер хүргүүлсэн байхад тус 78 дугаар сургуульд сонгон шалгаруулалтанд оролцоогүй П ХХК-ийг шалгаруулсан нь үндэслэлгүй гэж тодорхойлон маргаж, хариуцагч тал үүнийг эс зөвшөөрч ...шалгалтаар хангалтгүй ажиллаж байгаа нь илэрсэн тул нэхэмжлэгчид гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн...П ХХК нь хамгийн сайн тендер ирүүлсэн тул шалгаруулсан гэж тодорхойлон мэтгэлцэж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн лавлагаагаар нэхэмжлэгч Б******* а******* ХХК нь Ө******* х******* ХХК нэрээр үйл ажиллагаа явуулж байгаад 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Б******* а******* ХХК болж оноосон нэрээ өөрчилж бүртгэгдсэн гэж тодорхойлсныг тэмдэглэх нь зүйтэй.

1.Нийслэлийн өмчийн харилцааны газраас Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын 2014-2015 оны хичээлийн жилийн түрээсийн гэрээ дүгнэсэн тухай 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн жагсаалтын 82 дугаарт түрээслүүлэгч-Баянгол дүүргийн 78 дугаар сургууль-Э******* у ц сургууль, түрээслэгч-Ө******* х******* ХХК-ийн Гэрээг цуцлах тухай мэдэгдэл-ийг захиргааны хууль бус акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/131 дүгээр тушаалаар Ерөнхий боловсролын сургуулиудын Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж буй цайны газрын түрээслэгч нарын 2014-2015 оны хичээлийн жилийн хугацааны түрээсийн гэрээ, Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, мэргэжлийн байгууллагуудаас санал авч цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдхүүн удирдамжийг тус тус баталсан байна.

Дээрхи удирдамжийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсгээс Баянгол дүүргийн 78 дугаар сургууль буюу Э******* у ц сургуульд Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Ө******* х******* ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийж түрээсийн гэрээний болон Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх ажиллагааг явуулан улмаар Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар гэсэн нэрээр Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын 2014-2015 оны хичээлийн жилийн түрээсийн гэрээг дүгнэсэн тухай мэдээллийг 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өөрийн байгууллагын албан ёсны вэб хуудсанд нийтлэхдээ дээрхи талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг цуцлах тухай мэдэгджээ.

Нийслэлийн өмчийн харилцааны газар, Баянгол дүүргийн 78 дугаар сургууль буюу Э******* у ц сургуулийн захирал, Ө******* х******* ХХК-ийн хооронд байгуулагдсан Нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн байранд цайны газар болон Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн түрээсийн гэрээ нь 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 31-ны өдрийг дуустал хугацаагаар байгуулагдсан байна.

Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т Нийслэлийн өмчийн харилцааны газар нь түрээслүүлэгч болон түрээслэгчээс гэрээний үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж ажиллах эрх үүрэгтэй байхаар, гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, түрээсийн төлбөрөө хугацаанд нь барагдуулахгүй удаа дараа шаардуулах, төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд өмч эзэмшигч гэрээг Өмчийн харилцааны газартай зөвшилцөж цуцлах-аар талууд тохиролцжээ.

Нийслэлийн өмчийн харилцааны газраас байгуулагдсан ажлын хэсгээс 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Ө******* х******* ХХК-д хийсэн шалгалтын явцад зөрчил илэрсэн нь Баянгол дүүргийн 78 дугаар сургуулийн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын үйл ажиллагаатай танилцсан тухай тэмдэглэл-ээр тогтоогдож байх боловч уг зөрчлүүд талуудын хооронд байгуулсан дээрхи гэрээг цуцлах шууд үндэслэл болсон эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл талууд гэрээний хэрэгжилтийг зохих журмын дагуу дүгнээгүй атлаа гэрээг зөвхөн нэг талын санаачлагаар цуцлах шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна.

Гэвч дээрхи шалгалтын дараа буюу 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас зарласан Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах НӨХГ-ЕБС/ЦГ-201502 тоот сонгон шалгаруулалтын Баянгол дүүргийн 78 дугаар сургуульд хэрэгжүүлэх шалгаруулалтанд нэхэмжлэгч өөрөө оролцохоор материалаа хүргүүлсэн, ингэснээр талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэг талын санаачлагаар гаргасныг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул уг мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

2.Нийслэлийн өмчийн харилцааны газраас зарласан Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах НӨХГ-ЕБС/ЦГ-201502 тоот сонгон шалгаруулалтад БГД-ийн 78 дугаар сургуульд шалгарсан П ХХК-ийн тендерийг хууль бус болохыг тогтоож сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох шаардлагын тухайд:

Б******* а******* ХХК нь Нийслэлийн өмчийн харилцааны газраас зарласан Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах НӨХГ-ЕБС/ЦГ-201502 тоот сонгон шалгаруулалтад БГД-ийн 78 дугаар сургуульд оролцохоор тендер бэлтгэж хүргүүлсэн байна.

Хэргийн материалд авагдсан Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийн үйл ажиллагааг шалгаж сонгон шалгаруулалт зарласан тухай илтгэх хуудсанд нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерээс татгалзаж, гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн гэх боловч ямар үндэслэлээр татгалзсан нь тодорхой бус байхын дээр энэ тухай нэхэмжлэгчид зохих журмын дагуу мэдэгдээгүй байна.

Хариуцагчаас гаргасан Сонгон шалгаруулалтын урилгын 4 дүгээр зүйлд материалыг зарласан хугацаанд битүүмжлэн санал өгч буй сургуулийн дугаарыг болон аж ахуйн нэгжийн нэрийг тодорхой бичиж ирүүлэх ба битүүмжилсэн нэг дугтуйд зөвхөн нэг санал ирүүлэх-ийг шаарджээ.

Гэтэл Баянгол дүүргийн 78 дугаар сургуульд тендер хүргүүлсэн Б******* а******* ХХК-ийн тендерээс үндэслэлгүйгээр татгалзаж улмаар Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн цайны газрыг түрээслэхээр тендер ирүүлсэн П ХХК-ийг 78 дугаар сургуулийн цайны газрын түрээслэгчээр шууд шалгаруулсан нь хууль зүйн үндэслэлгүй, сонгон шалгаруулалтын журмын дээрхи заалтыг зөрчсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Баянгол дүүргийн 78 дугаар сургуулийн хувьд шаардлагад нийцсэн тендер ирээгүйгээс Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам-д зааснаар шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэсэн гэх тайлбарын тухайд, тухайн харилцаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагдах бөгөөд уг хуулийн 34 дүгээр зүйлд заасан Гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэх нөхцөл байдалд хамаарахгүй байх тул энэ үндэслэлээр хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Иймд Баянгол дүүргийн 78 дугаар сургуульд тендер хүргүүлсэн Б******* а******* ХХК-ийн тендерээс татгалзсан үндэслэл нь тодорхойгүй, Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн цайны газрыг түрээслэхээр тендер ирүүлсэн П ХХК-ийг 78 дугаар сургуулийн цайны газрын түрээслэгчээр шууд шалгаруулсан нь хууль зүйн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл уг сонгон шалгаруулалт хууль бус явагдсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, гэрч Д.Нэмэхбаярын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.8-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28, 34 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б******* а******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах НӨХГ-ЕБС/ЦГ-201502 тоот сонгон шалгаруулалтад Баянгол дүүргийн 78 дугаар сургуулийн цайны газрын түрээслэгчээр П ХХК-ийг шалгаруулсан сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож уг сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах НӨХГ-ЕБС/ЦГ-201502 тоот сонгон шалгаруулалтын Баянгол дүүргийн 78 дугаар сургуулийн цайны газрын түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг Б******* а******* ХХК-ийг оролцуулан хуульд нийцүүлэн явуулж энэ шийдвэрийг биелүүлбэл зохино.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Үнэлгээний хорооны даргаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.ДУЛАМСҮРЭН