Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2024/00932

 

 

 

 

 

 

 

2024 03 06 181/ШШ2024/00932

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** хаягт оршин суух, *** овогт В.Б /РД:/,

 

Нэхэмжлэгч: *** хаягт оршин суух, *** морьт овогт С.М /РД:/-ын нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** хаягт оршин суух, *** овогт Б.Б /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 114,400,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, *** ХХК-ийн 34 хувийн хувьцааг шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: В.Б, С.М биднээс иргэн Б.Б нь *** гэх төсөл хэрэгжүүлнэ гэж улмаар өөрийн хувьцааг нь эзэмшдэг *** ХХК-ийн 34 хувийн хувьцааг бидэнд шилжүүлсэн. Улмаар Б.Б нь уг төслөө хэрэгжүүлэхийн тулд В.Б надаас 2020-07-10-ны өдөр 15,000,000 төгрөг, 2020-07-30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020-07-31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2020-08-18-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөг, С.М надаас 2020-07-30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020-08-13-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг тус тус өөрийн *** банкин дахь *** тоот дансаар шилжүүлэн авч, нийт 55,000, 000 төгрөгийг зээлж авсан бөгөөд түүнээс хойш тэрээр авсан мөнгөө буцааж өгөлгүй 2022 оны 10 дугаар сарыг хүргэсэн. Улмаар бид Б.Б-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлдүүлсэн мөнгөө нэгтгэн 2022-10-18-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан мөнгийг шилжүүлсэн хугацаанаас эхлэн сарын 2 хувийн хүүг тооцон үндсэн зээлийг хүүгийн хамт 2023-01-31-ний өдөр төлөхөөр, хэрэв хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алдангийг бидэнд төлөхөөр тохиролцсон болно. Гэтэл Б.Б нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд түүний биднээс тус тус авсан зээл, түүний хүү, мөн алдангийг тооцоход дараах дүн гарч байгаа юм. Үндсэн зээл: 55,000,000 төгрөг, Хүү: 31,900,000 төгрөг /55,000,000 төгрөг бүрдсэн өдөр болох 2020.08.18-ны өдрөөс эхлэн 2023-01-31-ний өдрийг хүртэл 2 жил 5 сараар тооцсон болно Алданги: 16,225,000 төгрөг 12023.02.01-2023.04.20-ний өдрийг хүртэл 79 хоног байх бөгөөд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт хүүгээс анз тооцохгүй гэж заасны дагуу үндсэн зээлээс тооцсон болно./Нийт: 108,625,000/ төгрөг Дээрх тооцоог задлан үзвэл иргэн Б.Б нь В.Б надад 69,125,000 төгрөг, С.М надад 39,500,000 төгрөг төлөх тооцоо гарч байна. Иймд Б.Б-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 108,625,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

1.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: В.Б, С.М бид иргэн Б.Б-д холбогдуулан 2023-04-20-ны өдөр Зээлийн гэрээний үүрэгт нийт 108,625,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнээс үндсэн зээл 55,000,000 төгрөг, түүний хүү 31,900,000 төгрөг, алданги 21,725,000 төгрөг байсан билээ. Шүүхээс иргэний хэрэг үүсгээд 9 сар гаруй хугацаа өнгөрсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж зааснаар үндсэн зээлээс тооцон үзэхэд В.Б надад төлөх ёстой алданги 17,500,000 төгрөг, С.М надад төлөх ёстой алданги 10,000,000 төгрөг болсон байна. Өнөөдрийн байдлаар тооцон үзэхэд Б.Б-ий төлбөл зохих төлбөрийг тооцоход дараах дүн гарч байна. Үндсэн зээл:55,000,000 төгрөг, Хүү: 31,900,000 төгрөг /55,000,000 төгрөг бүрдсэн өдөр болох 2020.08.18-ны өдрөөс эхлэн 2023-01-31-ний өдрийг хүртэл 2 жил 5 сараар тооцсон болно / Алданги: 27,500,000 төгрөг 12023.02.01-2024.01,29-ний өдрийг хүртэл 2 жил орчим хугацаа өнгөрсөн байх бөгөөд Иргэний хуулийн 222.6-д заасны дагуу хүүгээс анз тооцоогүй бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 50 хувиас хэтрүүлээгүй болно. Нийт 114,400,000 төгрөг. Дээрх тооцоог задлан үзвэл иргэн Б.Б нь В.Б надад 72,800,000 төгрөг, С.М надад 41,600,000 төгрөг төлөх тооцоо гарч байна. Өөрөөр хэлбэл бид нэхэмжлэлийн шаардлагаа алданги болох 5,775,000 төгрөгөөр ихэсгэж байна гэжээ.

2. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: В.Б С.М нар манай *** ХХК-д 200,000,000 төгрөг бүхий хөрөнгө оруулалт хийх мөн бага хэмжээний хувьцаа эзэмших хүсэлтэйгээр анх надтай ярилцаж тохирсон боловч 200 сая төгрөг бус 2020 оны 7-8 саруудад хэд хэдэн шилжүүлгээр 55,000,000 төгрөг шилжүүлэн манай *** ХХК-н 34% хувийг мөн хэвийн үйл ажиллагаа явуулж байсан *** ХХК-н 100%-г *** ХХК доор 100% шилжүүлэн авсан. Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа явуулдгийн хувьд хувь эзэмшигч В.Б С.М нараас үлдсэн хөрөнгө оруулалт асуухад өөр хүн болон байгууллагаас асууж байгаа гэсээр хэдэн жил болж 2022 оны 9-н сараас би хувьцаагаа буцаан авах санал гаргасан бөгөөд хувьцаа шилжсэнээр зээл авч төлнө гэхэд ямар нэгэн барьцаа хэрэгтэй гэсээр миний нэр дээр зээлийн гэрээ гаргуулж одоо болтол хувьцаа шилжүүлээгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг үндэслэлгүй хэмээн үзэж тус шүүхээр үнэн бодит шийдүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Б-ий зүгээс талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан... дүр үзүүлэн хийсэн хэлцэл ... буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын тухайд Б.Б нь *** ХХК-ийг 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 1 хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулж Улсын бүртгэлд бүргүүлж компанийн гэрчилгээ авсан байдаг. *** ХХК-ийг үүсгэн байгуулсан дараагаар 2020 онд В.Б, С.М нар нь *** ХХК-иас хэрэгжүүлэх *** гэх төсөл 200.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж, 200.000.00 төгрөгийн хөрөнгө оруулалтын үр дүнд ***ХХК-ийн 34 хувийн хувьцааг тус тус 17 хувиар эзэмших хүсэлтийг тавьж нэг талаас Б.Б, нөгөө талаас В.Б С.М нар нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар *** ХХК-ийн үүсгэн байгуулагч нэмэх хурлыг хийж 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн *** Хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор *** ХХК-ийн 17 хувийн хувьцааг С.М, мөн 17 хувийн хувьцааг В.Б нарт эзэмшүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл В.Б, С.М, Б.Б нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. В.Б, С.М нарын үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа Б.Б-д зээлсэн гэх 55.000.000 төгрөг нь талуудын хооронд байгуулсан *** ХХК-д В.Буяннэмэх, С.М нар нь 200.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулахаар тохиролцсоны дагуу 200.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын урьдчилгаа болох 55.000.000 төгрөгийг тухайн цаг үед буюу 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хооронд *** ХХК-ийн захирал болох Б.Б-ий дансанд шилжүүлсэн байдаг. В.Б, С.М нар нь *** ХХК-д хөрөнгө оруулалтын урьдчилгаа болох 55.000.000 төгрөгийг зээл биш хөрөнгө оруулалт байдлаар шилжүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог. Нэхэмжлэгч нарын өөрсдийн шүүхэд гаргаж өгсөн *** банкны дансны хуулгаар 2020 оны 7 дугаар сарын 30, 31-ний өдрүүдийн мөнгөн шилжүүлгийн утга дээр *** 17 хувь гэх байдлаар Б.Б-д шилжүүлсэн байдаг. Дээрх нөхцөл байдлын дараагаар буюу 2022 оны 10 дугаар сарын байдлаар В.Б, С.М нар нь *** ХХК-ийн хэрэгжүүлж буй *** гэх төсөлд оруулах 200.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтаас 2020 онд оруулсан 55.000.000 төгрөгөөс илүү дүнгээр хөрөнгө оруулалт оруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул В.Б, С.М нар нь *** ХХК-ийн 34 хувийн хувьцааг компанийн захирал Б.Б-д буцаан өгч, компанид хөрөнгө оруулсан 55.000.000 төгрөгийг буцаан авахаар тохиролцсоны үндсэн дээр 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг дүр үзүүлсэн байдлаар байгуулсан болно. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т ... Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно ... гэж заасан. Бодит байдал дээр Б.Б нь В.Б, С.М нараас 55.000.000 төгрөгийг зээл байдлаар аваагүй буюу зээлдүүлэгч нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүрэг биелэгдээгүй байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэхээргүй байна. 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосноор Б.Б нь В.Б, С.М нарын нэхэмжилж буй 55.000.000 төгрөг, хүү 31.900.000 төгрөг, алданги 16.225.000, нийт 108.625.000 төгрөгийг төлөх үүргээс чөлөөлөгдөх юм. Иймд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

3.1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ бидний хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тодорхойлж улмаар компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнэ буюу хөрөнгө оруулалт хэлбэрээр олгогдсон мөнгө гэсэн тайлбарыг дурджээ. Бид тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа компанийн хувьцааг бидэнд шилжүүлсэн талаар дурдсан бөгөөд энэ бол тусдаа асуудал билээ. Бид улмаар түүний өөрийн компаниар дамжуулан хэрэгжүүлж буй төслийг дэмжиж 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж тохиролцсон байсан ба Б.Б-ий хүссэний дагуу 55,000,000 төгрөгийг түүний хувийн данс руу шилжүүлсэн. Б.Билгүүн нь уг мөнгөн хөрөнгийг компанийн үйл ажиллагаанд буюу төслийг хэрэгжүүлэхэд зарцуулалгүй бидэнд амласан амлалтаа биелүүлэлгүй ажлаа хэрэгжүүлэхгүй маш их удсан. Бид түүнээс ажлаа хийхийг шаардсан боловч үр дүнд хүрээгүй. Тиймээс бид өгсөн мөнгөө түүнээс шаардах болсон бөгөөд тэрээр Зээлийн хэлбэрт шилжүүлье гэж хүссэний дагуу маш их хугацаа өнгөрсөн тул мөнгийг олгож эхэлсэн цаг хугацаанаас тооцон үүргийг өөрчилж зээлийн гэрээг байгуулсан бөгөөд Б.Б нь уг гэрээг байгуулахдаа өөрийн хүсэл зоригийг чөлөөтэй илэрхийлж уг мөнгийг 2023-01-31-ний өдөр төлнө гэсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй тул бид арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч иргэд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээнийхээ агуулгыг хуулиар хориглоогүй хүрээнд чөлөөтэй тодорхойлох эрхтэй бөгөөд мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж талуудад зөвшилцөх боломжийг олгосон диспозитив хэм хэмжээг хуулиар тогтоосны дагуу бид хуулиар хориглоогүй хүрээнд гэрээгээ байгуулсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Б.Б нь *** ХХК-ийг 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 1 хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулж Улсын бүртгэлд бүргүүлж компанийн гэрчилгээ авсан байдаг. *** ХХК-ийг үүсгэн байгуулсан дараагаар 2020 онд В.Б, С.М нар нь *** ХХК-иас хэрэгжүүлэх *** гэх төсөл 200.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж, 200.000.00 төгрөгийн хөрөнгө оруулалтын үр дүнд *** ХХК-ийн 34 хувийн хувьцааг тус тус 17 хувиар эзэмших хүсэлтийг тавьж нэг талаас Б.Б, нөгөө талаас В.Б, С.М нар нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар *** ХХК-ийн үүсгэн байгуулагч нэмэх хурлыг хийж 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн *** Хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор *** ХХК-ийн 17 хувийн хувьцааг С.М, мөн 17 хувийн хувьцааг В.Б нарт эзэмшүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн байдаг. *** ХХК-д В.Б, С.М нар нь 200.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулахаар тохиролцсоны дагуу 200.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын урьдчилгаа болох 55.000.000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хооронд *** ХХК-ийн захирал болох Б.Б-ий дансанд шилжүүлснээс хойш дахин хувьцааны төлбөр шилжүүлээгүй. Өөрөөр хэлбэл хувьцааны үлдэх төлбөр болох 145.000.000 төгрөгийг Б.Б-д шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болно. Иймд Б.Б-ий зүгээс В.Б, С.М нарыг *** ХХК-ийн 34 хувийн хувьцааг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: *** ХХК-ийн 34 хувийн хувьцааг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр буцаан шилжүүлж өгсөн гэжээ.

 

6. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн гэрээ, *** банкны депозит дансны хуулгууд, төлбөрийн тооцоололын баримт, итгэмжлэл, ***-ны өдрийн *** дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчаас: Б.Б-ий иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, *** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, **** дугаар хувьцаа эзэмшигчдийн тогтоол, *** дугаар үүсгэн байгуулагч нэмэх хурлын тэмдэглэл, *** дугаар итгэмжлэл, *** дугаар компанийн эрх шилжүүлэх гэрээ, **** ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, *** ХХК-ийн дүрэм, *** ХХК-ийн дүрэм, 2020.08.10-ны өдрийн компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, *** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолууд, *** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, *** ХХК-ийн үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэлүүд, *** дугаар худалдах, худалдан авах гэрээ, *** ХХК-ийн баримтууд /хуулбар хувь/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч В.Б, С.М нар нь хариуцагч Б.Б-д холбогдуулан талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүрэгт 108,625,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 5,775,000 төгрөгөөр ихэсгэн, нийт зээлийн гэрээний үүрэгт 114,400,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

3. Хариуцагч Б.Б нь В.Б, С.М нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 55,000,000 төгрөгийг хүлээн авсан асуудлаар маргахгүй боловч өөрийн үүсгэн байгуулсан *** ХХК-иас хэрэгжүүлэх Зэв дижитал төслийн хүрээнд нэхэмжлэгч нар нь 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, уг хөрөнгө оруулалтын үр дүнд компанийн 34 хувийн хувьцааг эзэмшихээр харилцан тохиролцсон бөгөөд 55.000.000 төгрөгөөс илүү дүнгээр хөрөнгө оруулалт оруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн буюу хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй гэж, хариу тайлбар гарган маргажээ.

 

4. Зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

                                                                           I.        Зээлийн гэрээний үүрэгт Б.Б-ээс

114,400,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

1.  Хариуцагч Б.Б нь *** ХХК-ийг 2018 оны 9 дүгээр сард 1 хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулж, улмаар уг хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээнд *** буюу орчин үеийн технологид суурилсан олон флатформт *** төслийг хэрэгжүүлэх зорилготой байжээ.

 

2. Уг төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай байсантай холбоотойгоор В.Б, С.М нар нь төсөлд 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, улмаар цаашид уг төслөөс ашиг хүртэх зорилгоор талууд харилцан тохиролцож, *** ХХК-ийн 17 хувийн хувьцааг В.Б, 17 хувийн хувьцааг С.М эзэмших болжээ.

 

3. Дээр дурдсан үйл баримтын талаар зохигчийн хэн алин нь маргаагүйгээс гадна 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, мөн өдрийн ***  дугаартай Үүсгэн байгуулагч нэмэх хурал-ын тэмдэглэл, *** дүүргийн тойргийн нотариатч Ч.О-ын баталсан *** дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа эзэмшигчийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор баталсан *** ХХК-ийн дүрэм, Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн тогтоол, *** дүүргийн тойргийн нотариатч Ч.О-ын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр баталсан **** дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, зохигчийн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогджээ.

 

4. Ийнхүү 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталсан *** ХХК-ийн дүрмийн дагуу Б.Б нь хуулийн этгээдийн 66 ширхэг хувьцаа буюу 66 хувь, В.Б нь 17 ширхэг хувьцаа буюу 17 хувь, С.М нь 17 ширхэг буюу 17 хувийг тус тус эзэмшиж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан байна.

 

5. Нөгөө талаас, В.Б нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг,

 

5.1. С.М нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг тус тус Б.Б-ий эзэмшлийн *** банкны *** тоот дансаар шилжүүлэн өгчээ.

 

6. В.Б, С.М нар нь нийт 55,000,000 төгрөгийг Б.Б-нд шилжүүлсэн, уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн асуудлаар, мөн анх *** төсөлд тухайн мөнгийг хөрөнгө оруулах зорилгоор шилжүүлсэн эсэх асуудлаар маргаангүй гэж дүгнэв.

 

7. Улмаар *** ХХК, *** төсөлд 2020 оны 8 дугаар сард хөрөнгө оруулах зорилгоор 55,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч 2022 оны 10 дугаар сар хүртэл хариуцагч ямар ч ажил гүйцэтгээгүй, цаашид уг төсөл хэрэгжих боломжгүй болох нь илт болсонтой холбоотойгоор зохигчид 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр харилцан тохиролцож, шилжүүлсэн мөнгөн хөрөнгөд нөхцөл тохирон Зээлийн гэрээний үүрэг болгосон гэж нэхэмжлэгч тайлбарласан, хариуцагч нь тухайн зээлийн гэрээний харилцаа нь зөвхөн дүр үзүүлсэн хэлцэл байсан, харин ч нэхэмжлэгч нар анх тохиролцсоны дагуу 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж чадаагүйн улмаас уг төсөл хэрэгжих боломжгүй болсон гэж маргасан боловч талуудын хооронд анхны хөрөнгө оруулалтын тохиролцоо буюу 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг ямар хугацаанд, хэрхэн шилжүүлэх асуудлаар тохиролцсон үйл баримт тогтоогдоогүй буюу хөрөнгө оруулалтын мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүрэг гүйцэтгэх хугацааг В.Б, С.М нар хэтрүүлсэн, үүргийг бүрэн гүйцэтгэх боломжгүй болсон гэх үйл баримт тогтоогдоогүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааны хувьд шүүхэд гаргасан зөрүүтэй тайлбарууд нь баримтаар нотлогдоогүй тул анхны үүргийг сольсон Зээлийн гэрээний харилцааг бодитой гэж дүгнэв.

 

8. Тодруулбал, *** ХХК, *** төслийг бие даан хэрэгжүүлэх үүргээ Б.Б нь хэрэгжүүлээгүйгээс зохигчид өмнө бий болсон хөрөнгө оруулах, хамтран ажиллах тохиролцоог харилцан тохиролцож Зээлийн гэрээний үүрэг болгон өөрчилжээ.

 

9. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон тохиолдолд өмнөх үүрэг дуусгавар болох бөгөөд ийнхүү өөрчлөхдөө, нэхэмжлэгч В.Б, С.М болон Б.Б нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр *** бүртгэлийн дугаартай 55,000,000 төгрөгийн Зээлийн гэрээг байгуулжээ.

 

10. Уг зээлийн гэрээгээр хугацааг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 3 жил 5 сар 1 хоног байхаар, сарын хүү 2 хувь, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр гэрээний ерөнхий нөхцлийг харилцан тохиролцсон байна. /Гэрээний 3.1, 3.2-3.3, 3.7/

 

11. Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох хүртэлх хугацаанд төлбөр төлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул зээлийн гэрээний үндсэн үүрэгт 55,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэйгээр гэрээний хугацаа дуусгавар болжээ.

 

12. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үндсэн үүрэгт 55,000,000 төгрөг, зээлийн гэрээний хүүг анх мөнгөн хөрөнгө шилжүүлсэн өдрийн эцсийн хугацаанаас буюу 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс тооцон нийт 29 сараар тооцон /55,000,000х2%х29=31,900,000/ төгрөг, алдангийн хувьд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш тооцоход үндсэн үүргийн 50 хувиас хэтэрсэн тул 55,000,000:50%=27,500,000 төгрөг, нийт 114,400,000 төгрөгийг гаргуулахаар эцсийн байдлаар шаардсан байна.

 

13. 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний 3.1-т гэрээний хугацааг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 3 жил, 5 сар, 1 хоног гэж заасан байх боловч энэхүү хугацаанд зохигчийн хооронд анхнаасаа зээлийн гэрээний харилцаа үүсээгүй буюу В.Б, С.М нараас 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Б.Б-д нийт 55,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ зээлийн хүү урьдчилан тохироогүй байснаас гадна уг мөнгөн хөрөнгө нь анхнаасаа хөрөнгө оруулалт байсан талаар хэн алин нь маргаагүй тул Зээлийн гэрээний бодит харилцаа үүссэн хугацаа буюу 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээг байгуулсан өдрөөс хойш тухайн гэрээний үүргийг шаардах эрх үүснэ гэж дүгнэв.

 

14. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зохигчийн хооронд хүчин төгөлдөр Зээлийн гэрээний харилцаа нь тухайн зээлийн гэрээг байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үүсчээ.

 

15. Иймд талуудын хооронд зээлийн хүчин төгөлдөр гэрээг байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох хүртэлх хугацааны хүү болон гэрээгээр тохиролцсон алдангийг шаардах эрхтэй. Үндсэн төлбөр 55,000,000 төгрөгийг 1 сарын 2 хувийн/1,100,000/ хүүтэйгээр зээлийн гэрээгээр тохиролцсон, зээлийн гэрээний хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон хугацаанд буюу 3 сар 13 хоногийн хугацанд зээлийн хүү /3,300,000+476,666/ 3,776,666 төгрөг, үндсэн зээл 55,000,000 төгрөг, алданги 27,500,000 төгрөг, нийт 86,276,666 төгрөгийг Зээлийн гэрээний үүрэгт шаардах эрхтэй гэж үзэв. Зээлийн гэрээний хугацааг талууд хэлэлцэн тохирч сунгасан үйл баримт тогтоогдоогүй тул зээлийн гэрээний үүргийг гэрээгээр тохирсон хугацаанд хариуцна.

 

16. Нэхэмжлэгч нар Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар алданги шаардсан бөгөөд хариуагч нь 55,000,000 төгрөгийн үндсэн үүргээс төлбөр төлөөгүй тул энэхүү мөнгөн дүнгээс тооцож алданги шаардах нөхцөл бүрдсэн, /55,000,000х0,5%=275,000/ зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш гэрээний үүргийг гүйцэтгээгүй, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх хүртэлх хугацаанд алдангийн хэмжээ нь үндсэн үүргийн 50 хувиас хэтэрсэн байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг үндэслэн зээлийн үндсэн төлбөрийн 50 хувиар тооцож алдангид 27,500,000 төгрөг шаардсан нь эрх зүйн үндэслэлтэй байна.

 

17. Иймд В.Б, С.М болон Б.Б нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 55,000,000 төгрөг, зээлийн хүүнд 3,776,666 төгрөг, алданги 27,500,000 төгрөг, нийт 86,276,666 төгрөгийг нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Билгүүнээс шаардах эрхтэй гэж үзэв.

 

18. Зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч нар анхнаасаа нэгтгэн шаардсан, 2022 оны 10 дугаар сарын 18-ны зээлийн гэрээний үүрэг, болон шаардах эрхийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нар нэгдсэн байр суурьтай байх бөгөөд гэрээний үүргийг хамтад нь шаардсан асуудлаар маргаангүй гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч хуралдаанд гаргасан тул зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь тооцож хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрт дүгнэв.

 

19. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,123,334 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

                      II.        Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

1. Хариуцагч Б.Б нь *** төсөл буюу орчин үеийн технологид суурилсан олон флатформт Зэв музей төслийг хэрэгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт шаардлагатай байсантай холбоотойгоор В.Б, С.М нар нь төсөлд 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, улмаар цаашид уг төслөөс ашиг хүртэх зорилгоор талууд харилцан тохиролцож, *** ХХК-ийн 17 хувийн хувьцааг В.Б, 17 хувийн хувьцааг С.М эзэмших болсон.

 

2. Дээр дурдсан үйл баримтын талаар зохигчийн хэн алин нь маргаагүй, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол зэргээр *** ХХК-ийн хувь эзэмшигч болсон үйл баримт, зохигчийн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон.

 

3. В.Б, С.М нар нь нийт 55,000,000 төгрөгийг Б.Б-д шилжүүлсэн, уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн асуудлаар, мөн анх Зэв дижитал төсөлд тухайн мөнгийг хөрөнгө оруулах зорилгоор шилжүүлсэн эсэх асуудлаар маргаагүй болно.

 

4. Улмаар *** ХХК, *** төсөлд 2020 оны 8 дугаар сард хөрөнгө оруулах зорилгоор 55,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч 2022 оны 10 дугаар сар хүртэл хариуцагч ямар ч ажил гүйцэтгээгүй, цаашид уг төсөл хэрэгжих боломжгүй болох нь илт болсонтой холбоотойгоор зохигчид 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр харилцан тохиролцож, шилжүүлсэн мөнгөн хөрөнгөд нөхцөл тохирон Зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгч нар хийж чадаагүйн улмаас уг төсөл хэрэгжих боломжгүй болсон гэх үйл баримт тогтоогдоогүй тул анхны үүргийг сольсон Зээлийн гэрээний харилцаа нь хүчин төгөлдөр юм.

 

5. Тодруулбал, **** ХХК, ***  төслийг бие даан хэрэгжүүлэх үүргээ Б.Б хэрэгжүүлээгүйгээс зохигчид өмнө бий болсон хөрөнгө оруулах, хамтран ажиллах тохиролцоог харилцан тохиролцож Зээлийн гэрээний үүрэг болгон өөрчилсөн байх тул нөхцөл тохирсон зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

6. Хариуцагч Б.Б нь талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан *** дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар зээлийн гэрээг талууд дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тодорхойлсон боловч хариуцагчийн татгалзал, сөрөг шаардлагаар энэхүү нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

7. Учир нь дүр үзүүлж хийсэн хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзлэлгүй, хууль зүйн үр дагавар гаргахыг хүсдэггүй, энэ үйлдлээр гадна талдаа дүр үзүүлсэн хэлцэл хийж, дүр үзүүлэхийг урьтал болгодог боловч энэхүү байдал тогтоогдоогүй буюу 55.000.000 төгрөгийг шилжүүлсэн, хувьцаа шилжүүлсэн асуудал талуудын хувьд бодитоор хэрэгжсэн, улмаар өмнөх үүргийг өөр үүргээр сольсон үйл баримт нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлаар тогтоогджээ.

 

8. Иймд В.Б, С.М нарт холбогдох, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан *** дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

9. Хариуцагч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан *** дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг *** ХХК-ийн 34 хувийн хувьцааг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага-аар ихэсгэсэн боловч В.Б, С.М нар нь өөрсдийн эзэмшлийн *** ХХК-ийн 34 хувь /тус бүр 17 хувь/ хувьцааг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр буцаан шилжүүлсэн тул маргаангүй болсон гэдэг үндэслэлээр ихэсгэсэн шаардлагаасаа шүүх хуралдаанд татгалзсан, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь мөн хувьцааг шилжүүлж өгсөн гэсэн тайлбарыг гаргажээ.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь .... бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан тул сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-ээс 86,276,666 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В.Б, С.М нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28,123,334 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул В.Б, С.М нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмэлжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дуга зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон хариуцагч В.Б, М.М нарт холбогдуулан *** ХХК-ийн 34 хувийн хувьцааг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагаас хариуцагч Б.Б татгалзсаныг баталж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч В.Б, С.М нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /701,075+107,350/ 808,425 төгрөг, хариуцагч Б.Б-ий улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /432,950+70,200/ 503,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 589,333 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Б, С.М нарт олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД