| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2023/03158/И |
| Дугаар | 181/ШШ2024/00590 |
| Огноо | 2024-02-16 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 181/ШШ2024/00590
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** хаят оршин суух, *** овогтой Л.Б /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** хаягт оршин байрлах, *** ХК/РД:/-д холбогдох,
Даатгалын нөхөн төлбөрт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Л.Б миний бие 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цаг 50 минутын үед Улаанбаатар хот, **** дүүргийн **** дүгээр хороо *** ХХК-ийн хашаан доторх агуулахын хаалгаар **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зүүн дарж гарахдаа зогсоолд байсан **** улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн ослыг гаргасан. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр **** дүүргийн замын цагдаагийн хэлтсийн мөрдөгч Э.Э-ын *** оны*** дүгээр сарын ***-ны өдрийн **** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад ..эсхүл зам тээврийн осол, зөрчил гарсан бол холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар нэхэмжлэгч намайг 100 нэгжээр торгосон болно. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "зам гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна", 3.1.6-д "зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг, Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д замын байгууламж гэж бүх төрлийн гүүр, тавилан, гүүрэн гарц, унадаг дугуй болон явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход зориулсан зам, ус зайлуулах хоолой, шуудуу, хонгил, замын хөдөлгөөнийг зохицуулах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай төхөөрөмж, авто замын зурвас газарт байгаа төлбөр авах цэг, авто зогсоол болон бусад байгууламжийг, 4.1.15-д зорчих хэсэг гэж авто тээврийн хэрэгсэл зорчиход зориулагдсан авто зам, замын байгууламжийн хэсгийг", Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18-д замын зэргэлдээх нутаг дэвсгэр гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө гэж тус тус заасан байна. Дээрх хууль болон дүрмийн зохицуулалтаар **** дүүргийн*** дүгээр хороо **** ХХК-ийн хашаа доторх хэсэг нь замын зорчих хэсэгт хамаарах бөгөөд миний бие замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осол гаргаж бусдад хохирол учруулсан болохыг мөрдөгчийн **** оны **** дүгээр сарын ***-ны өдрийн **** дугаар шийтгэлийн хуудас, **** хорооны 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн **** тоот албан бичиг тус тус нотолно. Нэхэмжлэгч миний бие Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах, 13.1.3-т даатгалын тохиолдол болон нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн болон эрх бүхий этгээдийн шаардсан хугацаанд гаргаж өгөх гэж заасан үүргээ бүрэн биелүүлэн тус компанид холбогдох материалуудыг гаргаж өгсөн. Гэтэл хариуцагч **** ХК нь даатгалын нөхөн төлбөрийг гаргахаас үндэслэлгүй татгалзаж нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул даатгалын нөхөн төлбөр 7,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Б нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн **** дугаартай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал"-ын гэрээ байгуулсан. Л.Б нь нөхөн төлбөр авахаар холбогдох материал бүрдүүлэн өгсөн. Дээрх материалыг шалгаж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон. Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн **** дугаартай магадлагаагаар дараах тохиолдол тогтоогдсон. *** дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэр ***" ХХК-ийн хашаан дотор 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16.50 цагийн орчимд Л.Б нь өөрийн өмчлөлийн Daewoo Ultronovus загварын **** улсын дугаартай автомашиныг жолоодож яваад **** банк" ХХК-ийн өмчлөлийн Тоуоtа Land cruiser-200" загварын **** улсын дугаартай автомашиныг мөргөж 15,131,840 төгрөгийн хохирол учруулсан байна. Эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар Daewoo Ultronovus загварын **** улсын дугаартай автомашины жолооч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. гэсэн заалтыг зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нь тогтоогджээ. Л.Б нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр **** ХК-тай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ"-г нэг жилийн хугацаатай байгуулжээ. Талууд Жолоочийн хариуцлагын албан журмын гэрээ"-ний 3.1.1-3.1.3-т заасны дагуу Жолооч авто тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг даатгалын эрсдэлд хамруулахаар харилцан тохиролцон байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.5-т Замын хөдөлгөөн" гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагаа гэж тодорхойлсон. Дээрх зам тээврийн осол нь жолооч замын хөдөлгөөнд оролцох үед бус **** дүүргийн***-р хорооны нутаг дэвсгэрт байрлах *** ХХК-ийн хашаан дотор гарсан байна. *** ХХК-ийн хашаа нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18-т Замын зэргэлдээх нутаг дэвсгэр (Замын зэргэлдээх нутаг дэвсгэр гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө.)-т хамаарч байна. Иймд Л.Б-той байгуулсан Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ-ний дагуу Замын зэргэлдээх нутаг дэвсгэрт гарсан эрсдэлийг даатгалын эрсдэлд хамааруулаагүй учир нөхөн төлбөр олгох үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Л.Б-ийн иргэний үнэмлэхний хуулбар, шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хуулбар үнэн тэмдэгтэй/, *** тоот албан бичиг, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт,
Хариуцагчаас: *** тоот итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, **** тоот итгэмжлэл, хариу тайлбар, **** тоот албан бичиг, **** хариу хүргүүлэх тухай албан бичиг, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягт /хуулбар хувь/, **** тоот албан бичиг,
Шүүгчийн захирамжаар: 2023.04.01-ний өдрийн **** ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлан, төлбөрийн баримт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
2. Л.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр **** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, **** ХХК-ийн хашаан доторх агуулахын хаалгаар өөрийн эзэмшлийн Daewoo Ultronovus загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гарахдаа зогсоолд байсан **** улсын дугаартай, Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн ослыг гаргасан. Улмаар цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг, ослын байдлыг шалган Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн**** дугаар шийтгэлийн хуудаст холбогдуулан Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан. **** ХК-тай байгуулсан Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэнтэй холбоотойгоор нөхөн олговор хүссэн боловч хариуцагч нь даатгалын нөхөн төлбөрийг олгох үндэслэлгүй гэж татгалзсан тул нөхөн төлбөрт 7,000,000 төгрөгийг гаргуулна гэж маргажээ.
3. Хариуцагч **** ХК нь Л.Б-той Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ-г байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдал болон даатгалын хураамж төлөгдсөн асуудлаар маргаангүй гэж тайлбарласан боловч уг даатгалын тохиолдол буюу зам тээврийн осол нь жолооч замын хөдөлгөөнд оролцох үед бус **** ХХК-ийн хашаан дотор болсон, **** ХХК-ийн хашаа нь Замын зэргэлдээх нутаг дэвсгэрт хамаарч байгаа, уг эрсдэлийг даатгалын эрсдэлд хамааруулахаар гэрээгээр тохиролцоогүй тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй, хууль журамд зааснаар жолооч замын хөдөлгөөнд оролцоогүй байх үед гарсан осол бөгөөд тухайн осол болсон үйл баримт нь даатгалын гэрээний эрсдэлд хамаарахгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
5. Л.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн Daewoo Ultronovus загварын 57-06 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг **** дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, **** ХХК-ийн хашаан доторх агуулахын хаалгаар жолоодон гарахдаа зогсоолд байсан **** улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн осол гаргажээ.
5.1. Тухайн осол, явдлыг зохих журмын дагуу цагдаагийн байгууллага шалган, Daewoo Ultronovus загварын **** улсын дугаартай автомашины жолооч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн болохыг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн **** Эрх бүхий албан тушаалтны магадлагаа-гаар тогтоожээ. /хх-6/
5.2. Улмаар зам тээврийн осол гаргахад Л.Б нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол болсон гэх гэм буруутай үйлдэл нь тогтоогдсонтой холбоотойгоор Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад ..эсхүл зам тээврийн осол, зөрчил гарсан бол холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. /хх-5/
6. Л.Б нь **** ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн гэж үзэн, нөхөн олговор хүссэн боловч даатгагч нь даатгалын гэрээгээр зохицуулсан даатгалын тохиолдолд хамаарахгүй гэсэн үндэслэлээр татгалзжээ.
7. Талуудын хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн, даатгалын хураамж зохих журмын дагуу төлөгдсөн, гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх хугацааны явцад даатгалын тохиолдол үүссэн, тухайн даатгалын тохиолдол нь талуудын хооронд байгуулсан гэрээний даатгалын эрсдэлийн төрөлд хамаарах эсэх асуудлаар маргаагүй боловч даатгуулагч нь замын хөдөлгөөнд оролцоогүй байх үед осол гаргасан нь гэрээний эрсдэлд хамаарахгүй гэсэн хариуцагчийн татгалзал нь маргааны зүйл болжээ.
8. Шүүх нэхэмжлэгч Л.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
9. Учир нь Жолоочийн даатгалын тухай хуулийн зорилт нь жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршжээ. /хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1/
9.1. Түүнчлэн Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "даатгуулагч" гэж даатгагчтай гэрээ байгуулж замын хөдөлгөөнд оролцох үедээ бусад этгээдийн өмнө хүлээх хариуцлагаа даатгуулсан этгээдийг; гэж,
мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т жолоочийн даатгалд даатгуулаагүй жолооч замын хөдөлгөөнд оролцохгүй байх зэрэг үндсэн зарчим мөн хуульд тусгагдсан байх тул уг хуулийн зорилго нь зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах зорилгын хүрээнд батлагдсан, мөн уг хуулийн зорилтын хүрээнд талуудын хооронд Даатгалын гэрээ байгуулагджээ.
9.2. Түүнчлэн талуудын хооронд 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т Даатгагч нь даатгуулагчид Жолоочийн даатгалын тухай хууль, энэ гэрээгээр талуудын хүлээх эрх, үүргийг бүрэн тайлбарлан танилцуулж, хоёр тал харилцан хүлээн зөвшөөрснийг гэрчилж энэ гэрээнд гарын үсэг зурна гэж заасан зэргээс дүгнэхэд уг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ нь Жолоочийн даатгалын тухай хуулийн үндсэн зорилтын хүрээнд талуудын хооронд байгуулагдсан байна.
10. Маргаан бүхий даатгалын тохиолдлын хувьд Л.Б нь зам, тээврийн ослын улмаас бусдын болон өөрийн эд хөрөнгөд бодит хохирол учруулсан болох нь Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, **** Шийтгэлийн хуудсаар тогтоогдсон тул гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх үндэслэлтэй юм. /хх5-7/
11. Иймд талуудын хооронд байгуулсан Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ нь замын хөдөлгөөнд оролцох үед даатгалын тохиолдол бий болоход үүсэх эрсдэлийг хариуцна гэж дүгнэв.
12. Зохигчийн хооронд байгуулсан Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ-ний Гуравдугаар зүйлд заасан даатгалын эрсдэлийн төрөлд зааснаар жолооч авто тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг даатгагч хариуцахаар заасан, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.5-д Замын хөдөлгөөн" гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагаа гэж тодорхойлсон. Дээрх зам тээврийн осол нь жолооч замын хөдөлгөөнд оролцох үед бус хуулийн этгээдийн хашаан дотор гарсан тохиолдол байхаас гадна Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18-т Замын зэргэлдээх нутаг дэвсгэр (Замын зэргэлдээх нутаг дэвсгэр гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө.)-т хамаарч байх тул гэрээний эрсдэлд хамаарахгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч татгалзсан боловч Л.Б нь автомашин жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол гаргаж, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нь маргаангүй үйл баримт бөгөөд энэ нь баримтаар тогтоогджээ.
13. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д "замын хөдөлгөөнд оролцогч" гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг; гэж, 3.1.8-д "замын хөдөлгөөний аюулгүй байдал" гэж замын хөдөлгөөнд оролцогчийг зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хор уршгаас хамгаалсан байдлыг, мөн хуулийн 3.1.9-т "замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах" гэж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг ойлгохоор томъёолжээ.
13.1. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгохоор хуульчилсан, Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм-ийн 11 дүгээр зүйлийн 11.14-т Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэснийг зөрчсөн болох нь тогтоогдсон, улмаар түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм-ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход орших хэм хэмжээ тогтоосон акт байх тул байгууллагын хашаа, агуулахад авто тээврийн хэрэгсэл жолоодож байсан Л.Б замын хөдөлгөөнд оролцогч юм.
13.2. Түүнчлэн Л.Б-ийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.51-т Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу арга хэмжээ авагдсан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөнтэй холбоотойгоор шийтгэлд ногдуулах үндэслэл болсон байна.
14. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаар албан бичгээр **** ХК-д хүргүүлсэн хариу албан бичигт .... Даатгагч болон даатгуулагчийн хооронд 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн **** дугаар бүхий жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний 3.1.3-т заасныг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж гаргасан шийдвэрийг үндэслэлгүй ... гэж дүгнэн, гэрээнд заасан нөхөн төлбөрийг олгох талаар хариу хүргүүлсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.
15. Иймд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан тохиолдолд нөхөн төлбөр төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзана гэж заасныг үндэслэн хариуцагч нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь учир дутагдалтай юм.
16. Нэхэмжлэгч Л.Б нь даатгалын тохиолдол үүссэнтэй холбоотойгоор өөрт ногдох нөхөн төлбөрийн хэмжээг 7,000,000 төгрөг гэж тодорхойлсон, тухайн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа хариуцагч **** ХК-иас тухайн мөнгөн дүнг тодорхойлж хэлсэн гэдэг байдлаар шаардлагаа үндэслэжээ.
17. Хавтаст хэргийн 62 дугаар талд авагдсан **** ХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн *** албан бичигт С ангиллын тээврийн хэрэгсэлд даатгалын тохиолдол үүссэн үед нөхөн төлбөрийн хэмжээг Жолоочийн даатгалын тухай хуульд заасан үндэслэлд нийцүүлэн хэрхэн тооцох тухай аргачлалаас дүгнэхэд /75,582+33,000=108,582, 75,000:108,582х10,000,000=6,907,222/ нийт 6,907,222 төгрөгийн нөхөн төлбөрийг талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.3-т заасан үнэлгээнд заасан 10,000,000 төгрөгийн дээд хэмжээнээс төлсөн хураамж, даатгалын хураамжийн итгэлцүүрээр тооцуулан шаардах эрхтэй байна.
18. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар "даатгалын тохиолдол" гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгохоор зохицуулсан, Даатгагч болон даатгуулагчийн хооронд 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн **** Жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ--ий 3 дугаар зүйлийн 3.1.3-т Жолооч нь авто тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлын эрсдэлийг даатгагч хариуцах-аар заасан байх тул даатгагч нь гэрээнд заасан эрсдэл буюу нөхөн төлбөрийг тохирсон хэмжээгээр даатгуулагчид олгох үүрэгтэй.
19. Эдгээр үндэслэлээр Л.Б-ийн даатгалын нөхөн төлбөрт 7,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 6,907,222 төгрөгийг хангаж, 92,778 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
20. Зохигчид нэхэмжлэлийн шаардлага болох нөхөн төлбөрийн 7,000,000 төгрөгийн үндэслэл, үнийн дүнгийн хувьд маргаагүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсгийг баримтлан 6,907,222 төгрөгийг хариуцагч *** ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэлээс 92,778 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч **** ХК-иас 125,465 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД