Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/19

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 30-ны өдөр                        2022/ДШМ/19                        Хэрлэн сум

 

Г.Н-, Н.Н- нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0019/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа, шүүгч Я.Алтаннавч, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Ж.Батбаатар,

Шүүгдэгч Г.Н-, түүний өмгөөлөгч Б.Болортунгалаг,

Шүүгдэгч Н.Н-, түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,  

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Н-ын өмгөөлөгч Б.Төгсбаяр, шүүгдэгч Г.Н-гийн өмгөөлөгч Б.Болортунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлоор Г.Н-, Н.Н- нарт холбогдох эрүүгийн 2139000000320 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Я овогт Г-н Г.Н-, 1986 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан,  

 

Б овогт Н-н Н-, 1998 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, ял шийтгэлгүй 

Шүүгдэгч Г.Н-, Н.Н- нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 10 цагийн орчимд машин механизм буюу цэнхэр өнгийн “Б” маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан Х.О-ын хонин сүргээс нэг тооны ямааг хулгайлж Х.О-т 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Н-, Н.Н- нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Н-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Н-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-, Н.Н- нарт  оногдуулсан 2 жилийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 240.000 төгрөгийг шүүгдэгч Г.Н-гээс 120.000 төгрөгийг, Н.Н-аас 120.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 63 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Н-ын өмгөөлөгч Б.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Анхан шатны шүүхээс Н.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 2 жилийн хорих ялаар шийтгэсэн. Н.Н- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм.

Гэмт хэрэг үйлдсэн хэн ч эрүүгийн хариуцлага хүлээх нь гарцаагүй боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж болон шүүгдэгчийн хувийн байдал /24 настай, амьдралд дөнгөж хол тавьж байгаа/ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасанчлан хорих ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Г.Н-гийн өмгөөлөгч Б.Болортунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхээс Г.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 2 жилийн хорих ялаар шийтгэсэн. Г.Н- нь өөрийн холбогдсон гэмт хэргийг хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж байгаа юм.

Гэмт хэрэг үйлдсэн хэн ч эрүүгийн хариуцлага хүлээх нь гарцаагүй боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасанчлан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Г.Н-гийн өмгөөлөгч Б.Болортунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлоо дараах байдлаар өөрчилж байна.

1. Хавтаст хэргийн материалыг судлахад гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрөөтэй байдаг. Хохирогч малыг эргүү өвчинтэй байсан гэж мэдүүлдэг боловч тухайн мал нь эргүү өвчнөөр өвчилсөн байсан эсэхийг шалгаж тогтоогоогүй.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд “Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц”-ийг тодорхой заасан байх бөгөөд бүтцийн хувьд удиртгал, тодорхойлох, тогтоох гэсэн гурван хэсгээс бүрдсэн байхыг шаарддаг. Гэтэл хэргийн оролцогчдод гардуулсан болон хавтаст хэргийн материалд авагдсан шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь ойлгомжгүй, тодорхойлох хэсэгт шүүхийн шийдвэрийн үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн талаар дурдах ёстой байхад яг аль хэсэгт нь эдгээр зүйлүүдийг дурдсан нь ойлгомжгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2.3 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол нь зөвхөн тогтоох хэсгээс бүрдсэн мэтээр харагдаж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Г.Н- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч Н.Н- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч нар нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцоогүй. Анхан шатны шүүхийн гэм буруугийн хуралдаан явагдсаны дараа шүүгдэгч Н.Н-, Г.Н-, тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх байр суурийг илэрхийлсэн бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Болортунгалаг нь хулгайлагдсан гэх ямаа нь эргүү өвчтэй байсан эсэхийг шинжээч томилж тогтоолгох, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь бүтцийн хувьд хууль зөрчсөн гэх байр суурьнаас давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна.

Анхан шатны шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүгдэгч нарын нэг тооны ямааг хулгайлсан гэх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын өөрсдийнх нь мэдүүлгээр хангалттай нотлогдож тогтоогдсон. Хулгайлагдсан гэх нэг тооны ямаа нь эрүү өвчин туссан байсан эсэхийг тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч нарыг тооны ямааг мотоцикл дээр дүүрээд авч явсныг хохирогч хараад зогсож байсан бөгөөд энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байдаг.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хэрэг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн нарын өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Н-, Г.Н- нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 10 цагийн орчимд машин механизм буюу цэнхэр өнгийн “Б” маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан Х.О-ын хонин сүргээс нэг тооны ямааг хулгайлж Х.О-т 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:    

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 02 хуудас/,

Иргэн Х.О-ын мухар ухаа ямааг хулгайлсан гэх газрыг харуулсан схем зураг /1 хавтаст хэргийн 14 хуудас/,

Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШД459 дугаартай “...”Б” маркийн мотоциклын үнэ 240.000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 43-45 хуудас/,

Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ДШ-402 дугаартай: “...4 настай эм ямааны зах зээлийн үнэлгээ 100.000 төгрөг байх боломжтой..” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 32-34 хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 52-55 хуудас/,

            Хохирогч Х.О-ын: “...2021 оны 10 дугаар сарын 03-ны өглөө хүүхдийнхээ вакциныг хийлгэхээр явахдаа өөрийн төрсөн ах Х-т хонио захиад үлдээсэн. ...Х-ыг  дурандаж байхад мотоциклтой хоёр хүн манай хонийг хөөж байгаад нэг тооны мал барьж аваад явсан байсан. Х- “...Н-гийн гадаа ирээрэй, нэг ямаа тугалынхаа хашаанд хийчхээд гэрээсээ гарч ирэхгүй байна” гэж хэлсэн.  Би цагдаа нарын хамт Н-гийнд очиход манай саарал зүсмийн мухар эм ямаа хашаатай байсан,манай ямаа эргүү өвчин тусаагүй, хонин сүргээсээ хоцорч байгаагүй.”гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 8,13 хуудас/,

Гэрч Х.Х-ын: “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө Х.О-ын хонийг дурангаар харж байхад мотоциклтой хоёр хүн хонийг нь урагш ширүүн хөөж байгаад нэг тооны мал барьж аваад хойд зүгт явахаар нь амдаад машинтайгаа очтол Н- гэх айл руу очоод барьж авсан малаа хашаандаа буулгачхаад гэртээ орчихсон. ...тэр Н-гийн хүү Н.Н-, малчин нь гэх бор залуу байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 16, 26 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Н.Э-н: “...удалгүй нөгөө ямаагаа авч ирээд тугалын хашаанд хийсэн чинь Х- ах ардаас нь ирээд хонин дундаас ямаа авч ирлээ гээд уурлаж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30 хуудас/,

Яллагдагч Г.Н-гийн: “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ...Н.Н- бид хоёр цэнхэр өнгийн “” маркийн улсын дугааргүй мотоцикл дээр сундалдаад ....зам ангийн бутлуурын хойд талд байсан мухар саарал ямааг мотоцикл дээрээ ачаад эзэн нь ирээд авах байх гээд гэр рүүгээ аваачаад тугалын хашаандаа хийсэн. ...бид хоёрын жолоодож явсан мотоцикл Н.Н-ын эзэмшлийн мотоцикл байгаа юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65 хуудас/,

Яллагдагч Н.Н-ын: “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ...Г.Н- ах бид хоёр цэнхэр өнгийн “Б” маркийн улсын дугааргүй мотоцикл дээр сундалдаад ...ертөнцийн зүгээр зүүн зүгт 5-6 километр зайд байрлах зам ангийн бутлуурын хойд талд байсан мухар саарал ямааг мотоцикл дээрээ ачаад эзэн нь ирээд авах байх гээд гэр рүүгээ аваачаад тугалын хашаандаа хийсэн. ...бид хоёрын сундалдаж явсан мотоцикл миний эзэмшлийн мотоцикл байгаа юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 74 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Н-, Н.Н- нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж бусдын мал хулгайлсан үйлдлийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

       Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Болортунгалаг, Б.Төгсбаяр нарын гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэгт  заасан хорих ялыг хөнгөрүүлж болохоор хуульчилсан ба энэ зохицуулалтыг хэрэглэх гол шаардлага нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх шаардлага юм.

 

Шүүгдэгч Н.Н-, Г.Н- нар “эргүү ямаа байсан тул хашаандаа хийсэн, эзэн нь ирээд авах байх гэж бодсон” гэж  мэдүүлсэн, энэ үндэслэлээр Г.Н-гийн өмгөөлөгч Б.Болортунгалаг “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох”, Н.Н-ын өмгөөлөгч Б.Төгсбаяр “Болортунгалаг өмгөөлөгчтэй санал нэг, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх” гэсэн санал гаргаж мэтгэлцсэн ба хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр дээрх нөхцөл байдал няцаагдаж байгаа, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Г.Н-, Н.Н- нар бүлэглэн, машин механизм ашиглаж бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан ба анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч тус бүрд Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Болортунгалаг, Б.Төгсбаяр нарын гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Өмгөөлөгч Б.Болортунгалаг “шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох”-оор гаргасан саналыг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй ба цаашид анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдсан хуулийн шаардлага болон Монгол Улсын Дээд Шүүхийн Нийт Шүүгчдийн Хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор батлагдсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-д нийцүүлэн шүүхийн шийдвэрийг бичиж байхыг магадлалд дурдах нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Болортунгалаг, Б.Төгсбаяр нарын гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-, Н.Н- нарын цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ДЭНСМАА

 

                           ШҮҮГЧИД                                                  Я.АЛТАННАВЧ

                                                               

                                                                                              Г.БОЛОРМАА