Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
Хэргийн индекс | 101/2024/00629/И |
Дугаар | 101/ШШ2024/02472 |
Огноо | 2024-05-07 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2024/02472
2024 05 07 | 101/ШШ2024/02472 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин байрлах, ХХК /рд:/-д холбогдох,
Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 34,336,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.******* оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
Хариуцагч шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч компани нь Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу Цагдаагийн Ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тоот тусгай зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг компани байгаа. Үндсэн үйл ажиллагааныхаа чиглэлийн хүрээнд ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэрээт харуул хамгаалалтын гэрээг байгуулсан. Уг гэрээгээр манай компани ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг н кемпийн явган болон машинтай шалганы хэсгийн объектын аюулгүй байдлыг хариуцаж, гэрээний 3.1-д заасан алба хаагчийг ажиллуулах, харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээг 1 алба хаагчийн 2,200,000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцож гэрээг байгуулсан. Дээрх гэрээг байгуулснаас хойш ******* ХХК нь гэрээний 2.3-д заасан хугацаанд гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Их Ундарга майнинг ХХК-ийн зүгээс гэрээг дуусгавар болгох саналыг бичгээр ямар нэгэн байдлаар гаргаагүй. Гэрээний харилцаа үргэлжилж явж байсан. Ингээд ХХК нь 2022 оны 10 дугаар сарын төлбөр, 11 дүгээр сарын төлбөрийг төлөөгүй, гэрээний үлдэгдэл дутуу явж байсан. Мөн 2023 оны 6 дугаар сар, 7 дугаар сарын төлбөрийг төлөөгүй. Энэ төлөлтүүдийн тооцоог талуудын хоорондын албан тоотоор баталгаажуулсан байдаг. ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний 03/413 тоот албан бичиг, 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 03/438 тоот албан бичгүүдээр гэрээний нийт төлбөр 32,366,666 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг хүлээн зөвшөөрөөд, үүнийг 2 хэсэг хувааж өгөхөө мэдэгдсэн. 2023 оны 9 дүгээр сард 9,166,666 төгрөгийг төлье, 2023 оны 10 дугаар сард багтаагаад үлдэгдэл төлбөр 23,200,000 төгрөгийг төлье гэж мэдэгдэл ирүүлсэн боловч өнөөдрийг болтол нэг төгрөг ч төлөөгүйгээр манай компанийг хохироож ирсэн. Иймд хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр болох 32,366,666 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, нийт 34,366,666 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар болон нотлох баримт ирүүлээгүй.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 Нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, гэрээт харуул хамгаалалтын гэрээ, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, ХХК-ийн 2023.09.12-ны өдрийн 03/438 тоот, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 03/435 тоот, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/413 тоот, албан бичиг, ******* ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 23/09 тоот албан бичиг, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, дансны хуулга, рапортын дэвтэр 2 ширхэг,
3.2 шүүхийн журмаар бүрдүүлсэн үзлэгийн тэмдэглэл, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 34,336,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
3. Зохигчид 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэрээт харуул хамгаалалтын гэрээг 2022 оны 04 дүгээр улирлыг дуустал хугацаатай байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Туулын баруун дэнж уурхайн хэвийн үйл ажиллагааг, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал болон ажилчдын аюулгүй байдлыг хангах, дэг журмыг сахиулж, хэвийн аюулгүй үйл ажиллагааг хангах, обьектын хамгаалалтад 5 албан хаагчийг ажиллуулах, ХХК нь нэг хамгаалалтын ажилтанд нэг сарын 2,200,000 төгрөг, сард нийт 11,000,000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Цагдаагийн Ерөнхий газрын дугаартай бүртгэлийн гэрчилгээгээр ******* ХХК-д гэрээт харуул хамгаалалт эрхлэх зөвшөөрлийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2 жилийн хугацаагаар сунгаж, гэрчилгээ олгосон байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, уг хэлцэл нь хүчин төгөлдөр байна.
3.1 Хариуцагч нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан, хариу тайлбар гаргах хугацаа 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дууссан боловч шүүхэд хариу тайлбар, нэхэмжлэлийг үгүйсгэж няцаасан нотлох баримтыг ирүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2022 оны 10, 11 сар, 2023 оны 6, 7, 8 сарын ажлын хөлсийг төлөөгүй, нийт ажлын хөлс 32,366,666 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 2,000,000 төгрөг, нийт 34,336,666 гаргуулна гэж тодорхойлж шаардсаныг хариуцагч үгүйсгээгүй.
3.2 Хариуцагч нь шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй, үндэслэлгүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан.
4. Хариуцагч ХХК-иас 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 03/438 тоот, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 03/435 тоот, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 03/413 тоот албан бичгийг тус тус нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэртэй цахим хаяг руу илгээсэн байна. Шүүх уг цахим хаягт илгээсэн захидал, албан бичгүүдэд үзлэг явуулсан.
4.1 Талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сард дуусгавар болсон байх боловч ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 03/435 тоот ...танай компаниас 4 хамгаалагч ажиллуулж ирсэн ба хамтран ажиллах гэрээгээ 2023 оны 08 сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож байгааг үүгээр мэдэгдэж байна гэх албан бичиг болон нэхэмжлэгчийн тайлбараар талууд гэрээний хугацааг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хуулиар тавигдаагүй тул талууд гэрээний хугацааг амаар сунгах эрхтэй.
4.2 Мөн ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 03/438 тоот албан бичигт ...Бид 2023 оны 04 сараас цөөн тооны ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч цаг агаарын хүнд нөхцөл, үер усны гамшиг, цахилгааны саатал зэрэг биднээс үл хамаарах хүнд нөхцөл байдлууд үүссэн хэвээр байгаа учир уурхайн үйл ажиллагаа доголдсоор байна. 2023.06.16-07.15 ажилласан 10,000,000 төлөөгүй байгаа, 2023.07.16-07.31 ажилласан 4,166,666 төлөөгүй байгаа, 2023.08.01-08.31 ажилласан 5,000,000 төлөөгүй байгаа, өмнөх оны үлдэгдэл 13,200,000 төлөөгүй байгаа. Нийт 32,366,666 төгрөгийн хамгаалалтын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа билээ. Энэ үүссэн төлбөрийг 2023 оны 09-р сард 9,166,666 төгрөг, 2023 оны 10-р сард багтаан үлдэгдэл 23,200,000 төгрөгийг төлж дуусгах урьдчилсан хуваарь гаргасан байгаа учир дээрх хугацаанд төлөх боломж олгохыг хүсье гэжээ.
Уг албан бичигт агуулагдаж буй баримтад мэдээллээр нэхэмжлэгчийн одоо нэхэмжлэлээр шаардаж буй 2022 оны 10, 11 сар, 2023 оны 6, 7, 8 сар нийт ажлын хөлс 32,366,666 төгрөгийг ХХК нь төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
4.3 Иймд хариуцагч ХХК нь шүүхэд нэхэмжлэлийг үгүйсгэсэн, няцаасан хариу тайлбар болон 2022 оны 10, 11 сар, 2023 оны 6, 7, 8 сарын төлбөр төлсөн талаарх нотлох баримтаа гаргаагүй, хэрэгт авагдсан бичгийн баримтаар 32,366,666 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдсон тул уг мөнгөн хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэгч нь ХХК-иас хөлсөөр ажиллах гэрээний үүргийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор өмгөөлөгчид 2,000,000 төгрөгийн хөлс төлж хохирсон гэж уг мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Учир нь,
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Энэ тохиолдолд нэхэмжлэгч ******* ХХК нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь өмгөөлөгчид 2,000,000 төгрөг төлсөн гэх шаардлагаа хэргийн 28 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдоно гэж тайлбарласан. Уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байхаас гадна хэнд, юуны төлбөрт төлөгдсөн мөнгөн хөрөнгө болох нь тодорхойгүй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хангагдсан хэмжээ болох 32,366,666 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 319,783 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ХХК-иас 32,366,666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 319,783 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ