Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 106

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 нарийн бичгийн дарга Э.Эрдэнэ-Уянга   

 улсын яллагчаар хяналтын прокурор  С.Энхням

 шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч  Ж.Хүдэрчулуун

 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Б.Э

 

Шүүгдэгч  Б.О нь Дорноговь аймгийн Сайншанд сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт, нийтийн хэрэгцээний зам дээр 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ... улсын дугаартай “Тоёота Приүс-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ц.Эын амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулахаар гаргасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2017 оны 05 сарын 19-нд Сайншандаас хойхно байх үхрийн ферм дээр байдаг ахындаа очиж хоночихоод Сайншанд руу буцаж байхдаа энэ осол аворыг гаргасан. Замын цагдаагийн гаргасан шинжээчийн дүгнэлтэнд буруу зөрүүтэй авагдсан зүйл алга,зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Д.Чийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...тухайн үед О өөрөө машин бариад нөхөр хүүхэд нь хажууд нь суугаад би жолоочийн ар талд нь суугаад манай нөхөр Э,Гийн ард нь сууж явсан юм. Өглөө эрт боссон байсан болохоор би зүүрмэглэсэн. Ямар ч л гэсэн засмал замд ороод явж байхад машин далбилзах шиг болсон, тэгээд л нэг мэдэхэд би арын суудлын урдуур нь шалан дээр нь

хэвтэж байсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй машинаас гараад ирэхэд манай нөхөр машинд байхгүй байсан ба араар нь тойроход машины хойд талд газар дээш хараад хэвтэж байсан... бид нарын хувьд ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,

 

                 Гэрч Д.Гийн мөрдөн байцаалтанд: “...тухайн үед манай эхнэр өөрийнхөө эзэмшлийн ... улсын дугаартай Приүс-20 маркийн машинаа бариад би хажуу талд нь суугаад ар талд нь Э ах суугад эхнэрийн ар талд Ч эгч суугаад хөдөлсөн. Тэгээд бид нар засмал замд нийлээд аймаг явсан ба цагаан хаалга өнгөрөөд явж байхад бид нарын урд талд нэг ачааны том машин явж байсан. Манай эхнэр хажуугаар нь гүйцэж түрүүлэх гэж байгаа бололтой эсрэг урсгал руу орсон тэгтэл чиргүүлийн хажуугаар нь орох үед машин далбилзаад явчихсан. Тэгээд л машин шарваад замын зүүн тал руу орж онхолдсон, яг хэд эргэснийг бол мэдэхгүй байна. Миний биед тухайн үед ямар нэгэн гэмтэл учраагүй. Миний охин Эгийн толгойны дух хэсэгт бага зэрэг хөхөрсөн байсан. Толгой нь хөдөлсөн байна гэж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байсан, одоо бол зүгээр болсон...” гэсэн мэдүүлэг,

 

                 Шинжээч А.Мийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “...... улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн суудлын автомашины жолооч Б.О нь Монгл Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл байдлын дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9 дүгээр бүлгийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Б.Оийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй талаар Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас шүүж лавлахад “В” ангиллын ... тоот хүчинтэй үнэмлэхтэй байна. Хэргийн материалтай танилцахад тормозны мөргүй байна. Тормозны мөргүй тул зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэхээр байна...” гэсэн 43 дугаартай шинжээчийн дүгнэлт,

 

                 Шинжээч Э.Аын 2017 оны 06 дугаар 16-ны өдрийн “...Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Ц.Э нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Амь хохирогч Ц.Э нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Амь хохирогчийн цогцосноос авсан цус нь А/1/ бүлгийн харъяалалтай байна...” гэсэн 34 дугаартай дүгнэлт

 

Хэргийн газрын үзлэг /хх-ийн 06-10/

Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоол /хх-ийн 11/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 25,27,31,36,41,47,49/

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28, 32, 37, 41, 48, /

Шинжээчдийн техникийн дүгнэлт /хх-ийн 26/

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85-86/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий  дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж  харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Б.О нь Дорноговь аймгийн Сайншанд сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт, нийтийн хэрэгцээний зам дээр 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ... улсын дугаартай “Тоёота Приүс-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ц.Эын амь нас хохирсон  гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна гэж шүүхээс үзлээ.

Иймд  шүүгдэгч Б.Оийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Мөн хохирогч Д.Чийн шүүхэд ирүүлсэн  “...надад ямар нэгэн гомдол байхгүй,нэхэмжлэх зүйлгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна” гэсэн хүсэлтээр шүүгдэгч Б.Оийг хохирогч Чийн эрүүл мэнд болон эд хөрөнгөнд учирсан материаллаг хохирлыг төлж барагдуулсан гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

  Шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй тул шүүгдэгчийн өмчлөлийн 47 инчийн LG маркийн телевиз, Rotenzo  маркийн хөргөгч, Hair маркийн угаалгын машин зэрэг эд зүйлийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

     Шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа,  хохирогчид учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдал,гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх  нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Оийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй

3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оршин суух газар, ажил,сургуулиа өөрчлөх,зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.От хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тооцсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба шүүгдэгч Б.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2-ийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийн өмчлөлийн 47 инчийн LG маркийн телевиз, Rotenzo маркийн хөргөгч, Hair маркийн угаалгын машин зэрэг эд зүйлийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АДЪЯАСҮРЭН