Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/20

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 30-ны өдөр                         2022/ДШМ/20                       Хэрлэн сум

 

Ч.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0020

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч, шүүгч Б.Дэнсмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Прокурор Б.Нарангэрэл,

Шүүгдэгч Ч.Э-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг, С.Нарангэрэл,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,  

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Э-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2139000000321 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г овогт Ч-н Ч.Э-, 1968 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, одоогоор Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Тэнхлэгийн хөндий” гэх газарт оршин суудаг, Налайх дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 148 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хэтрүүлсэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1 дэх заалт, 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт зааснаар нийт 3 жил 10 хоногийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан

 

Шүүгдэгч Ч.Э- нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар багийн нутаг E111*27`29.9, N48*58`47,8 солбицлын цэг буюу “Э” гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 10 ширхэг 1,9 м3 хэмжээтэй шинэс мод бэлтгэж, байгаль экологид 320.444 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Ч.Э-г зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 5.900.000 төгрөг болон 162.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, хууль бусаар бэлтгэсэн 1,9 м3 шинэс модыг хурааж улсын төсөвт шилжүүлж, прокурор Б.Нарангэрэлийн “эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тус тус зааж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ч.Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Миний бие эхнэртэйгээ 2001 онд гэр бүл болсон бөгөөд энэ хугацаанд үр хүүхэдтэй болоогүй. 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн эрэгтэй хүүхдийг 2019 оны 10 дугаар сард үрчлэн авч өөрийн нэрээр овоглон өсгөж байна. 2013 онд миний бие сахарын өвчтэй болсон бөгөөд хөл, гар мэдээ алдах, зүрх, бөөр өвдөх, арьсанд үхжилт явагдах зэргээр өвчин бусад эрхтэн рүү нөлөөлж хоол хүнсний дэглэм барьж, эмчийн байнгын хяналтад байж эмчилгээ хийлгэх шаардлагатай болоод байна. Одоогоор хүүхдийг маань ээж нь харж байгаа боловч хүүхэд маань биеэ дааж амьдрах насанд хүрээгүй байна. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр түлээгүй болоод 10 ширхэг шинэс мод хөрөөдөж авсан. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөө болон тээврийн хэрэгслийг хураасан шийдвэрт маргаагүй.

Ч.Э- нь 54 настай, нягтлан бодогч мэргэжилтэй, эхнэр, 3 настай хүүхдийн хамт амьдардаг бөгөөд дахин гэмт хэрэг үйлдэхгүй, нийгэмд биеэ зөв аваад явах боломжтой. Мөн Ч.Э- нь сахарын өвчтэй, биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалаад хорих байгууллагад биечлэн ял эдлэх боломжгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “Ч.Э- нь гэмт буруугийн талаар маргаан байхгүй, байгаль орчинд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Ч.Э- нь эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг бөгөөд тухайн үед түлэх түлээгүй болж уг гэмт хэрэгт холбогдсон ашиг хонжоо олох, зарах, борлуулах, сэдэл зорилго байгаагүй.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс Ч.Э-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хор хохирол зэргийг нь харгалзан 1 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор оногдуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн хуулийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заасан бөгөөд гэмт хэргийн улмаас байгаль экологид 10 ширхэг шинэс модны хохирол учирсан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бусдад төлөх төлбөргүй гэж дурдсан хэдий ч  хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдаагүй гэж үзэж байна.  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ч.Э- нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар багийн нутаг E111*27`29.9, N48*58`47,8 солбицлын цэг буюу “Э” гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 10 ширхэг 1,9 м3 хэмжээтэй шинэс мод бэлтгэж,  байгаль экологид 320.444 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:           

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 хуудас/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-11 хуудас/,

-  эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 16 хуудас/,

- “хууль бусаар мод бэлтгэгдсэн Э /газар зүйн байршил E111*27`29.9, N48*58`47,8/ гэх газар нь тус цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарагддаг болно” гэх Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын №160 албан бичиг /хавтаст хэргийн 18-19 хуудас/,

- хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021/ШД-404 дугаартай “89-82 УБК улсын дугаартай “Н” маркийн тээврийн хэрэгслийг 5.908.07112 төгрөг, JB swis бичиглэлтэй  хөрөөг 162.000 төгрөгөөр үнэлсэн  дүгнэлт /хавтаст хэргийн 48 хуудас/,

- “Биндэр-Ой” сумын дундын ойн ангийн мэргэжилтний 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр гаргасан “...нийт бэлтгэсэн модны хэмжээ 1.9 м3, ойн санд учруулсан хохирлын хэмжээ 320.444 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 54 хуудас/,

- гэрч Х.Б-н: “...сумынхаа экологийн байцаагчтай хяналт, шалгалт хийгээд Онон-Балжийн тусгай хамгаалалттай газар болох “Э”-н бэлээр явж байтал модон дотроос хөрөөний дуу гарсан. ...очиж үзтэл машин дээр хэсэг мод аччихсан, хөрөөгөөр мод хөрөөдсөн байж байсан. ...Тухайн газар нь “Э” буюу улсын тусгай хамгаалалттай газарт ордог. Манай GPS-ээр солбицлын цэгийг тогтооход N48*58`47,8, E111*27`29.9 гэх солбицол гарч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 тал/,

- яллагдагч Ч.Э-гийн: ”...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр түлээний мод бэлтгэх зорилгоор “Э” гэх ууланд гарч... 10 ширхэг шинэс модыг моторт хөрөөгөөр хөрөөдөж унагаасан.Миний бэлтгэсэн 10 ширхэг модыг хурааж авсан, би мод бэлтгэх албан ёсны зөвшөөрөл бол аваагүй. Хууль бусаар мод бэлтгэснээ зөвшөөрч байна, хуулийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Шүүгдэгч Ч.Э-гийн Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар багийн нутаг “Э” гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 10 ширхэг 1,9 м3 шинэс мод бэлтгэж,  байгаль экологид 320.444 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “...улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр, мод бэлтгэсэн...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

 Иймд шүүгдэгч Ч.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Ч.Э-д  Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байна.

 

Шүүгдэгчял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

Шүүгдэгч Ч.Э-гийн  үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэргийн улмаас Дадал сумын ойн ангид учирсан хохирол 320444 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээ буюу 961332 төгрөгийг төлж барагдуулсан, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн  хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан Ч.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж  давж заалдах шатны шүүх үзэв.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтыг буруу хэрэглэж Ч.Э-гийн  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ  5900000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-96/-аар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөх өнгийн “П” маркийн тээврийн хэрэгсэл нь Ч.Э-гийн өөрийн өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдсон байх тул  уг тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлогод оруулах  нь  зүйтэй байна.

 

Иймд дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн гаргасан “ял хөнгөрүүлэх”  агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.4,  2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад  зааснаар шүүгдэгч Ч.Э-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь  хэсгийг  журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт  зааснаар Ч.Э-г  2 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

- 4 дэх заалтын “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 5.900.000 төгрөг...” гэснийг “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөх өнгийн “П” маркийн тээврийн хэрэгсэл...”  гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч Ч.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.” гэсэн,

 

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.Э- шийтгэх тогтоол гарснаас хойш 76 /далан зургаа/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч Ч.Э-г нэн даруй сулласугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Я.АЛТАННАВЧ

 

                           ШҮҮГЧИД                                                  Б.ДЭНСМАА

                                                               

                                                                                              Г.БОЛОРМАА