Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 107

 

МНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга

                                Улсын яллагч С.Энхням

                                Иргэний нэхэмжлэгч  О.М

                                Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А

                                Иргэний хариуцагч Н.О

                                Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ...... дугаарт хэргийг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Т.Б

 

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар

 Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өлзийт зөрлөг орчим Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай замаар .... улсын дугаартай, Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 9.1, 10.6.б дахь заалтуудыг зөрчиж иргэн Б.Оын жолоодож явсан ... улсын дугаартай УАЗ 3303 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж Б.Оын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2 сарын 24-нд Замын-Үүдээс Улаанбаатар хот руу 12 цагийн үед гарсан. Вокзал дээрээс 6-н хүн аваад явж байсан юм. Тэгээд Айраг сум өнгөрөөд явж байтал С нойр хүрээд байна гэсэн. Тэгээд жолоогоо шилжүүлсэн юм. Айраг сумын тэнд Өлзийт өртөө

гэдэг газрын тэнд явж байхад манай машины урд ачааны тэрэг явж байсан. Аймар удаашралтай явж байхаар нь гүйцэд түрүүлэх гээд гэрлээ анивчуулаад хажуугаар нь орсон. Гэнэт урд явж байсан машин Өлзийт зөрлөг рүү эргэх гээд хажуу тийшээ дарсан. Дарахад нь хамт дараад замын хажуу тал руу гарсан юм. Замын хажуу тал мөстсөн байсан учраас тормоз гишгээд ч бариагүй, тэгээд гэнэт машин дотроо хальт дараад гарах шиг болсон гараад харахад уаз маркийн машин замын хажуу тал руугаа гарсан зам дээр О, түүний хүүхэд толгойг нь түшсэн сууж байсан. Намайг очиход амьсгал нь дутуу авагдаад байгаа юм шиг байхаар нь эмийн сангаасаа хөвөн авчраад цус алдаж байгаа хэсэгт тавиараа гээд өгсөн. Тэгээд л түргэн, Цагдаа хоёрыг дуудсан гэсэн мэдүүлэг,

 

 Хохирогч Б.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Осол гарснаас өөрчлөгдсөн. Сая 3-р эмэнлэгт тархины цүлхэнтэй гэсэн онош тавиад хэзээ ч хаана явж байхад хагарвал нас барах магадлал 40 хувьтай гэсэн учраас хагалгаанд орсон. Үүнтэй холбоотой зардал гарсан. Шинжээчийн дүгнэлтийг прокурор уншин сонсгосон. Хөдөлмөрийн чадвар алдах байдал цаашид тогтонги гэж байсан бол өнөөдрийг хүртэл хүний асаргаанд байгааг дуулгамаар байна. Эмийн зардал, тархины зураг авахуулаад 1070000 төгрөг гарсан. Осол гарсантай холбоотойгоор нэг хүн асарч, нэг хүн хоол цай зөөдөг ажилтай болсон. Үүнтэй холбоотойгоор хүний хөдөлмөр гарч байгаа. Энэ хүмүүсийн хоол ундны зардал тодорхой хэмжээнд гарч байгаа. Хоол хүнсний зардал гэхээр банкинд байсан орлогоо гаргасан байдал харагдаж байгаа. О гуай 500 хоньтой, 40 ямаа, 80 гарсан настай ээжтэйгээ амьдарч байгаа. Малыг нь маллах хүн гарч ирэх болно. Үүнийг хохирогчид хэлээд төлүүлэхээр ямар байдал байна вэ гэдэг байдлаар намайг шүүх хуралд оролцуулсан. Тэгэхээр 3 240 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ-3303 маркийн тээврийн хэрэгсэлтэй өөрийн охин М, Мгийн С, С нарын хамт Даланжаргалан сумын 25-р зөрлөг орж бензин түлш авчихаад буцаад Өлзийт зөрлөг орох гээд явж байсан. Өлзийт зөрлөг рүү эргэх гээд дохио өгөөд уулзвараар зүүн гар тийшээ эргэх гэж байтал хажуу талаас нэг автомашин ирж мөргөсөн. Би толиндоо харахад тэр автомашин хол зайтай харагдаад байсан. Тэгээд би тэр уулзвараар эргэх гэж байтал хажуу талаас мөргөсөн. Би тухайн үед тэнд мөргүүлээд ухаан алдсан ... Би тухайн үед толиндоо хараад эргэх үед цагаан саарал өнгийн тээврийн хэрэгсэл нилээн хойно хол харагдаж байсан. Тэгээд намайг эргэх гээд байж байхад хажуу талаас мөргөсөн тийм болохоор их хурдтай ирж мөргөсөн байх гэж бодож байна... Би бол тэр уулзвар дээр 40 км цагийн хурдтай явж байгаал дохио өгөөд эргэсэн... Тухайн үед миний эгэм хугарсан, мөн миний хавирга хугарсан... Миний хувьд үнэлгээний компаниас гаргасан үнэлгээг бол зөвшөөрч байна. Тэгэхдээ бол би өөрөө бол засуулж чадахгүй учир нөгөө хүмүүсээр нь өөрсдөөр засуулж авмаар байна... Би одоо эм тариа эмчилгээний зардал гэж нийт 1.000.000 төгрөг болсон. Мөн дээр нь автомашины эвдрэлийг маань янзлаад өгчих юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл бол байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх 25-26/,

 

Иргэний нэхэмжлэгч О.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 800000 төгрөг нэхэмжилсэн. Энэ хугацаанд өөрийгөө болон хүүхдээ үзүүлсэн. Манай хоёр хүүхэд ямар нэгэн гэмтэлгүй байгаа. Надад тархинд гэмтэл байна гэсэн. Одоогоор мэдрэлийн эмчид байнга үзүүлж байх шаардлагатай гэсэн. Гэмтлийн эмнэлэгт тархины зураг авахуулсан. 120000 төрөгийн зардал, хүүхдийн тархины зураг 80000 төгрөг зардал гарсан. Миний гэмтэлд авах эмний мөнгө 10570 төгрөг гарсан. Би насанд хүрээгүй хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Намайг хүнд ажил хийж болохгүй гэсэн учраас ямаагаа хүнээр самнуулж, малаа хүнээр маллуулсан. Тухайн хүний гарын үсэг цалингийн тодорхойлолт, багийн даргын тодорхойлолт, Т гэдэг хүнтэй сарын 350000 төгрөгийн цалин өгч үүнийг тооцоод 3 сараар өгсөн. Миний А дансанд байдаг 161 ямааг 5000 төгрөгөөр самнуулсан. Цалингийн нь бэлэн мөнгөөр өгсөн Нийт гээд 2445570 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

 

Иргэний хариуцагч Н.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Машины хохирлын үнэлгээг гаргасан талар мэдэж байгаа. Эзэмшигчийн хувьд тэгж засуулна гэдгийг бүгдийг хийлгээд өгчихсөн байгаа. Би өр зээлээр авсан. Энэ хүүгээс юу ч аваагүй байгаа гэсэн мэдүүлэг,

 

Сэжигтэн О.С мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  ... 2017 оны 02 дугаар сарын 24-ний өглөө Замын-Үүд сумаас 11 цаг өнгөрч байх үед вокзал дээрээс Улаанбаатар хот явах 6-н хүн аваад Б бид хоёр явсан. Би Замын-Үүд сумаас Айраг хүртэл автомашинаа жолоодож явсан. Би нойр хүрээд байхаар нь найз Бдоо Айраг сумын мөнгө хураадаг пост өнгөрөөд жолоогоо шилжүүлсэн. Б тээврийн хэрэгсэл жолоодож яваад Өлзийт зөрлөг өнгөрөөд нэг тээврийн хэрэгсэл мөргөсөн байсан ... Тэгээд зам тээрийн осол болсны дараа миний автомашинд сууж явсан хүмүүс удаа ч үгүй замын унаанд суугаад яваад өгсөн ... Тэр тээврийн хэрэгсэл манай аавын эзэмшлийн автомашин байгаа юм ... гэс‎‎эн мэдүүлэг /хх 93-94/,

 

Шинжээчийн .... дугаартай: “...Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Тоёота Эстима маркийн .... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 10 дугаар бүлгийн 10.6-д заасан “Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: б/ зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 53 дугаар хуудас/

 

Шинжээчийн ... дугаартай: “...Б.Оын биед баруун, зүүн чамархай, суурь яс, хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, зулай ясны ар хэсгийн цөмөрсөн хугарал, баруун чамархайн тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн эгэм ясны хугарал, зүүн 1-3-4 дүгээр хавирганы хугарал, зүүн 2 дугаар хавирганы хоёрлосон хугарал, хамрын нуруу баруун сарвуунд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын  алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 56 дугаар хуудас/

 

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-5/,

Осол, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,фото зургууд /хх 6-10/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 11-18/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 178/ зэрэг болно.  

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өлзийт зөрлөг орчим Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай замаар .... улсын дугаартай, Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 9.1, 10.6.б дахь заалтуудыг зөрчиж иргэн Б.Оын жолоодож явсан ... улсын дугаартай УАЗ 3303 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж Б.Оын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Гэнэт урд явж байсан машин Өлзийт зөрлөг рүү эргэх гээд хажуу тийшээ дарсан. Дарахад нь хамт дараад замын хажуу тал руу гарсан юм. Замын хажуу тал мөстсөн байсан учраас тормоз гишгээд ч бариагүй, тэгээд гэнэт машин дотроо хальт дараад гарах шиг болсон гараад харахад уаз маркийн машин замын хажуу тал руугаа гарсан зам дээр О, түүний хүүхэд толгойг нь түшсэн сууж байсан гэсэн мэдүүлэг,  Хохирогч Б.Оын мөрдөн байцаалтанд өгсөн.: Өлзийт зөрлөг рүү эргэх гээд дохио өгөөд уулзвараар зүүн гар тийшээ эргэх гэж байтал хажуу талаас нэг автомашин ирж мөргөсөн гэсэн мэдүүлэг, Сэжигтэн О.С мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  .... Б тээврийн хэрэгсэл жолоодож яваад Өлзийт зөрлөг өнгөрөөд нэг тээврийн хэрэгсэл мөргөсөн байсан ... Тэгээд зам тээрийн осол болсны дараа миний автомашинд сууж явсан хүмүүс удаа ч үгүй замын унаанд суугаад яваад өгсөн ... Тэр тээврийн хэрэгсэл манай аавын эзэмшлийн автомашин байгаа юм ... гэс‎‎эн мэдүүлэг /хх 93-94/, Шинжээчийн .... дугаартай дүгнэлт, Шинжээчийн ... дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлтэй маргаагүй бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлын талаар өмгөөллийн үйл ажиллагаа явуулсныг шүүх ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзлээ.

 

            2017 оны 7 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг  үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

            Шүүгдэгч Т.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулсан  буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2, 2.3-т заасан шинжтэй нийцэхээс гадна оногдуулах ял шийтгэл нь хөнгөрсөн байдлаар зохицуулагдсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдүүлсэн зохицуулалт гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Т.Бын үйлдсэн гэмт хэрэгт  2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар зүйлчлэн авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч Б.О нь 3 240 000  төгрөг, иргэний нэхэмжлэгч О.М 2445570  төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч Н.О болон шүүгдэгч Т.Б нар нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээд гэж тогтоогдохгүй тул хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын иргэний хариуцагч, шүүгдэгч нарт холбогдуулсан  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь иргэний хариуцагч машин эзэмших эрхээ тухайн хэрэг болох үед өөрийн хүү О.Ст шилжүүлсэн, О.С нь жолоодож байхдаа эзэмшигчээс зөвшөөрөл авалгүйгээр шүүгдэгчид шилжүүлсэн зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар О.С нь уг гэмт хэргийг гарахад эзэмшигчийн эрх үүргийг хэрэгжүүлж байсан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг хариуцахаар байна.

 

Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь О.Ст холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т.Быг авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг журамлан хорих ял онондуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилсан мэдэгдэх хязгаарлалт тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь тэнссэн хугацаанд тогтоосон, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах учрыг анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Иргэний хариуцагч Н.О, шүүгдэгч Т.Б нарт холбогдуулан гаргасан хохирогч Б.О нэхэмжилсэн 3 240 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Мгийн нэхэмилсэн 2445570 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хохирогч Б.О нь 3 240 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.М 2445570 төгрөгний нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                                        Х.ГАНБОЛД