Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/14

 

Т.Г, С.М нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр /цахимаар/,

          Шүүгдэгч С.М /цахимаар/,

          Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/21 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Д.Ган-Эрдэнийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Т.Г, С.М нарт холбогдох 2129002590155 дугаартай эрүүгийн хэргийг  2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эрэгтэй, Х овгийн Т-ын Г,

Монгол Улсын иргэн, эрэгтэй, Б овгийн С-ын М,

Яллагдагч Т.Г 2021 оны 10 дугаар сарын 19-ний орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө аймгийн Х сумын Х баг, Ц гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Э ХХК-ний ажилчид амрах байранд иргэн С.М-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зэвсэг хэрэглэн иргэн С.М-ийн нуруун тус газар 1 удаа хутгалж, цээжний ар баруун хэсэг дэх цээжний хөндий рүү нэвтэрсэн зүсэгдэж хатгагдсан гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Яллагдагч С.М нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө аймгийн Х сумын Х баг, Ц гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Э ХХК-ний ажилчид амрах байранд иргэн Т.Г-тай “хөгшин хүнтэй муухай харьцлаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар Т.Г-ын нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж биед нь тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ нь Т.Г, С.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүнгэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: С.М, Т.Г нарт холбогдох 2129002590155 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч С.М, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: ...Т.Г нь холбогдсон хэргийн зүйлчлэл болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт өгсний дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол гарч, оногдуулах ял дээрээ тохиролцон хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.1 дүгээр зүйлийн 5-д “...Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” гэж заасныг зөрчсөн” гэж шүүх өөрөө хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5-д “...хорих ялын доод хэмжээг 8 жил...”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т оногдуулах ялын доод хэмжээг нь “...5-12 жил гэж...” тус тус ялын доод хэмжээний талаар тодорхой, ойлгомжтой зааж өгсөн.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/21 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг “анхан шатны шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор Д.Ган-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: Шүүх Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй ойлгож, буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх дараах үндэслэл тогтоогдож байна.

Прокуророос яллагдагч Т.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн арга, хэлбэр, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах, ийнхүү эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог шаардлагуудыг анхаараагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 6 дахь хэсгийг ноцтой зөрчиж хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хэргийг шүүх прокурорт буцаасан.

Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн учир шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах үндэслэл болж байна.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэн хэргийг прокурорт буцаасан. Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь уг хуулийн заалтад хорих ялын доод хэмжээг 8 жил ба түүнээс дээш гэж заасан. Гэтэл Т.Г-ын холбогдсон хэрэгт оногдуулах ялын хэмжээ нь 5-12 жилийн хугацаагаар хорих ял оноохоор заасан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Б.Ган-Эрдэнийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр бичсэн 05 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт яллагдагч Т.Г нь /хавтас хэргийн 153 дахь тал/ “...Би 2021 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Э ХХК-ийн ажилчдын амрах байранд С.М-тэй үл ойлголцож түүний биед хүнд хохирол учруулсан хэрэгт Т.Г миний зүгээс С.М-д ямар нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй тул С.М, Т.Г бид хоёрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлтийг гаргажээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ нь “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 75 дугаартай тогтоолыг гаргаж, яллагдагч С.М, Т.Г нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. /хавтаст хэргийн 159-160 дахь тал/

Яллагдагч С.М, Т.Г нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгч өөрийн санаачилгаар урьдчилан хэлэлцүүлэг явуулах шаардлагатай гэж үзэн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2022/ШЗ/20 дугаартай шүүгчийн захирамжийг гаргаж яллагдагч С.М, Т.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цаг 00 минутаас хэргийн оролцогч нарыг оролцуулан нээлттэй явуулахаар тогтоожээ. /хавтас хэргийн 179-180 дахь тал/

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас яллагдагч С.М, Т.Г нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн байна. /хавтас хэргийн 183-185 дахь тал/

Анхан шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаж үзээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан шийдвэрийг гаргаагүй нь анхан шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Иймд хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр нарын  “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” эсэргүүцэл, давж заалдах гомдлыг хүлээн авч,  шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/21 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Яллагдагч С.М, Т.Г нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд буцаасугай.

3. Хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд очтол яллагдагч С.М, Т.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

                                                                                    Ш.ТӨМӨРБААТАР