Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2024/01699

 

 

 

 

 

 

2024 03 28

101/ШШ2024/01699

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /рд:*******/-гийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /рд:*******/-д холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие хариуцагч болох Ж.*******тай 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, 4,000,000.00 төгрөгийг нэг сарын хугацаатай сарын 15 хувийн хүүтэй олгосон. Тус зээлийн гэрээний 3.1-т 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатайгаар олгов. Зээлийн хугацаа нь зээлдэгч зээлийг хүлээн авсан үеэс эхлэн тоологдоно" гэж зааснаар хариуцагч болох Ж.*******ын болно. тоот дансанд 4,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн.

 

Гэтэл хариуцагч нь гэрээнд зааснаар 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дотор үндсэн зээл болон хүү төлөх үүргээ биелүүлээгүй ба зээлийн хүү 600,000.00 төгрөгийг 12 дугаар сарын 11-ний өдөр төлсөн. Би, түүнд зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа сануулсан боловч одоо өгнө, өнөөдөр өгнө, шилжүүлж байна, бэлэн байгаа, одоо гараад шилжүүллээ гэх мэт худал хэлээд заримдаа утсаа авахгүй байх тохиолдлууд гарсан.

Бид хоёрын байгуулсан зээлийн гэрээний 6.5-д Энэхүү гэрээтэй холбоотой маргаан гарвал талууд харилцан тохиролцон зөвшилцөх бөгөөд зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ гэж заасан. Иймд, хариуцагч Ж.*******аас зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

1.     Улсын тэмдэгтийн хураамжид 78,950.00 төгрөг төлсөн баримт,

2.     2023.11.09-ний өдрийн зээлийн гэрээ,

3.     Иргэний үнэмлэхийн лавлагаа,

4.     дахь дансны дэлгэрэнгүй хуулга,

Хариуцагчийн өгсөн нотлох баримт:

1.            Иргэний үнэмлэхийн лавлагаа,

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Нэхэмжлэгч А.*******гээс хариуцагч Ж.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хариуцагчаас хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна. Ингээд тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр товлож, хариуцагчид энэ талаар мэдэгдсэн хэдий ч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч А.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч Ж.*******тай зээлийн гэрээ байгуулж 4,000,000.00 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаатай сарын 15 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 4 хуудас/.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

3.            Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дахь өөрийн эзэмшлийн 9020005328 тоот данснаас 4,000,000.00 төгрөгийг хариуцагчийн тус банкин дахь тоот дансанд шилжүүлсэн байна.

Хэдийгээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн тухайн мөнгө шилжүүлсэн гэх баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө................. гэж заасан шаардлагыг хангаагүй боловч хариуцагч нь энэ талаар маргаагүй.

Тодруулбал, дээр дурдсан хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

Гэтэл хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг өгөөгүй бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагчийг 4,000,000.00 төгрөгийг хүлээн авсан гэж үзэх учир талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

4.            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, түүнчлэн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, зохигчид зээлийг үнэтэй буюу хариу төлбөртэй өгөхөөр харилцан тохиролцсон бол гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талууд зээлийн хүүгийн талаар бичгээр тохиролцох учиртай. Ингээд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Ж.******* нь 4,000,000.00 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаатай сарын 15 хувийн хүүтэй зээлээд 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр буцаан төлөх үүргийг хүлээсэн байна.

5.            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

Гэвч нэхэмжлэгч А.*******гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Ж.******* нь зээлийн хүүнд 600,000.00 төгрөгийг төлсөн боловч үндсэн зээл 4,000,000.00 төгрөгийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 4,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг үндэслэн хариуцагч Ж.*******аас 4,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ