Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/15

 

Д.Т, Д.Я нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор А.Амгалан

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, И.Оюунгэрэл,

          Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Володя даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, өмгөөлөгч Ц.Баярмаа, И.Оюунгэрэл нарын хамтран болон  Д.Я-ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Т, Д.Я нарт холбогдох 2128001250098 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эмэгтэй, Д овгийн Д-ын Я,

Монгол Улсын иргэн, эрэгтэй, Ё овгийн Д-ны Т,

Шүүгдэгч Д.Я нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 06 цагийн орчимд согтуугаар Ө аймгийн Д сумын дүгээр багийн Д-ны тоотод хамтран амьдрагч Д.Т-ийн “гадуур тэнэлээ” гэх үгийг эсэргүүцэж, улмаар марган, хутгаар цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний хөндийд нэвтэрсэн шарх” бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 06 цагийн орчимд согтуугаар Ө аймгийн Д сумын  дүгээр багийн Д-ны тоотод хамтран амьдрагч Д.Я-тай “гадуур тэнэлээ” гэх шалтгаанаар марган, улмаар түүнийг гараар алгадах, хөлөөр өшиглөх, буйдан руу түлхэх зэргээр хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь “зүүн бугалга, баруун, зүүн шуу, нуруу, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Амгалан нь Д.Я-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар,

Д.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг  анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Я-д 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Я-д оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, шүүгдэгч Д.Я-ын биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Я-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Я-ын бага насны хүүхэд болох 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Я.Б, 2008 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Я.Ө нарыг асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Ө аймгийн Д сумын дугаар багийн Засаг даргад даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан бор өнгийн модон бариултай, бариулын урт нь 10 см, ижил хэмжээний 22 см-ийн урттай 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

Шүүгдэгч Д.Я, Д.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Я хохирогч Д.Т-д 708673 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Я-ын өмчлөлийн Ө аймаг Д сум И-ын тоотод байрлах газар, орон байр болох 5 ханатай гэр, түүний доторх тавилга, эд хөрөнгийг шүүгдэгчийг ял эдэлж дуусах хүртэл хугацаанд хариуцан бүрэн бүтэн байлгаж, хариуцвал зохих этгээдэд хариуцуулах ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Д.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Я-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Я давж заалдах гомдолдоо: “Д.Я миний бие хохирогч Д.Т-ийн бие хүнд гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлж ирсэн, гагцхүү анхнаасаа надад Д.Т-г хутгалах, хүнд гэмтэл учруулах гэсэн санаа зорилго байгаагүй, тэрхэн агшинд төсөөлөмгүй санаандгүй зүйл болсон гэдгээ л илэрхийлж мэдүүлж ирсэн. Энэ байдлыг маань анхан шатны шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж, ял шийтгэлийг маань хөнгөрүүлэх буюу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэж шийдвэрлэсэн байгаа.

Иймд миний хувийн байдал, ар гэр, бага насны хоёр хүүхэдийг маань харгалзан үзэж оногдуулах ял шийтгэлийг маань хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Д.Я-ын өмгөөлөгч И.Оюунгэрэл, Ц.Баярмаа нар хамтран гаргасан  давж заалдах гомдолдоо: “Аливаа гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо тухайн зүйл, хэсгийн объектив болон субъектив талын шинж хангагдаж байгаа эсэхийг анхаарч, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж тогтоох учиртай. Гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинж гэдэг нь тухайн гэмт хэргийн дотоод агуулга буюу санаа зорилго юм.

Хэргийн үйл баримтаас харахад Д.Я нь хохирогч Д.Т-ийн бие эрх чөлөөнд халдаж хүнд гэмтэл учруулах гэсэн санаа зорилго анхнаасаа огт агуулаагүй, эсрэгээрээ Д.Т дахин хутга барьж над руу дайрах вий гэсэн бодолд автаж хутгийг Т-ийн нүдэнд харагдахгүй газарт нуух гэсэн санаа зорилго агуулж хутгыг авсан үйл баримт харагддаг. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэж хуульчилсан. Д.Я-ын үйлдэлд санаатай гэмт хэрэг үйлдэхийг хүсээд идэвхитэй үйлдэл хийж хохирогчийг хутгалсан гэх үйл баримт мөн тогтоогддоггүй гэж өмгөөлөгч нарын зүгээс харж байна.

Шүүхээс гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж буюу Я-д анхнаасаа байсан зэвсэг ашиглан хохирогч Д.Т-ийн биед санаатай хүнд гэмтэл учруулж гэмт хэрэг үйлдэх гэсэн санаа зорилго байсан эсэхэд анхаарч дүгнэж үзэхгүйгээр түүнийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон байгааг шүүхийг хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож шийдвэрлээгүй гэж гомдол гаргаж байна.  

Д.Я анхнаасаа өөрийн үйлдлийн улмаас хохирогч Д.Т-ийн биед хүнд гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, гагцхүү Д.Т-ийн биед зэвсэг ашиглан халдаж гэмтэл учруулах гэсэн санаа зорилго байгаагүй гэдгээ мэдүүлж ирсэн.

Өөрөөр хэлбэл "...хохирогч Д.Т эхлээд надруу хутга барьж дайрсан, улмаар тайвшраад хутгыг тавихаар нь дахиад хутга авахаас, хутгыг нууж өөрийгөө хамгаалах зорилгоор далд хийхээр авсан тэр үед Д.Т дахин гараа далайгаад дайрсан тэр үедээ хутганд өртөж биед нь хүнд гэмтэл учирсан. Хэрвээ би тухайн хутгыг аваагүй, бариагүй байсан бол Д.Т-ийн биед хүнд гэмтэл учрахгүй байсан гэдэг санаагаа илэрхийлж, өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа” гэдгээ илэрхийлж, мэдүүлж ирсэн. Санаа зорилгыг тодруулах зорилгоор шүүх хуралдаан дээр туршилт хийлгэсэн.

Энэ мэдүүлгийг нь анхан шатны шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсгийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Я-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  “Анхан шатны шүүх гэмт хэргийн субьектив шинж чанарыг хангагдсан эсэхийг анхаарч үзээгүй. Я-ын хувьд анхнаасаа гэмтэл учруулах санаа, зорилго байгаагүй. Анх Т хутга барьж Я руу дайрсан. Т-ийн үйлдлийг таслан зогсоох, хутгыг нуух санаа, зорилгоор өөрийгөө хамгаалах үүднээс хутгыг булааж авсан. Энэ үед Т-д гэмтэл учирсан.

Хутгалсан гэдэг үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Я-ын гэмт үйлдэлд хохирлыг хүсэж, санаатай хутгалах санаа зорилго байгаагүй гэдгээ илэрхийлсээр ирсэн. Тиймээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй. Тиймээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан гомдлыг хүлээн авч, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т гэмт хэргийг үйлдсэн хүн тухайн гэмт хэргээс учруулсан хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн бол оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэхээр хуульчилсан.

Я гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрөө барагдуулсан тул Я-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  Яг ямар үйлдэл болсон болохыг анхаарч үзэх хэрэгтэй. Тухайн хэрэг гарсан өдөр Т архидан согтуурсан тул Я хүүхдээ аваад гэртээ харьсан. Шөнө сэрэхэд нь Т байгаагүй учир түүнийг авахаар айлд очиход Т шууд Я-ын эрх чөлөөнд халдсан. Тодорхой хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэх хутгыг анх Тэмүүжин барьсан.

Анхан шатны шүүх хуралдааны явцад туршилт явуулсан. Туршилт болон шүүх хуралдааны асуулт хариултын явцад Я гэмт хэргийг санаатай үйлдсэн гэх байдал тогтоогдоогүй. Өмгөөлөгч И          .Оюунгэрэлтэй санал нэг байна гэв.

Шүүгдэгч Д.Т давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Яллагдагчаар татагдаад байгаа Д.Я-г хорих ялаас чөлөөлж, ялыг нь хөнгөвчилж өгнө үү гэж хүсэлт гаргаж байна. Үндэслэл нь миний биед гэмтэл учруулсан гэх үйлдлийг үйлдэхдээ санаатайгаар заналхийх, санаатай амь насыг хөнөөх үйлдэл гаргаагүй болно.

Я нь тухайн үед уур уцаарлах шинж тэмдэггүй, үйл явдал болох агшинд инээж байсан агшин харагдаж байсан.

Миний бие удаа дараа гомдолгүй гэдгээ мэдэгдэж байсан,  мөн ар гэрийнх нь байдал хүнд, өрх толгойлсон, ажилгүй зэргийг харж үзнэ үү” гэжээ.

Прокурор А.Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Я мөрдөн шалгах ажиллагааны явцад болоод шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хутга цааш нь тавих гэж байсан талаар мэдүүлдэг. Туршилтын явцад хутгыг ямар байдалтай буюу өөрийнхөө өмнө барьж байгаад хутгалсан гэдгээ үзүүллээ. Я-ын хувьд яллагдагчаас мэдүүлэг өгөхдөө араас цохих гэж байна гэж бодоод түлхэж холдуулах гэж байгаад гартаа хутга байгааг мартаад цохисон гэж мэдүүлдэг. Гомдол салаа утгатай байна. 

Шүүх хэргийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хэргийн үйл баримтыг зөв тогтоосон. Хэргийн зүйлчлэл тохирсон. Т-ийн хувьд шүүх хуралдаан дээр хутга барьснаа санахгүй байна гэснээ туршилтын явцад хутга барьсан гэдэг. Өөрөөр хэлбэл зөрүүтэй байдаг.

Гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг хангалттай тогтоосон. Шүүгдэгч нарт оногдуулсан ял, эрүүгийн хариуцлага үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, Я-ын 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 06-ныг хүртэл хугацаанд цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Д.Я-ын дангаараа, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа, И.Оюунгэрэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Д.Я, Д.Т нарт холбогдох эрүүгийн 2128001250098 дугаартай хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.   

2. Эрүүгийн 2128001250098 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, бэхэжсэн, анхан шатны шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

3. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлахад дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.а. Шүүгдэгч Д.Я нь 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 06 цагийн орчимд Ө аймгийн Д сумын  багийн Д-ны тоотод хамтран амьдрагч Д.Т-тэй маргалдаж, түүний цээжин тус газар хутгалж, цээжний хөндийг нэвтэлж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.Т нь мөн газар, цаг хугацаанд  хамтран амьдрагч Д.Я-тай марган түүнийг алгадаж, өшиглөх, буйдан руу түлхэх зэргээр хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь зүүн бугалга, баруун, зүүн шуу, нуруу, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд нь тэдний хохирогч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг болон гэрч Ц.Р-ийн “...бүсийн оношилгоо эмчилгээний төвийн түргэн тусламжийн эмчийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад 06 цаг өнгөрч байхад ...согтуу бололтой эмэгтэй дуудлага өгөөд... хаягаа өгөөрэй гэхэд утсаа тасалсан...дахин дуудлага 103 руу залгахаар нь ... тэмдэглэж аваад очиход... согтуу эрэгтэйн ...цээж болон подволк цус болсон байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дугаар хуудас/ гэх,

Гэрч Х.Б-ийн “...Я-г 2018 онд Т эхнэрээ гэж танилцуулж байсан. ...2021 оны 5 сарын 18-ны 16 цагийн үед Я, Т хоёр хүүхэдтэйгээ манайд ирсэн. ...Би Т-г пиво аваад ир гэхэд хамт явъя гэсэн... бид  4 манай гэрээс гараад ... 2 ширхэг сэнгүр нэртэй 2,5 литрийн пиво авсан.. буцаж ирээд Т бид хоёр пивоо хуваагаад уусан чинь Я өөртөө өгөхгүй байна гээд хүүхдээ аваад машинаа унаад явсан. Бид хоёр ууж дуусаад ...23 цагийн үед унтсан..., Өглөө 06 цагийн үед Я согтуу ганцаараа манай гэрт орж ирээд Т-тэй маргасан, намайг бос гээд миний хамар руу цохиод цус гаргасан, Т Я-г түлхэж, цохиж байгаа харагдсан, Тэгсэн чинь гэнэт Т Я наруу шаачлаа гэсэн ...би босоод ирсэн чинь Т-ийн подволк цус болчихсон байсан...  ”  /1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/ гэх,

Гэрч С.А-ын “...маргааш өглөө 5 цаг өнгөрч байхад Т над руу залгаад Я Б-гйн гэрт хүрээд ирлээ, тантай хамт байсан уу гэхэд үгүй гэсэн... 30-40 минутын дараа би Б-ийн гэрт очиход ...Я би Т-г хутгалчихлаа гэж хэлсэн. ...Я хэлэхдээ Т Я-г алгадаж зодоод хэсэг маргалдаж байгаад Т хутга барьсан, Я хутгыг нь булааж аваад дараа ньТ-г гэнэт хутгалсан байсан гэж хэлсэн. ...Я халамцуу байсан. Би Я-аас хаана архи уусан талаар асуухад надад хэлээгүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 54-55, 57 дугаар хуудас/ гэх мэдүүлгийн тэмдэглэлүүд, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 308, 309 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь тэдэнд ял сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул анхан шатны шүүхийн шүүгдэгч Д.Я-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон, шүүгдэгч Д.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

3.б. Д.Т нь 2021 оны 5 дугаар сарын 18-ны оройгоос шөнө Б гэх иргэнтэй 2,5 литрийн хэмжээтэй 2 сав пиво ууж 23 цагийн өмнө унтсан, тэднийг унтаж байхад 2021 оны 5 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн үед Д.Я ирснээр Д.Т, Д.Я нарын хооронд маргаан үүссэн, уг үйл явдал болох үед Х.Б хэвтэж байсан, Д.Я тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, Д.Т-г хутгалагдсаны дараа С.А ирсэн үйл баримт тогтоогдож байна.  /1 дүгээр хавтаст хэргийн 44, 47, 54 дүгээр хуудас/

4. Д.Я-ын 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хохирогчоор “...Т хутгаараа далайж байгаад хутгаа буцааж шкафан дээр тавихаар нь би хутгыг нь шкафан дотор хийх гээд сугалааг нь нээж байсан чинь Т ирээд... гар хөлөөрөө далайгаад байхаар нь би хутгатай гараараа хамгаалж байсан  чинь Т ирээд оногдсон байх, /1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

Яллагдагчаар 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр  “...би хоол хийх санаатай хутгыг нь бариад  шкафны хажууд цаашаа хараад зогсож байхад Т араас чи ер нь хаана хоносноо хэлэхгүй байна гээд элдэв юм яриад байхаар нь би намайг цохиод авах нь гэж бодоод эргэж хараад гартаа хутга барьснаа мартаад хутгатай гараараа Т-ийн зүүн талын цээж рүү гараараа түлхлээ гэж бодоод түлхчихсэн чинь гартаа барьсан байсан хутгаараа Т-ийн зүүн талын цээж  рүү цохичихсон..., хутга барьсан гараараа Т-г цааш нь болгох гэж цээж рүү нь санаандгүй цохисноос миний барьж байсан хутга Т-ийн цээж рүү дүрсэн...гэж ” /1 дүгээр хавтаст хэргийн 135 дугаар хуудас/,

Шүүгдэгчээр 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдөр  “...Би хутгыг аваад далд хийчихье гэсэн бодолтой цааш хийх гэж гэж байхад ... надруу дайраад эхэлсэн. Би хутга барьсан байснаа гэнэт сандраад айгаад намайг цохичих  вий гэсэн бодолтой байсан... намайг хувцаснаас татаад цохичих гээд байсан, Би хутга барьснаа ч мэдээгүй байтал гэтэл Т миний барьсан хутганд өртсөн...” гэж /2 дугаар хавтаст хэргийн 68 дугаар хуудас/ мэдүүлсэн мэдүүлгийн тэмдэглэлээс үзвэл тэрээр хутга барьсан зорилгоо “хоол хийх” гэж, “нуухаар авсан” гэж, хүний биед гэмтэл учруулсан үйлдлээ “хутга барьсан байснаа мартсан байсан” гэж, “хутга барьсан гараараа цааш түлхэх гэж цохисноос” гэж тогтворгүй мэдүүлсээр ирсэн байна.

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Д.Я-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор хохирол болон шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан үзэж түүнд 5 жилийн  хугацаагаар хорих ял шийтгэж, үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж байх тул оногдуулсан ялаас 2 жилийг хасаж, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон нь түүний гэм бурууд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн холбогдох хэсэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчилд хамаарч шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх тухай Д.Я-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

5. Өмгөөлөгч И.Оюунгэрэл,  Ц.Баярмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын талаар: Өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөлөгчийн эрх, үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулна”, Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т “өмгөөллийн үйл ажиллагаа гэж өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг” ойлгоно, 14 дүгээр зүйлийн 14.1.7-т “өмгөөллийн үйл ажиллагааны зорилгод хүрэх арга хэлбэрийн талаар үйлчлүүлэгчтэй зөвлөлдөх” үүрэгтэй гэж заажээ.

Өмгөөлөгч И.Оюунгэрэл,  Ц.Баярмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд шүүгдэгч Д.Я танилцаж гарын үсгээ зурсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “Өмгөөлөгч давж заалдах гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ давж заалдах гомдлыг урьдчилан танилцуулна” гэсэн шаардлагыг хангасан гэж үзнэ.

Үйлчлүүлэгч нь өмгөөлөгчийнхөө гаргаж буй гомдолтой танилцаж буй хэлбэр нь уг гомдлыг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хүсэл зоригт нийцсэн, түүнээс гарах үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн агуулгыг илэрхийлсэн өөрөөр хэлбэл, өмгөөлөгчөөс авах хууль зүйн үйлчилгээний хүрээгээ тодорхойлж буй хүсэл зориг гэж үзнэ.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн  улмаас бий болсон хор уршигт гэм буруугийн ямар хэлбэрээр хандсанаас тухайн гэмт хэргийн шинж тодорхойлогдоно.

Шүүгдэгч Д.Я нь анхан шатны шүүхийн өөрийг нь “гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон” шийдвэрт гомдол гаргаагүй, харин оногдуулсан шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж гомдол гаргасан. Тодруулбал Д.Я-ын гомдлын агуулга нь хорих ялын хэмжээг багасгах /өөр төрлийн хөнгөн ялаар солих/ тухайд байна.

Гэтэл түүний өмгөөлөгч нар нь “...хэргийн үйл баримтаас харахад манай үйлчлүүлэгч Д.Я нь хохирогч Д.Т-ийн бие эрх чөлөөнд халдаж хүнд гэмтэл учруулах гэсэн санаа зорилго анхнаасаа огт агуулаагүй, эсрэгээрээ Д.Т хутга барьж над руу дайрах вий гэсэн бодолд автаж хутгыг Т-ийн нүдэнд харагдахгүй газарт нуух санаа зорилго агуулж хутгыг авсан үйл баримт харагддаг.,  Д.Я-ын үйлдэлд санаатай гэмт хэрэг үйлдэхийг хүсээд идэвхитэй үйлдэл хийж хохирогчийг хутгалсан гэх үйл баримт тогтоогддоггүй гэж өмгөөлөгч нарын зүгээс харж байна.” гэж гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон. Энэ нь гэмт үйлдэлдээ хандсан гэм буруугийн хэлбэрийн талаар шүүгдэгчийн хүсэл зоригийн эсрэг байр суурь илэрхийлж давж заалдах гомдол гаргасан гэж үзэх үндэслэл болж байна.

Түүнчлэн өмгөөлөгч нар гомдол, тайлбартаа гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг  үгүйсгэсэн үндэслэлээ буюу тогтоогдсон гэж үзэж буй үйл баримтаа хэрэгт авагдсан ямар нотлох баримтад тулгуурлаж байгаагаа бичээгүй нь  давж заалдах гомдол гаргаж байгаа үндэслэлээ тодорхой бичсэн байх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн  3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүйгээс гомдлын үндэслэл тодорхойгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Д.Я-г гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалт гарцаагүй байдалд үйлдсэн, эсхүл тухайн гэмт хэргийг үйлдээгүй буюу уг үйлдэлд гэм буруугүй гэж үзсэн үндэслэл нь тодорхойгүй байна.

Шүүх Д.Я-д хорих ял шийтгэхдээ түүний асрамжид байсан асрах хүнгүй үлдэж байгаа бага насны хүүхдүүдийн эрх, эд хөрөнгийг хамгаалах үүргийг Гэр бүлийн тухай хуульд зааснаар багийн Засаг даргад хүлээлгэсэн нь Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-т заасан хүүхдийн халамж туслалцаа авах, дээд ашиг сонирхлоо хамгаалуулах эрхэд нийцсэн байна.

Иймд өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

6. Анхан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож чадсан, шүүгдэгчид оногдуулсан ял нь шударга ёсны зарчим болон  шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх зарчимд тус тус нийцсэн гэж үзэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

7. Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаа дуусч, асуулт хариулт явагдаж байх явцад шүүгдэгч Д.Я-ын өмгөөлөгч Ц.Баярмаагийн “Манай үйлчлүүлэгчийн хувьд ...туршилт хийлгээд Т хутганд өртөөд байгаа юм уу, хутгалуулаад байгаа юм уу гэдэг нөхцөл байдлыг туршилт хийж үзүүлэх хүсэлтийг гаргаж байгаа” гэж хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэснээр хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ гээд шүүх хуралдааны танхимаас өөр газар туршилт гэх ажиллагааг явуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.  /2 дугаар хавтасны 73-74 дүгээр хуудас/

Өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүх хуралдаанд туршилт хийсэн гэх бичлэгийг судлуулсан ба туршилт хийх явцад тэмдэглэлийг гадаа буюу шүүх хуралдааны танхимаас өөр газарт хөтлөгдсөн эсэхийг мэдэхгүй гэж тайлбарласан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт туршилтыг хуульд заасан журмаар явуулна гэж заасан байх тул туршилтын үйл явцыг хэн хөтөлж, хэн тэмдэглэлийг хөтөлж, туршилтаар мөрдөн байцаалтын үед авагдсан ямар мэдээллийг шалган нягталж үнэ зөвийг тогтоосон нь тодорхойгүй байх тул уг туршилтын явцыг харуулсан бичлэг, туршилтын талаар шүүхийн дүгнэлт хийсэн хэсгийг давж заалдах шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй болно.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.Я-ын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш нийт 92 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмгөөлөгч Ц.Баярмаа, И.Оюунгэрэл нарын хамтран болон Д.Я-ын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Я-ын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 16-ныг хүртэл цагдан хоригдсон 92/ерэн хоёр/ хоногийг  ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

                                                                                    Ш.ТӨМӨРБААТАР