Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2020/0388

 

                                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б********-д холбогдуулан гаргасан Нийслэлийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Д********-ийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 15 дугаартай дүгнэлттэй захиргааны хэрэгт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Д******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Материалыг хянахад эрх бүхий албан тушаалтан Д.Б******* нь Б.Д*******-ийн тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчилд 2020 оны 04 дүгээр сарын 14-ний дугаартай 01*****4 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.11, 7.17.2 зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, энэ хуулиар зохицуулна гэж заасан.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан Б.Д*******-ийн гаргасан зөрчилд шийтгэл оногдуулсан шийдвэртээ Зөрчлийн тухай хуулийг баримталж бичээгүй.

Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн нь тохиолдолд учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэх хуулийн зохицуулалттай тул хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож, холбогдогчоос гаргуулах ажиллагааг хийж гүйцэтгээгүй. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол улсын иргэн , аж ахуйн нэгж байгууллагад тодорхой болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно..., мөн хуулийн 35 дугаар зүйлд Газар ашиглах тухай хүсэлт гаргах Иргэн аж ахуйн нэгж байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум дүүргийн Засаг даргад гаргана. 2. Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн аж ахуйн нэгж , байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна гэж тус тус заасан байна.

Холбогдогч Б.Д******** нь газар ашиглах, эзэмших хүсэлтээ Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд хандан гаргаж байсан талаар мэдүүлэгтээ дурдсан байхад энэ талаар тодруулж шалгаагүй, зөрчлийн талаарх гомдол мэдээлэлд нэмэлт нотлох баримт цуглуулж, зөрчлийн нотлох шаардлагатай байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааньг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б*******ийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шийтгэл оногдуулсан 01*****4 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив... гэжээ.

Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б******* нь тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Д.Д********-ийн Эрх бүхий албан тушаалтны шийтгэлийг хуудсыг хүчингүй болгуулах тухай 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 15 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б******* нь Нийслэлийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Д********-ийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 15 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлж, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд ханджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан эдлэх эрхэд хамаарч байх бөгөөд уг захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг хэрэглэн шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Д********-ийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 15 дугаар дүгнэлтийг хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б******* зөвшөөрснийг баталж, 128/2020/0289/з индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

 

ШҮҮГЧ Л.БАТБААТАР