Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/02035

 

 

 

 

 

 

 

 

 

Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/02051 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Мийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Бэд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт болон гэм хорын хохиролд нийт 10 707 848 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, өмгөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бтэй 2010.01.15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажиллаж байхдаа 2014.4.02-ны өдөр  5 000 000 төгрөгийг зээлж,2014.4.03-ны өдөр түүний дансанд шилжүүлсэн. Зээлийн төлөлтийг 2015 оны 11 дүгээр сараас хойш хийгээгүй. Цалингийн зээлийн үлдэгдэл 2 850 000 төгрөг байна. Хариуцагч нь 2009.12.26-ны өдөр М-ийн өмчлөлийн 03-83 УБЗ улсын дугаартай Тоёота ланд круйзер автомашиныг жолоодож байгаад замын хөдөлгөөний дүрэм зөрчин авто осол гаргасан. Ослын улмаас Б.Оын автомашинд 9 664 048 төгрөгийн хохирол учирч Б.Б 1 000 000 төгрөг М ХХК-иас 4 080 000 төгрөг төлсөн. Б.О болон Б.Б нар хоорондоо эвлэрч эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Б.О шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Дүүргийн Иргэний хэргийн 2 дугаар шүүхийн шийдвэрээр байгууллагаас 4 584 048 төгрөгийг гаргуулж, Б.Од олгохоор шийдвэрлэсэн. Б.Од төлөх 4 584 048 төгрөг, улсын тэмдгийн хураамж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд нийт 4 732 348 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлсэн. Б.Б ажиллаж байх хугацаандаа албаны хэрэгцээнд ашиглаж байсан тээврийн хэрэгслийн эд ангийг завшсан асуудлаар Цагдаагийн байгууллагад шалгагдаж, Өршөөлийн хуульд хамрагдаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Б.Б 2016 онд 2 000 000 төгрөг төлсөн. Иймд зээлийн үлдэгдэл төлбөр 2 850 000 төгрөг, Б.Од төлсөн 4 732 348 төгрөг, байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрт 3 125 500 нийт 10 707 848 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч цалингийн зээл олгож өгөөч гэсэн хүсэлтийг гаргаагүй. Ажлаас халагдаад 4 жил болж байна.  Б.Б 5 000 000 төгрөгийг цалингийн урьдчилгаанд тохиролцож авсан. Хавтаст хэргийн 24 дүгээр талд Прокурорт гаргасан өргөдөлд 9 664 048 төгрөгийн хохирол гарсан. Энэ өргөдлөө гаргахдаа 4 000 000 төгрөгийг даатгалаас, 1 000 000 төгрөгийг Б.Б бэлнээр өгсөн. М-ийн Санхүүгийн алба хохирсон гэж ярьж байгаа. Хохирч байгаа этгээд нь Б.О юм. Зам тээврийн ослыг Б.Б гаргасан ба телевизтэй Б.Б төлбөрийг төлөх талаар тохиролцсон зүйл байхгүй. Гэтэл ийм өргөдөл байсаар байтал шүүхэд хандаж шүүхээс байгууллага хохирсон байна гэх шийдвэр гарсан байдаг. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ шийдвэр гарахаас өмнө Б.О нь Б.Бэд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг ба энэ өргөдлийг үндэслээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. М-д ямар нэгэн хохирол учраагүй. Ийм агуулга байсаар байтал шийдвэр гарч, шийдвэрийн үндсэн дээр гэм хорын хохирол гаргуулах үндэслэл байхгүй. Байгууллагын эд хөрөнгөнд хохирол учруулсан гээд байгаа 3 125 000 төгрөгийн тухайд тухайн үед байгууллагын хүмүүстэй харилцан тохиролцож хохирлыг барагдуулсан байдаг. Тиймээс дээрх мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар Б.Бээс зээлийн төлбөрт 2 850 000 төгрөг нэхэмжилсэн М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Бээс 7 857 848 төгрөг гаргуулж М-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 276 төгрөгнөөс 60 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бээс 140 676 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.Оын нэхэмжлэлтэй Б.Бэд холбогдох 2014.03.26-ны өдрийн 42 дугаар шийдвэр, 2014.05.30-ны өдрийн 509 дугаартай магадлал хүчин төгөлдөр байхад Б.Од төлсөн гэх 4 584 048 төгрөгийг гаргуулж  байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх 4 732 348 төгрөгийг  зөвшөөрөхгүй  үндэслэл нь  Б.Оын Тээврийн прокурорт гаргасан “Б.Б бид хоёр эвлэрлийн гэрээ байгуулсан тул гомдол саналгүй” гэх өргөдөл, хохирлоо бүрэн төлж барагдуулсан тухай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол зэргийг иш татсан. Б.Оын нэхэмжлэлтэй М-д холбогдох иргэний хэргийг шүүх шийдвэрлэхдээ М-ээс 4 584 048 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ 4 584 048 гэх боловч шаардлага хэсэгтээ 4 732 348 төгрөг нэхэмжилж, энэ шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.

Б.Оын нэхэмжлэлтэй М-д холбогдох хэргийг шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар шийдсэн. Б.Оын нэхэмжлэлтэй Б.Бэд холбогдох хэрэгт “Б.Б нь бусдад төлөх төлбөргүй” болохыг, хариуцагч биш болохыг дүгнэсэн. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжилж, шүүх уг зохицуулалтын дагуу шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тээврийн хэрэгсэл эзэмшигчид хуулиар хариуцуулсан үүргийг ажил олгогчийн эрх, үүрэгтэй хольж хэрэглэсэн нь үндэслэлгүй тул 4 732 348 төгрөгийг хасч өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М нь хариуцагч Б.Бэд холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2 850 000 төгрөг, байгууллагад учруулсан хохирол 4 584 048, сэлбэгийн үнэ 3 125 000 нийт 10 707 848 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Зээлийн гэрээ байгуулаагүй, цалингаа урьдчилж авсан, автомашинд учруулсан хохиролтой холбоотой хэргийг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон, байгууллагад хохирол учруулаагүй” гэж маргажээ. /хх 1-4, 34-36 /

Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад 2006 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс жолоочоор ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, ажилд түр авах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна. /хх-11-14/

Хариуцагч нь тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа 2009 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 03-83 УБЗ улсын дугаартай, Тоёота Ланд круйзер маркийн автомашиныг жолоодож яваад 13-98 УНГ улсын дугаартай Волксваген тоуарэг маркийн машинтай мөргөлдөж, Б.Од хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогджээ. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 449 дүгээр шийдвэрээр М-ээс гэм хорын хохиролд 4 584 048 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгч байгууллагаас шүүхийн шийдвэрийн дагуу 4 732 348 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон. /хх-17-24, 55, 66/

Хариуцагч нь 2015 оны 1 дүгээр сард албаны хэрэгцээнд ашиглаж байсан 03-83 УБЗ улсын дугаартай Тоёота ланд крузер маркийн автомашины эд зүйлийг хувьдаа завшиж, байгууллагад 5 125 500 төгрөгийн хохирол учруулснаас үлдэгдэл төлбөр 3 125 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд, нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 2 850 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд тус тус давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна. /хх-103-105/

Талууд тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад осол гаргасан жолоочийн бусдад учруулсан хохирлыг төлсөн бөгөөд одоо жолоочоос буцаан гаргуулахаар шаардах эрхтэй эсэхэд маргаж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Нэгэнт хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад ажиллаж байхдаа Б.Од хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорыг арилгасан нэхэмжлэгч байгууллага нь өөрт учирсан хохирол 4 732 348 төгрөгийг хариуцагчаас шаардан гаргуулах эрхтэй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэрийг “Улсын тэмдэгтийн хураамжийн хууль” гэж буруу бичсэн байгааг залруулж, өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/02051 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Аын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД