Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/MA2017/0416

 

 

 

 

2017 оны 06 сарын 13 өдөр             Дугаар 221/МА2017/0416           Улаанбаатар хот

 

“Ойнбирж” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                          захиргааны хэргийн тухай                                                                                    

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Олзбаяр, Х.Хүрэлмаа нарыг оролцуулан хийж, “Ойн бирж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг дарга, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 5 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч С.Одбаярын давж заалдах гомдлоор, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 5 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2016 оны А/378 дугаар захирамжийн “Ойнбирж” ХХК-д холбогдох хэсэг, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02/08 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2 дахь заалт буюу “Ойнбирж” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “Ойнбирж” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэж, барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо: ““Ойнбирж” ХХК-ны “Сумын Засаг даргын 2016 оны А/378 дугаар захирамжийн хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 115/ШШ2017/0005 дугаар шийдвэрийг хэтэрхий нэг талыг барьсан, нотлох баримтуудыг хангалттай цуглуулах байж шийдвэрлэсэн тул гомдолтой байна. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны “Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 51 дүгээр тогтоол, 2015 оны 05/12 дугаар тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Монгол Улсын Газрын тухай хуулийн 20.1.2 дахь заалтад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурач нь “тухайн шатны Засаг даргын өргөн мэдуулсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, туунд нийцуулэн боловсруулсан сум, дуургийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”-аар хуульчилсан байна. Гэтэл “Их хутагт хайрхан” ХХК-д эзэмшүүлсэн газрын зориулалтыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр өөрчилсөн нь хууль бус юм.

Сумын Засаг даргаас хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх “Төрийн эрх бухий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, уйлдэл /эс уйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу тууний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхул шуух уг хууль бус шийдвэрийг хучингуй болгож, уилдлийг таслан зогсоонө” гэж хуульчилсны дагуу “Ойн бирж” ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралд газартай холбоотой асуудлыг хэлэлцэх бүрэн эрх байгаа эсэхийг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.      

 Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дүгаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бухий нотлох баримтыг иуглуулах уургийг захиргааны хэргийн шуух гуйцэтгэнэ гэж хуульчилсан тул аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нотлох баримтыг цуглуулах хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэлгүй хууль зөрчин, хэтэрхий нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20 — ны өдрийн 115/ШШ2017/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч “Ойнбирж” ХХК-ийн “Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/378 дугаар захирамж, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02/08 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв, харин нэхэмжлэгчийн ““Ойн бирж” ХХК-ийн барьсан Шатахуун түгээх станцын барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах”  нэхэмжлэлийн шаардлагыг хангасан буруу байх тул шийдвэрийн “Тогтоох” хэсэгт холбогдох өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

            Нэг. Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/378 дугаар захирамжийн “Ойнбирж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 51 дүгээр тогтоол[1]-оор Газрын элэгдэл, эвдрэл, доройтлоос хамгаалах нөхөн сэргээх газрын байршил, хэмжээг баталсан, үүнд тус сумын 3-р багийн “Шунхлай” ШТС-ын зүүн талд байрлах 2 га талбай орсон байх бөгөөд Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Байгаль орчныг элэгдэл, эвдрэл доройтлоос хамгаалах тухай” А/91 дүгээр захирамж[2]-аар “Их Хутагт хайрхан” ХХК-д өөрийн хөрөнгөөр Замын – Үүд –Сайншанд чиглэлийн авто замын зүүн талд 2 га газарт элэгдэл, эвдрэл, доройтлоос хамгаалах, техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийхийг зөвшөөрсөн. Улмаар Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга нь “Их Хутагт хайрхан” ХХК-ийг тус 2 га талбайд элэгдэл, эвдрэл, доройтлоос хамгаалах нөхөн сэргээх ажил хийсэн гэж үзэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасныг үндэслэн 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/413 дугаар захирамж[3]-аар Замын – Үүд –Сайншанд чиглэлийн авто замын зүүн талд байрлах 2 га газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Дараа нь тус аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/140 дүгээр захирамж[4]-аар “Их Хутагт хайрхан” ХХК-д эзэмшүүлсэн 2 га газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтыг өөрчлөн 0.5 га газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар, үлдсэн 1.5 га газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэж, “Их Хутагт хайрхан” ХХК-д 2 га газрыг анх эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/413 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

            Гэтэл хариуцагч тус аймгийн Засаг дарга нь “Их Хутагт хайрхан” ХХК-д “газар нөхөн сэргээлтийн журам зөрчиж эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр анх газар эзэмшүүлэх тухай Сайншанд сумын Засаг даргын 2013 оны А/413 дугаар захирамжийг дахин хүчингүй болгож 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/424 дүгээр захирамж[5] гаргасан байна.  

Өөрөөр хэлбэл хариуцагч нь “Их Хутагт хайрхан” ХХК-д  анх газар эзэмшүүлсэн захирамжийг /Сайншанд сумын Засаг даргын 2013 оны А/413 дугаар захирамж/ 2 удаа хүчингүй болгосон хэдий ч “Их Хутагт хайрхан” ХХК-гийн газрын зориулалтыг өөрчилж шийдвэрлэсэн Сайншанд сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/140 дүгээр захирамж[6]-ийг хүчингүй болгоогүй, одоо хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна.

“Их Хутагт хайрхан” ХХК, “Ойн бирж” ХХК нараас 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Замын – Үүд –Сайншанд чиглэлийн авто замын зүүн талд байрлах Шатахуун түгээх станцын зориулалттай 5000 мкв газрын эзэмших эрхийг “Ойн бирж” ХХК-д шилжүүлэх” нөхцөлөөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”[7] байгуулж, хүсэлт гаргасны дагуу Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/170 дугаар захирамж[8]-аар “Их хутагт хайрхан” ХХК-ийн эзэмшиж байсан шатахуун түгээх станц зориулалт бүхий 5000 мкв газрыг “Ойн бирж” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлжээ.

Тодруулбал “Их Хутагт хайрхан” ХХК-гийн газрын зориулалтыг өөрчилж 2 га газрыг эзэмшүүлсэн хүчин төгөлдөр байгаа Сайншанд сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/140 дүгээр захирамж[9]-ийг үндэслэн “Ойн бирж” ХХК-д тус Шатахуун түгээх станцын зориулалттай 5000 мкв газрыг эзэмшүүлж Сайншанд сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/170 дугаар захирамж[10] гаргасан байна. 

 Иймд тус аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/424 дүгээр захирамжийг үндэслэн Сайншанд сумын Засаг дарга нь 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Захирамж хүчингүй болгох тухай” А/378 дугаар захирамж[11] гарган “Ойн бирж” ХХК-д 5000 мкв  газрыг эзэмшүүлэх тухай  2015 оны А/170 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь тус тус хууль бус байна. Учир,

            Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаас үзвэл төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь зөвхөн хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийг өөрөө хүчингүй болгохоор зохицуулсан байх тул тус хуулийн заалтыг үндэслэн Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга нь 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” дээр дурдсан А/378 захирамж[12]-ийг гаргасан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн, хариуцагч нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасныг үндэслэн “Их Хутагт хайрхан” ХХК-д газар эзэмшүүлж шийдвэрлэхдээ, мөн “Их Хутагт хайрхан” ХХК-ийн эзэмшил газрын зориулалтыг өөрчлөхдөө, “Их Хутагт хайрхан” ХХК-аас “Ойн бирж” ХХК-д маргаан бүхий газрыг шилжүүлэн шийдвэрлэх үедээ тус тус тухайн газарт “Их Хутагт хайрхан” ХХК нь журмын дагуу газрын элэгдэл, эвдрэл, доройтлоос хамгаалах нөхөн сэргээлтийн ажлыг хийж хянан баталгааны дүгнэлт гаргуулсан эсэхийг хянан шалгах үүрэгтэй байсан бөгөөд энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн үр дагаврыг тус маргаан бүхий газрыг хууль ёсоор шилжүүлэн авсан, шударга эзэмшигч “Ойн бирж” ХХК-д хариуцуулж, газрын эзэмших эрхийг нь хүчингүй болгон шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасан төрөөс газрын талаар зарчимтай нийцээгүй, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.1-д “газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих...” гэх заалтуудыг зөрчсөн байна. 

            Иймд энэхүү “Ойн бирж” ХХК-ийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тус сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/378 захирамж[13] нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй байхад ийнхүү газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу тус 2016 оны  А/378 захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

            Хоёр. Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02/08 дугаар тогтоолын “Ойнбирж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх “... тухайн шатны Засаг даргаас өргөн мэдүүлсэн “...сумын газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөө”-нд тусгагдсан, нэхэмжлэгч хуулийн этгээдэд хамаарах хэсэг нь бодит нөхцөл байдалд тохироогүй тодруулбал уг газар нь хэн нэг этгээдийн эзэмшилд байгаа тохиолдолд түүнийг бусдад эзэмшүүлэхээр дахин газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах боломжгүй...” гэж зөв дүгнэн тус нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааг бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр бол тухайн этгээдэд сонсох ажиллагааг хийх зэргээр эрхийг нь хамгаалах талаар тусгайлан хуульчилсан байх бөгөөд мөн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална”,  4.1.2-д  “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”  4.1.6-д “газар зохион байгуулалтын төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах” гэж хуульчилжээ.

Дээрх хуулийн заалтуудаас үзвэл Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Сумын 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 02/08 дугаар тогтоол[14] нь бодит нөхцөлд тохироогүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхийг тогтоосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан бусдын газартай давхцуулан эзэмшүүлэх нөхцөл байдал үүсгэхээр байх тул анхан шатны шүүх тус тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. 

Гурав. “Ойн бирж” ХХК-ийн барьсан Шатахуун түгээх станцын барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч “Ойн бирж” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэж, барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгаж ...” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, 

            Нэхэмжлэгч “Ойн бирж” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж гаргасан “... өөрийн эзэмшил газартаа зориулалтын дагуу бүтээн байгуулалтын ажлууд хийж, тус шатахуун түгээх станц нь ашиглалтад ороход бэлэн болсон ... уг шатахуун түгээх станцын барилга байгууламжийн байнгын ашиглалтад хүлээн авна уу...” гэх хүсэлт[15]-ийг Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “... уг барилга байгууламжийн доорх газрыг эзэмших эрх дуусгавар болсон учир ашиглалтад оруулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...” гэх 904 тоот албан бичгээр тус хүсэлтийг хангахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй байна.

            Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ”, 7.1.1-д “барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол”, 48 дугаар зүйлийн 48.5-д “Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд ...баримт бичгийг хавсаргана”, 48.6-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна”, 48.7-д “Барилга байгууламжийг дараах тохиолдолд ашиглалтад оруулахаас татгалзана”, 48.7.1-д “энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг бүрдүүлээгүй”, 48.7.2-т “захиалагч...хяналт шалгалт хийхэд саад учруулсан, татгалзсан”, 48.7.3-т “энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн нөхцөлүүдийг зөрчсөн” гэж тус тус зааснаас үзвэл барилгын захиалагч этгээд нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай хүсэлтээ холбогдох баримтын хамт эрх бүхий байгууллагад гаргах, эрх бүхий байгууллага нь захиалагчаас ирүүлсэн хүсэлт, түүнд хавсаргасан баримтуудыг хянан үзээд тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулах эсэхийг шийдвэрлэх бүрэн эрхтэй байна.

            Хэдийгээр эрх бүхий этгээд нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасны дагуу баримт бичгийг хүлээн авч хянаж үзээд барилга ашиглалтад оруулах комисс ажиллах бөгөөд тус хуулийн 48 дугаар зүйлд заасан үндэслэл бүрдсэн үед ашиглалтад оруулахаас татгалзаж болохоор дээрх хуулиар тусгайлан зохицуулсан байх боловч нэхэмжлэгчийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт өгөх үед нэхэмжлэгчийн барилга байгууламж баригдсан нэхэмжлэгч “Ойнбирж” ХХК-д олгогдсон газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон энэ нөхцөлд дахин уг асуудлыг Газрын тухай хууль тогтоомжид зааснаар тодруулах шаардлагатай гэж хариу өгсөн хариуцагч тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг шууд буруутгах үндэслэлгүй байна.

            Өөрөөр хэлбэл “Ойн бирж” ХХК-ийн барьсан шатахуун түгээх станц нь барилга байгууламж ашиглалтад оруулж, хүлээн авахад мөрдөгдөх хууль, дүрэм, журам стандартад заасан шаардлага хангасан эсэхийг эрх хэмжээний хүрээнд нягтлан шалгах үүрэг бүхий хариуцагч Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь “Ойн бирж” ХХК-ийн барилга байгууламж ашиглалтад оруулах тухай хүсэлтийг дахин шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхээс уг асуудлыг шууд дүгнэн, хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй байна.

            Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон 

 

 

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 115/ШШ2017/0005 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дахь заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 48 дугаар зүйлийн 48.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ойн бирж” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2016 оны А/378 дугаар захирамжийн “Ойн бирж” ХХК-д холбогдох хэсэг, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02/08 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2 дахь заалт буюу “Ойн бирж” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдэх ““Ойн бирж” ХХК-ийн барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч  Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай. 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.      

                                                                      

                               ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

       ШҮҮГЧ                                       С.МӨНХЖАРГАЛ

                  ШҮҮГЧ                                                     Н.ХОНИНХҮҮ