Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 48

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                      Хэргийн индекс:114/2016/0046/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  хийсэн   хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4-2 дугаар  байрны 75 тоотод   оршин суух  Ганхуягийн *******

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох

            “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 12 дугаар тогтоолын Г.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                                                          Г.*******

Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч:                                                Б.Содболд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                         Б.Идэржавхлан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:                          Б.Саранчимэг  нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан Нэр дэвшигчийг бүртгэх нийтлэг журмын дагуу нэрээ дэвшүүлж, тус хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгүүлсэн.Гэтэл Аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 5 сарын 24-ны өдрийн 12 дугаартай “Нэр дэвшигчийн жагсаалтаас хасах тухай” тогтоолд Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.4, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасныг үндэслэж Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 9-р тойрогт бие даан нэр дэвшсэн намайг “...сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, хүлээн авалт дайллага, цайллага зохион байгуулсан зөрчлийг гаргасан...” гээд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн тул нэрсийн жагсаалтаас хасах шийдвэрийг гаргасан байна.Дархан сумын Засаг даргын тамгын газраас жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг тус байгууллагаас гавьяаны амралтандаа гарсан өндөр настануудыг хүлээн авах Дархан сумын ЗДТГ-ын төлөвлөгөөт ажлын хэрэгжилт болох 2016 оны 1 дүгээр сард зохион байгуулагдсан “Ахмад настнуудыг “хүлээн авах ажиллагаанд миний бие Дархан сумын Засаг даргын орлогч албан тушаалынхаа дагуу оролцсонтой холбогдуулан Аймгийн сонгуулийн хорооноос хууль бус шийдвэр гаргаж нэрийн жагсаалтаас хасаж Үндсэн хуулиар баталгаажсан сонгогдох эрхийг маань хязгаарласан.Дархан сумын Засаг даргын тамгын газраас гавьяаны амралтанд гарсан ахмад настнуудыг хүлээн авах, хүндэтгэл үзүүлэх ажил нь сонгуулийн хуулийн 70.1, 70.1.4 дэх заалтыг зөрчсөн хууль бус үйлдэл биш юм.

 Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны  2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 12 дугаартай тогтоолын Г.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан сонгогдох эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлэх боломж олгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Сонгуулийн хороо нь иргэн Нямбаярын ирүүлсэн гомдлыг хүлээн авч шалгаад Сонгуулийн хуулийн  70 дугаар зүйлийн 70.1, 70.1.1, 70.1.4 дэх заалтыг зөрчсөн зөрчил гаргасан байна гэж  үзэж Г.******* нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассан тогтоолыг гаргасан байгаа. Нэр дэвшигчийг бүртгэлээс хасахдаа гурван нөхцөлийг шалгах ёстой байтал шалгалгүйгээр нэр дэвшигчийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан. Сонгуулийн жил гэдэгт 2016 оны 1 сар хамаарч байгаа ба *******ыг сумын ЗДТГ-аас зохион байгуулсан гавьяаны амралтандаа гарсан өндөр настануудыг хүлээн авах ажиллагаанд оролцсон нь энэ хугацаанд хамаарч байгаа боловч Г.******* нь сумын Засаг даргын орлогчийн албан тушаал хашдагийн хувьд сумын Засаг даргын тамгын газраас тэтгэвэрт гарсан өндөр настай ахмадуудад хүндэтгэл үзүүлэх  арга хэмжээнд оролцсон нь нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 3.1.2 “сонгогч” гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг” ойлгоно гэж заасан байна. Мөн хуулийн 61.6-д зааснаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж, сонгуулийн жилийн 3 дугаар сарын 1-нээс эхэлж сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байрлуулна гэж зааснаас үзэхэд сумын ЗДТГ-аас зохион байгуулсан ахмад настануудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болоход сонгогчдын нэрийн жагсаалт гараагүй байсан байгаа учир хэнийг нэр дэвшигчийн багт байгааг тодорхойлох боломжгүй.Тухайн байгууллагын жил болгон уламжлал болгон  явуулдаг ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх энэхүү үйл ажиллагааг сонгогчдын саналыг татах зорилгоор явуулсан гэж үзэхгүй.Сумын Засаг даргын тамгын газрын өндөр настнуудаас  Г.*******ын нэр дэвшиж байгаа 9 дүгээр багаас хэн нь оролцсоныг тодруулж шалгах ёстой байсан ба сумын тамгын газрын ахмад настнуудын судалгаанаас үзэхэд 9 дүгээр багаас 1 хүний нэр байсан нь Пэрэнлэй гэж хүн байна.Энэ хүн нь тухайн арга хэмжээнд ирээгүй, багийн засаг даргаар дамжуулж хэлсэн боловч энэ хүн нь одоогоор Улаанбаатар хотод амьдарч байгаа юм байна лээ. Г.******* нь Ахмад настны нийгмийн хамгаалалын тухай хуулийн 6.1-д заасан хууль болон төлөвлөгөө, журамд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлж ажилласаны илрэл болж байна.Иймд сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдоогүй байгаа учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Идэржавхлангаас шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:  Аймгийн Сонгуулийн хороо нь Б.Нямбаяраас ирүүлсэн өргөдлийг хурлаар авч хэлэлцээд нэр дэвшигч Г.*******ыг Сонгуулийн хуулийн  70 дугаар зүйлийн 70.1, 70.1.1, 70.1.4 дэх заалтыг зөрчсөн зөрчил гаргасан байна гэж олонх үзэж нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан гэв.

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 12 дугаартай тогтоолын Г.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргасан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

 

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний  өдрийн 09 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар “Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 2016 оны сонгуульд 9 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигчээр Ганхуягийн *******ыг” бүртгэсэн байна.

Аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар дугаар тогтоолын 1-д  9 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигч Г.*******ыг нэрийн жагсаалтаас хасаж шийдвэрлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.1.1, 70.1.4 дэх заалтуудыг баримталсан байх бөгөөд нэхэмжлэгчийг Сонгуулийн тухай хуульд заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө эд зүйл тараах, хүлээн авалт дайллага цайллага зохион байгуулсан зөрчлийг гаргаж нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн гэж үзэн нэр дэвшигчийн жагсаалтаас хасаж шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгч Г.******* нь 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс Дархан сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа ба Монгол Улсын Ахмад настны нийгмийн хамгаалалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасны дагуу 2016 оны цагаан сарын баярын өмнө буюу 1 дүгээр сард Дархан сумын Засаг даргын Тамгын газраас 21 жилийн туршид зохион байгуулж хэвшсэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас өндөр настны тэтгэвэрт гарсан ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд урилгаар оролцож энэхүү ажиллагаанд Дархан сумын Засаг даргын орлогчийн хувьд тухайн жилд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлуудаа дурьдаж ахмадуудынхаа санаа бодлыг сонсож хүндэтгэл үзүүлсэн үйлдэл нь өөрийнх нь эрхэлж буй ажил үүрэгтэй нь шууд холбоотой болох нь хэрэгт авагдсан  Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2015 оны 54 тоот захирамжаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”,  Дархан сумын Засаг даргын Тамгын газрын 2016 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, СД бичлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа төдийгүй  Сонгуулийн тухай хуулийн 70.1-д заасан сонгогчдын саналыг татах зорилго  агуулаагүй  байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд Иргэн Б.Нямбаярын  2016 оны 05 дугаар сарын 23-ний өдөр Аймгийн Сонгуулийн хороонд “...  нар нь сонгуулийн сурталчилгаа хийж бэлэг сэлт өгсөн” гэсэн өргөдөл, СД бичлэгийг ирүүлснээр хурлаар хэлэлцэж сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гаргасан гэж  тайлбарлаж байх боловч Б.Нямбаярын өргөдлийг хэн, хэзээ хүлээн авсан нь тодорхойгүй, дээрх өргөдөл нь аймгийн Сонгуулийн хорооны өргөдөл гомдлын дэвтэрт албан ёсоор бүртгэгдээгүй болох нь аймгийн сонгуулийн хорооны өргөдөл гомдлын дэвтрийн хуулбар, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

 Сонгуулийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д “энэ хуульд заасан захиргааны зөрчил гарсан талаар аливаа этгээд тухайн орон нутаг дахь цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргана”, 117 дугаар зүйлийн 117.1-д “захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана”, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.1-д “захиргааны зөрчлийг шалгаж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад тухайн зөрчилд оролцогч тус бүрийн үйлдэл, эс үйлдлийг тогтоож шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд захиргааны зөрчлийг шалгаж, тогтоож шийдвэрлэснээр тухайн шийдвэрийг үндэслэн нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах байсан байтал хариуцагч Аймгийн Сонгуулийн хороо нь нэр дэвшигч Г.*******ыг нэрийн жагсаалтаас хассан нь Сонгуулийн тухай хуулийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх” гэсэнтэй нийцээгүй байна.

Иймд дээрх  хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д “...сонгох, сонгогдох эрхтэй”, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй” гэж заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байх тул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 12 дугаар тогтоолын  Г.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч аймгийн Сонгуулийн хороо түүний дарга, гишүүд нь сонгуулийн үйл явцыг зохион байгуулахдаа хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих, маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх зарчим, хуралдааныхаа дэгийг баримталж ажилладаггүй болох нь хэрэгт авагдсан Аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний  өдрийн 08 дугаар “Хуралдааны тэмдэглэл”  хариуцагчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1.1-д “хууль дээдлэх”,  5.1.5-д “ маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх” гэсэн зарчимтай нийцэхгүй байна.

 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасныг  тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 159 дүгээр зүйлийн 159.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны  2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 12 дугаар тогтоолын Ганхуягийн *******т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйл, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                            Д.НАРАНТУЯА