Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/16

 

Ц.Ц, Э.Д нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

          Шүүгдэгч Ц.Ц /цахимаар/,

          Шүүгдэгч Э.Д /цахимаар/

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ц.Ц, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Ц, Э.Д нарт холбогдох 2029000360064 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаа танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эрэгтэй, Б овгийн Ц-ийн Ц,

Монгол Улсын иргэн, эрэгтэй, Х овгийн Э-ын Д,

Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хоронд Ө аймгийн Х сумын төвд байрлах Т шатахуун түгээх станц салбарын нефть хангамжийн операторчиноор ажиллаж байх хугацаандаа нефть хангамжийн эрхлэгч, нярав Ц.Ц-тэй бүлэглэн “Т” ХХК-аас нефтийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, орлогыг тухай бүр нь тушаахаар итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох шатах, тослох материал худалдан борлуулсан орлогоос 3656611 төгрөг, нефтийн бүтээгдэхүүний орлогын мөнгөнөөс 55000000 төгрөгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Ө аймгийн Х сумын төвд байрлах Т шатахуун түгээх станц салбарын нефть хангамжийн  эрхлэгч, нярваар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, нефть хангамжийн операторчин Э.Д-тэй бүлэглэн “Т” ХХК-аас нефтийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, орлогыг тухай бүр нь тушаахаар итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох шатах, тослох материал худалдан борлуулсан орлогоос 3656611 төгрөг, нефтийн бүтээгдэхүүний орлогын мөнгөнөөс 55000000 төгрөгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Э.Д, Ц.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Ц.Ц, Э.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хөрөнгө завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Ц-г 3 жилийн хугацаагаар хорих ял, Э.Д-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ц, Э.Д нараас 46656611 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, Э.Д нараас 6300000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нар нь хохирогчид 12000000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, Э.Д нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Шүүхээс надад оногдуулсан хорих ялыг торгуулийн ял шийтгэлээр хөнгөрүүлэн өөрчлүүлэхээр гомдол гаргаж байна.

Би гэмт хэрэгт холбогдсон цагаас бусдын үгэнд хэтэрхий итгэж, өөрийн болчимгүй зангаасаа болж гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Гэм буруугийн талаар шүүх хуралдаан дээр маргаагүй, бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн. Харин хохирол төлбөрөө барагдуулах тал дээр анхаараагүйдээ маш их харамсаж байгаа ба одоо би шийтгэх тогтоолоор хохирол төлбөр төлөхөөр шийдвэрлэгдсэний дагуу хохирлынхоо мөнгийг бүрэн төлж барагдуулна гэдгээ амлаж байна.

Торгуулийн ял оногдуулсан тохиолдолд ажил хөдөлмөр эрхэлж хуулиар оноосон ял шийтгэлээ цаг хугацаанд нь төлж барагдуулна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Э.Д-ийн гэм буруугийн талаар болон учруулсан хохирол төлбөрийн талаар шүүгдэгч нарын хувьд ямар нэгэн байдлаар өнөөдрийн хувьд маргах зүйлгүй, тухайн учруулсан хохирол, өөрсдийн буруутай үйлдлийн талаар хяналт шалгалт хийх явцад хүлээн зөвшөөрсөн байгаа. Тэгэхээр анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж торгуулийн ялаар хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэхээс өмнө хохирол төлбөрөө төлсөн. Э.Д нь гэмт хэргийг санаатайгаар нийгэмд аюултай үйлдэл хийж байгаагаа ойлгон ухамсарлаж үйлдсэн байдаг хэдий ч бусдад учруулсан мөнгөн хохиролыг болгоомжгүй хэлбэрээр учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна. Шийтгэх тогтоолын 2 болон 3 дахь заалтуудад өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Б.А-аас давж заалдах шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Анхнаасаа албан тушаал, эд хөрөнгө итгэмжлэн хариуцуулсан байдлаа урвуулан ашиг хонжоо олох шунахай сэдэлтээр үгсэн нийлж, санаатай завшин бүлэглэн үйлдсэн. Орлогын мөнгийг завшин бусдад хүүтэй өгч ашиг олж байсан нь хөдөлшгүй тогтоогдсон.

Гэмт үйлдлээ нуун далдлах зорилгоор бусдыг энэхүү үйлдэлдээ татан оролцуулж хамтран үгсэн нийлж худал мэдээлэл өгч байгууллагад их хэмжээний хохирол учруулсан.

Яллагдагч нарын гомдолдоо учруулсан хохирлыг төлж барагдуулах амлалт, гэм буруугаа ойлгосон болон хувийн байдлыг харгалзан ялыг торгох шийтгэлээр өөрчлөхийг хүссэн байдал нь ихээхэн эргэлзээтэй төдийгүй, энэ нь гагцхүү зөвхөн ялыг хөнгөрүүлах замаар ял завших гэсэн оролдлого гэж үзэж байгааг шүүх онцгой анхаарахыг хүсч байна.

Шүүгдэгч нар энэхүү хэргийг үйлдсэнээс хойш 2 жилийн хугацаанд учруулсан хохирлыг барагдуулах амлалтыг байнга өгч байсан, мөрдөн байцаалтын хугацаанд  хохирлыг барагдуулах боломжийг хангалттай олгосон.

Хэрэв торгуулийн шийтгэлээр өөрчилвөл учруулсан хохирлоо ч барагдуулж чадахгүй байгаа хүмүүст улам л дарамт болох төдийгүй хохирогчийн хохирлыг барагдуулахад бус биеэр ял эдлэхгүйн тулд шүүхийн торгуулийн шийтгэлийг төлөхөд чиглэгдэх болохыг шүүх зайлшгүй анхаарах естой.

Яллагдагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ханбогд сум дахь Сум дундын  шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ ШШТ/01 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү” гэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хохирлын зарим хэсгийг төлсөн, зарим хэсгийг төлөхөө илэрхийлж байна гэж ойлголоо. Хэдийг төлсөн гэдгээс хамаарч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн саналыг харгалзан үзэх нь зүйтэй. Шүүгдэгч нар энэ хэргийг шалгах 2 жил гаруй хугацаанд хохирол төлбөр төлөхгүй байсан. Гэтэл шүүхээс шийтгэх тогтоолоор хорих ял авснаа хохирол төлбөрөө төлсөн.

Ц-ын хувьд хохирол төлбөрөө бүрэн төлөөгүй байна. Хорих ялыг торгуулийн ялаар солих, улсын орлого болгох мөнгөн дүнг тооцвол нэг шүүгдэгч 13,150,000 төгрөг болно. Тэгэхээр шүүгдэгч нарын эдийн засгийн байдал хүрэх эсэхэд эргэлзээ төрж байна. Шүүгдэгч нарын байдлыг харгалзан үзээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал юм гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Ц-ын тухайд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гээд хэлчих шиг боллоо. Үүн дээр тодруулахад шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Хорих ялыг торгуулийн ялаар хөнгөрүүлэн солиулах агуулга бүхий гомдол гаргасан. Шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийн зүйлчлэл болон тухайн гэмт хэргийн гэм буруугийн асуудлаар маргахгүй байгааг өмгөөлөгчийн зүгээс хэлж байна.

Шүүгдэгч нар гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн. Мөнгийг аваад Б-Д өгчихөөд эргээд үйлдэлдээ санаатай нэгдсэн. Энэ талаар огт маргахгүй. Уг нь хохирол учруулахгүй гэсэн санаа байсан. Гэхдээ хэд хоногийн дараагаас мөнгөтэй болчихно гэсэн гэнэн болчимгүй сэдлээс улбаалан хохирол учруулсан нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн. Үүнийг анхаарч үзнэ үү.

Шүүгдэгч нар мөнгийг өөрсдөдөө завшсан, амьдралынхаа эх үүсвэрийг болгосон зүйл байхгүй. Тэгэхээр энэ гэмт хэргийн улмаас нийтдээ 58 656 611 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 53 656 611 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн. Д-ийн хувьд хохирол төлбөрөө бүрэн 100 хувь буюу 29 333 000 төгрөгийг төлсөн. Ц-ын хувьд ар гэрийн зүгээс 18 833 000 төгрөгийн хохирол төлсөн. Ингээд 2 сарын хугацаатай машин барьцаалж тохиролцсон. Гэхдээ хохирлыг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулна. Иймд шүүгдэгч нарын нас, хувийн болон гэр бүлийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. Торгох ял оногдуулахаар болвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хүртэлх хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ц.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Өнөөдрийн байдлаар хохирол төлбөрөө бүгдийг нь төлсөн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

Шүүгдэгч Э.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйж байна. Дахин ийм алдаа гаргахгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Д-ийн хувьд хохирлоо бүрэн төлсөн. 18 830 000 төгрөгийг байгууллагын дансанд хийгээд үлдэгдэл 5 сая төгрөгөө шүүх хуралдаанаас өмнө бүх төлбөрөө төлсөн. Ц-ын хувьд 18 830 000 төгрөгөө төлсөн. Үлдэгдэл 5 сая төгрөгөө бэлэн мөнгө байхгүй тул 2 сарын хугацаа өгөөч, төлөхгүй бол машинаа өгье гэсэн. Тэгээд ингэж зөвшилцөөд нотариатаар гэрчлүүлсэн. Үндсэндээ төлбөр барагдуулсан гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Ц шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нарын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус тус бичсэн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Ө аймгийн Х сумын төвд байрлах Т ШТС салбарт Э.Д нь нефть хангамжийн операторчиноор, Ц.Ц нь нефть хангамжийн эрхлэгч, няраваар тус тус ажиллаж байх хугацаандаа бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд “Т” ХХК-иас нефтийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, орлогыг тухай бүр нь тушаахаар итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох шатах, тослох материал худалдан борлуулсан орлогоос 3 656 611 төгрөг, нефтийн бүтээгдэхүүний орлогын мөнгөнөөс 55 000 000 төгрөгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ийн:  “...тушаах ёстой мөнгөнүүдээ тушаагаагүй их удсан, ...юу болсон талаар шалгаж үзэхэд орлогын мөнгийг энэ хоёр хүн хүнд өндөр хүүтэй зээлээд хоёулаа хувааж авсан байдаг. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос Ө аймаг Х сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Т шатахуун түгээх станцын  дугаартай газарт шалгалт хийхэд нийт 58656611 төгрөг дутсан. Түүнээс 12000000 төгрөгийг Ц, Д нар төлсөн. Одоо 46656611 төгрөг үлдсэн учир хохирлоо барагдуулмаар байна. /1 хх-29-30, 32/ гэх,

Гэрч П.Г-ийн: “...эрхлэгч Ц гэх хүн 2019  оны 11 дүгээр сарын 10-наас эхлээд банкинд тушаах ёстой мөнгөө тушаахгүй байсан. Өөрөөс нь асуухад шинээр ажилд орсон түгээгч нар банкинд орох ёстой бэлэн мөнгө дутаасан учир банканд тухайн мөнгийг нь тушаахгүй байгаа юм бүрдүүлж байгаад тушаана гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын дундуур 11 сарын тушаагаагүй байсан мөнгөө нөхөж хийсэн боловч 12 дугаар сарын мөнгө тушаагдаагүй. Ц-д чи банканд тушаах ёстой бэлэн мөнгөө дутуугаар нь хурдан тушаагаадах гэж хэлэхэд мөнгө тушаасан түгээгч зээл авч байгаа өнөөдөр бүтнэ тэгэхээр нь бэлэн болгоод энэ 7 хоногт багтаагаад тушаана гэж хэлсэн. ...шалгалтаар 58656611 төгрөг дутсан байхаар нь Цагдаагийн байгууллагад хандах болсон. Тухайн мөнгийг яасан талаар Ц-с асуухад хүнд зээлдүүлчихээд алдчихсан, тухайн хүнээ олохгүй байна гэж хэлж байсан:” гэх /1 хх-33-34/, гэрч, яллагдагч Ц.Ц, Э.Д нарын /1 хх-37-38, 42-43, 53-54, 56/ мэдүүлгүүд, төлбөрийн акт /1 хх-15-16/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн шүүгдэгч Ц.Ц, Э.Д нарт холбогдох хэргийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж Ц.Ц, Э.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар  зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.Ц, Э.Д нарыг бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Цэдэнсодномыг 3 жилийн хугацаагаар хорих ял, Э.Д-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

  Шүүгдэгч Ц.Ц, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нар нь хорих ялыг торгох ял болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Ялтан Ц.Ц, Э.Д нар нь өөрийн гэсэн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжтой талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул тэдэнд оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчлүүлэх тухай давж заалдах гомдлуудыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Ц, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчлөлт оруулсан тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцно” гэж заасан тул Ц.Ц, Э.Д нарын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 78 хоногийг ял эдлэх хугацаанд оруулах тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ц, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-ын цагдан хоригдсон 78 /далан найм/, Э.Д-ийн  цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулах тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

   

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

                                                                                    Ш.ТӨМӨРБААТАР