| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/07545/И |
| Дугаар | 101/ШШ2024/00583 |
| Огноо | 2024-01-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2024/00583
| 2024 01 24 | 101/ШШ2024/00583 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Сонгино 27 гудамжны 303 тоотод оршин суух, Омбо овогт Дүгэржавын Батсүх /регистрийн дугаар ЛИ75020275/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Цагдаагийн академи 25-612 тоотод байрлах, ******* ХХК /регистрийн дугаар 2069318/-д холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц захиалан бариулах гэрээний алданги 17,603,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.
/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан товлосон цагт ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ******* ХХК-тай харилцан тохиролцож Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан. Гэрээнд зааснаар Баянзүрх дүүргийн *******,******* дугаар байр орон сууцны барилгын 11 дүгээр давхарын 32,3 метр квадрат талбайтай 1 өрөө бүхий 68 тоот орон сууцыг метр квадрат нь 1,090,000 төгрөг буюу нийт 35,207,000 төгрөгөөр худалдан авч, хариуцагч ******* ХХК-ийн Хаан банкны ******* тоот дансанд гэрээ байгуулмагц 100% шилжүүлсэн байдаг. 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулахад 2021 оны 4 дүгээр улиралд багтаан тухайн орон сууцыг ашиглалтанд оруулж захиалагчдад хүлээлгэн өгөх ёстой атал барилгын ажил хугацаандаа эхлээгүй нэхэмжлэгчийг 3 жил хохироож байгаа бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны байдлаар барилга бүрэн баригдаж засал хийгдэж дууссан ба 95 хувийн гүйцэтгэлтэй буюу улсын комисст хүлээлгэн өгөхдөө бэлдэж байна. Уг орон сууцанд захиалга өгсөн хүмүүс бүгд 100% төлбөрөө төлсөн захиалагчид байдаг. Захиалагчдын мөнгөн хөрөнгийг хариуцагч ******* ХХК нь барилгын сууриас эхлээд өдий олон жил ашиглаж зарцуулчихаад ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр барилгын үнэд өөрчлөлт оруулж нэмж буй явдалд ихээхэн гомдолтой байна. Тодруулбал, хариуцагч ******* ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байрны талбайн метр квадрат тутамд 400,000 төгрөг нэмэгдүүлэхээр болсон тухай №22/2-100 дугаартай мэдэгдлээр мэдэгдсэн. Нэхэмжлэгч *******ийн зүгээс тус мэдэгдэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа удаа дараа амаар болон 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр бичгээр хариу хүргүүлж өөрийн байр сууриа илэрхийлж дээрх орон сууц эахиалгын гэрээний 1.2, 3.1 болон 3.5 дугаар заалтуудыг биелүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн. Гэтэл хариуцагч ******* ХХК нь ******* дугаараас гэрээ цуцлах тухай мессеж ирүүлсэн ба 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр №01/101 тоот Гэрээ цуцлах тухай мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн байх бөгөөд уг мэдэгдэлд Орон сууц захиалан бариулах гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээний мкв-ийн үнэд өөрчлөлт оруулж байгаатай холбоотой гэрээ шинэчлээгүй захиалагч нартай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс дуусгавар болгон цуцлахыг үүгээр мэдэгдэж байна гэжээ. Нэхэмжлэгч ******* уг мэдэгдлийг хариуцагч 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн хаягаар шуудангаар илгээсэн бөгөөд уг мэдэгдлийг хүлээн авмагц 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагчид шаардлага хүргүүлж орон сууц захиалан бариулах №ОСЗБГ20-74 тоот гэрээний 1.2, 3.1, 3.5, 3.6 болон 3.7 дахь заалтуудыг биелүүлэхийг шаардаж, орон сууцандаа орох хүсэлтэй байгааг илэрхийлсээр ирсэн. Дээрх орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Төсөл хэрэгжүүлэгч орон сүуцыг 2021 оны 4 дүгээр улиралд батлагдсан зургийн дагуу барьж захиалагч талд хүлээлгэн өгнө, 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэг Төсөл хэрэгжүүлэгч нь гэрээг байгуулснаас хойш орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаанд гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байх үүрэгтэй хэмээн заасан бөгөөд хариуцагч нь орон сууц захиалах бариулах гэрээний үнэд өөрчлөлт оруулах ямар ч эрхгүй ба гэрээг дангаар нэг талын санаачлагаар цуцлах эрхгүй юм. Дээрх орон сууц захиалан бариулах гэрээний 5 дугаар зүйлд гэрээний хариуцлага, гэрээг цуцлах, нэмэлт өөрчлөлт оруулах журмыг тусгасан байх ба 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №22/2-100 дугаартай мэдэгдэлдээ хариуцагч нь импортын бараа материалын нийлүүлэх хугацаа саатсан, төрийн бодлого, шийдвэр зэрэг хүчин зүйлээс ачаа барааны тээвэрлэлтийн зардал хэд дахин нэмэгдсэн гэх ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр мкв-ийн үнэ нэмж буйгаа тайлбарлаж нэхэмжлэгч *******ийг 3 жил хохироож байна.
Иймд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ******* ХХК-тай байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ-нд заагдсан Баянзүрх дүүргийн *******,******* дугаар байр орон сууцны барилгын 11 дүгээр давхарын 32,3 метр квадрат талбайтай 1 өрөө бүхий 68 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байх бөгөөд хариуцагч нь орон сууц захиалан бариулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэг Төсөл хэрэгжүүлэгч нь гэрээ хүчин төгөлдөр байхад орон суүныг гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх үүрэгтэй бөгөөд барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй хэмээн заасныг ноцтой зөрчиж өөр гуравдагч этгээдэд нэхэмжлэгчийн орон сууцыг худалдан борлуулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Мөн дээрх орон сууц захиалан бариулах гэрээний 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт Хэрэв төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтанд орох хугацааг 3.2-д заасан хугацаанаас 60 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,1 хувиар алданги захиалагч талд төлнө хэмээн заасны дагуу 2021 оны 4 дүгээр улиралд орон сууцыг хүлээлгэх өгөх ёстой байсан хэдий ч өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй байдаг тул 61 дэх хоног буюу 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 639 хоногийн алданги авахаар байна. Дээрх хугацаанаас хойшхи алдангид өдөрт 35,207 төгрөг буюу 639 хоногийн алдангид нийтдээ 22,497,273 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу орон сууц захиалан бариулах гэрээний төлбөр 35,207,000 төгрөгийн 50 хувь болох алданги 17,603,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан авах, мөн Баянзүрх дүүргийн *******,******* дугаар байр орон сууцны барилгын 11 дүгээр давхарын 32,3 метр квадрат талбайтай 1 өрөө бүхий 68 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулья гэж удаа дараа мэдэгдсэн боловч нэхэмжлэгч тал хүлээн авч тодорхой хариу өгөөгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн *******ийн хүсэлт, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ОСЗБГ20-74 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ, шуудангийн дугтуй, ******* ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 22/2-100 дугаартай захиалагч танаа гэх мэдэгдэл, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн *******ийн хариу хүргүүлэх тухай, 8600-7881 утасны мессеж, монгол шуудангийн баримт, ******* ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ цуцлах тухай албан бичиг, 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн *******ийн шаардлага хүргүүлэх тухай, ******* ХХК-ийн албан ёсны фэйсбүүк хуудасны нүүрэн хэсэг болон тавьсан мэдэгдэл, нэхэмжлэгчийн итгэмжлэлийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагч ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагчийн итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбарыг тус тус шүүхэд ирүүлсэн байна.
4. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: ******* ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн *******,******* дугаар байр орон сууцны барилгын 11 дүгээр давхарын 32,3 метр квадрат талбайтай 1 өрөө бүхий 68 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрээний алдангид 17,603,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч ******* ХХК нь орон сууц захиалан бариулах гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулья гэж удаа дараа мэдэгдсэн боловч нэхэмжлэгч тал хүлээн авч тодорхой хариу өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4а. ******* ХХК болон ******* нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ОСЗБГ20-74 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, захиалагч ******* нь Баянзүрх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт баригдаж буй******* дугаар байр орон сууцны барилгын 11 дүгээр давхарын 32,3 метр квадрат талбайтай 1 өрөө бүхий 68 тоот, 1 мкв-ын үнэ нь 1,090,000 төгрөг ба нийт 35,207,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг захиалж, гүйцэтгэгч ******* ХХК нь 2021 оны 04 дүгээр улиралд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна.
4б. ******* нь гэрээ байгуулсан өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ******* ХХК-ийн Хаан банкин дахь ******* тоот дансанд гэрээний үнэ болох 35,207,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтаар тогтоогдож байна.
4в. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар барилга бүрэн баригдаж, засал хийгдэж дууссан ба 95 хувийн гүйцэтгэлтэй буюу улсын комисст хүлээлгэн өгөхөөр бэлдэж байна... гэж тайлбарласныг хариуцагч нь өөрийн тайлбар болон баримтаар үгүйсгээгүйгээс үзвэл нэхэмжлэгчийн захиалсан орон сууц ашиглалтад орж байгаа, одоогоор улсын комисс хүлээн аваагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч ******* нь гэрээгээр тохирсон төлбөр болох 35,207,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө төлж, үүргээ биелүүлсэн байна.
5а. Харин хариуцагч ******* ХХК нь гэрээнд заасан ажлыг хугацаандаа гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж зааснаар ажлын үр дүн болох орон сууцыг хүлээлгэн өгөөгүй байна.
6. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч *******ийн хувьд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байхад хариуцагч ******* ХХК нь гэрээний үнэд өөрчлөлт оруулах мэдэгдэл хүргүүлснийг ******* нь зөвшөөрөөгүй, улмаар гэрээг цуцлах мэдэгдлийг хариуцагчийн зүгээс хүргүүлж буй нь мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан зохицуулалтад нийцэхгүй байна.
7. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3.5-д Төсөл хэрэгжүүлэгч нь гэрээ байгуулснаас хойш орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаанд гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байх үүрэгтэй гэж зааснаас үзвэл гэрээгээр тохирсон үнэд өөрчлөлт оруулахгүй байх үүргийг гүйцэтгэгч буюу хариуцагч ******* ХХК нь хүлээсэн байна.
7а. Гэрээнд өөрчлөлт оруулах журмыг талууд тохирсон байх бөгөөд үнийн өөрчлөлттэй холбоотойгоор гэрээнд өөрчлөлт оруулах талаар заагаагүй, харин захиалсан орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа болон ажлын гүйцэтгэл нь төсөл хэрэгжүүлэгчээс шалтгаалахгүй, урьдчилан мэдэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлогдох тохиолдолд захиалагчид урьдчилан мэдэгдэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт Импортын материалын нийлүүлэх хугацаа саатсан, байгаль цаг уурын гэнэтийн болзошгүй аюул бүхий хүчин зүйл, төсөл хэрэгжүүлэгч нь захиалагчийн даалгавраар барилгыг засан сайжруулах, өөрчлөн байгуулах засварын ажил гүйцэтгэх болсон хугацаа, төрийн бодлого, шийдвэр зэргийг хамруулахаар тохирсон байх ба эдгээр үндэслэлүүдийн аль нэг нь бий болсон тохиолдолд гэрээний үнэд өөрчлөлт оруулахыг тохиролцоогүй байна.
Тодруулбал, эдгээр хүндэтгэн үзэх шалтгааны хувьд талууд гэрээний хариуцлагын хүрээнд дээрх нөхцөл байдлаас үүдэн хэн хэндээ алданги тооцох эсэх зэргийг тохирсон байна.
8. Гэрээний 4.1-д Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажлыг дуусгаж, захиалагчид хүлээлгэн өгөх, хүлээн авах акт үйлдэн орон сууцыг хүлээлгэн өгнө, 4.2-т Орон сууц ашиглалтад орох үед захиалагч нь төсөл хэрэгжүүлэгч талд төлбөр тооцооны ямар нэгэн маргаангүй байна. Хэрэв төлбөр төлөлтийн маргаантай тохиолдолд төлбөрийг барагдуулсан үед түлхүүр хүлээлгэн өгнө 4.3-т Түлхүүр хүлээлгэн өгсөн өдрөөс захиалагчид орон сууц өмчлөх эрх шилжсэнд тооцно гэж гүйцэтгэгч нь захиалагчид орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохирсон, мөн гэрээний 3.6-д Төсөл хэрэгжүүлэгч нь гэрээ хүчин төгөлдөр байхад орон сууцыг гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх үүрэгтэй бөгөөд барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
8а. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн тул Баянзүрх дүүргийн *******,******* дугаар байр орон сууцны барилгын 11 дүгээр давхарын 32,3 метр квадрат талбайтай 1 өрөө бүхий 68 тоот орон сууцны өмчлөгчөөр *******ийг тогтоох нь зүйтэй байна.
9. Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 5.5-д Хэрэв төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтад орох хугацааг 3.2-т заасан хугацаанаас 60 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,1 хувиар алданги захиалагч талд төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан зохицуулалтад нийцсэн байна.
Гэрээний 3.2-т зааснаар хариуцагч нь орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар тохирсон бөгөөд нэхэмжлэгч *******ийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд барилга бүрэн ашиглалтад ороогүй, 60 хоногоос илүү хугацаагаар хэтрүүлсэн, ийнхүү хугацаа хэтрүүлсэн шалтгаантай холбоотой баримтыг хариуцагч нь шүүхэд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 639 хоногоор хугацаа хэтрүүлсэн гэж үзэж, гүйцэтгэсэн нийт төлбөр болон 35,207,000 төгрөгөөс 0,1 хувиар нэг өдрийн алдангийг тооцоход 35,207 төгрөг ба 639 хоногоор тооцвол 22,497,273 төгрөг гарч байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн зохицуулалтын дагуу алдангид 17,603,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас алдангийг тооцохгүй байх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ******* ХХК орон сууц захиалан бариулах гэрээг цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулья гэж удаа дараа мэдэгдсэн боловч нэхэмжлэгч тал хүлээн авч тодорхой хариу өгөөгүй гэх тайлбарыг гаргасан, гэрээ цуцлах мэдэгдлийн хувьд ******* үгүйсгээгүй, гэрээний үнэтэй холбоотой өөрчлөлт оруулахыг зөвшөөрөөгүй гэх тайлбарыг гаргасан, энэ талаар нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар хувь баримт тул уг баримтуудыг нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй, харин хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тайлбар, татгалзалтай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******од шүүх хуралдааны товыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч тал түүний эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийнн 100.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариу тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлгүй, харин өөрийн гаргасан тайлбар, татгалзлаа нотлох үүрэг хүлээх учиртай тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй юм.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316,168 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 316,168 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн *******,******* дугаар байр орон сууцны барилгын 11 дүгээр давхарын 32,3 метр квадрат талбайтай 1 өрөө бүхий 68 тоот орон сууцны өмчлөгчөөр *******ийг тогтоож, хариуцагч ******* ХХК-иас алданги 17,603,500 /арван долоон сая зургаан зуун гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******эд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,168 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 316,168 /гурван зуун арван зургаан мянга нэг зуун жаран найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2023/28833 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ