Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2024/02631

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2024/02631

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, Эх тугачин овогт *******ын /рд:/-т холбогдох 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, хохиролд 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"*******" ХХК нь иргэн Н.тай 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №БАТГГ07/23 тоот Барилгын ажлыг туслан гүйцэтгэх гэрээ байгуулан ,, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бадрах" хотхон төслийн барилгын А2 блокын сантехникийн ажлыг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаанд захиалагчийн материалаар, зураг төсөл, ажлын даалгаврын дагуу, холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм, стандарт, захиалагчийн тавьсан шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон.

Н. нь дараах ажлуудыг хийж гүйцэтгэн, гэрээт ажпын үр дүнг эцэслэн ажил хүлээлцэх актаар хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан.

- Хэвтээ шугам /халаалт, халаах хэрэгсэл/ иж бүрэн;

- Хэвтээ шугам /цэвэр, бохир ус/ иж бүрэн;

- Тоноглол угсарч ашиглалтад хүлээлгэн өгөх;

Гэтэл Н. нь захиалагч манай компанийн шаардлагыг хангасан ажлыг хийж гүйцэтгэлгүй, ажлаа хаяж явсан. Ажил хүлээлцэх акт ч үйлдэгдээгүй болно. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-т Барилгын сантехникийн ажлын гэрээний төлбөр 50,000,000 төгрөг байна. Энэхүү төлбөрт тоног төхөөрөмж, ажиллагсдын цалин хөлс, хоол, унаа, байр, хөдөлмөр хамгааллын зардал зэрэг гүйцэтгэгчээс гэрээт ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бүхий л зардлууд, даатгалын хураамж болон бусад бүх татвар, шимтгэл, гүйцэтгэгчийн ашиг, аливаа ашиглалтын зардлууд /цахилгаан, ус, дулаан/ бүгд багтсан болно, 3.2-т Талууд гэрээний төлбөрийг дараах байдлаар төлнө, 3.2.1-т Ажил гүйцэтгэж эхлэхэд 2023 оны 4 дүгээр сарын 15-ны дотор 40 хувь болох 20,000,000 төгрөгийг төлнө, 3.2.2-т Хар шал цутгаж дуусахад буюу 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 40 хувь болох 20,000,000 төгрөгийг төлнө, 3.2.3-т Халаалт жигдрэхэд гүйцэтгэгч нь гэрээт ажпыг "*******" ХХК-д актаар хүлээлгэн өгч, Захиалагчийн хяналтын инженер хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авахыг зөвшөөрснөөр 20 хувь болох 10,000,000 төгрөгийг төлнө, 3.3-т Гэрээний төлбөрийг гүйцэтгэгчийн Хаан банкны /Б./ тоот дансанд шилжүүлнэ гэж тус тус заасан.

Манай компани дээрх гэрээний дагуу барилгын сантехникийн ажлын гэрээний төлбөрт 20,000,000 төгрөгийг гүйцэтгэгчийн Хаан банкны /Б./ тоот дансанд урьдчилан төлсөн.

Мөн дээрх гэрээний 6.2-т Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зохих ёсоор гүйцэтгээгүй, нэмэлт хугацаанд доголдлыг арилгаагүй тохиолдолд захиалагчийн мэдэгдлээр гэрээг цуцална. Ийнхүү захиалагч гэрээг цуцалсан бол гүйцэтгэгч гэрээг цуцлах өдөр гүйцэтгээгүй байсан үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх торгуулийг захиалагчид төлнө гэж заасан.

Н. нь 1-9 дүгээр давхарын ажлыг гүйцэтгэсэн боловч ажлаа актаар хүлээлгэн өгөөгүй тул ажил гүйцэтгэсэн гэж үзэхгүй. Н.ын дутуу үлдээсэн ажил болох 10-16 давхар, техникийн давхарыг Б.тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн. Мөн Н.ын гүйцэтгэсэн 1-9 дүгээр давхарын ажлыг гүйцэтгэхдээ тоноглол суулгаагүй, тоолуур тавиагүй, галын гидрант хийгээгүй, галын хайрцаг таг суулгаагүй, хэрэглээний халуун усны буцах шугамын ус буулгах ажлыг гүйцэтгээгүй дутуу байсан тул бид Р.той гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг нэмж төлж засуулсан. Дээрх гэрээнүүдийн дагуу үндсэндээ А2 блокийн сантехникийн ажлыг гүйцэтгүүлэхэд Б.д 22,000,000 төгрөг, Р.Эрдосд 20,000,000 төгрөг, Н.т урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг нийт 62,000,000 төгрөгийг тус тус манай компанийн зүгээс төлж гүйцэтгүүлсэн. Хэрэв Н. нь гэрээний дагуу бүрэн гүйцэт зохих ёсоор хийж гүйцэтгэсэн бол 50,000,000 төгрөгөөр гүйцэтгэж дуусгах байсан ба Н. гэрээний үүргээ биелүүлээгүйгээс манай компани 62,000,000 төгрөгийг гүйцэтгүүлж, зөрүү 12,000,000 төгрөгийн хохирол учирч байна.

Н.тай байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Барилгын ажлын туслан гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-д Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас захиалагч болон гуравдагч этгээдэд учирсан хохирлыг бүрэн хариуцна гэж,

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан. Иймд Н.ын гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох 12,000,000 төгрөг, торгууль 10,000,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөгийг Н.аас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тухайн барилгын 1-9 давхрын ажлыг хийж гүйцэтгэж, захиалагч талд хүлээлгэн өгсөн. Энэ талаар буюу 1-9 давхрын ажлыг хийж гүйцэтгэсэн болон ажлын үр дүнг хүлээж авсантай холбоотой нэхэмжлэгчийн хувьд маргаангүй зөвшөөрсөн. Гэрээний дагуу хариуцагчийн хувьд урьдчилгаа төлбөр авч тухайн төлбөрийн хэмжээгээр ажлаа хийж гүйцэтгэсэн бөгөөд гэрээний дагуу төлбөрийг нэхэмжлэгч компани нь тодорхой үе шаттайгаар, тодорхой хугацаанд хувааж төлөхөөр үүрэг хүлээсэн байсан. Гэтэл тухайн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу хуваарьт төлбөрөө тогтсон хугацаанд төлөөгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн. Тодруулбал, хариуцагчийн зүгээс 1-9 давхрын ажлаа хийж хүлээлгэж өгснийхөө дараагаар гэрээний дараагийн санхүүжилтээ шаардсан, мөн ажил хийж гүйцэтгэх материалаа өгөхийг шаардахад нэхэмжлэгчийн зүгээс тодорхой шалтаг хэлээд санхүүжилт болон холбогдох бараа, материалуудыг өгөөгүй. Энэ талаар шүүхэд гэрч нар мэдүүлсэн. Хариуцагч нь өөрийн ажилчиддаа цалин хөлс өгөх, мөн хугацаанд ажлаа хийж дуусган хүлээлгэн өгч дараагийн гэрээт ажлаа хийх зэргээр тогтсон цаг нартай ажил байгаа талаар нэхэмжлэгч компанийн захирал, хяналт тавьж байгаа инженер нарт хэлж шаардаж байхад гэрээний үүргээ биелүүлээгүй тул ажлаа цааш үргэлжүүлэхээс татгалзаж, гэрээгээ цуцалсан. Гэрээнээс татгалзсан үйлдэл нь хариуцагчийн бус нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс буюу гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүдсэн.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт ...Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй... гэж заасан бөгөөд захиалагч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх болон материалыг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй учраас хариуцагч нь гэрээг цуцалсан. Түүнчлэн, тухайн гэрээг цуцалсан үйлдэлд хариуцагч нь буруугүй байхад нэхэмжлэгч нь хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал, гэрээ цуцалсанд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байхгүй буюу нэхэмжлэгч нь өөрөө гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс болж гэрээ цуцлагдсан. Мөн тухайн ажлын нийт хөлс нь 50,000,000 төгрөг байхад илт зардлаа өсгөж, худал тайлбар гарган нэмэлт зардал буюу хохиролд 12,000,000 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Н.ын гүйцэтгэх ажилд тоолуур тавих, галын гидрант хийх, галын хайрцаг таг суулгах, хэрэглээний халуун усны буцах шугамын ус буулгах зэрэг ажил нь хамааралгүй, уг ажлыг гүйцэтгэхээр тохиролцоогүй.

Дээрх хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт ...Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ...", 232.4 дэх хэсэгт ...Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй... гэж тус тус заасан бөгөөд гэрээний үүргээ нэхэмжлэгч тал нь зөрчсөн атлаа хариуцагчаас алданги гаргуулахаар шаардаж байгаа нь мөн л үндэслэлгүй байна. Учир нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч зөрчсөн, тухайн зөрчлөөс үүдэж хариуцагч нь дээрх хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт заасны дагуу гэрээг цуцалсан, гэрээ цуцлагдсан тэр хугацаанд гэрээний бүх үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барилгын ажлыг туслан гүйцэтгэх гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, Р.той байгуулсан барилгын ажлыг туслах гүйцэтгэх гэрээ, Б.тай байгуулсан туслах гүйцэтгэх гэрээ, ажлын гүйцэтгэлийн акт, фото зураг,

3.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, шаардах хуудсууд, фото зураг,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн дэвтэр, уг дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, захидалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Н.т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж, шаардлагаа багасгаж 22,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ тодорхойлсон.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Зохигчдын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр барилгын ажлыг туслан гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Н. нь 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бадрах хотхон төслийн барилгын А2 блокны сантехникийн ажлыг захиалагчийн материалаар хийж гүйцэтгэх буюу хэвтээ шугамын халаалт, халаах хэрэгсэл, хэвтээ шугамын цэвэр, бохир усны ажлыг иж бүрнээр мөн тоноглол угсарч ашиглалтанд өгөх, ******* ХХК нь 50,000,000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-6-8/

Уг ажил гүйцэтгэх гэрээнд 1-16 дугаар давхар хүртэлх сантехникийн ажил хамаарч байгаа болохыг тодорхой тусгаагүй, Бадрах хотхон төслийн барилгын А2 блокны сантехникийн ажлыг гүйцэтгэнэ гэж талууд тохирсон байна. Гэвч талуудын хэн аль нь Н.ын гүйцэтгэвэл зохих ажил нь А2 блокны 1-16 давхрын сантехникийн ажил байсан талаарх үйл баримтад маргаагүй.

Захиалагч ******* ХХК-иас ажлын хөлсний урьдчилгаа 20,000,000 төгрөгийг гүйцэтгэгч Н.т хүлээлгэн өгсөн болох нь төлбөрийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-9/

Мөн ажил гүйцэтгэгч Н. нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бадрах хотхон төслийн барилгын А2 блокны сантехникийн ажлыг 1-9 дүгээр давхар хүртэл хийж гүйцэтгэсэн үйл баримтыг талуудын хэн нь тайлбарласан.

3.1 Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Н. нь барилгын 1-16 дугаар давхар болон техникийн давхарын сантехникийн ажлыг гүйцэтгэх үүрэгтэй байтал 1-9 дүгээр давхарын сантехникийн ажлыг хийгээд, үлдэх 10-16 давхрын ажлыг гүйцэтгэлгүй хаяад явсан. Түүний гүйцэтгэсэн 1-9 давхрын зарим ажил нь дутуу байсан тул Х.т 20,000,000 төгрөг өгч дутуу ажлыг нь гүйцэтгүүлсэн. Мөн түүний гүйцэтгээгүй үлдээсэн 10-16 дугаар давхрын сантехникийн ажлыг Б.д 22,000,000 төгрөг өгч гүйцэтгүүлсэн. Н. нь ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн байсан бол 50,000,000 төгрөгөөр нийт 1-16 давхрын ажлыг гүйцэтгүүлэх байсан. Гэтэл Н. ажлаа орхиж явсанаас үүдэн түүнд 20,000,000 төгрөг, Х.т 20,000,000 төгрөг, Б.д 22,000,000 төгрөг, нийт 62,000,000 төгрөг буюу 12,000,000 төгрөгийн зөрүүгээр компани хохирч байна. Иймд 12,000,000 төгрөг, торгууль 10,000,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...гэрээгээр тохирсоны дагуу ажлаа гүйцэтгээд явж байсан. 1-9 дүгээр давхрын ажлыг бүрэн гүйцэтгэсэн. Гэрээгээр захиалагч нь ажлын хөлсийг урьдчилгаа 20,000,000 өгсөнөөс хойш 5 дугаар сард дахин 20,000,000 төгрөг өгөх байтал өгөөгүй. Гэвч би ажлаа хийсээр л байсан. Захиалагчийн материалаар ажлыг гүйцэтгэхээр тохирсон ба барилгын материалаа өгдөггүй байсан зэргээс үүдэн ажил зогссон. Гэрээгээр гүйцэтгэхээр тохирсон ажилд тоолуур тавих, галын гидрант хийх, галын хайрцаг таг суулгах, хэрэглээний халуун усны буцах шугамын ус буулгах ажил байхгүй тул Р. гэх иргэнээр уг ажлыг гүйцэтгүүлсэн хөлсийг хохирлын зөрүүнд тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Уг ажил нь миний гүйцэтгэх ажилд ямар ч хамааралгүй. ******* ХХК нь тохирсон хугацаандаа барилгын материал болон ажлын үлдэх хөлсийг өгөөгүйгээс гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлаж, маргасан.

5. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь үүрэг зөрчсөнөөс цуцлагдсан байх ба талууд хэний буруугаас үүдэн гэрээ цуцлагдсан талаарх үйл баримтад маргаж байна.

Хариуцагч Н. нь ...захиалагчаас гэрээний 3.1-т заасан сантехникийн ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай материал, 3.2-т заасан ажлын хөлс төлөх хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй тул 1-9 дүгээр давхар хүртэл ажлыг гүйцэтгээд орхиод явсан гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.

Хэрэгт гүйцэтгэгч Н. нь сантехникийн ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай материалыг шаардаж байсан, ажлын хөлсний үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж байсан талаарх үйл баримтыг агуулсан баримт авагдаагүй. Уг тайлбараа хариуцагч нь гэрч Б., Б. нарын мэдүүлгээр тогтоогдоно гэх боловч эдгээр гэрч нарын мэдүүлэг нь бусад бичгийн баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдоогүй.

Шүүх нэхэмжлэгч ******* ХХК-ийн инженер ын эзэмшлийн гар утаст хадгалагдаж буй Н.ын эзэмшлийн дугаарын утас руу харилцсан захидалд үзлэг явуулсан. Уг үзлэгээр инженер оос Н. руу 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл удаа дараа сантехникийн ажлаа ирж гүйцэтгэхийг анхааруулж, ажил гүйцэтгэх нэмэлт хугацаа олгож байгаа талаар тодорхой мэдэгдэж, захидал илгээж байсан болох нь тогтоогдсон.

Үүнээс дүгнэхэд гүйцэтгэгч Н. нь 10-16 дугаар давхар хүртэлх сантехникийн ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй, гүйцэтгэвэл зохих ажлаа дутуу гүйцэтгэн орхин явсаны улмаас талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан байна.

6. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т Ажил гүйцэтгэх гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан.

6.1 Нэхэмжлэгч ******* ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Р.той барилгын ажлын туслан гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Бадрах хотхон төслийн барилгын А2 блокын сантехникийн шугамын засвар үйлчилгээ /угсарсан байгаа/ шалгах, тоноглол суулгах /силикондох/, тоолуур тавих/халуун хүйтэн ус/, галын гидрант/босоо хэвтээ шугам/, галын хайрцаг таг суулгах, хэрэглээний халуун усны буцах шугамын ус буулгах ажлуудыг гүйцэтгүүлэх, ажлын хөлсөнд 20,000,000 төгрөг төлөхөөр тохирсон байна. /хх-104-106/

Р.оор гүйцэтгүүлэхээр тохирсон дээрх ажил нь Н.аар гүйцэтгүүлэхээр тохирсон хэвтээ шугам /халаалт, халаах хэрэгсэл/ иж бүрэн, хэвтээ шугам /цэвэр, бохир ус/ иж бүрэн, тоноглол угсарч ашиглалтад хүлээлгэн өгөх ажилтай хамааралгүй, өөр төрлийн ажил байна. Тодруулбал,

Угсарсан байгаа сантехникийн ажлыг шалгах замаар тоолуур тавих, галын гидрант, хайрцаг суурилуулах ажлыг Р.оор гүйцэтгүүлэхээр тохирчээ.

Гэрч Б.оос ...би 13 жил барилгын сантехникийн чиглэлээр ажиллаж байна. Тоноглол угсарах нь ил ажилд хамаарна. Тоноглол дотор тоолуур орохгүй, тоолуурыг наана нь ил татна, тухайн үед тоолуураа авчраагүй байсан. Галын хайрцаг нь ил ажил буюу орц болгонд байдаг. Бидний гүйцэтгэх ёстой байсан ажилд галын гидрант ямар ч хамааралгүй. Бидний хийж байгаа ажил далд, галынх нь тусдаа ч далд явдаг, гүйцэтгэл өөр, өөр хүмүүс хийдэг. Гидрант гэдэг нь айлын хэрэгцээний халуун, хүйтэн ус гүйдэг шугам. Бидний ажил нь босоо шугамаас салбарладаг хэвтээ монтажийг хийх ажил юм гэж мэдүүлсэн. /хх-133/

 

Дээрх гэрчийн мэдүүлэг болон Н., Р. нартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс үзэхэд тэдгээрээр гүйцэтгүүлэх ажлын төрөл нь өөр, өөр болох нь тогтоогдож байх ба Р.той байгуулсан гэрээний 2.1-т шугамын засвар үйлчилгээг 5 өдөрт, бусад ажилбаруудыг тоноглол талбайд ирсэн өдрөөс хойш 14 хоногт багтаан дуусгана гэж тохирсноос үзвэл суурилуулах байсан тоноглол нь Н.ыг ажил гүйцэтгэж байх үед ажлын талбайд байгаагүй байжээ.

Иймд нэхэмжлэгчээс гаргасан ...Н. нь 1-9 дүгээр давхрын сантехникийн ажлыг гүйцэтгэхдээ тоолуур суурилуулаагүй, галын гидрант тавиагүй дутуу гүйцэтгэсэн тул уг ажлыг Р.т 20,000,000 төгрөгийн хөлс төлж гүйцэтгүүлсэн гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч ******* ХХК нь Р.оор ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт хэдий хэмжээний ажил гүйцэтгүүлсэн талаарх ажлын гүйцэтгэлийн баримтаа хэрэгт нотлох баримтаар гаргаагүй. Мөн Р.той байгуулсан бичгийн гэрээ байгаа боловч уг гэрээний дагуу 20,000,000 төгрөгийн хөлс төлсөн болохоо баримтаар нотлоогүй. Иймд Р.т 20,000,000 төгрөг төлж хохирсон гэх шаардлага баримтаар тогтоогдоогүй тул үндэслэлгүй байна.

6.2 Нэхэмжлэгч ******* ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б.тай барилгын ажлыг туслан гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Бадрах хотхон төслийн барилгын А2 блокийн 10 давхраас техникийн давхрыг дуустал сантехникийн ажил буюу хэвтээ шугам /халаалт, халаах хэрэгсэл/ иж бүрэн, хэвтээ шугам /цэвэр, бохир ус/ иж бүрэн, тоноглол угсарч ашиглалтад хүлээлгэн өгөх ажлыг гүйцэтгүүлэх, ажлын хөлсөнд 22,000,000 төгрөг төлөхөөр тохирсон байна. /хх-107-112/

Уг гэрээний гүйцэтгэлийг талууд актаар баталгаажуулж тухай бүрт ажлын үр дүнг хүлээн авч, Н.ын гүйцэтгээгүй үлдээсэн ажил болох 10-16 давхрын сантехникийн ажлыг Б.аар гүйцэтгүүлсэн болох нь ажлын гүйцэтгэлийн актын баримтуудаар тогтоогдож байна. /хх-113-117/

Эдгээр үйл баримт, хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч ******* ХХК нь Бадрах хотхон төслийн барилгын А2 блокийн 1-9 дүгээр давхарын сантехникийн ажлыг Н.аар гүйцэтгүүлэхэд ажлын хөлс 20,000,000 төгрөг, 10-16 дугаар давхрын сантехникийн ажлыг Б.аас гүйцэтгүүлэхэд 22,000,000 төгрөг, нийт 1-16 дугаар давхрын сантехникийн ажлыг 42,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн байна.

Нэхэмжлэгчээс гаргасан ...Н.тай 1-16 давхрын сантехникийн ажлыг 50,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохирсон. Тэрээр ажлаа бүрэн гүйцэтгэсэн байсан бол манай компани Р.т 20,000,000 төгрөг, Б.д 22,000,000 төгрөг, Н.т 20,000,000 төгрөг, нийт 62,000,000 төгрөг төлж буюу зөрүү 12,000,000 төгрөгөөр хохирсон гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчээс гаргасан ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

7. Талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан барилгын ажлыг туслан гүйцэтгэх гэрээний 6.2-т гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зохих ёсоор гүйцэтгээгүй, нэмэлт хугацаанд доголдлыг арилгаагүй тохиолдолд захиалагчийн мэдэгдлээр гэрээ цуцлана. Ийнхүү захиалагч гэрээг цуцалсан бол гүйцэтгэгч гэрээг цуцлах өдөр гүйцэтгээгүй байсан үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх торгуулийг захиалагчид төлнө гэж заажээ.

Зохигчдын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж заасантай нийцэж байна.

 

Дээр дүгнэснээр хариуцагч Н.ын үүргийн зөрчлийн улмаас талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан тул тэрээр гэрээний 6.2-т зааснаар торгууль төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч Н.ын гүйцэтгээгүй үүрэг буюу 10-16 давхрын сантехникийн ажлыг Б.д 22,000,000 төгрөгийн хөлс төлж гүйцэтгүүлсэн болох нь тогтоогдсон. Иймд Н.ын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 22,000,000 төгрөг байна. Уг үнийн дүнгээс 20 хувийн торгууль тооцвол 4,400,000 төгрөгийг хариуцагч Н. нь нэхэмжлэгч ******* ХХК-д төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь торгуулийн төлбөрийг тооцохдоо Н.ын нийт гүйцэтгэвэл зохих 50,000,000 төгрөгийн ажлын хөлснөөс 20 хувиар тооцож 10,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь заалт болон талуудын байгуулсан гэрээний 6.2-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс торгууль тооцохоор байхад нэхэмжлэгч нь гэрээний нийт үнийн дүнгээс тооцож торгууль шаардсан нь учир дутагдалтай.

Иймд хариуцагч Н.аас торгуулийн төлбөрт 4,400,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.

 

8. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Н.аас 4,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 17,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,400,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 85,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.аас 4,400,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 17,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 85,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ