Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 121

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга: Б.Одгариг

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: А.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

  Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Мд холбогдох 1728000140001 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

 

                                                               Тодорхойлох нь:

 Шүүгдэгч А.М нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг 4-34 тоотод оршин суух Р.Баярсайханы гэрт нууцаар нэвтрэн орж Ч.Эрдэнэтуяагийн цүнхнээс түрийвчтэй 300000 төгрөг, 1 доллар, 10 юань, бичиг баримт зэрэг эд зүйл хулгайлж Ч.Э364695 төгрөгийн хохирол,

 2017 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруун сайхны 13-13 тоотод оршин суух Ж.Чулуунчимэгийн гэрт нууцаар нэвтрэн орж Ж.Хүүхэнбаатарын цүнхнээс түрийвчтэй 420.000 төгрөг, 3 доллар, бичиг баримт зэрэг эд зүйл хулгайлж Ж.Хүүхэнбаатарт 447661 төгрөгийн хохирол,

 2017 оны 07 дугаар сарын 13- ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруун сайхны 20-09 тоотод оршин суух Ц.Түмэннастын гэрт нууцаар нэвтрэн орж 4 ширхэг мөнгөн аяга хулгайлж 5.320.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч А.Мг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ч.Эрдэнэтуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би нөхөр Батсаруул, хүүхдийн хамт хадам аавынд очоод үүдэнд хувцасны өлгүүрийн тавцан дээр өөрийнхөө хар өнгийн цүнхийг тавьсан. Том өрөөнд ороод удаагүй байхад хаалга дуугарсан би хадам аавыг тамхи татах гэж байна гэж бодоод өнгөрсөн. Тэгсэн хадам ээж нөгөө өрөөнөөс гарч ирээд хаалга онгойлоо хэн гарсан бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би аав тамхи татах гээд гарсан байх гэж хэлэхэд үгүй байна гэж хэлсэн. Тэгээд би үүдэнд байсан цүнхээ харахад цахилгаан нь дутуу татагдсан байхаар нь очоод үзэхэд цүнхэнд байсан түрийвч байхгүй байхаар нь гэрээс гараад шатаар доошоогоо бууж гараад урагшаагаа харахад хүн харагдахгүй байсан. Харин баруун хойшоогоо нэг шалдан хүн явж байсан өөр хүн байхгүй байсан. Манай нөхөр Батсаруул тэр хүний хойноос нь гүйгээд явсан. Дунд зэргийн нуруутай хөх өнгийн богино өмдтэй, дээгүүрээ нүцгэн хүн явж байсан би тэр хүний царай төрхийг нь хараагүй. Миний түрийвчинд 300.000 төгрөг 10 юань, 1 доллар, Хаан, Хас Төрийн банкны картууд жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, номин хөнгөлөлтийн карт зэрэг зүйл байсан. Миний цүнхнээс эдгээр зүйлс алга болсон харин эргүүлээд мөнгөнөөс бусад бүх зүйлээ олж авсан. 300.000 төгрөг 10 юань, 1 доллар зэргийг аваагүй 300.000 төгрөг нь дандаа 20.000 төгрөгийн дэвсгэртүүд байсан. 300.000 төгрөг, 10 юань, 1 доллараа нэхэмжилж байна” /хх-ийн 17-18-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хадам аав ээжийнхээ гэрээс өөрийнхөө 300.000 төгрөг 10 юань, 1 доллар, картууд зэрэг зүйлсээ хулгайд алдсан. Эргүүлээд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан, Хас, Төрийн банкны картууд, саарал өнгийн түрийвч, номин хөнгөлөлтийн картаа олж авсан. Одоо 300.000 төгрөг 10 юань, 1 долларыг хулгай хийсэн этгээдээс нэхэмжилж байна. Хохирол барагдвал гомдолгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Даланзадгад сумын 3-р баг 4-34 тоотод эхнэр Эрдэнэтуяа, ээж Төмөртогтоо, аав Баярсайхан хүүхдүүдтэйгээ байж байтал 14 цаг 30 минутын үед ээж том өрөөнөөс хэн гарч ороод байна гэхээр нь би аав тамхи татах гээд гараа байлгүй дээ гэхэд ээж Төмөртогоо өөр хүн орж ирээд гараад явчихлаа аав чинь гал зууханд байна юм авчих шиг боллоо гэхэд эхнэр Эрдэнэтуяа миний түрийвч үүдэнд байгаа гээд би тэр гарсан хүний араас нь гутлаа өмсөөд шууд гараад харахад байрны баруун хойд талд дээгүүрээ цээж нүцгэн намхан биетэй 160 см орчим өндөр, шар царайтай, өвдөгнөөс доошоо богино өмдтэй, амандаа тамхи зуусан 20 гаран насны залуу явж байхаар нь хөөш чи нааш ир гэхэд надруу хараад хараатайгаа зугтсан. Тэр залуу зугтах үедээ манай байрны баруун хойд талд байдаг граж дээгүүр гараад цаашаа даваад үсрээд зугтсан. Харин би хөөгөөд гүйцээгүй буцаж ирээд машинаа асаагаад араас нь тэр хавиар тойрсон боловч олдоогүй. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 14 цаг 40 минутын үед байж байтал хашааны гадаа хүн сигналдсан гараад харахад ах Б.Батсаруул гараад ир гэсэн тэгээд очиход ах ээж аавынд хүүхдээ авах гээд байж байтал гаднаас хулгайч орж ирээд бэр эгч Эрдэнэтуяагийн түрийвчийг аваад зугтчихлаа гэхээр нь би цагдаагийн 102 дугаарын утасруу яриад болсон зүйлийн талаар хэлж дуудлага өгсөн. Манай гэр бүлийнхэн ярихдаа бэр эгчийн түрийвчтэй байсан 300.000 төгрөг алга болсон байна гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

          Гэрч А.Ат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр миний төрсөн өдөр болсон. Намайг гэрт унтаж байхад А.М, Эрдэнэбат хоёр гэрт хүрээд ирсэн. Тэр хоёр ээжид Атарааг төрүүлж өгсөнд баярлалаа гээд нэг сүү авч өгсөн. Тэр өдрийн өглөө эрт 7, 8 цагийн алдад тэр хоёр манайд ирсэн би унтаж байна гэхэд тэр хоёр явна гэсээр байгаад босгосон. А.М аавын цалин буусан хувцас хунар ав гээд мөнгө өгсөн байгаа би найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж өгнө хэдүүлээ ууланд явна гээд бид нар Хавцгайтын аманд очиж нэг шил архи уугаад шууд буцаад аймгийн төвд ирсэн тэгсэн цагдаа нар ирээд бид нарыг барьж аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

Гэрч Д.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай хүү Батсаруул эхнэр хүүхдийн хамт манайд ирсэн. Тэгээд бид нар цай хоол идсэн. Тэгээд би баруун өрөөрүү ороод авдар нээж байхад ар талд нэг юм дуугараад байхаар нь хөөе хэн орж гараад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн бэр хүүхэн аав л тамхи татах гээд гарлаа гэж хэлж байсан би өрөөнийхөө хаалгаар гадаа үүдийг харахад үүдний хаалгаар цаашаагаа нэг юм маш хурдан гарах шиг болсон. Тэгэхээр нь би хөөе гэрээс хүн юм аваад гарах шиг боллоо гэж хэлсэн. Тэгсэн араас нь манай хүү Батсаруул гараад явсан тэгсэн манай бэр охин цүнхэнд байсан түрийвч байхгүй байна гэж хэлж байсан манайхан орж ирэхдээ хаалга дутуу нээгээд орж ирсэн юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

Гэрч Р.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай гэрт Батсаруул эхнэр хүүхдийн хамт ирсэн. Тухайн үед би гэртээ эхнэр Төмөртогоогийн хамт байсан. Нөгөө хэд өрөөнд орж ирээд цай хоол гээд юм ярьж байхаар нь би гал тогооныхоо өрөөрүүгээ орсон. Тэгсэн нөгөө өрөөнд манай эхнэр хүн орж ирэх шиг боллоо хэн орж ирэв гэсэн. Тэгэхээр нь би гал тогооны өрөөнөөс гараад ирсэн. Тэгсэн Эрдэнэтуяа цүнхээ үзээд түрийвчтэй мөнгө байхгүй болсон байна гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

Гэрч Э.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 07 дугаар сарын 09-ний өглөө 07, 08 цагийн үед А.М нэг шил архитай ирсэн Атараагийн төрсөн өдөр байсан болохоор тэднийд очихоор хамт явсан. Замдаа дэлгүүрээс сүү аваад Атарсайханы гэрт нь очсон. Атарсайхан гэртээ унтаж байсан бид хоёр авч очсон сүүгээ ээжид нь өгөөд Атарсайханыг дагуулж гараад машинд суусан. Тэгсэн А.М надад мөнгө байгаа гэхээр нь би юун мөнгө юм бэ гэхэд тэр аав Оюу толгойгоос мөнгө явуулсан хувцас авч өмсөөрэй гэж хэлсэн гээд 100 гаруй мянган төгрөг гаргаж ирсэн. Тэгээд ууланд явахаар болсон. Ууланд очоод ууж согтоод орой аймгийн төв рүү буцсан би аймгийн төвд ирээд Их-уулын 15-9 тоотод буусан. Тэгсэн цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан тэгсэн А.Мгийн авч явсан мөнгө нь хулгайн мөнгө байж таарсан. Эрүүлжүүлэх байранд байхад А.М хүмүүстэй хамт ТМС-ийн зүүн талын байранд архи ууж байгаад гараад буцаад айлаа олохгүй төөрөөд онгорхой хаалга байхаар нь ороод үүднээс түрийвчтэй мөнгө байсныг нь хулгайлж авсан гэж хэлж байсан. Эрүүлжүүлэхээс гараад А.М бид хоёр хамт явж байсан тэгсэн чинь тэр жижигхэн цүнхнээс бор өнгийн түрийвч гаргаж ирээд үзүүлсэн ...би траншейний нүх рүү шидсэн дараа нь цагдаад гаргаж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

Хохирогч Ж.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 07 дугаар сарын 08-ны орой 19 цаг 40 минутын орчим гэртээ ажлаа тараад харьсан. Тэгээд гэртээ хариад нөхрийнхөө хамт халуун усанд орчихоод 20 цаг өнгөрөөгөөд гэртээ ирж юм угаасан. Юм угааж байх хоорондоо хоолоо хийж идчихээд нөхөртэйгөө хамт жаахан зурагт харж байгаад би түрүүлээд шөнийн 23 цаг өнгөрч байхад унтсан. Энэ үед манай нөхөр унтаагүй зурагт үзээд хэвтэж байсан. Дараа нь нөхрөөсөө хэдэн цагт унтсан талаар нь асуухад 23 цаг 40 минутын үед кино үзэж дуусгачихаад унтсан гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь 08 цаг өнгөрч байхад унтаж босоод ажилдаа явах гээд нүүрээ будах гээд цүнхээ хайсан чинь байхгүй байсан. Өглөө босоход манай гэрийн үүд нээлттэй байсан. Тухайн үед нэг их анзаараагүй. Тэгээд ажилдаа явах гээд цүнхээ хайсан чинь гэрт байхгүй олдохгүй байсан. Тэгэхээр нь би гайхаад гэртээ болон машиндаа баахан хайсан. Тэгээд хашаан дотроо хайсан чинь манай байшингийн баруун хойд талд амсрыг нь нээгээд тавьчихсан байсан. Цүнхээ олж аваад доторх эд зүйлийг нь бүртгэж үзсэн чинь иргэний үнэмлэх, нүүрний будаг гоо сайхны хэрэгсэл маань бүгд байсан. Харин түрийвчинд байсан жолооны үнэмлэх, хаан банкны виза карт болон 420.000 / дөрвөн зуун хорь/ орчим мянган төгрөг маань алга болчихсон байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгч гомдол гаргасан. ...Хаалгаа хааж унтсан. Харин дотор талаас нь түгжээгүй. Би нөхөртэйгөө хамт байхдаа хаалгаа түгждэггүй юм. Манай нөхөр бас хамт байхдаа хаалгаа ерөөсөө түгждэггүй юм. Улаан өнгийн цэцгэн хээтэй солонгосын арьсан түрийвч байсан. Манай хүүхэд 2 жилийн өмнө Цогтцэций сумаас 70.000 төгрөгөөр худалдаж авч өгч байсныг надаас өөр хүн мэдэж байгаагүй. Хулгайд алдсан мөнгөө буцааж олж авч хохирлоо барагдуулмаар байна. Өөр нэмж ярих зүйл санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 07 дугаар сарын 08-нь орой гэртээ ирээд хоносон тэгээд өглөө босоод цүнхээ авах гэхэд байхгүй болсон байсан миний цүнхнээс мөнгөтэй түрийвч байхгүй болсон байсан миний түрийвчид 420.000 төгрөг, жолооны үнэмлэх, хаан банкны виза карт зэрэг зүйл байсан тэгсэн түрийвчийг олоход мөнгө нь байхгүй бусад зүйл нь байсан, би буруутай этгээдээс миний түрийвчээс алдагдсан мөнгөө нэхэмжилж байна. Хохирол барагдвал гомдолгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-р хуудас/,

Гэрч Ж.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн үдээс хойш 17 цагийн орчимд гэртээ ирсэн. ...Эхнэр бид хоёр зурагт үзэж байгаад манай эхнэр түрүүлээд унтсан. Би зурагт үзэж байгаад 23 цаг 40 минутын үед унтсан. Тэгээд өглөө унтаж босоод эхнэр ажилдаа явах гээд нүүрээ будах гээд цүнхээ хайсан чинь цүнх нь байхүй байна гээд бид хоёр гэртээ болон хашаан дотроо хайсан. Тэгээд хайж байсан чинь манай эхнэрийн цүнхийг манай байшингийн баруун хойд буланд амыг нь нээгээд тавьчихсан байсан. Тэгэхээр нь манай эхнэр цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74-р хуудас/,

Хохирогч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед эхнэр хүүхдийн хамт гадуур явж байгаад гэртээ ирсэн чинь гэрт хулгай орж 4 ширхэг мөнгөн аяга алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Төв халхын хийцийн, үндсэн тагштай, 13 лангын, 15 см диаметртэй дунд гарын хуучны мөнгөн аяга 1 ширхэг, Ноён сэврэй хийцийн шинэ, 15 лан мөнгө орсон, 16 см диаметртэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, Ноён Сэврэй хийцийн жижиг хуучны, 8 лангийн 12 см диаметртэй 1 ширхэг мөнгөн аяга, Ноён Сэврэй хийцийн ёроолгүй, 3 лангийн мөнгө орсон 12 см диаметртэй мөнгөн аяга 1 ширхэг алдагдсан. Унтлагын өрөөнд байсан хар үүрдэг даавуун цүнх бас алга болсон байсан. Цүнхэн дотор эд зүйл байгаагүй. Төв халхын хийцийн, 15 см диаметртэй дунд гарын хуучны мөнгөн аяга нь 2 сая, Ноён Сэврэй хийцийн шинэ, 15 лан мөнгө орсон, 16 см диаметртэй дунд гарын мөнгөн аяга нь 2.5 сая, Ноён Сэврэй хийцийн жижиг хуучны, 8 лангийн 12 см диаметртэй мөнгөн аяга нь 1.2 сая, Ноён Сэврэй хийцийн ёроолгүй, 3 лангийн мөнгө орсон 12 см мөнгөн аяга 400.000  төгрөгийн үнэтэй болно. Надад гомдол юм алга”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-101-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэрээсээ 4 ширхэг мөнгөн аяга хулгайд алдсан 3 ширхэг мөнгөн аягийг нь буцааж олж авсан харин дунд гарын нэг мөнгөн аягийг Ундрал элч барьцаалан зээлдүүлэх газарт 100.000 төгрөгөөр Өлзийбаяр гэдэг хүний нэрээр барьцаанд тавьсан байсныг нь би өөрөө 100.000 төгрөгийг төлж мөнгөн аягаа олж авсан. Би буруутай этгээдээс 100.000 төгрөгөө нэхэмжилж байна харин манай гэрээс хүүхдийн цүнхтэй зүйл алга болсон байсан түүнийгээ үнэлүүлэхгүй, нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103-р хуудас/,

Гэрч Б.Өмөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 07 сарын 13-ны өглөө 10 цагийн үед би өөрийнхөө гэрт аав Баяраагийн хамт унтаж байхад А.М ирээд намайг дуудаж сэрээсэн. Тэгээд чи бичиг баримтаа авчих надад нэг аяга байна ломбарданд тавъя миний бичиг баримт байхгүй чиний бичиг баримт байгаа юу гэхэд би миний гадаад паспорт байна гэж хэлсэн. Тэгээд намайг гадаад паспортоо авчих гараад яръя гээд намайг дуудаад гэрээс хамт гарсан. А.М 4-5 ширхэг мөнгөн аяга авчираад манай гэрийн хажуу талын ломбарданд эхлээд тавьчихсан байсныгаа надад үзүүлсэн. Бид 2 нэгдүгээр сургуулийн өмнө байрлах барилгын материалын дэлгүүрт байсан ломбарданд уг аягаа 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр тавьсан. Тэгээд бид 2 ломбарднаас гараад Оюут караоке руу орж 1 цаг дуулаад 1 ширхэг 0.75 литрийн шилтэй архи авч хувааж уусан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105-106-р хуудас/,

Гэрч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн үдээс хойно 2 хүн ирж Өлзийбаяр гэдэг нь иргэний үнэмлэхтэй ирээд дунд гарын 475 граммын үндсэн тагштай мөнгөн аягыг 100.000 төгрөгийн барьцаанд нэг сарын хугацаатай 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр эргүүлж төлөхөөр гэрээ хийгдэж мөнгө зээлж аваад явсан ингээд өнгөрсөн. Удаагүй нэг хоногийн дараа билүү дээ цагдаа ирээд мөнгөн аяга барьцаанд тавьсан уу гээд ирж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 109-р хуудас/,

Шүүгдэгч А.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 07 дугаар сарын эхээр ТМС-ийн хажуу талын айлаас хулгайлж авсан мөнгөөрөө Атарсайхан, Эрдэнэбат, бас нэг хүний хамтаар уусан. Тэгээд мөнгө дууссан 8-ны өглөө согтуу Эрдэнэбат намайг гэр рүү дөхүүлж өгөх гээд явсан. Тэгээд явж байгаад  Баруун сайханд онгорхой хашаа байхаар нь би ороод ус уугаад ирье гэж хэлсэн. Тэгээд намайг тэр айлруу ороход Эрдэнэбат гадаа хүлээж байсан. Хашаанд ороход тоосгон байшингийн хаалга онгорхой байхаар нь  ус уух гээд орсон байшинд 2 хүн унтаж байхаар нь буцаад гарах гэж явж байгаад үүдэнд хар өнгийн цүнх байхаар нь  аваад нээж үзэхэд түрийвч байхаар нь аваад цүнхийг нь байшингийн хажууд орхисон. Тэгсэн гарахад Эрдэнэбат байхгүй байхаар нь  буцаад архи уусан айлдаа очихоор явсан. Замдаа нөгөө авсан түрийвчээс мөнгийг нь аваад айлын хашаанд нуусан. Хэдэн төгрөг байсныг мэдээгүй тоолоогүй. Би буцаж очоод Атараад мөнгө гаргаж өгөөд архи ууя гэж хэлсэн. 300 гаруй мянган төгрөг байсан байх. Бид нар тэр өдрөө дахиад ууланд явж  архи идэж уух юм болгоод ууланд очоод тасрахаас өмнө  Атарсайханд 150 гаруй мянган төгрөг үлдсэн байсан санагдаж байна, аймагт ирээд цагдаад баригдсан. Архи ууж байхад Эрдэнэбат мөнгө шургуулганд хийсэн гэж хэлж байсан. Тэр айлд цагдаа очиж архи баахан юм авсан гэж Эрдэнэбат дараа нь надад хэлсэн. Би энэ талаар Мөнх-Эрдэнэд хэлж байсан. Би тэр мөнгийг ганцаараа идэж уугаагүй. Эрдэнэбат Атарсайхан нар бас хамт төлөлцөх ёстой. Би хулгай хийхдээ ганцаараа байсан. Эрдэнэбат Атарсайхан 2 мэдэж байгаа тэр хоёрт айлаас мөнгө шаачихлаа гэж хэлж байсан. Би тэр нуусан түрийвчийг нуусан газраасаа гаргаж өгсөн эзэнд нь буцаагаад өгсөн. Би архины халуундаа дээрээс нь хогын хүмүүстэй нийлээд ийм юм хийчихлээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6, 55, 89-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-09, 56-58, 90-93-р хуудас/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-16, 60-61, 95-98-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15, 62-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2017.07.18-ны өдрийн №76 дугаартай Хөрөнгө үнэлгээний дүгнэлт /хх-ийн 36-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2017.08.08-ны өдрийн №93 дугаартай Хөрөнгө үнэлгээний дүгнэлт /хх-ийн 78-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.21-ний өдрийн 16 дугаартай А.Мд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж /хх-ийн 44-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2017.07.21-ний өдрийн №79 дугаартай Хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: Дунд гарын мөнгөн аяга Ноён Сэврэй хийц, Их гарын мөнгөн аяга төв халх хийц, жижиг гарын мөнгөн аяга  Ноён, Сэврэй хийц, жижиг гарын ёроолгүй мөнгөн аяга Ноён Сэврэй хийц нийт үнэлгээгээр тогтоосон дүн 5.280.000 төгрөг гэжээ. /хх-ийн 78-р хуудас/,

         Ашид билгүүн ХХК-ийн 2017.07.25-ны өдрийн №94 тоот Хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: Эрэгтэй хүний спорт загварын үүргэвчтэй даавуун цүнх  нийт дүн 40.000 төгрөг /хх-ийн 113-р хуудас/  гэсэн нотлох баримтуудаар шүүгдэгч А.М нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг 4-34 тоотод оршин суух Р.Б гэрт нууцаар нэвтрэн орж Ч.Э цүнхнээс түрийвчтэй 300000 төгрөг, 1 доллар, 10 юань, бичиг баримт зэрэг эд зүйл хулгайлж Ч.Э364695 төгрөгийн хохирол, 2017 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруун сайхны 13-13 тоотод оршин суух Ж.Ч гэрт нууцаар нэвтрэн орж Ж.Хүүхэнбаатарын цүнхнээс түрийвчтэй 420.000 төгрөг, 3 доллар, бичиг баримт зэрэг эд зүйл хулгайлж Ж.Х 447661 төгрөгийн хохирол, 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруун сайхны 20-09 тоотод оршин суух Ч.Т гэрт нууцаар нэвтрэн орж 4 ширхэг мөнгөн аяга хулгайлж 5.320.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

              Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч 305.895 /гурван зуун таван мянга найман зуун ерэн тав/ төгрөгийн, хохирогч 420.000/ дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн, хохирогч 100.000 төгрөгийн гэм хор тус тус учирсан болох нь тогтоогдож байх тул  шүүгдэгч А.Мгаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол, хор уршигийг гаргуулан нэр бүхий хохирогч нарт олгуулах нь зүйтэй.

           Шүүгдэгч А.Мгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т ...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор заасан ба шүүгдэгч А.М нь хулгайлах гэмт хэргийг 3 удаа үйлдсэн байх тул түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болж байна.

           Шүүгдэгч А.Мд 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 68 хоног цагдан хоригдсон байгааг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

          Шүүгдэгч А.М нь хүн байнга амьдрах байр буюу орон сууцанд нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд энэ зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.

          Шүүх Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Мд 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

          Энэхүү хэрэгтэй холбогдуулан эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1.Шүүгдэгч А.Мг хүн байнга амьдрах байр буюу орон сууцанд нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Мд 3  /гурав/ жил хорих ял шийтгэсүгэй.

       3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч А.Мгийн цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

        5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.7-д зааснаар хохирогч Эд 305.895 /гурван зуун таван мянга найман зуун ерэн тав/ төгрөгийг, хохирогч Х 420.000/ дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг, хохирогч Т 100.000 төгрөгийг тус тус шүүгдэгч А.Мгаас гаргуулан олгосугай.

        7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

        8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гарах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ДЭЛГЭРМАА