| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 203/2022/0007/Э |
| Дугаар | 2022/ДШМ/17 |
| Огноо | 2022-03-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2022/ДШМ/17
О.Ж-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд,
Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,
Шүүгдэгч О.Ж /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,
Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч О.Ж-д холбогдох 2129000300140 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, эрэгтэй, Ц овгийн О-ын Ж,
Шүүгдэгч О.Ж нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Х сумын Ж дугаар багийн нутаг дэвсгэр, У уурхайгаас Г хилийн боомт орох хатуу хучилттай авто замын 105 дахь километрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Л” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7а, 13.1, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Н.Г-ийн жолоодож явсан улсын дугаар бүхий чиргүүлтэй, улсын дугаартай Н маркийн, М.Н-ийн жолоодож явсан улсын дугаар бүхий чиргүүлтэй, улсын дугаартай Ш маркийн тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, машинд зорчин явсан Ц.М-ын биед хүзүүний 5, 6 дугаар нугаламын хугарал, мултрал, зүүн алганд шарх гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь О.Ж-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, О.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Ж-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч О.Ж-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-ны тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-с гэм хорын хохиролд нийт 13646000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ж.Л-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох ялтан О.Ж-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, шүүх хуулийг буруу ойлгон тайлбарлаж хэрэглэсэн. ...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 5, 6 дугаар заалтуудыг мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн эрүүгийн хариуцлагын тухайд хийсэн дүгнэлтийг тэр дундаа 12 дугаар талын 3 дахь догол мөрнөөс эхлэн Өршөөлийн хуульд хамрагдах эсэх тал дээр хийсэн хууль зүйн дүгнэлтүүдийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна.
Монгол улсад батлагдан мөрдөгдөж эхэлсэн Өршөөлийн хуульд хамрагдахгүй байх хуулийн зүйл заалтыг тус хуульд нарийвчлан зааж өгсөн ба О.Ж-д холбогдох эрүүгийн хэрэг нь тус Өршөөлийн хуульд хамрагдахаар хуульчилж хуулийн 5 дугаар зүйлд заасанчилан зрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох заалтад заагдсан байна.
Анхан шатны шүүхээс Өршөөлийн хуулийн зохицуулалтад хамаарч байгаа хэдий ч уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэдэг. Энэхүү дүгнэлт нь хэргийн нөхцөлд О.Ж-ны хохиролоо төлнө гэж хүлээн зөвшөөрсөн мэдүүлэгийг үндэслэлгүйгээр дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь О.Ж нь яг ямар байдлаар хохирлоо төлөхөө илэрхийлвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх няцаалтаа шүүх бүрэн дүүрэн бодитойгоор дүгнээгүй байна. Нөгөөтэйгүүр О.Ж ажилд ороод хохирлоо төлнө гэж илэрхийлсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байхад эрх зүйн байдлыг нь дордуулан хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд О.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан эрх зүйн байдлыг дээрдүүлэн хэргийг нь хэрэгсэхгүй болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзсэн. Тухайн үед шүүгдэгч ухаангүй байсан тул согтолтын зэргийг тогтоолгож чадаагүй. Гэхдээ гэрчийн мэдүүлгээр согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан талаар мэдүүлсэн. Үүнийг үндэслэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Давж заалдах гомдлын тухайд анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч Мөнхбаатарт болон иргэний нэхэмжлэгчид 14 066 000 төгрөгийн төлбөрөө огт төлөөгүй байсан. Шүүх хуралдаан дээр төлнө гэдэг. Ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх, цалинтай эсэх, яаж төлөхөө илэрхийлдэггүй. Иймээс анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэсэн. Өршөөл үзүүлэх тухай хуульд хохирлоо нөхөн төлсөн эсхүл төлөхөө илэрхийлсэн байхыг шаарддаг. Гэтэл шүүгдэгчийн зүгээс М-д хохирлоо төлсөн баримт хэрэгт авагдаагүй. Төлөхөө илэрхийлсэн боловч яаж хэрхэн төлөхөө тодорхой тайлбарлаагүй. Шүүгч хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч О.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэх хүсэлтэй байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн байдлаа хүлээн зөвшөөрсөн. Хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харвал бусдад учруулсан хохирол төлбөрөө төлөх үү гэж шүүгч асуухад ажилд ороод төлнө гэж хариулдаг. Тэгэхээр хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байхад шүүх мушгин гуйвуулж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл 2 сар 10 хоногийн хугацаанд хоригдож байгаа ч гэсэн нийт хохирлоосоо 6 246 000 төгрөгийн хохирол төлсөн. Үлдэгдэл 7 400 000 төгрөгийн хохирлоо төлөхөө илэрхийлж байна.
Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бичсэн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Хэргийг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Ж нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Х сумын Ж дугаар багийн нутаг дэвсгэр, У уурхайгаас Г хилийн боомт орох хатуу хучилттай авто замын 105 дахь километрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Л” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7 а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 13.1 “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 “ 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Н.Г, М.Н нарын тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, машинд зорчин явсан Ц.М-ын биед хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- 22-39/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-41-43/, мөрдөгчийн магадлагаа /хх-44-45/, хохирогч Ц.М-ын “...Машин мөргөлдөх үед би унтаж байсан учир ямар машинтай мөргөлдсөнийг нь сайн мэдэхгүй байна. Миний зүүн талын хөл ташаа хэсгээрээ хугарсан, хөдөлгөөн муутай байгаа. Баруун талын хөл хоёр хугарсан. Ямар нэгэн зовиур байхгүй.” гэх /хх-50-52/, иргэний нэхэмжлэгч Ж.Л-ийн “...Би шинэ машин аваад 2 сар яваад мөргөлдчихсөн. Уг тээврийн хэрэгсэл нь 2020 оны 9 дүгээр сард үйлдвэрлэгдсэн машин байсан. Надад хохирол нөхөн төлж барагдуулсан зүйл байхгүй. Би гомдолтой байна.” гэх /хх-56-57/, И.Ө-ийн “...улсын дугаартай Л маркийн тээврийг хэрэгслийг 2020 оны 05 дугаар сард “Д” ББСБ-ын зээлээр худалдаж авсан ба одоо зээлийг төлж барагдуулж дууссан ба өөрийн эзэмшил өмчлөлийн тээврийн хэрэгсэл. Уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх /хх-61-62/, Т ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Х-ын улсын дугаартай Н маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээг хийлгэхгүй, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлтэй холбоотой гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх /хх-67-68/, гэрч Н.Г-ийн “...шөнийн 00 цагийн үед нүүрс тээврийн замд 105 дахь км өнгөрөөд өгсөж гарч ирээд явж байтал урдаас эсрэг урсгалд явсан шланзыг нэг жижиг тэрэг нэлээн хурдтай гүйцэж түрүүлж гарч ирээд даялаад шарваж байгаа юм шиг миний машины кабин хэсэгтэй зөрөөд өнгөрөхөөр нь толиндоо хартал нэг юм манс гээд явчихсан. ...Машинаас бууж очоод хойд талаа харсан чинь чиргүүлийн хойд талын тэнхлэг байхгүй шланкууд нь унжсан байдалтай байсан.” /хх-75-77/ гэх, гэрч М.Н-ийн “...2021 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цагийн үед нүүрс тээврийн замын 105-аас 106 дахь км-ийн багцаанд баруун гар тал руугаа бага зэрэг дугуйрсан замд явж байсан. Миний урд 30 гаран метрийн зайтай байх нэг нүүрстэй шланз явж байсан. Тэгтэл гэнэт нэг жижиг тэрэг эсрэг урсгалаас замын хөвөөн дээрээс дугуйрч их хурдтай гарч ирээд миний урд явж байсан машины чиргүүлийн арын дугуйг зөв талаараа буюу жолоочийн эсрэг талаараа мөргөөд тэр эрчээрээ хөндөлсөөд жолооч талаараа ороод ирэхээр нь би баруун дарахтай зэрэгцээд уг жижиг тэрэг буруу талаараа миний машины зөв талын урд булангаас маш хүчтэй мөргөсөн.” /хх-82-84/ гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1191 дугаартай дүгнэлт /хх-86-87/, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Ө аймаг дахь салбарын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-98-102/, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-103/, А ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1282, 04 дүгээр сарын 06-ны өдрийн 266 дугаартай дүгнэлтүүд /хх-108-110, 113-116/, яллагдагч О.Ж-ны “...Би гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гээд харахад урдаас нэг машины гэрэл ирж яваа харагдсан. Тэр машиныг өнгөрөөгөөд гүйцэж түрүүлэх үйлдэл хийж эсрэг урсгалд ороход урдаас машин ойрхон гарч ирэхээр нь амжихгүй нь гэж бодоод буцаад дартал өөрийнхөө эгнээнд орж амжихгүй тэр машины ар талын дугуйг мөргөөд осолд орсон.” гэх мэдүүлэг /хх-124-126/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн шүүгдэгч О.Ж-д холбогдох хэргийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч О.Жаргалсайханыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч О.Ж-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч О.Ж-г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь О.Ж-д холбогдох эрүүгийн хэрэг нь Өршөөлийн хуульд хамрагдахаар хуульчилж хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хэргийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
“Шүүгдэгчийн “ажилд орохоороо хохирол төлж барагдуулна” гэсэн тайлбар дангаараа хангалтгүй, харин төлбөрийн чадвартай болохоо нотолж хохирлыг ямар хугацаанд хэрхэн барагдуулах талаар хохирогчтой эвлэрсэн, эсхүл хохирол төлөхөд хүрэлцэхүйц мөнгийг тусгай дансанд байршуулсан, тодорхой эд хөрөнгийг хохиролд тооцон шилжүүлэхээр гаргасан санал нь бодитойгоор биелэгдэх боломжтой, төлөх эх сурвалжаа тодорхойлсон, мөн хэзээ, хаана, ямар ажилд орж эх үүсвэртэй болохоо тодорхойлсон тохиолдолд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэхээр байна.” гэсэн анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг үгүйсгэх няцаах үндэслэл тогтоогдоогүй болно. Өөрөөр хэлбэл ялтан О.Ж нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг төлж барагдуулаагүй, өөрийн гэсэн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжтой талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул түүнд оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хууль хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчлөлт оруулсан тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцно” гэж заасан тул О.Ж-ны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 68 хоногийг ял эдлэх хугацаанд оруулах тооцох нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-ийн цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулах тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Ш.ТӨМӨРБААТАР