Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/18

 

 Т.С-д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Д.Ган-Эрдэнэ,

          Хохирогч Ч.У, түүний өмгөөлөгч Ш.Уранчимэг, Б.Отгонтөгс,  

          Шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Э.Наранцацрал,

            Иргэний хариуцагч "М" ТӨХК-ий өмгөөлөгч Б.Борхүү,

 Иргэний хариуцагч Ц.Х,

          Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Ч.У-ийн өмгөөлөгч Ш.Уранчимэг, Б.Отгонтөгс нарын хамтарсан, хохирогч Ч.У-ийн давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Т.С-д холбогдох 2129000770116 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эрэгтэй, А овогт Т-ийн С

Шүүгдэгч Т.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө аймгийн Ц сумын Б багийн нутаг дэвсгэр, Т уурхайгаас З чиглэлд бүтээн байгуулалт явагдаж байгаа төмөр замын далангийн 11 дэх км-ын зэрэгцээ орших сайжруулсан шороон зам дээр 2021 оны 02 дугаар сарын 25-26-д шилжих шөнийн 02 цагийн үед улсын дугаартай Л маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “а/..согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан "...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчигч Ч.У, С.М нарын эрүүл мэндэд хүнд, Л.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Т.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. 2.3-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Т.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан "Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасныг баримтлан шүүгдэгч Т.С-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилээр хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.У, Л.Э, С.М нарын эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний хариуцагч М-с хохирогч нарт хохирол төлбөрт нийт 30680540 төгрөг, шүүгдэгч Т.С-с хохирогч нарт нийт 4023000 төлсөн болохыг тус тус дурдаж,

Иргэний хариуцагч Т ХК- нь "Автомашины үйлчилгээ үзүүлэх гэрээ"-тэй холбоотой 43364540 төгрөгийг хариуцагч Ц.Х-с гаргуулахаар нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С-д урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Отгонтөгс, Ш.Уранчимэг нар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:

1. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ хэргийн нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байдлыг анхаарч үзэхгүй хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хуралдаанд өмгөөлөгчдийн зүгээс хохирогч Ч.У-ийн шинжээчийн дүгнэлтийг дахин бүрэлдэхүүнтэйгээр томилох, мөн иргэний хариуцагч "Т" ХК-ийг Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх Ослын шинжээчийн дүгнэлт гаргаагүй тул Хөдөлмөрийн улсын байцаагч, Мэргэжлийн хяналтын байгууллагын нарийвчилсан, мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлтийг гаргасан боловч шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгох, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг анхаарч үзэлгүй хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлж хохирогчийн эрх ашгийг ноцтой зөрчиж, хэргийн бодит байдалтай нийцүүлээгүй шийдвэрлэсэн.

Дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийг томилсноор хохирогч Ч.У-ийн биеийн эрүүл мэндийн бодит байдалд нийцсэн, цаашдын ирээдүйн үлдэц, уршиг, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх, хэзээ хэвийн байдалд орж ажил хөдөлмөр эрхлэх нь тодорхой болно.

Иргэний хариуцагч "Т" ХК нь Хөдөлмөр, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгсөн эсэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэн хариуцах, иргэний хариуцагчдын хэн нь ямар хууль дүрэм, журамд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөнийг тодруулах, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд иргэний хариуцагчид хэн нь хариуцах нь тодорхойгүй, хоорондоо маргасан байсан.

Шүүхийн дүгнэлт нь хохирлыг хэнээс гаргуулах талаар дурьдаагүй ойлгомжгүй тодорхойгүй, онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад анхаарч үзэхгүй, мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр нэг мөр эцэслэн тогтоохгүйгээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Мөн "Т" ХК-ийг тус эрүүгийн хэрэгт нэхэмжлэгчээр тогтоогоогүй атлаа иргэний хариуцагч Ц.Х-ээс 43364540 төгрөгийг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр дурьдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан " Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэснийг хангаагүй шийдвэр гаргасан.

2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Шүүгдэгч Т.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ч.У-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасныг баримтлан Т.С-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилээр хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг өршөөсөн. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.2-т гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх гэж заасан. Гэтэл Т.С гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө барагдуулаагүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй, хохирогч Ч.У гомдол саналтай, эрүүл мэнд болон сургуулийн насны 5 хүүхэдтэй өрх толгойлсон эх, ар гэрийн хүнд нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, биеийн эрүүл мэндийн асар хүнд байдлыг харгалзахгүйгээр Өршөөлийн тухай хуульд хамруулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг баримталж хөнгөрүүлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад шүүхээс "хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй" гэж дутуу үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасныг ноцтой зөрчиж байна.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн гуравдугаарт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Т.Сандагболдод оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилээр хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй" гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд огт байхгүй хуулийн зүйл заалтыг хэрэглэж өршөөл үзүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

3. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн хоёр буюу Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн тухайд:

УДШ-ийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай тогтоолд гэм буруугүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хууль ёсоор хариуцвал зохих этгээд байж болохыг анхаарч,  хохирогчийн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсанаас олох байсан орлогын хэмжээгээр хохирлыг хэргийн хамт шийдвэрлэхээр заасан байхад анхан шатны шүүх иргэний хариуцагчаас хуулийн дагуу гаргуулж шийдвэрлээгүй нь хуулийг нэг мөр хэрэглэх, үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Шүүх "Ч.У-ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан эмчилгээний зардалд нийт 157.018.536 төгрөгийг нэхэмжлэгч тухайн хохирлын талаар ирүүлсэн баримтууд нь хуульд заасан шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй" гэж үзэж шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй;", 1.3-т "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн" байна.  Ч.У-ийн зүгээс хуулинд заасан хохирлын баримтуудыг нотлох баримтаар гаргасан ба ямар ямар баримтууд хуулинд заасан шаардлага хангаагүйг тодорхой дурьдаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар "шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй" байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Хохирогчийн зүгээс БНСУ-ын Сөүл хотын Сун чо Хян Сеул эмнэлэгт нэн яаралтай" түнхний ясны гэмтэл хүнд хэлбэртэй, зөвхөн түнхний үе яс шилжүүлэн суулгах, түнхний тогооны хэсэгт металл хавтан бэхлэн суулгах мэс заслуудыг хийх шаардлагатай ба удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хэрэгтэй" гэж хохирогч Ч.У-ийн шинжилгээнд хамрагдсан бичиг, мэс засалд орсон бүх холбогдох эрүүл мэндийн баримтуудыг үндэслэн профессор эмч эмчилгээний төлбөрийг дурьдан ирүүлсэн байдаг.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн ба шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэгт БНСУ-ын воны ханш тодорхойгүй гэж дурьдаж хохирлыг шийдвэрлээгүй ба гардуулсан шийдвэрийн тогтоох хэсэгтээ дурьдаагүй зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

Монгол банкны ханшийн мэдээлэл нийтэд илэрхий бөгөөд хохирлын нотлох баримтанд тодорхой бичсэн ба тооцооллыг гаргахдаа шилжүүлэн бодож 45.524.390 вон*2.40 /ханш* =109.258.536 төгрөг гэж гаргасан байхад " хуулийн шаардлага" хангаагүй гэж нотлох баримтанд дутуу үнэлэлт өгч, хуулинд зааснаар цалин хөлс асран хамгаалагчийн зардлыг шийдвэрлээгүй орхигдуулж, үгүйсгэсэн тухай хууль зүйн үндэслэлээ заагаагүй.

Анхан шатны шүүхээс 2 өөр шийтгэх тогтоол гаргасан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Үг үсэг, тооны алдаа биш. Шүүх үг үсгийн алдааг биш агуулгаар нь зассан. Иймд 2022/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож, прокурорт буцаахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хохирогч Ч.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил руу явах замдаа осолд орж маш хүнд гэмтэл авсан. 2021 оны 02 дугаар сарын 26-нд давсаг дотроо хагарсан гэж нөхөх хагалгаад орж дахин 15 хоногийн дараа 3 сарын 10-д аарцагны хагалгаанд орж аарцаг, ууц, дунд чөмөг хадуулж бэхэлгээ хийлгэсэн.

Одоо түнхний хиймэл үе солих, сүүжний яс нөхөх, баруун хөлний яс янзлуулах хагалгаанд орно. Дараагийн эмчилгээний зардлаа маш хурдан гаргуулмаар байна. 5 хүүхэдтэй өрх толгойлсон миний амьдралыг маш хүнд байдалд оруулж, ажил хийх ямар ч чадваргүй болгочихлоо. 2022 оноос хойш ажлаас халж сэтгэл зүйн хувьд болон үр хүүхэд минь давхар хохирч байна.

Техникийн алдаа залруулга гэсэн хоёр тогтоол ирсэн. Би аль нь зөвийн учрыг олохгүй байна гэв.

Прокурор Д.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатын шүүх  хэргийн үйл баримтыг зөв тогтоож, бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн. Нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаарддаг. Шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлсэн тул анхан шатны шүүх үүнийг үнэлж өршөөлд хамруулах шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Миний бие шийтгэх тогтоолыг хүлээн аваад үндэслэх хэсэгтээ хуулийн заалтыг тайлбарлан бичсэн байсан тул тогтоох хэсэгтээ хуулийн заалтыг буруу бичсэн буюу энэ нь техникийн шинжтэй алдаатай байна гэж үзэн залруулга хийх хүсэлтийг гаргасан.

133 168 536 төгрөгийг Х-ээс гаргуулж, нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Иргэний хариуцагч Ц.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг гэрээ хийгээд мөнгө олох гэж байна гэж ойлгоод байх шиг байна. Энэ гэрээг С-тэй хийгээгүй. Гэрээ хийгээд 14 хоноод осолд орсон. Хувь хүн ашиг олох зорилготой машин биш.  Т ХХК-ын ажилтай холбоотой. Хохирол төлбөрийг иргэний журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Иргэний хариуцагч “Т”-ийн өмгөөлөгч Б.Борхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа:  Хэргийн зүйлчлэлтэй аль ч тал маргадаггүй. Манай тал ажилтныхаа эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж эмчилгээний зардлыг төлсөн. Үүнийг нь ашиглан иргэний хариуцагч эсхүл нэхэмжлэгчийн аль нь болох нь тодорхойгүй болсон. Т ХХК-г яг ямар хуулийн зүйл, заалтаар буруутгаж байгаа нь тодорхойгүй байна.

Зайлшгүй шаардлагатай эмчилгээ гэдгээ нотолж чадаагүй. Тодорхой баримтуудыг гаргаж өгөх ёстой.

Үнийн судалгааг баримтаар гаргаж өгөөд хохирол төлбөр нэхэмжилсэн тул үүнийг үнэлж хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагчтай холбоотой хэсгийг залруулж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Т.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. хохирол төлбөрийг төлж байгаа. Цаашдаа гарах төлбөрийг төлнө гэв.

Шүүгдэгч Т.С-ын өмгөөлөгч Э.Наранцацрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шинжээч дахин томилуулж дүгнэлт гаргуулах нь хэрэгт ач холбогдолгүй, өршөөлд хамруулсан нь үндэслэлтэй, хохирол төлбөрийн хувьд төлсөн, цаашид гарах эмчилгээний зардал, төлбөрийн нэхэмжлэх эрхтэй.

Гадаад улсад эмчлүүлэхээр төлбөр нэхэмжилсэн хохирогчийн гаргасан баримт нь албан ёсны орчуулгагүй буюу хуулийн шаардлага хангаагүй байсан учир анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн.

Давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Залруулах зүйлийг давж заалдах шатны шүүхээс залруулж өгөх боломжтой гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

2.  Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын эрх зүйн байдал тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг  судалж үзвэл, “Т”  ТӨХК нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 413/113 дугаартай албан бичигт “зам тээврийн осол гаргасан жолооч болон зорчигч нар нь танай ажилчид байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий хууль ёсны төлөөлөгч томилж оролцуулах тухай” гэж заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд компанийг төлөөлж Б.Б, Д.Э, А.Д, Г.П нарыг томилон ажиллуулах тухай хариу албан бичгийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ирүүлжээ. /2 дугаар хавтаст хэргийн 11, 12 дугаар хуудас/

Дээрх албан бичгээр “Т”  ТӨХК нь хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар эрх, үүрэгтэй хэргийн оролцогчоор оролцож байгаа нь тодорхойгүйгээс гадна компанийг болон төлөөлөгч нарыг томилсон шийдвэр хэрэгт авагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 3, 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэл болно.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор иргэний хариуцагчаар “Т” ХК-ийг татан оролцуулсан бөгөөд хуулийн этгээдээс өөрийгөө төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг Г.П, Б.Ц нарт олгосон боловч мөрдөгч болон прокурор нараас нэр бүхий хүмүүсийг иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах тухай шийдвэр гаргаагүй нь хуульд нийцээгүй байна. /2 дугаар хавтаст хэргийн 188, 190 дүгээр хуудас/

Мөрдөгч нь “Т” ХК-ий иргэний хариуцагчийн төлөөлөгч Г.П-ыг иргэний хариуцагчаар татсугай” гэсэн ойлгомжгүй, найруулга муутай тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргажээ. /2 дугаар хавтаст хэргийн 189 дүгээр хуудас/

Хуулийн этгээд нь төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ба төлөөлөх эрх нь итгэмжлэлгүйгээр, эсхүл итгэмжлэлийн үндсэн дээр үүсэж байгаа эсэхийг тогтоож, улмаар хуулийн этгээдийг төлөөлөх итгэмжлэлийг итгэмжлэх эрхтэй этгээд олгосон эсэх, төлөөлөгч нь хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцох боловч хуулийн этгээдийн хүлээх хариуцлагыг хүлээхгүй зэрэг төлөөлөгч, төлөөлүүлэгчийн эрх зүйн байдлын ялгаатай эрх зүйн зохицуулалтыг прокурор, мөрдөгч нар нь анхаараагүй  байна.

Г.П нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд биш тул түүнийг иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн тогтоол нь хуулийн дээрх шаардлагад нийцэхгүй.

“Т” ХК нь иргэний нэхэмжлэгчээр тогтоож өгөхийг хүссэн байх боловч шүүхээс иргэний нэхэмжлэгчээр тогтоосон шийдвэр гаргаагүй атлаа иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг зааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлтэй нийцээгүй шийдвэр гаргасныг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэв.

3.  Хэрэгт авагдсан нотлох баримтуудад шүүгдэгч Т.С болон хохирогч нар нь Улаанбаатар хотоос Ө аймгийн Ц сум чиглэлд зорчин явахдаа албан үүргээ гүйцэтгэж явсан, дээрх ослыг үйлдвэрлэлийн ослоор бүртгэсэн нь мэдээлэл  авагдсан байна. Харин хэрэгт Т.С нь хэний шийдвэрээр улсын дугаартай, Л маркийн тээврийн хэрэгслийг жолоодох болсон, компаний ажилчдыг өөр орон нутагт гүйцэтгэж буй ажлын байранд хүргэх тээврийн хэрэгслийн жолоочоор хэнийг ямар албан тушаалтны шийдвэрээр томилсон тухай баримт хэрэгт байхгүй байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг хариуцан арилгах журмыг нарийвчилан зохицуулсан. Энэ зохицуулалтын дагуу тээврийн хэрэгсэл ашиглагч, эзэмшигч, өмчлөгч хэн болох, гэм хор учирсан тал хэнд холбогдуулан шаардлага гаргаж байгаагаас хамааран шаардлагын эрх зүйн үндэслэл Иргэний хуулийн өөр өөр зүйл, хэсэг, заалтаар тодорхойлогдоно.

Дээрх үйл баримтыг тодорхой нотлон тогтоох нь тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдад гэм хор учруулснаас үүсэх гэм хорыг арилгах эрх зүйн үндэслэл тодорхой, ойлгомжтой болох ач холбогдолтой.

Иймд мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.5-д заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэснийг шүүхийг дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэл болж байна.  

4. Хохирогч Ч.У-ийн биед дахин мэс ажилбар хийгдэх шаардлагатай, тэрээр гэмтэл авсан хугацаанаас хойш эрүүл мэндийн хувьд эдгэрээгүй байгаа талаарх нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг прокурор няцааж үгүйсгээгүй тул эрүүл мэндэд учирсан гэмтэлд дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах тухай хохирогч Ч.У-ийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзэв.

5. Прокурорын залруулга хийх хүсэлтийг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолын удирдлага болон тогтоох хэсэгт залруулга хийсэн тухай шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/33 дугаартай захирамж хэрэгт авагдсан боловч залруулга хийх хүсэлтийг хэлэлцсэн тухай тэмдэглэл авагдаагүй байгаа нь шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 2, 3, 11.7 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

Хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоол 3 хувь байх ба үүний 3 дугаар хавтасны 118-125, 171-178 дугаар хуудсанд авагдсан тогтоолыг шүүх хуралдаанаас уншин сонсгосон, 191-199 дугаар хуудсанд авагдсан тогтоолыг шүүгчийн захирамжийн дагуу залруулга хийсэн өөрчлөлтийг тусгасан тогтоол гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүхийн шийдвэрийг залруулсан тухай шийдвэрт ямар алдааг хэрхэн залруулсныг тусгаж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэсэн байхад мөн хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уншиж сонсгосноор хүчинтэй болсон шийдвэрийг дахин шинээр үйлдэж өөрчилж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн ноцтой зөрчил болно.

 Хэрэгт авагдсан хоёр тогтоолын огноо, дугаар адилхан тул уг дугаар бүхий тогтоолыг хүчингүй болгосноор аль аль тогтоол нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж үзсэн болохыг дурдах зүйтэй.

6. Өмгөөлөгч  Б.Отгонтөгс, Ш.Уранчимэг нарын хамтарсан, хохирогч Ч.У-ийн дангаараа гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Т.С-д холбогдох эрүүгийн 2129000770116 дугаартай хэргийг прокурорт буцаахаар тогтов.

7.  Хэргийн ямар оролцогчоос ирүүлсэн эсхүл хэний шийдвэрээр цуглуулсан эсэх нь тодорхойгүй “Автомашинаар үйлчилгээ үзүүлэх гэрээ” хэргийн 2 дугаар хавтасны 32-34, 53-55, 111-112 дугаар хуудсуудад 3 удаа, Автомашины зургууд хэргийн 1 дүгээр хавтасны 23-29, 2 дугаар хавтасны 75-80 дугаар хуудсуудад 2 удаа, мөн үйлдвэрлэлийн ослын актууд, хөлсөөр ажиллах гэрээ зэрэг бичмэл нотлох баримтууд байна.

Прокурор эдгээр нотлох баримтуудыг шүүгдэгчийг яллах үндэслэл, шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй байна. Хэрэгт ач холбогдолгүй нотлох баримтыг цуглуулах нь хэргийг шийдвэрлэх хуулийн хугацаа хэтрэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал ихсэх зэргээр хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл үүсэх шалтгаан болохыг анхаарч хэрэгт авагдсан нотлох баримтыг өөр оролцогчоос ирүүлсэн тохиолдолд давхардсан болохыг ойлгуулж нотлох баримтыг хэрэгт хавсаргахаас татгалзах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үр ашигтай, түргэн шуурхай явуулахад анхаарах шаардлагатайг тэмдэглэж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Т.С-д холбогдох эрүүгийн 2129000770116 дугаартай хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Т.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

                                                                                    Ш.ТӨМӨРБААТАР