| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/07459/И |
| Дугаар | 101/ШШ2024/00915 |
| Огноо | 2024-02-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2024/00915
| 2024 02 19 | 101/ШШ2024/00915 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *** холбогдох
Автомашины үлдэгдэл төлбөр 24,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.
/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан товлосон цагт ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* миний бие өөрийн үеэл ахын эхнэр Б *******аас 2023 оны 9 дүгээр сард ******* БУА улсын дугаартай Mitsubishi Fuso маркийн автомашиныг худалдан борлуулах зорилготой итгэмжлэл авсан. 2022 оны 10 дугаар сард ******* нь тухайн автомашиныг худалдаж авья гээд түүнд нийт 50,000,000 төгрөгөөр зарахаар болж харилцан тохиролцсон. ******* нь миний таньдаг хүн болохоор тухайн үедээ бичгээр гэрээ байгуулаагүй түүнд итгэж аман хэлцэл байгуулж төлбөрийг бүрэн төлж барагдуулж дуустал ******* БУА улсын дугаартай автомашиныг *******ын нэр дээр шилжүүлж өгөөгүй. ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 6,000,000 төгрөгийг, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөгийг ******* миний Хаан банкны ******* тоот данс руу шилжүүлсэн. 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөгийг миний Худалдаа хөгжлийн банкны ******* тоот данс руу шилжүүлсэн. Одоо тухайн тээврийн хэрэгсэл нь *******ын эзэмшилд байгаа бөгөөд үлдэгдэл 24,000,000 төгрөгөө авья гэхэд мөнгө байхгүй, удахгүй өгнө гэх тайлбар хэлж өгөхгүй явсаар нэг жил болж байна. Мөнгөө бүрэн төлсөний дараа автомашины нэрийг хариуцагчид шилжүүлж өгнө.
Иймд ******* БУА улсын дугаартай Mitsubishi Fuso маркийн автомашины үлдэгдэл мөнгө 24,000,000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.09.30, 2023.10.16-ны өдрийн итгэмжлэлүүд, Худалдаа хөгжлийн банкны ******* дугаартай дансны хуулга, Хаан банкны ******* дугаартай депозит дансны хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлж, хариуцагч нь хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан автомашины үлдэгдэл төлбөр 24,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч *******ад 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч өнөөдрийг хүртэл тэрээр шүүхэд хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй, шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1330 цагт хэлэлцэхээр товлож, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр түүний ******* дугаарын утас руу залгахад утсаа авдаггүй, улмаар *******ын оршин суух хаягийн дагуу баталгаат шуудангаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өөрөө хүлээн авсан буюу шүүх хуралдааны товыг хариуцагч мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
2а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.
2б. Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Mitsubishi Fuso маркийн, ******* БУА улсын дугаартай, ******* арлын дугаартай, хөх өнгийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь ******* болох нь тогтоогдож байна.
3б. ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр *******т дээрх автомашиныг ...худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, ... зэрэг эрхийг 1 жилийн хугацаатай олгосон нь хуульд нийцсэн байна.
3в. Дээрх итгэмжлэлийн дагуу ******* нь хариуцагч *******тай 2022 оны 10 дугаар сард автомашиныг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, *******ийн Хаан банкны ******* дугаартай дансанд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хөргүүртэй Fuso машины урьдчилгаа гэсэн утгаар 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба энэхүү урьдчилгаа төлбөрийг төлсөн өдөр *******ад машиныг бодитоор ******* нь хүлээлгэн өгсөн, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хөргүүртэй машины үлдэгдэл гэсэн утгаар 6,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр fuso машины төлбөр гэсэн утгаар 10,000,000 төгрөг, мөн *******ийн Худалдаа хөгжлийн банкны ******* дугаартай дансанд 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр мал авсан төлбөр гэсэн утгаар 5,000,000 төгрөг, нийт 26,000,000 төгрөгийг хариуцагч шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, банкны дансны хуулгуудаар тогтоогдож байна.
3г. *******ийн Худалдаа хөгжлийн банкны ******* дугаартай дансанд 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр мал авсан төлбөр гэсэн утгаар шилжүүлсэн 5,000,000 төгрөгийн хувьд утга нь мал авсан төлбөр гэж шилжүүлсэн байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ******* бидний хооронд ямар нэгэн мал, мах авсан, өгсөн зүйл байхгүй, энэхүү шилжүүлсэн мөнгө нь Mitsubishi Fuso автомашины төлбөр юм гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
3д. Mitsubishi Fuso маркийн, ******* БУА улсын дугаартай, ******* арлын дугаартай, хөх өнгийн тээврийн хэрэгслийн эзэмших эрх хариуцагч *******ын нэр дээр шилжээгүй байгаа, машиныг ******* нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******той тохиролцсоны дагуу хүлээн авч, өнөөдрийг хүртэл бодитоор эзэмшиж байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсан тооцохоор заасан бөгөөд дээрх үйл баримтаас дүгнэхэд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчийн хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсанд тооцох үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч ******* нь автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 24,000,000 төгрөгийг хариуцагч *******аас шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
5. Шүүх хуралдааны товыг хариуцагч нь мэдсэн боловч шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 277,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 277,950 /хоёр зуун далан долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ